| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00217/И |
| Дугаар | 311/ШШ2025/00554 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 311/ШШ2025/00554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан, Улиастай, ....... тоот хаягт оршин суух, ...... овогт Ц........ын Д........гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... сургуульд холбогдох,
Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ....... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, мөн захирлын Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д....., нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З......, Б.Б..... нар /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё.Д......., хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Б......., гэрч Б.Ц......., Б.Б....., нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалаар Ц.Д......намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэж, ...төрийн хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн. ... гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс сургуулийн няравын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/13 дугаартай Ц.....ийн Д.....г ажилд томилох тухай тушаалаар дотуур байрны жижүүрээр томилсон байдаг.
Ц.Д..... миний бие үүнд маш их гомдолтой байх бөгөөд ажилдаа ямар нэгэн алдаа гаргаж, эд хөрөнгө дутаасан, мэдээ тайланг дутуу гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монгол Улсын Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсний дагуу Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байдаг.
Энэхүү гомдлыг гаргасны дараа ....... сургуулийн захирал Ё.Д..... нь өмнө гаргасан тушаалаа засварлаж, дахин 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ц.Д........д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, 2 удаагийн тушаалаар Ц.Д........ намайг сургуулийн няравын үүрэгт ажлаас чөлөөлж, тушаал бууруулсан байдаг.
Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ц.Д........ миний гомдлыг хэлэлцсэн боловч ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд энэхүү хуралдааныг тэмдэглэлийг миний бие 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан болно.
Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар Улиастай сумын Ерөнхий боловсролын ...... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Алан тушаал бууруулах тухай тушаал, Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц.Д........ намайг тус сургуулийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ё.Д...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тус сургуулийн нярав Ц.......ийн Д........ нь тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой дараах зөрчил, дутагдлуудыг гаргасаар ирсэн. Үүнд:
1. Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 тоот дүгнэлтээр үндсэн хөрөнгийг кодлох, эд аж ахуйн картыг үнэтэй болгох, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн дагуу сургуулийн балансад бүртгэлтэй үндсэн хөрөнгийг кодлох эзэмшигч нэг бүрээр карт хөтлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор биелэлтийг хангасан байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй.
2. 2023 оны 09 дүгээр сарын 18-нд сургуулийн захирал Д.П...... үүрэг даалгаварын биелэлтийн хуудас өгсөн. Уг хуудсаар өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй.
3. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/139 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.
4. Завхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ажлын хэсэг хяналт шалгалт хийх явцад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг ирлрүүлж зөрчлийг арилгах үүрэг даалгавар амаар өгсөн. 2023.12.08-ны өдөр үүрэг даалгаварын биелэлтийг хянах явцад сургуулийн дэргэдэх дотуур байрны гал тогоонд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлтд ашиглаж байсан зөрчил илэрсний дагуу сургуулийн дотоод хяналтын зөвлөлд үүрэгт даалгавар өгсөн.
5. ......... сургуулийн дотоод хяналтын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр үдийн хоолны гал тогоонд байгаа хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг тоолох явцад хүнсний бүтээгдэхүүний зарим нэг нэг төрөл дээр хадгалалт, хамгаалалтын хугацаа байхгүй бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлтд ашигласан. Зуны хугацаанд ажиллуулдаг бор бургасны Өргөө амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн үдийн хоол, дотуур байрын гал тогоонд хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн.
6. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ..... сургуулийн тооллогын комисс, өмч хагааллын байнгын зөвлөл, орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, дүгнэлтээр тооллого хийж байх явцад сургуулийн няравт эд хөрөнгө хүлээж авсан бүртгэл жагсаалт байхгүй байсан нь эд хөрөнгийг тулгаж тоолоход хүндрэлтэй байсан. Хэзээ хаана ямар эд хөрөнгийг акталсан бүртгэл хөтлөлт байхгүй хэнд хүлээлгэж өгсөн бүртгэл жагсаалт гарын үсэг байхгүй байсан. Эд хөрөнгө кодлож бүртгэл үүсгээгүй нь хэдэн онд хаанаас ямар хөрөнгө оруулалтаар ирсэн нь тодорхой бус байгаа нь нэг ижил хөрөнгийг ялгаж бүртгэн тоолоход асуудалтай байсан. Скаладанд тооллого хийх явцад нөөц болон үлдэгдэл хөрөнгийн жагсаалт байхгүй хаана юу байгаа нь тодорхой бус эмх цэгцгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ тооллогод Ц.Д....... хамтарч тоолж тайлан бичсэн бөгөөд өөрөө гарын үсэг зурсан.
7. 2023.02.25-ны өдрийн №421 Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын эд хөрөнгийн тооллого, ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмжид илэрсэн зөрчилд байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй хөтлөлт хангалтгүй байна. Тооллогын явцад 25,871,356 төгрөгийн балансын үнэ бүхий 10 нэр төрлийн 24 ширхэг хөрөнгийг санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөөгүй дутагдуулсан, байгууллагын албан хаагчдын эд хариуцагчийн картыг бүрэн гүйцэд хөтөлж хөрөнгүүдийг шифрлэж тэмдэглэгээ хийх зөвлөмж өгсөн зөвлөмжийг өөрт нь бичгээр өгч үүрэг даалгавар өгсөн хэрэгжүүлээгүй.
8. ...сургуулийн дотоод хяналтын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийдэггүй, хөтлөлт хангалтгүй гэсэн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сайжруулсан ажил хийгдээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан.
9. тус зөрчлүүдийг арилгуулах, үүрэгт ажлыг сайжруулах чиглэлээр аман болон бичгээр үүрэг даалгаврын биелэлтийг өгч байсан боловч тухайн зөрчлүүдтэй холбоотой ямар нэг сайжруулсан ажил хийгдээгүй тул миний бие нь сургуулийн 2024 оны 02 сарын 27-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус асуудлыг хэлэлцсэний дараа сонсох үйл ажиллагаа явуулсан хариу тайлбар хийгээгүй. Ц.Д........д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 заасны дагуу албан тушаал бууруулсан тушаалыг утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр засаж Ц.Д.......д мэдэгдсэн гэв
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Д.......г ажил олгогч нь 2 өөр тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Эхнийх нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай албан тушаал бууруулах тухай дараагийнх нь захиргааны актын илэрхий алдааг засах гэж үзээд 2024 оны 04 дүгээр сарын 11-нд өөрчилсөн, түүнчлэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулах тухай гэж ажлаас нь чөлөөлсөн. Яг өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн хариу тайлбараас нь хараад Ц.Д......гэдэг хүнийг 2023 оны 9, 10, 12 саруудад гаргасан зөрчлүүдийг 2024 ондоо илрүүлээд 2024 оны 03 сард ажлаас нь албан тушаал бууруулаад сахилгын шийтгэл оногдуулаад байна уу, эсвэл 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн илэрхий алдааг засах тушаалаар ажлаас чөлөөлөөд байна уу гэдгийг шүүх хуралдааны мэтгэлцээний шатнаас тодруулаад явах нь зүйтэй байх.
Ер нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу тухайн албан тушаалтан, ажил олгогч, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа бол түүнээс тайлбар авах ёстой байдаг. Та ийм алдаа, зөрчил гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор өөрийнх нь хэмжээнд тайлбар, нотлох баримтаа өгнө үү гээд ажлаа явуулах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй гэж харагдаж байгаа. Нөгөө талаар хариуцагч энэхүү зөрчил дээр өмнө нь сахилгын арга хэмжээ авчихсан байсан. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө нь авчихсан байсан сахилгын арга хэмжээнд дараа нь дахиж сөхөж гаргаж ирэх байдлаар, өөрөөр хэлбэл нэг зүйчлэлдээ сүүлийн удаа дахин түүнийг зөрчөөд байгаа юм шиг байдлаар сахилгын арга хэмжээ аваад байх шиг байна.
Нөгөө талаар зөрчил илрүүлсэн гэж байгаа бол 2023 оны 12 сард 124 дүгээр зүйлд заасан дагуу бол 30 хоногийн дотор сахилгын шийтгэл ногдуулах гэсэн байдлаар зөрчилд орно. Өнөөдрийн байдлаар бид нарт ажил олгогчийн тушаал өөрөө тодорхой бус байгаа учраас яг аль зөрчилд нэхэмжлэгч ямар тайлбар гаргах бэ гэдгийг нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ойлгоогүй үйл явдал нь ажлаас халах процесс ажлаас чөлөөлөөд өөр албан тушаалд томилох, нэг ёсондоо албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулахдаа зөв гаргаагүй, өөрсдөө болохоор төрийн байгууллага гэдэг утгаараа Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлаад захиргааны акт гаргасан гэдэг төрийн үйлчилгээний албан хаагчийн норм, хөдөлмөрийн тухай хуулиар явагдаж байгаа. Гэвч энэ сургууль төрийн байгууллага гэдэг утгаараа Захиргааны ерөнхий хуулийн актыг засахаас өмнө нь бичгээр тайлбарыг авах, мэдэгдэх бүх арга хэмжээ аваагүй, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна гээд, энэ сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгагдаад байгаа зүйл өөрөө нөгөө ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд заасан зүйл биш байгаа юмаа.
нэхэмжлэгч 2023 онд 25,0 сая төгрөгийн баланс буюу эд хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан гэдэг. Та нар өөрсдөө төрийн байгууллага санхүүгийн тайлангаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байдлаар гаргахдаа ямар нэгэн алдаа дутагдал болон дутагдсан эд хөрөнгө байхгүй гэдэг 12 дугаар сарын 01-ний байдлаар 20 хэдэн сая төгрөгийн эд хөрөнгө тоологдоогүй асуудал байна гэдэг, үүнийг 12 дугаар сарын 01-ээс хойш залруулаад бүх эд хөрөнгөө жишээ нь Д....... гэх хүнд 2 гар утас байсан гэх мэтээр хариуцагч нарыг олж тогтоогоод 12 дугаар сарын 31-ний байдлаар энэ байгууллага хөрөнгө дутагдаагүй юм гээд дахиад төрийн хяналтын байгууллагад санхүүгийн тайлангаа илгээгээд яваад байгаа. Тэгэхээр энэ хүн би эд хөрөнгө дутаагаагүй бүх зүйл тооллоготойгоо нийлсэн, санхүүгийн программ жигдрэхээр бусад зүйлүүдээ бүртгээд шинээр ажиллагаануудаа явуулах ойлголтод хүрчхээд явж байтал, 2024 оны 02 дугаар сарын 29-нд баахан дүрэм, журам зөрчсөн талаар мэдэгдэл ирээд 3 дугаар сарын 11-ний өдөр таныг албан тушаал бууруулж байна гэж байгаад, дахиад 4 дүгээр сарын 11-ний өдөр сахилын шийтгэл оногдуулж байна гэх үндэслэлд алинд нь тайлбараа өгч чадахгүй одоо болтол өөрийгөө юун дээр алдаа гаргаснаа ойлгоогүй. Гомдолтой байгаа учраас өөрийнхөө нягтлан бодогч гэдэг мэргэжлийнхээ дагуу хийж байсан нярав гэсэн албан тушаал дээр ажил хөдөлмөр эрхлэх байр суурьтай байгаа шүү гэдэг байдлаар шүүхэд хандсан.
хамгийн сүүлд 2023 онд эд хөрөнгийн тооллогын бүртгэл гэсэн зүйлүүдийг өгөхөд эд хөрөнгө дутагдаагүй байсан. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Ажил олгогчийн тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нь дэмжиж байгаа. Тушаалуудыг нь хүчингүй болгож нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад ерөнхий нөхцөл байдал тодорхой болчихлоо гэж миний зүгээс үзэж байгаа. Тодруулах юм бол албан тушаал бууруулах үндэслэл хугацаа дууссан бүтээгдэхүүнтэй холбоотой байгаа тул 2023 оны 12 дугаар сарын 10-аас хойш энэ нөхцөл байдал дуусгавар болчихсон. Үүнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр дэлгэрэнгүй тайлбар гаргачихсан учраас үүнийг ингээд орхиё. Харин эд хөрөнгө дутсантай холбоотойгоор ямар эд хөрөнгийг хэн дутаасан бэ гэдгийг тогтоогүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр нягтлан мэдүүлэг өглөө өнөөдрийг хүртэл дутсан эсэх нь маргаантай байгаа. Компьютер, принтер хугацаа нь дуусчихсан ажилладаг ажилладаггүй юмнууд байгаа гэж байна. Үүнээс яг хэд нь байгаа хэд нь байхгүй гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна. Тушаал гарах үедээ ч тодруулаагүй яагаад гэхээр нягтлан ажлын байр цаас үйлдээд ажилтанд хүлээлгэж өгдөг гэж байгаа. Жишээлбэл: 2 нөтбүүк байлаа гэж бодоход тэр хоёр нь нярав дээр байгаад байхгүй. Хэрэглэх ашиглах ёстой ажилтан буюу багш нарт хүлээлгээд өгчхөж байгаа. Тэр 2 нөтбүүкийг ажилтан байхгүй болгоод байгаа юм уу эсвэл нярав байхгүй болгоод байгаа юм уу гэдгийг бүрэн тогтоогоогүй. Аймгийн өмчийн газраас зөвлөмж өгсөн гээд байгаа байдал нь ерөнхий түүнийгээ тодорхой болгоод зөвлөмжийг хариуцах ёстой. Зүгээр шууд нярав руугаа хамаг байдлыг буруутгасан байдлаар өөрсдөө дотооддоо хяналт шалгалт хийгээд байгаа гэдгийг нярав өөрөө мэдээгүй л байж байгаа. Ийм байдлаар баримтуудыг үйлдээд байгаа юмаа. Санхүүгийн тайлан өөрөө дутагдсан хөрөнгө байхгүй гээд тов тодорхой байж байгаа түүнийгээ төрийн байгууллагадаа явуулаад баталгаажуулаад аудит хийсэн гэж нягтлангийн мэдүүлгээр ойлгочихлоо. Тэр тайлан аудит хоёулаа нь саяны дутагдсан асуудлыг оруулаагүй хавтаст хэрэгт авагдсан зүйл байхгүй өөрсдөө байгаа гэж тайлбарладаг дутагдсан асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа юм байна. Нягтлан өөрөө бүртгэл дутахгүй явж байх ёстой. Хэрэв 25.0 сая төгрөгийн асуудал дутсан асуудлыг яагаад ганцхан Ц.Д.....д гаргаж байгаа. Нягтлан яагаад тусдаа үйлдчих вэ гэдэг асуудал бас байж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар ийм асуудал гаргасан эсэхийг аман хэлбэрээр үүрэг өгсөн л гээд байгаа. Яг үүнтэй холбоотойгоор хариуцагчийн тайлбар үндэслэлгүй нотлох баримт байхгүй Тийм учраас зөрчил үйлдсэнийг нэг бүрчлэн ажил олгогч тогтоож байж сахилгын шийтгэл оногдуулах ёстой хөдөлмөрийн тухай хууль практик ч гэсэн тийм байдаг. Яагаад гэвэл ажил ологч ажилтнаас илүү давуу эрхтэй харилцаанд оролцдог. Тийм учраас ажилтны дураараа авирладаг давуу эрхтэй байдлыг нь хөдөлмөрийн хуулиар тогтоож өгөх боломжгүй юм. Хуулийн зарчим мөн чанар ийм байдаг. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаанаар нярав гэдэг хүний дутаасан нотлогдохгүй, дээрээс нь дутаасан бол сахилгын шийтгэл оногдуулахдаа яагаад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж ирж байгаа нь тодорхойгүй хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эхлээд нэхэмжлэлийн шаардлага тушаалыг хүчингүй болгоод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тушаал хүчингүй болгуулах үндэслэлгүй байна. Яагаад үндэслэлгүй гэхээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтуудаар 2022 оноос хойш бүртгэлийг та хөтөлдөггүй зөрчлүүд гараад байсан. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг дотуур байрын хүүхдийн хоолонд хэрэглүүлэхээр өгсөн байсан. Няравын хариуцлагатай үйлдлүүд огт гарч байгаагүй Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар нягтлан бодогч бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэн батлах тухай тушаал батлагдсан энэ тушаалын 2 дахь хавсралтад байгууллагын эд хариуцагч болон нярвын эрх үүргийг тусгаж өгсөн байдаг. Энэ үүргээр тухайн байгууллагын эд хөрөнгийг бүртгэлжүүлэх, картлуулах, шифэрлэх энэ бүх үүргийг няравт өгсөн. Дээрээс нь хугацаа дууссан бүтээгдэхүүнийг актлах саналыг нягтлангаараа дамжуулж сургуулийн удирдлагад гаргах байсан. Энэ бүх үүргийг нарийвчлаад журамлаад өгчихсөн энэ үүргээ биелүүлэхгүй хүүхдийн дотуур байранд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг дотуур байрын хүүхдийн хоолонд хэрэглэсэн нь тогтоогдсон. Эд хөрөнгийн бүртгэл хийгдээгүй асуудал 2023 оны 02 дугаар сард авсан өмч хамгаалах зөвлөлийн дүгнэлтээр бүртгэл хийгдээгүй гээд гараад байсан. Үүнийхээ дагуу сахилгын арга хэмжээ авагдсан юм шиг байна. Дараагийн 2023 оны 12 дугаар сарын 01-нд тайлан дээр бүртгэл хийгдээгүй карт хөтлөөгүй байна гэдэг асуудал яригдсан. 12 дугаар сарын 10-нд яригдсан энэ асуудал нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Орон нутгийн өмчийн газрын зөвлөмжид тусгагдсан байдаг. Үүнийг дагуу сургуулийн удирдлагаас үүрэг даалгавар өгсөн гэдгээ хэлж байна. Амаар үүрэг даалгавар өгчхөөд 2024 оны 02 дугаар сард үүрэг даалгаврын биелэлт хангаж уу гэдэг үндэслэлээр дотоод хяналтын зөвлөлөө ажиллуулахад нөгөө зөрчлөө арилгаагүй яг хэвээрээ байсан.
...дотоод хяналтын зөвлөл дутагдсан эд хөрөнгийн талаар шалгахдаа дотоод хяналтын зөвлөл өөрсдөө ажиллаад 12.0 сая төгрөгийн эд хөрөнгийг ажилтнуудад байгаа гэдгийг мэдэж бүртгэж авсан. 10.0 сая төгрөгийн хөрөнгө дутагдсан байна гэдгийг дүгнэлтдээ тусгачихсан.. ...өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 25-нд эрх бүхий байгууллагын зөвлөмж ирсний дараагаас энэ хүн ажлаа сайжруулахад бүртгэлээ хийгээд 25.0 сая төгрөгийн эд хөрөнгө байгууллагын ажилтан нараасаа нэхээд хайж явсаар байгаад олсон бол энэ хүнийг ажлаа хийсэн байна гэж үзэх гэсэн ч 2 дугаар сарын 22-ны өдрийн дотоод хяналтын зөвлөл өөрсдөө хайж байж 12.0 сая төгрөгийн эд хөрөнгийг олсон. Үлдсэн 10.0 сая төгрөг ор сураггүй алга болсон гэдгийг дүгнэлтдээ тусгачихсан. ...энэ зөрчил хэзээ илэрснийг буюу шалгаад яваад байгааг нярав мэдэж байгаа, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн өөрийг нь бодоод тухайн зөрчлүүдэд арга хэмжээ авах, арга хэмжээ авахгүй яваад байсан боловч одоо арилгасан байхаа гээд дахиад шалгалт оруулахаар арилаагүй нь илэрсэн учраас энэ хүн засрахгүй юм байна гэж үзээд албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ оногдуулсан нь үндэслэлтэй учраас тушаал хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй юм. Энэ тушаал хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгч Ц.Д.....гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үндэслэлгүй байна. Дээрээс нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай асуудал анх энэ тушаалыг 3 дугаар сарын 11-нд гардаж авангуутаа ээлжийн амралтыг олгооч гэдэг хүсэлт өгөөд ээлжийн амралтаа эдэлчихсэн 15 хоногийн 509,000 төгрөгийг ээлжийн амралт олгосон талаарх нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан. Ээлжийн амралт дуусаад ирэнгүүт 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгооч гэсэн асуудлыг хэлээд 6 сарын хугацаанд цалингүй чөлөө авчихсан. Тэгэхээр өөрөө хүсэлтээр эдгээр ажиллагаануудыг хийлгээд байгаа учраас энэ хугацааны цалинг олгох үндэслэлгүй юм. Мөн нийгмийн даатгалаас авсан лавлагаагаар 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн 73 дугаар сургуульд одоо ажиллаж байснаасаа илүү 1.900.000 төгрөгийн цалинтай ажилд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ц.Д...... дотоод хяналтын зөвлөл ажилласан талаар ч мэдэхгүй, 12 дугаар сарын 25-ны зөвлөмж ирсэн талаар ч мэдэхгүй, юу ч мэдэхгүй байдлаар ярьж байна. Өмнөх 2023 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ зөвлөмж, дотоод хяналтын зөвлөлийн талаар өөрөө тодорхой асуултад хариулдаг, дээрээс нь хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгасан талаараа яг саяных шиг захирлаас тушаал гараагүй учраас би устгаагүй гэдэг асуудал ярьдаг. Сургуулийн удирдлага тухайн бүтээгдэхүүний хугацаа дуусаж байгааг мэдэх боломж байхгүй, нягтлангийн ажлын үүргийг хуваарьтай хугацаа дууссан бүтээгдэхүүний устгах саналыг өмч хамгаалах комисс сургуулийн удирдлагатай танилцуулах үүргээ та хэрэгжүүлсэн үү гэдэг асуултад би сургуулийн удирдлагад устгах талаар санал огт гаргаж байгаагүй гэж тов тодорхой хэлдэг. Тэгэхээр шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн асуулт хариултын хэсгийг нэлээн ноцтой харахыг хүсэх байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, дотоод журам шинэчлээгүй асуудал ярьж байх шиг байна. Энэ сахилгын зөрчил гарсан үед нь үйлчилж байсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг өөрчилж байгаад аваад байгаа арга хэмжээ биш, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчөөд байгаа асуудал байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа хөдөлмөрийн дотоод журам хуульд нийцээгүй байна гэдэг асуудал байхгүй. Өмнө нь гарсан анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 365 дугаартай шийдвэрийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл гарсан зөрчлүүдийг гаргаж явсаар байгаад дахин шалгуулахаар 2 дугаар сарын 22-ны өдөр илэрсэн учраас энэ өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа тоолох нь хуульд нийцнэ гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ганцхан буцаасан энэ үндэслэл уг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаа нотлох баримтын шаардлага хангуулаад гаргах ёстой байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр шийдсэн байна гэж дүгнэсэн байдаг. Ийм нөхцөл байдлын улмаас хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ц.Д.....д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2021 оны А/22 дугаартай тушаалын 2.2.5-д хэсэгт буюу нярвын ажил үүрэгтэй холбоотой асуудлыг баримталсан нь хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан тушаалууд үндэслэл бүхий гарсан. Анх тушаал гаргахдаа албан тушаал бууруулах гэж гаргасан боловч ажил олгогч өөрөө миний тушаал илэрхий алдаатай болчхож гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-г баримтална засах боломжтой байна гэж дүгнээд А/25 дугаартай тушаалыг гаргаж анх тушаалын агуулгыг зөрчилдөхгүйгээр залруулсан учраас залруулах эрхтэй байгууллага буюу Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан байгууллагатай хамаарч байна. Тийм учраас залруулах эрх нь тухайн байгууллагад байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ..... сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/25 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай Ц.......ийн Д........г ажилд томилох тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ц.Д..........д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэл, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй актлах хөрөнгийн жагсаалтын баримтуудыг фото зургуудын хамт ирүүлсэн байна.
Хариуцагчийн зүгээс: Хариу тайлбар, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 дугаартай албан тоот, Аудитын илрүүлэлт, үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, Улиастай сумын Ерөнхий боловсролын .......сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, ....... сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт, хугацаа дууссан бүтээгдэхүүний тооцоо, Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн Орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын Төрийн байгууллагуудын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажлын удирдамж, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 421 дугаартай албан тоот, Өмчийн хяналт шалгалтын зөвлөмж, .......сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт, Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаал, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, ээлжийн амралтын олговорын цалингийн түүвэр, Ц.Д.......ийн амралт эдлэх чөлөө хүссэн өргөдөл, мөн 6 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдөл,
гэрчээр Д.Н......ийг асуулгасан тэмдэглэл, нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбар болон ...... сургуулийн захирлын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай цалингүй чөлөө олгох тухай, мөн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалууд, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, Ц.Д......гийн хүсэлтүүд
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр: гэрчээр Б.Э......., Ц.Н......., нарыг асуусан тэмдэглэл, цалингийн карт, Завхан аймгийн Ерөнхий боловсролын ...... сургууль, орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, эзэн тодорхойгүй дутсан эд зүйлсийн жагсаалт хамт, тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 тоот Албан тушаал бууруулах тухай тушаал, мөн сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ц.Д.......д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай .......ийн Д.......г ажилд томилох тухай тушаал, мөн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/25 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай тушаал, эд хариуцагчийн ажиллагаа ба тооцоо бодолтоор гарсан зөрүүгийн талаар байгууллагын өгөх дүгнэлт, тус сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/36 дугаартай Тооллогын комисс байгуулах тухай тушаал, үндсэн хөрөнгийн тооцоо бодсон баримт, эд хөрөнгийн тооллогын бүртгэлүүд, Өмчийн хяналт шалгалтын зөвлөмж, тус сургуулийн төсөвт байгууллагын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2023 оны санхүүгүийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэл, санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан, Бараа материалын тайлан, няравын ажлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, няравын ажлыг хүлээлгэн өгсөн ажлын хэсгийн тэмдэглэл, склад №2, №3, №4, №5 эд хөрөнгийн жагсаалтууд, 2023 оны тооллогын бүртгэл, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Хариуцагч талын хүсэлтээр: гэрч Г.В......., Н.Н........, Э.Ц......, Б.Ц........, Я.Б........., Д.Н.......... нарыг асууж авсан тэмдэглэл, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас Ц.Д.......гийн 2024-2025 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д........ нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ....... сургуульд холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ...... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, мөн захирлын Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор анх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улмаар нэхэмжлэгч Ц.Д.......... нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ц.Д...... нэхэмжлэлийн үндэслэлээ ...ажилдаа ямар нэгэн алдаа гаргаж, эд хөрөнгө дутаасан, мэдээ тайланг дутуу гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй гэх ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, ...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү... гэж тайлбарласан.
2. Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ...... суругууль татгалзлаа ...тус сургуулийн нярав нь тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой зөрчил, дутагдлуудыг гаргасан. ...энэ нь ....... сургуулийн дотоод хяналтын дүгнэлт, сургуулийн тооллогын комисс, өмч хамгаалах комиссын тайлан дүгнэлт, Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын эд хөрөнгийн тооллого, ашиглалт хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмж, 2024.02.22-ны сургуулийн дотоод хяналтын ажлыг дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа учир арга хэмжээ авсан нь үндэслэлтэй. ... гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч Ц.Д........ нь анх Завхан Улиастай сумын Ерөнхий боловсролын ...... сургуульд няраваар ажиллаж байсан гэх бөгөөд энэ талаарх тушаал шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, улмаар түүнд авсан тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал, мөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай ажилд томилох тухай тушаалуудаар тогтоогдож байх бөгөөд зохигч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар маргаагүй болно. Иймд нэхэмжлэгчийг няравын ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.
4. Хариуцагч байгууллага нь Ц.Д........г 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах тухай арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн, улмаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б/12 дугаартай тушаалаар Албан тушаал бууруулах тухай гэж дахин чөлөөлж, мөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар дотуур байрын жижүүр-ийн ажилд томилсон үйл явдал тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч байгууллага нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалынхаа алдааг засаж, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/25 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай тушаалыг гаргаж, түүнийгээ дэмжиж оролцож байна гэж байх тул хариуцагчийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Албан тушаал бууруулах тухай тушаалаар Ц.Д......д сахилгын арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч Ц.Д.......нь дээрх сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай, мөн захирлын Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалуудыг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргалдагч талууд эвлэрч тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон байна.
Улмаар Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авч дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговороос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн захирал нь Ц.Д.........г 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах тухай арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн, мөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б/12 дугаартай тушаалаар Албан тушаал бууруулах гэж дахин чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
7. Нэхэмжлэгчээс гаргасан Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Тэрээр Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар Албан тушаал бууруулах тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус удирдлага болгожээ.
7.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй байна.
Гэхдээ энэ тохиолдолд ажилтны гаргасан сахилгын зөрчил тогтоогдсон байх ёстой.
7.3. Ажил олгогчийн Албан тушаал бууруулах тухай тушаалаас үзхэд нэхэмжлэгч Ц.Д......г ...төрийн хяналт, шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн. ...өөрийн хариуцаж байгаа эд зүйлийн орлого, зарлагын болон үдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих магтаар баримт эргэлтийн графикийн дагуу нягтлан бодогчид гаргаж өгнө, ...ноцтой зөрчилд тооцож гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана, ...ажил олгогч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эсвэл гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзсан, ...ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн, ...сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмжийн бүртгэл, складны бүртгэлийг тогтмол хөтлөх, ...сургуулийн эд хогшил эдэлгээ, өмч хөрөнгөд хяналт хийж засаж сэлбэх талаар шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллах, ...сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх зэрэг зөрчлүүдийг гаргасан. ... гэсэн үндэслэлээр Ц.Д.........д сахилгын шийтгэл оногдуулсан байна.
7.4. Хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлд Ц.Д..........д тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/139 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан нь тогтоогджээ.
7.5. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос Ц.Д........г ...тус сургуулийн нярав нь тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой зөрчил, дутагдлуудыг гаргасан. ... гэж тайлбарлаж нотлох баримтаар Завхан аймаг дахь төрийн аудитын газрын тайлан дүгнэлт /2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр/, мөн ........ сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт /2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан/, Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургууль, Орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан /2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр/, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Төрийн байгууллагуудын эд хөрөнгийн тооллого ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмж /2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр/ зэрэг баримтуудыг ирүүлсэн бөгөөд уг баримтуудад тус сургуулийн няравын ажил үүрэгт заасан зөрчлүүд тогтоогдож, улмаар нярав Ц.Д.......д 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын арга хэмжээ авагдсан байна.
7.6. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Д........д 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхээр байх бөгөөд энэхүү үндэслэлээр дахин сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давахардуулан ногдуулахгүй гэж заасантай нийцээгүй байна.
7.7. Түүнчлэн эдгээр зөрчлүүд нь нэг удаагийн шинжтэй байх тул тэдгээрийг үргэлжилсэн зөрчил гэж үзэхгүй.
7.8. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч Ц.Д......г ...тус сургуулийн нярав нь тус албан тушаалд ажиллах явцдаа сургуулийн удирдах ажилтнаас хариуцуулан өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, өөрийн ажил үүрэгтэй холбоотой зөрчил, дутагдлуудыг дахин гаргасан. ... гэх байдлыг шалгаж тогтоосон баримтууд хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
7.9. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг алдаа дутагдал гаргасныг тухайн үед шалгасан тус сургуулийн дотоод хяналтын зөвлөлд ажилладаг хүмүүс гэрчилнэ гэж гэрчүүд асуулгасан боловч гэрчүүд нь мөн 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Завхан аймаг дахь төрийн аудитын газрын тайлан дүгнэлт, мөн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ........ сургуулийн дотоод хяналтын ажлын дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ....... сургууль, Орон нутгийн өмчийн газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Төрийн байгууллагуудын эд хөрөнгийн тооллого ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмж зэрэг баримтуудаар тогтоогдсон үйл явдлын талаар тайлбарлан мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй.
7.10. Иймд ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ....... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Д.......г урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоож, уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
8. Мөн нэхэмжлэгчээс Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай Ц........ийн Д.......г ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1. Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардалга бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.
8.2. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг шийдвэрлэхэд уг тушаал маргааны үндэслэл болсон байна.
8.3. Иймд Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ..... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай Ц........ийн Д........г ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох шаадрлагагүй гэж үзлээ.
9. Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговороос ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж,
мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.
9.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсаны улмаас цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогчоор гаргуулахаар байгаа бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас цалин олгогдоогүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9.4. Тодруулбал: ажил олгогчоос шалтгаалан нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ байдлаа шүүхэд нотлоогүй байна.
Иймд эхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаан олговор гаргуулах шаардлагыг хэрэгэсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
9.5. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Д........ нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлж байгаад, үргэлжлүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан болох нь талуудын тайлбар болон тус сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай Цалингүй чөлөө олгох тухай тушаал, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалуудаар тогтоогдож байна.
9.5. Нэхэмжлэгчийн цалингүй чөлөөний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд тэрээр өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй ба Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан нь Нийгмийн даатгалаас авсан лавлагаагаар 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн 73 дугаар сургуульд ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
10. Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа зохигчид нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын .......... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалыг хүчингүй болгож, ........ овогт Ц.........ийн Д......г Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын ........ сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож,
түүний нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д......... нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ......... сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ