Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025          02            27                                                   2025/ДШМ/20

 

 

                                                Г.О-д холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч   Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Э.Уянга

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э,

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр

                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-гийн өмгөөлөгч

                        Г.Золжаргал /цахим/

               Яллагдагч Г.О

                        Яллагдагч Г.О өмгөөлөгч Х.Даваахүү

               Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/30 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 тоот эсэргүүцлээр Г.О-д холбогдох эрүүгийн 2334001520401 дугаар бүхий 3 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 02-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г О,

2. Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1526 УНА улсын дугаартай “Toyota corolla axio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг “Хар үзүүр” гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж 7053 УБЭ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 7053 УБЭ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е, 1526 УНА улсын дугаартай “Toyota corolla axio” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирсон, иргэн У.Б, А.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Д, Д.Д, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

3. Төв аймгийн прокурорын газраас Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: 1. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн хэргийн газрын үзлэг хийхтэй холбоотой болон шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гарсан талаарх, А цэгийг буруу тогтоосон, замын нөхцөл байдал өөрчлөгдөж цас, мөс хайлж осол болох нэг шалтгаан болсон зам засвар арчилгаа хариуцсан хуулийн этгээд Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь: Хэрэг учрал 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болсон байх бөгөөд хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэх боломжгүй, хавтаст хэрэгт шинжээчийн 3 дүгнэлт авагдсан байх бөгөөд дүгнэлтийг хэргийн оролцогч нарын хүсэлтээр хангалттай гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/158 дугаартай “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан байх бөгөөд өмгөөлөгчийн эрх олгогдоогүй шинжээч нар дүгнэлт гаргасан гэснийг анхаарч үзвэл зохино. Шүүх шинжилгээний байгууллагаас бусад байгууллага шинжээчийн дүгнэлт гаргасан тохиолдолд дээрх журмын дагуу 2023 оны 5 дугаар сарын 04-нөөс хойш зөвшөөрөл авахаар харагдаж байгааг анхаарах нь зүйтэй.

2. Энэ хэрэгт 5 хүний амь хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч А.Ц, У.Б нарт шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэг, 9.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т хамаарна.

3. 1 дүгээр хавтаст хэргийн 89-р хуудсанд Ц О-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, 2 дугаар хавтаст хэргийн 211-р хуудсанд иргэний хариуцагчаар тогтоосон. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд зааснаар хэргийн хоёр өөр оролцогч бөгөөд аль эрх зүйн акт нь хүчинтэй эсэх, өөрөөр хэлбэл Ц.О нь иргэний хариуцагч, нэхэмжлэгч аль нь болох нь тодорхойгүй. Аль оролцогчоос нь шалтгаалж Ц.О нь Г.Од мөн Д нь Д, Д нарт тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг даатгалаар шилжүүлсэн эсэхийг тодруулах нь зүйтэй гэж тус тус дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

5. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 тоот эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Ц-с тус аймгийн Цагдаагийн газарт хохирогчийг төлөөлөх тухай хүсэлтийг гаргасан. Цаашид мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр Г.Э-ийг оролцуулах талаар мэдүүлэг өгсөн, мөрдөгчөөр Г.Э-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өөрийн төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж удаа дараа хүсэлт гомдлыг гарган шийдвэрлүүлж, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай хуульд зааснаар танилцаж ирсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэг, 9.5 дугаар зүйлд заасан эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй юм.

2. Хохирогч У.Б нь Ховд аймагт оршин суудаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй байна гэх түүний гаргасан хүсэлтээр хууль ёсны төлөөлөгчөөр Х.Дг тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу тухайн хэрэгт Х.Д нь эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцсон байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч А.Ц, У.Б нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэг, 9.5 дугаар зүйлд заасныг эрх, үүрэг ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй.

Энэ хэрэг учрал болсноос хойш 2 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд яллагдагчийн өмгөөлөгч маш олон удаа хүсэлт гаргаж байсныг тухай бүр бүгдийг нь шийдвэрлэж байсан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа өөр асуудал байхгүй гэв.

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан бөгөөд хохирогч А.Ц хэргийн материалтай танилцъя гэж хүсэлт гаргасан учир шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэрэгтэй холбогдуулах таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлд хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд нэг шинжээч огт гарын үсэг зураагүй бөгөөд асуултуудад ч мөн адил ойлгомжгүй, эргэлзээтэй хариулсан, тодорхой бус байгаа учир дахин шинжээч томилуулах шаардлагатай байгааг харгалзан үзнэ үү гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-ийн өмгөөлөгч Г.Золжаргал тус шүүх хуралдаанд/цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Уг хэрэг гараад 2 жил гаран боллоо. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлуудыг бүгдийг шалган тогтоосон, хохирогчийн эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй. Хавтаст хэргийн 33 дугаар талд Г.Э-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн баримт авагдсан. Мөн хохирогч У.Б мөн Д-г хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа гэв.

9. Яллагдагч Г.О өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анх тухайн осол болсон газарт “А” цэгийг зөв тогтоож чадаагүй бөгөөд хоёр өөр “А” цэг тогтоосон учир хэргийг шийдэх боломжгүй. Мөн хэргийн газрын үзлэг тухайн осол болсноос хойш 8 цагийн дараа хийгдсэн. Энэ хугацаанд замын зорчих хэсгийн цас, мөс хайлсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн осол болоход замын арчлалтыг хариуцаж байсан “Төв АЗЗА” ХХК-ний буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг шалгалгүй орхигдуулсан. Мөн шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийг зөрчсөн ба уг дүгнэлтийг гаргасан 5 шинжээч нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан байх ёстой. Түүнчлэн тухайн шинжилгээнд оролцсон шинжээч Баярсайхан дүгнэлтдээ болон хууль сануулсан баримтад гарын үсэг зураагүй байгаа. Би өнөөдрийг хүртэл хэргийн материалтай танилцахад Г.Э нь аавыгаа, Г.М ээжийгээ төлөөлдөг. Энэ бүхнийг харахад прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байгаа тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Яллагдагч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Г.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Г.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулжээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” хэмээн хуульчилсан. 

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шинжилгээ нь анхдагч, нэмэлт, дахин гэсэн хэлбэртэй байна хэмээн заасан ба мөрдөн  шалгах ажиллагааны явцад хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 26-27-р талд ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06/16 тоот, 45-49-р талд “Цагаан Шонхорын жигүүр” НҮТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/173 тоот тус бүр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн, мөн 144-146-р талд ШУТИС-ийн механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07/120 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн, тухайн ослын талаар гаргасан нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс аль нэгийг нь авч шүүгдэгчийг цагаатгах, эсхүл яллах болсон үндэслэл, нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг шийдвэртээ тусган шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

5. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан буюу мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгчийн захирамждаа дурдсан хохирогч А.Ц, У.Б нарт шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалт хамаарч байгаа болно хэмээн дүгнэсэн атлаа уг ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

6. Яллагдагч Г.О тухайн осол болох үед жолоодон явсан 1526 УНА улсын дугаар бүхий “Toyota Corolla Axio-E140” маркийн тээврийн хэрэгсэл нь О-ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Хэрэв цаашид шүүхээс Г.О гэм буруутай гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй учир түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар давхар тогтоон шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн боломжгүй юм.

7. Мөн анхан шатны шүүхээс Ц.О өөрийн эзэмшлийн “Toyota Corolla Axio-E140” маркийн 1526 УНА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг Г.О-д, Д нь 7053 УБЭ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг Л.Д, Д.Д нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг даатгалаар шилжүүлсэн эсэхийг тодруулах талаар дурдсан байх боловч энэ нь цаашид тухайн хэргийг шийдвэрлэхэд ямар нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.    

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр яллагдагч Г.О-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

9. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасан тул яллагдагч Г.О-д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Прокурор эсэргүүцлийнхээ 2 дахь хэсэгт тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй  “У.Б” гэх хүний талаар дурдсаныг шүүх хуралдааны шатанд асууж тодруулахад хохирогч У.Б-ийн нэрийг андуурч бичсэн талаар тайлбар гаргасан зэргийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/30 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Уянгын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 тоот эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар яллагдагч Г.О-д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                   А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА