Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 37

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Т.Г-ыг албан тушаалаас халах тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 601 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Т.Г , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нарыг оролцуулж,

            Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Г-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Г-ын ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,789,724 /Таван сая долоон зуун наян есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 601 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

4. Хуулийг илтэд буруу хэрэглэж тайлбарласан тухайд, анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн “...4.2.1 хуульд үндэслэх”... гэж, “...4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”... гэж, “...24.2 энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ...” гэж, Төрийн албаны тухай хуулийн “... 47.1.1 хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” ... гэж, “... 49.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно ...” гэж заасныг үндэслэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Албан тушаалаас халах тухай” Б/06 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Яагаад уг тушаалыг гаргаснаа шүүхэд тайлбар хүргүүлж ажилласан. Гэтэл шүүх хуульд үндэслээгүй, зорилгодоо нийцээгүй, үндэслэл бүхий биш гэж байгаа нь ойлгомжгүй байна.

6. Мөн уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүнд мэдэгдэл хүргүүлсэн, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан.

7. Шүүх мөн нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй гэж үзэж байгаа нь ташаа ойлголт бөгөөд яамны зүгээс удаа дараа Т.Г од анхааруулга, чиглэл өгч байсан, гар аргаар хууль бусаар алт олборлож байгаа тухай нотлох баримтууд орон нутгаас яаманд ирүүлсэн байдаг. Энэ бүгдийг яам үндэслэж шийдвэр гаргасан” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “... тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үндэслэл зааж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заалтыг баримтлан Баянхонгор аймаг дахь Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г-ыг албан тушаалаас нь халсан, нэхэмжлэгчээс “...нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан, ... сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, нотлоогүй, ... энэ талаарх баримт байхгүй /байхад/ албан тушаалаас халсан нь хуульд нийцээгүй, ... эрх зөрчсөн” гэж, хариуцагчаас “...удаа дараа хариуцан хамгаалах газартаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, дээд шатны удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг гаргаж байгаа талаар орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас яаманд сануулга, зөвлөмж, мэдээллийг ирүүлж хамгаалалтын захиргааны даргад хариуцлага тооцож өгөхийг шаардсан, ... албан тушаалаас халсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

10. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар “... тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г од сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн сайдын маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Т.Г-ыг албан тушаалаас халсан үндэслэлээ хариуцагчаас “... хариуцсан байгалийн цогцолборт газарт хууль бусаар гар аргаар алт олборлогчид үйл ажиллагаа явуулж байсныг тэрээр мэдсээр байж таслан зогсоож чадаагүй, ямар нэг арга хэмжээ аваагүй, ...  хариуцсан газар нь нөхөн сэргээлт хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахдаа хууль зөрчсөн, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх зэргээр тайлбарласан, “сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш маргаан бүхий акт гарах хүртэлх 4 сарын хугацаанд тухайлан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул албан тушаалаас халсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “... /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хуульчилсан, түүнчлэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа “бодит нөхцөл байдлыг тогтоох”, ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон зэргээ өөрөө нотлох үүрэгтэй, тушаалын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй нь маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

12. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... /тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас халах/”-аар заасан, уг хуулийн “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын гүйцэтгэл, үр дүн нь хангалтгүй байсан нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон байхыг шаардана, ийнхүү нотлох, тогтоох үүргийг төрийн албан хаагчийг албан тушаалаас халах эрх хуулиар олгогдсон этгээд хүлээх юм.

13. Тухайн тохиолдолд, хариуцагчаас “зөрчил гаргасныг нотолно” гэж шүүхэд ирүүлсэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1а/1097, Баянлиг сумын Засаг даргын 2018 оны 210 дугаар албан бичгүүд, тэдгээрт дурдагдсан асуудлууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар Т.Г од “сануулах” сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон, энэ талаар талууд маргаагүй, өөр бусад байдлаар түүний  “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” байдлыг нотолж, тогтоосон баримт байхгүй, энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байх тул Т.Г-ыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр албан тушаалаас халсан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

14. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын даргыг томилж, чөлөөлөх эрхтэй, ... шүүх хуулийг илтэд буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 601 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ны гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

     ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА