| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2403007791028 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.О |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
2025 02 27 2025/ДШМ/19
Б.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.О /цахим/
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч О.О /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2015/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Огийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Эт холбогдох эрүүгийн 2403007791028 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ............ оны ......... дугаар сарын 16-ны өдөр ........... аймгийн З.......... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Т...........аймгийн З........сумын ....... дугаар баг, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1108 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн, хэрэг хариуцах чадвартай, Х............н овогт Б.......... Э........., /РД:......................./.
2. Шүүгдэгч Б.Э нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1108 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан байхдаа буюу Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудлын 2 давхар руу эргэх хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 50 минутын орчим Тоёота Кровн маркийн 30-40 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
4. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ха.......... овогт Б......... Э.............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.
5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.О бичсэн эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Эт холбогдох эрүүгийн 2403007791028 дугаартай хэрэгт тус прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун яллах дүгнэлт үйлдэн хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхээр хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн тогтоолтой танилцаад шүүхийн шийдвэр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно." гэж заасан байна.
Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Эт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан атлаа нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолд хэдий үеэс хэрэгжүүлэх талаар тусгаагүй бөгөөд дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгох, ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно гэж нэмж өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцэл тодорхой бус байна. Нэмэгдэл ялыг аль үеэс эхэлж тоолох нь тодорхой бус байна. Тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолно, эсхүл тогтоол уншин сонсгосон үеэс эхэлж тоолно гэсэн 2 янзаар шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Тэгэхээр уншиж сонсгосон үеэс тоолно гэж ойлгох юм уу, эсхүл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс нэмэгдэл ялыг тоолно гэж ойлгох юм уу. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд шүүхээс шийтгэх тогтоолыг уншин сонсгомогц хүчин төгөлдөр гэж үзэж нэмэгдэл ялыг тоолох нь зүйтэй гэж үзэж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
7. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй гэв.”.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх прокурор Б.Огийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ согтуугаар 30-50 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.
Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
4.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулагдах бөгөөд мөрдөгч, прокурор, шүүх энэхүү журмыг мөрдөх үүрэгтэй.
4.1. Дээрх тусгай журам нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргах, улмаар тусгай журамд заасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх даруй, эсвэл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдгээр онцлогтой болно.
5.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхээс баталсан шүүх хуралдааны дэгийг баримтлаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэр бичих журам, аргачлал”-ыг баталсан байх ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах асуудлыг шүүгдэгчээс тодруулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулна” гэж оролцогчийн эрхийн хэрэгжилт хангагдсан эсэхийг хянах үүднээс үүрэг болгосон,
түүнчлэн мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ын 1.1-т “...шийдвэр нь шийтгэх тогтоол хэлбэртэй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3.1-т “шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх, оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан эсэхийг дүгнэнэ”, 3.3-т “Шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТЭ/317/2025/ШЦТ/31 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд дээрх дэгийн дагуу явагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас оролцогчийн эрх хангагдсан эсэх, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан зөрчилд хамаарч байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн “...шийтгэх тогтоолд нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолд хэдий үеэс хэрэгжүүлэх талаар тусгаагүй бөгөөд дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна...” агуулга бүхий эсэргүүцэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
6.Шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
А.ЦЭРЭНХАНД