| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0196/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Хохирогч: Ц.,
Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ш.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр халх овогт Бямбатайваны т холбогдох эрүүгийн 1709021120013 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, … урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар …
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б. нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн” ломбарданд зээлийн мэргэжилтэн Ц.ийг ажлаа хийж байхад нь “зарах утас байна уу, гэж авч симээ хийж, үзэж шалгаж болох уу” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Самсунг Галакси эс-6 загварын гар утсыг авсаны улмаас 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод булаг” ломбардын захирал ажилтай Д.Одсүрэнг ажлаа хийж байхад нь “зарах утас байна уу” гэж авч “симээ хийж үзэж шалгаж болох уу” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Самсунг Галакси эс-7 эдж загварын гар утсыг авсаны улмаас 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц. мэдүүлэхдээ: Би гомдолтой байна. Намайг залилсан гэж хэлнэ. Анх “зарах утас байна уу” гэж орж ирсэн. Биеийн байцаалтаа үзүүл гэхэд иргэний үнэмлэхний лавлагаагаа үзүүлсэн. Тэгээд би ““Тод гялс” төвд засварчнаар ажилладаг юм” гэсэн. Эхлээд 2-3 утас үзсэн. Би засварын газар ажилладаг болохоор жижиг утас хэрэгтэй. Хүнд юм өргөдөг учир том утас эвдрэх гээд байдаг юм. Манай дарга намайг гайгүй үнэтэй утас аваадах гэж хэлсэн. Энэ утсыг чинь авчихъя гэж хэлээд сим картаа хийгээд үзүүлсэн. Тэгээд би танд тодорхойлолт бичээд өгье гэж хэлэхэд нь би 11 дүгээр сарын 15-ны өдөр “Гэгээн” ломбарданд 300.000 төгрөгийн Эс 6 гэдэг утас худалдаж авлаа гэж бичиж үлдээсэн. Тэгээд хаалга онгойлгоод гараад зугтчихсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц. /хх-ийн 13/, хохирогч Д. /хх-ийн 39/, яллагдагч Б. /хх-ийн 46/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хохирогч Ц.ийн гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/, Гэгээн ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 35/, “Тод булаг” ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-37/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 8/, хохирогч Д.О гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64-66/, “Тод булаг” ломбардны бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 40/, шүүгдэгч Б.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б. нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 24-ний хооронд Сүхбаатар дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн”, “Тод булаг” нэртэй ломбарданд “зарах утас байна уу, симээ хийж, үзэж шалгаж болох уу” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Самсунг Галакси эс-6, Самсунг Галакси эс-7 эдж загварын гар утсыг залилан мэхэлж авсаны иргэн Ц.т 300.000 төгрөгийн иргэн Д.О 432.000 төгрөгийн буюу бусдад нийт 732.000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ сууж байтал өдөр 12 цаг өнгөрч байтал гар утас залилж авч явсан гэх бичиг баримттай залуу эхлээд орж ирээд “зарах утас байна уу” гэхээр нь би зарах утаснуудаа гаргаж үзүүлэхэд үзэж байгаад гараад явсан. Өөрийгөө танилцуулахдаа “би ард талын “Гялс” төвд засварын газар ажилладаг” гэж байсан ба “албанаас мөнгийг нь гаргаж өгнө” гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин орж ирээд хөх өнгийн “Самсунг Галакси эс-6 маркын гар утсыг авъя” гээд үзэж байгаад “эгчээ симээ хийгээд ярьж болох уу” гэхээр нь би “болно” гэдгийг зөвшөөрсөн. Тэгтэл гэх залуу симээ хийж үүдэнд ярьж байснаа нэг мэдэхэд байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг өнгөрч байхад манай ломбарданд гэх залуу орж ирээд “зарах утас байна уу” гэхээр нь би өөрийн барьж байсан шаргал өнгийн Самсунг эс-7 эдж маркийн гар утас үзүүлсэн чинь “би авто засварт ажилладаг би даргаасаа мөнгө нэмж аваад энэ утсыг чинь авъя” гэж хэлээд өдөр ирэхээр болоод явсан. Тэгээд өдөр энэ залуу 15 цагийн үед манайхаар хальт шагайчихаад яваад өгсөн. Орой ажил тараад 15 цаг 44 минутын үед би гэрлүүгээ явж байтал над руу 86864612 гэсэн дугаараас залгаад “та ажил дээрээ ирж байна уу, нөгөө утсыг чинь би авмаар байна” гэхээр нь би буцаад ажил дээрээ очоод 86864612 дугаар луу залгахад танихгүй эрэгтэй хүн авснаа “миний утсаар ярьчихаад явсан” гэж хэлсэн. Тэгээд 10 гаруй минутын дараа гэх залуу орж ирээд иргэний үнэмлэхний лавлагаа өгөөд надаар баримт бичүүлээд зарах гэж байсан Самсунг Галакси эс-7 эдж маркийн гар утсаар өөр хүнтэй “юу гэнэ хайраа” гэж ярьж байснаа гэнэт гараад яваад өгсөн. Араас нь гартал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Яллагдагч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед зарах утас хайж явж байгаад мөнгө хүрэхгүй байсан ба Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн” нэртэй ломбард руу ороход худалдагч нь гэх махлагдуу намхан эгч байсан. Тэгэхээр нь би “эгчээ зарах утас байна уу” гэтэл “надад бор өнгийн Самсунг Галакси эс-6 загварын гар утас болон өөр 2, 3 гар утаснууд үзүүлэхээр нь би бор өнгийн эс-6 загварын гар утсанд симээ хийчихээд “сүлжээ орохгүй байна гадаа гарч яриад үзээдэхье” гэтэл тэр эгч намайг “тэг тэг, үүдэнд гараад яриад үз” гэхээр нь би авч гараад тэр чигтээ зугтаасан. ...Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод булаг” ломбарднаас гар утас залилж авъя гэж бодоод ороход худалдагч нь гэх 40 гаруй насны эрэгтэй байсан. Тэгэхээр нь би “зарах утас байна уу” гэтэл “Самсунг галакси эс-7 эдж” маркын гар утас байна гээд надад шаргал өнгөтэй утас гаргаж үзүүлсэн. Тэгэхээр нь би тэр утсыг нь авч симээ хийгээд асааж өмнөх шигээ “гараад ярьчихаад ирье” гэтэл “тэг” гэхээр нь би авч гараад утсыг нь тэр чигтээ авч зугтаад Нарантуул захын ард талд аваачаад танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарж мөнгийг нь үрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 46/,
Хохирогч Ц.ийн гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7/, Гэгээн ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 35/, “Тод булаг” ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-37/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 8/, хохирогч Д.О гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64-66/, “Тод булаг” ломбардны бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 40/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго агуулсан шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ш.Алтанзул нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах гол онцлог нь бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авахаас гадна энэ гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн байдгаараа ялгагдана.
Иймд шүүгдэгч Б.ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хохирогч нарын санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүх уг хорих ялыг оногдуулахдаа энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоол буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн /өмнөх тогтоолоор шийтгэгдэх үед 34 хоног цагдан хоригдсон. Уг тогтоолоор 2018.01.24-ний өдрөөс энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэх хүртэл 69 хоног ял эдэлсэн/ нийт 104 хоногийн хорих ялыг 6 сарын хорих ялаас хасч тооцон үлдэх 76 хоног буюу 02 сар 16 хоногийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Б. нь хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд нотлох баримтын шаардлага хангасан болон эд зүйлд үнэлгээ хийсэн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.аас нийт 732.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т 300.000 төгрөг, хохирогч Д.О 432.000 төгрөгийг олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын урьд цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн зүйлгүйг дурьдаж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 /арав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т оногдуулсан 10 /арав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын урьд цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.аас нийт 732.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц-д 300.000 төгрөгийг, хохирогч О-д 432.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР