| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2334000000474 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
2025 02 27 2025/ДШМ/18
Д.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга
Хохирогч С.О
Хохирогч С.О-ын өмгөөлөгч Б.Ганболд
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч М.Батбаатар, Д.Очирваань /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Д.М-т холбогдох эрүүгийн 2334000000474 дугаар 3 хавтас бүхий хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...., ... тоотод оршин суух хаягтай,
Урьд нь: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 370 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгүүлж байсан, Д овогт Д М,
2. Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоот хашаанд иргэн С.О-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Д М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 13.006.670 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-ад олгож, хоёр ажилтны цалин гэх 5.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Д.М гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлдсэн гэх эрүүгийн хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар:
Хохирогч С.О гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн талаар мэдүүлсэн байдал нь зөрүүтэй, дуудлагаар ирсэн цагдаагийн тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэгдсэн гэж зөрүүтэй мэдүүлдэг.
Гэрч А.Алтанхуягийн мэдүүлэгт “тэгээд би удалгүй хашаанд нь яваад очсон чинь С.О ах намайг нэг удаа цээжний зүүн тал руу өшиглөж аваад муу хоноцын шээснүүд минь яахаараа хүн аймаг орчхоод ирэхийн хооронд ингэдэг юм гээд загнаад байсан. Тэр үед би мотоцикль дээр суучихсан байхад намайг цааш нь түлхээд унагаасан. Тэр үед Д.М ах хажууд байсан. Над руу дайраад байсан С.О ахыг салгаж холдуулж байсан гэх мэдүүлэг,
Төв аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 672 тоот дүгнэлтээр “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн ба хохирогчийн мэдүүлж буйгаар нэг удаа цохьсон гэх, мөн гэрч А.Алтанхуягийн мэдүүлгээр С.О-ыг Д.М ах түлхсэн гэх, Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “С.О нь А.Алтанхуягийг мотоцикль дээр сууж байхад өшиглөх үед би салгаж болиулахад унасан гэх мэдүүлгээр хэрхэн гэмтэл авсан нь тогтоогдоогүй, мөн олон удаагийн үйчлэлээр гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Дээрхээс дүгнэхэд хохирогчид хэн, хэрхэн гэмтэл учруулсан болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтаар Д.М намайг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.3 дугаар зүйлийн 1.7-д зааснаар яллагдагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасантай шүүхийн дүгнэлт үл нийцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай.
Мөн шүүх өмнө нь н.Цэвэлмаа, н.Сайхнаа нарыг гэрчээр асуулгах агуулгаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан ба уг ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй, тухайн иргэдийг гэрчээр асуугаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн иргэдийг гэрчээр асууж тодруулсан тохиолдолд хэргийг би биш өөр этгээд үйлдсэн байж болзошгүйг шууд илэрхийлэх юм.
Тухайлбал С.О нь хэрэг үйлдэгдсэний маргааш буюу өглөө нь А.Алтанхуягийн гэрт очин хэрүүл маргаанд өдөж улмаар н.Сайхнаа гэх залуутай маргалдаж, зодуулсан гэх нөхцөл байдал байдаг ба үүнийг хохирогч өөрөө үгүйсгэдэггүй,
мөн н.Цэвэлмаатай маргаж өмнө нь яг ижил төрлийн гэмтэл авч байсан гэх нөхцөл байдал ч яригддаг. Үүнийг шалган тогтоохгүйгээр намайг гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Мөн шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 тоот Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох тухай тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
6. Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч М.Батбаатар/цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхээс хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар Д.М-ыг гэм буруутай гэж үзэх үндэслэл болгосон байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад хоорондоо зөрүүгүй гэж дурдан зөрүүтэй байдлыг нь гарган бичээгүй. Уг эргэлзээтэй нотлох баримтад С.О-ын мэдүүлэг байгаа ба энэ хэрэг үйлдэгдсэний маргааш хохирогч нь н.Сайхнаа буюу Д.М-ын уяачид зодуулсан гэдэг, үүнийгээ ч өөрөө үгүйсгэдэггүй. Мөн гэрч Г.Төгөлдөр гэх цагдаагийн мэдүүлэгт ямар нэг гэмтэл авсан, цус гарсан, зодуулсан гэх шинж байгаагүй гэдэг бол үзлэг хийсэн эмч нар болон яаралтай тусламжийн хуудаст гэмтэлтэй талаар бичигдээгүй. Түүнчлэн шинжээчийн энэ гэмтэл нь олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэх дүгнэлтээр уг гэмт хэрэг үгүйсгэгдэнэ. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг шийтгэх тогтоолдоо огт үгүйсгэсэн дүгнэлт өгөөгүй атлаа Д.М-ыг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.М хохирогчийг цохиж, зодоогүй, харин А.Алтанхуяг руу дайраад байхаар нь салгасан л зүйл байдаг. Эдгээрээс дүгнээд үзэхээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсдэг. Хохирогч нь н.Цэвэлмаа гэдэг хүнд нүд орчимдоо цохиулсан гэдэг бөгөөд үүнээс гэмтэл авсан уу гэдэг нь ч эргэлзээтэй байгаа. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулан дээрх эргэлзээг гаргах зорилгоор шүүгчийн захирамж гарсан ч н.Сайхнаа, н.Цэвэлмаа нартай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.М-ын гэм буруу эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
7. Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Очирваань/цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ гэж тусгагдсан, хохирогч С.О нэг цохисон, шүүгдэгч Д.М түлхсэн гэдэг. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй нь харагдана. Хохирогч нь цохиулаад нүд цаашаа орсон, харах боломжгүй түргэнээр явсан гэдэг ч машинаа өөрөө жолоодоод явсан байдаг. Мөн н.Сайхнаа гэх хүн түүнийг зодсон гэдэг тул хэний үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг болсон гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч Д.М хохирогчтой маргах санаа зорилго байгаагүй, өөрийнх нь өвсийг өөрийнх нь адуу идсэнд л С.О уурладаг. Гэрч А.Алтанхуягийг хохирогч С.О мотоциклоос нь өшиглөөд унагаах гээд байсан үйлдлийг Д.М таслан зогсоосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолд төлбөрийн чадваргүй, насанд хүрээгүй хохирогчийн буюу улсын өмгөөлөгчийн зардлыг гаргуулах талаар заасан байхад шийтгэх тогтоолоор хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулсан байгааг анхаарч үзнэ үү. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаа 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан, энэ хугацаанд хохирогч нь н.С, н.Ц нарт зодуулсан уу, үгүй юу гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул энэ хүрээнд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
8. Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
9. Хохирогч С.О-ын өмгөөлөгч Д.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд С.О-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн гэж тусгагдсан ч үр дагавар нь одоо хүртэл арилаагүй, хараа нь 50 хувь алдагдсан, нойргүйддэг, заримдаа ухаан алдаж байгаа, энэ талаарх нотлох баримтаа өгсөн. Өмгөөлөгчийн зардал нь гэмт хэргийн улмаас үүдэн гарсан зардал учир шүүхээс хангаж шийдвэрлэсэн гэв.
10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд Д.М-т холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тодруулсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан. Тухайлбал гэрч Б.Ганзориг, П.Ганбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.М нь хохирогч С.О-ын биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Хохирогч нь мөн өдрөө яаралтай тусламжийн тасагт очин үзүүлсэн байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Д.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байна.
3. Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед хохирогч С.О-ын эзэмшлийн Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр,... тоот хашаанд хохирогчийн өөрийнх нь адууг хашсан, уг адуунууд нь тус хашаанд хураалттай байсан өвсийг идсэнээс үүдэн хохирогч С.О болон шүүгдэгч Д.М-ын адууг маллаж байсан А.Алтанхуяг нарын хооронд маргаанаас болж Д.М өөрийн туслах адуучин А.Алтанхуягийг өмөөрөн хохирогч С.О-ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
3.1. Дээрх гэмт хэргийн талаарх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.О-ын “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 10 цагийн орчим Төв аймаг, Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уяачдын хотхоны 5-505” тоот хаягт байх хашаандаа морь малаа усалчхаад ажлаар Төв аймаг, Зуун мод сум руу явчхаад өдөр 15 цагийн үед буцаж жүчээний хашаандаа иртэл манай гудамжны хойд талын айлын Д.М гэх ах, түүний туслах адуучин Алтка гэх залуу хоёр намайг эзгүйд манай хашаанд адуу малаа оруулаад хураалттай өвснөөс идүүлчихсэн, хашаа хороо адууны баас болчихсон байхаар нь би “та нар одоо азарга, адуугаа барьж авсан юм бол адуугаа бэлчээр рүү нь туухгүй яахаараа эзэнгүй хашаа руу оруулж хураалттай өвс идүүлж байгаа юм” гэж Алтка гэх адуучин залууд хэлсэн чинь хажууд нь байсан Д.М ах би дөнгөж сая л ирлээ чи өчигдөр адуу малаа хашсан юм биш үү гэж надад хэлсэн. Тэгээд би тэр Алтка гэх залууг хашаа руу адуу мал оруулж өвс идүүллээ гэж загнаж байтал хажуугаас гэнэт Д.М ах орж ирээд миний нүүр, тэр тусмаа баруун талын нүд орчим руу тохойгоороо цохиод намайг газар унагаасан. Д.М ах хэлэхдээ би энэ Алткаг өмөөрөхгүй бол өөр хэн өмөөрөх вэ гэж хэлсэн. Би тухайн үед манараад газар уначихсан байсан..., ...миний баруун гарын тохой орчим шалбарсан...” гэх,
“...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надаас 7 тооны адуу 30.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж тохиролцоод удалгүй Д.М ахтай бор морины өвснөөс болж маргалдаад намайг ална гээд байхаар нь би 7 тооны адууны наймаагаа буцаасан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.М ах энэ үйл явдалд өс санан намайг цохиж миний биед гэмтэл учруулсан..., ...эмчилгээтэй холбоотой хохирол мөнгийг Д.М-аас нэхэмжилж байна...”, гэх /хх-ийн 1-р хавтас 7-8, 10, хх-ийн 2-р хавтас 157, 160-р тал/,
гэрч П.Ганбатын “...тэдний хашаанд Алтка гэх туслах уяач залуу нэг үл таних бас уяач залуутай хамт ороод ирчихсэн С.О тэд нарт хандаж “та нар намайг эзгүйд хашаанд адуу мал оруулж өвс идүүллээ гэх загнах маягтай байж байсан” чинь Д.М гэх тэдний хойд талын хашааны залуу орж ирээд нөгөө хоёр туслах уяач дүү нараа өмөөрөөд С.О-тай маргалдсан, улмаар тэр хоёр хоорондоо заамдалцаж авсан. Би тухайн үед яг хажууд нь байсан эхний удаад нь би заамдалцаж байхад нь салгасан. Дараа тэр С.О Д.М хоёр хоёр талаасаа хэрэлдэж маргалдаж зогсож байснаа гэнэт Д.М С.О-ын нүүрэн тус газар гараараа цохисон уу тохойгоороо цохисон, нэг удаа хүчтэй цохисон. С.О хойшоо үсрээд л унаад өгсөн..., ...С.О-ыг өндийгөөд босоод ирэхээр нь очсон чинь С.О “ахаа та хардаа нүд эвгүй болчихлоо” гэхээр харсан чинь баруун нүдний орчим хонхорхой үүссэн юм шиг эвгүй харагдсан..., Тухайн үед С.О эзгүй байх үед нь хашаанд нь хураалттай байсан өвсийг адуу оруулж идүүлсэн гэж тэр туслах уяач Алтка гэх залуучуудыг загнасан чинь Д.М туслах уяач нараа өмөөрч С.О-тай маргалдаад улмаар сүүлдээ биеэ барьж чадалгүй цохиод авсан л гэж харсан. Тэр хоёр маргалдаж зогсож байснаа гэнэт Д.М нь С.О-ын нүүр орчим руу гараараа шанаадах маягтай гэх үү тохоодох маягтай нэг удаа л цохиод авсан. С.О цохиулаад хойшоо саваад унасан. Босоод ирэх үед нь харахад С.О-ын баруун нүд орчим нь гэмтсэн маягтай эвгүй болчихсон байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 12-13-р тал/,
гэрч А.Алтанхуягийн “...адуунууд нь С.О гэх хүний адуунууд тул өөрийнх нь адууг өөрийнх нь хашаанд оруулаад хашчихсан юм. Тэгтэл өдөр 15 цагийн үед С.О ах Төв аймгаас суманд гэртээ ирэнгүүтээ над дээр яваад ирсэн. Тухайн үед би адуунд явчихсан байсан учир манай нөгөө туслах уяач н.Сайхнаа гэх залуу дээр ирээд “хэн манай хашаанд адуу мал оруулсан гэж асууж уурласан” байсан. Тэгээд би удалгүй хашаанд нь яваад очсон чинь С.О ах намайг нэг удаа миний цээжний зүүн тал руу өшиглөж аваад “муу хоноцын шээснүүд минь яахаараа та нар хүн аймаг орчоод ирэхийн хооронд хашаанд адуу мал оруулж хураалттай өвс идүүллээ” гэж уурлаж загнасан. Тухайн үед би мотоциклтой очсон сандайлаад суучихсан байсан чинь намайг цааш нь түлхэж унагаасан. Тэр үед Д.М ах хажууд байсан учир над руу дайраад байсан С.О ахыг салгаж холдуулж байсан. С.О ах над руу аймар ууртай дайраад салахгүй байсан учир Д.М ах намайг өмөөрөөд С.О ахыг цааш нь түлхээд газар унагаасан..., ...Д.М ах намайг өмөөрч зодуулахгүй гэж урдуур орж салгаж болиулах гэсэн боловч С.О ах улам уурлаад байсан тул Д.М ах хүчтэйхэн цааш нь түлхсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 15-16-р тал/,
гэрч Б.Ганзоригийн: “...Тэгээд бид хоёрыг байж байхад нэг өндөр залуу мотоциклтой С.О дээр ирээд маргалдаад байх шиг байсан, тэгснээ шууд цохиод авсан тэгээд хөдлөөд яваад өгсөн. С.О газар унаад босоод ирсэн би гэрт нь оруулж өгчхөөд явсан...,...Би гэр рүү нь оруулж өгөх үед миний баруун нүд бүрэлзээд сонин болоод байна гэж байсан. Би тухайн үед маргалдаж байхад нь хажууд нь зогсож байсан. ...нөгөө залуу С.О-ын баруун нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон...” гэх /хх-ийн 1-р хавтас 18-р тал/,
гэрч Г.Төгөлдөрийн “...С.О-ын байгаа газар нь очоод юу болсон талаар асуухад Д.М гэх хүнтэй морь мал, өвс тэжээлийн асуудлаас болж маргалдаад Д.М баруун нүд рүү цохичихлоо гэж байсан. ...Дараа нь С.О надад “миний нүд унжиж зовуурьтай байна, гэмтсэн” гээд байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. ...С.О нь өөрөө хэлэхдээ “баруун нүд рүүгээ цохиулсан” гээд гарынхаа алгаар нүдээ дарсан байдалтай байсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 153-р тал/,
гэрч В.Мөнх-Эрдэнийн “...С.О-ын яаралтай тусламжийн хуудасны үзлэгийн тэмдэглэлээр баруун нүдний хараа 0.5, зүүн нүдний хараа 1.0, хоёр нүдний зовхины салст хэвийн хавангүй, цус хуралтгүй, оптик систем тунгалаг байсан байна. ...Би нүдний эмч бөгөөд анхны үзлэгээр үзүүлэгч С.О-ыг үзээд баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь нарийн мэргэжлийн КТГ-ийн үзлэгээр тогтооно...” гэх /хх-ийн 2-р хавтас 155-р тал/,
гэрч Ж.Цэрэнпагамын “...С.О-ын яаралтай тусламжийн хуудасны үзлэгийн тэмдэглэлээр толгой өвдөнө, баруун нүд 4-5 харна, биеийн байдал дунд, ухаантай, зүрхний авиа тод, хэм жигд, уушги 2 талд цулцангийн амьсгалтай, хэт чийглэг, хэвлий зөөлөн, артерийн дээд даралт 131, доод даралт 86, зүрхний цохилт 1 минутад 92 удаа, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 95%, хэсэг газрын үзлэгээр баруун нүдний доод талд хөхөрсөн эмзэглэлтэй байсан тул нүдний битүү гэмтэл гэсэн онош тавьсан. ...нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. ...Анхны яаралтай тусламжийн үзлэгээр баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй, нарийн мэргэжлийн рентген зураг, КТГ хийлгэн тогтооно...” гэх /хх-ийн 2-р хавтас 157-р тал/,
гэрч П.Дэнсмаагийн “...нөхөр А.Алтанхуягаас юу болсон талаар асуухад “С.О ах намайг өшиглөөд цохисон, тэр үед Д.М ах намайг өмөөрч дундуур орж ирээд С.О ахыг түлхэж унагаасан” гэж хэлсэн. ...С.О ах маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт орж ирсэн. Тэр үед баруун нүд нь улайсан байдалтай байсан...” /хх-ийн 2-р хавтас 159-р тал/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 672 дугаар “...С.О-ын биед баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун тохойд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 1-р хавтас 21-22-р тал/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Дээрхээс дүгнэн үзвэл Д.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Мөн гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т заасан шалгуур шинжээрээ хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Д.М-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.
5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Түүнчлэн шүүх хуралдааны шатанд уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болохоор хуульчилсан ялын төрөл хэмжээний хүрээнд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
7. Шүүгдэгч Д.М-аас “...хохирогч С.О-ын мэдүүлэгт “нэг удаа цохисон”, гэрч А.Алтанхуяг “Д.М ах түлхсэн” гэж тус тус мэдүүлсэн бол Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд “хохирогчид учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” хэмээн тусгагдсан. Үүнээс дүгнэн үзвэл хохирогчид хэн хэрхэн гэмтэл учруулсан гэдэг нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй, энэ гэмт хэргийг би үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа.
Шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэн н.Цэвэлмаа, н.Сайхнаа нарыг гэрчээр асуулгахаар хэргийг прокурорт буцаасан ч уг ажиллагаа бүрэн хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэн намайг гэм буруутайд тооцсон.
Хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг надаас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль болон үүнтэй холбоотой гарсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолыг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
7.1. Хэргийн үйл баримтын талаар тогтоосон, дээр дурдагдсан нотлох баримтууд болох хохирогч С.О, гэрч А.Алтанхуяг, П.Ганбат, Б.Ганзориг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж чанарыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.
7.2. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хатуу, мохоо зүйл гэдэг нь мод, чулуу, төмөр, хүний гар, хөл гэх мэт өөрийн гадаргуугаар гэмтэл учруулж болох эд зүйлүүдийг хэлэх бөгөөд уг эд зүйлийн үйлчлэл буюу цохилт, доргилт, шахалт, үрэлт зэргийн үед хүний биеийн зөөлөн эд, судас, яс, дотоод эрхтнүүдийн гэмтэл үүснэ.
Өөрөөр хэлбэл тухайн хүний биеийн онцлог, дээр дурдагдсан хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэл буюу шүүгдэгч Д.М-ын нэг удаагийн цохилтоос хохирогч С.О-ын “баруун нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун нүд, хацарт зөөлөн эд няцарсан” гэмтэл учрах боломжтой, мөн шүүгдэгчийн цохилтын улмаас хохирогч нь газарт унасан, ийнхүү газарт унах үедээ тухайн газар, газрын гадаргууд байсан ямар нэгэн эд зүйл буюу хатуу, мохоо зүйлтэй түүний баруун гарын тохой хэсэг хүрэлцсэний улмаас “зулгаралт” бүхий хохирол нь үүссэн байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, илэрхий үйл баримт учир шүүгдэгч талаас маргаж буй шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэлт” гэх хэсгийн “1. 2.-т ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ” /хх-ийн 1-р хавтас 21-22-р тал/ гэснийг үндэслэлтэй, хууль ёсны гэж үзнэ.
7.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсгүүдэд зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж тухайн хэрэг учрал болох үед байсан гэх н.Сайханаас энэ хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчээр мэдүүлэг авах, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчдоос хохирогч С.О өмнө нь бусдад зодуулан нүдэндээ гэмтэл авч байсан талаар мэдүүлж байсан тул хэрэгт энэ талаарх баримтыг хавсарган ирүүлэх гэх мэт захирамжид заасан өөр бусад ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Д.М-ын хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, өөрөөр хэлбэл уг шүүгчийн захирамж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан н.Цэвэлмаа, н.Сайхнаа гэгч этгээдүүд нь шүүгдэгч Д.М-ын үйлдэлтэй холбоотой гэж үзэх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэв эдгээр 2 иргэн нь өөр, өөр цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдвол тухайн хэргийг тусад нь шийдвэрлэх боломжтой юм.
7.4. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-аас хохирогчийн өмгөөлөгчийн зардалд 1.500.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан, тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж зааснаас бусад хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хохирогчийн өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.
8. Хохирогч С.О-ын эмчилгээний зардалтай холбогдуулан гарган өгсөн нийт 8.756.670 төгрөгийн баримтуудаас үзвэл хэргийн 1-р хавтасны 41 дүгээр талд авагдсан хохирогчийн “ЭМЖЖ” гэх эмнэлгээр үйлчлүүлсэн гэх 40.000 төгрөгийн үнэ бүхий баримт нь давхардсан, 139-р талын ар хэсэгт авагдсан 480.000 төгрөгийн баримт нь Д.Ганболд гэх хүний “АШУҮИС-ийн Төв эмнэлэг”-ийн VIP өрөөгөөр үйлчлүүлсэн баримт байхад үүнийг шүүхээс анхааран үзэлгүй шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
9. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1401 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.О-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалсан гэмтлийн дараа стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна хэмээн тусгагдсан ч гэмтлийн “Хөнгөн” зэргийн хохирол нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын /тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан/ 2.4.1, 2.4.2-т тус тус зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ алдагдуулсан гэх шинжээр илэрдэг онцлогтой, өөрөөр хэлбэл тухайн гэмтэл нь “дөрвөн долоо хоног”-ийн хугацаад бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл байдаг.
Мөн уг гэмт хэрэг хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэрэг гарснаас хойш одоог хүртэл хохирогч С.О өөрийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг эмчлүүлсэн талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “...гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөн...” гэж заасныг анхаарч үзэлгүй сэтгэцэд учирсан хохиролд 2.750.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
10. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээр шийдвэрлэсэн асуудал нь эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгон захирамжилсан шинжтэй бичигдсэн байх учиртай.
10.1. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох нь хэсгийн 9 дахь заалтаар хэргийн оролцогч нарын давж заалдах гомдол гаргах эрхийг “...гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй...” хэмээн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй орхигдуулжээ.
11. Иймд шүүгдэгч Д.М-ын давж заалдах гомдлоос “...хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, гомдлыг бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
12. Шүүгдэгч Д.М тухайн гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Удирдлага” болгож буй хуулийн заалтуудад хэрэглэх ёсгүй хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах/-ийг баримталсан нь буруу болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 13.006.670 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-ад олгож, хоёр ажилтны цалин гэх 5.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч С.О-ын нэхэмжилсэн нийт 18.206.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндэд нь учирсан эмчилгээний зардалд 8.236.670 /найман сая хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун дал/ төгрөгийг шүүгдэгч Д.М-аас гаргуулан хохирогч С.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилтны цалин гэх 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1.500.000 /нэг сая таван зуун мянга/, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/, нотлох баримтын шаардлага хангаагүй 520.000 /таван зуун хорих мянга/ буюу нийт 4.770.000 /дөрвөн сая долоон дуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэж,
9 дэх заалтад “...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй...” гэснийг
“...Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА