Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0218

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр   

  Дугаар 221/МА2018/0218

Улаанбаатар хот

 

 

М.М-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэртэй, М.М-гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтуудыг баримтлан Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгон, М.М-г тус хэлтсийн тэтгэврийн Улсын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг баримтлан М.М-гийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.257.973 төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х давж заалдах гомдолдоо: “...Тэтгэврийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.М нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хариуцдаг тэтгэврийн хувийн хэрэгт тооллого хийж үзээд тэтгэвэр авагчийн хувийн хэргийг алга болсон талаар анх мэдсэн гэх боловч тухайн үед шууд харьяалах дээд албан тушаалтан болох Үйчилгээний тасгийн дарга, хяналтын байцаагч нарт хэлэлгүй нуун дарагдуулсан ба нэр бүхий хяналтын байцаагч нар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хяналт шалгалтын тооллого хийж нийт 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг алдагдсан болохыг мэдсэн бөгөөд энэ тухай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хэлтсийн даргад өөрийн гараар өргөдөл бичиж мэдэгдсэн байна. Ингэснээр хэлтсийн даргын зүгээс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар тус хэлтсээс тэтгэвэр авагч 65 нэр бүхий иргэдийн үрэгдсэн хувийн хэргийг бүрдүүлэх, холбогдох баримтыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх, зөрчил арилгах, доод хяналтын ажлын хэсэг байгуулж, ажиллах чиглэл бүхий “Үрэгдүүлсэн тэтгэврийн хувийн хэргийг бүрдүүлж, зөрчил арилгах ажлын хэгсийн ажиллах удирдамж”, зөвлөмжийг гарган шат дараалсан арга хэмжээ авсан. М.М-гийн тэтгэвар авагчийн хувийн хэргийг олноор нь алдагдуулсан зөрчил нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэр “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас ирүүл хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэсэн нөхцлийг хангаагүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Улсын Дээд шүүхийн тайлбарт сахилгын зөрчил илэрсэн хуагцааг тухайн байгууллагын удирдах шатны албан тушаалтан мэдсэнээр тооцно гэж заасан байх тул Хэлтсийн даргын анх мэдсэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нь зөрчил илэрсэн хугацаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Засгийн газрын 354 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.7, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 “в”, тус хэлтсийн ёс зүйн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн тэтгэврийн улсын байцаагч М.М нь нэр бүхий 65 иргэний тэтгэврийн хувийн хэргийг үрэгдүүлж ноцтой зөрчил гарган, уг зөрчлөө нуун дарагдуулж, ажлын хариуцлага алдсан гэж үзэн түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.М Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Тэтгэврийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод “Тэтгэвэр авагчдын хувийн хэргийн бүрдэлт, хадгалалт, хамгаалалтыг зохих журмын дагуу гүйцэтгэх, хувийн хэргийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах, тооллого хийх” гэх чиг үүргийг заасан бөгөөд 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг, материалыг үрэгдүүлсэн нь М.М тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс уг зөрчлийг гаргасан гэж үзэх тул хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй хэмээн зөв дүгнэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Булган, О.Эрдэнэцэцэг, М.Дүүрэнжаргал, нярав Т.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тэтгэврийн байцаагч нарын хувийн хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тэтгэврийн байцаагч М.М-гийн хариуцаж байсан нэр бүхий 65 иргэний тэтгэврийн хувийн хэрэг байхгүй байгааг тогтоосон бөгөөд Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалаар тус хэлтсээс тэтгэвэр авагч 67 нэр бүхий иргэдийн үрэгдсэн хувийн хэргийг бүрдүүлэх, холбогдох баримтыг шүүхээр шийдвэрлүүлэх, зөрчил арилгах дотоод хяналтын ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “...үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан байцаагч М.М, М.Дүүрэнжаргал нарыг ёс зүйн хорооны хурлаар оруулж, ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Хэлтсийн даргын хуралд оруулах...” тухай дүгнэлт гаргасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ёс зүйн хороо Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын  2.5.5-д заасны дагуу “М.М нь ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэлт гаргасан байна.

Дээрх журмын 5.1-д “Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон  Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан  хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн мөн өдрийн Б/22 дугаар тушаалаар М.М-г төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, ...хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацаанд зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй бөгөөд М.М-гийн гаргасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үйлчилгээний тасгийн даргын “Тэтгэврийн хувийн хэргийн тооллогын талаарх тайлбар”, мөн өдрийн М.М-гийн өөрийн гараар бичсэн “...хувийн хэрэг тооллого хийгээд олдоогүй тухай” тайлбар зэргийг ирүүлсэнээр мэдсэн байх бөгөөд илрүүлсэн хугацаа нь дотоод хяналтаар зөрчил гаргасан болохыг тогтоосон 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс тооцохоор байна.

Иймд М.М-гийн гаргасан зөрчил буюу албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тэтгэврийн 65 хувийн хэргийг үрэгдүүлсэн нь шинж байдлын хувьд ноцтой байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл 3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн М.М нь тэтгэврийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан тэтгэвэр авагчдын хувийн хэргийг бүрдэлт, эмх цэгц, хадгалалт хамгаалалтыг зохих журмын дагуу гүйцэтгэх, хувийн хэргийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах, тооллого хийх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон байх бөгөөд “.... 2016 оны 10 дугаар сард анх хувийн хэрэг алга болсон талаар өөрөө мэдсэн гэх...” боловч энэ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж яаралтай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан үйлдэлд хамаарах ба хяналт шалгалтын тооллого хийгдэх хүртэл нийт хэдэн ширхэг хувийн хэрэг үрэгдсэн талаар тоо баримтгүй байсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар мөн тогтоогджээ.    

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “тушаал гарах үед 2 сартай жирэмсэн байсан” гэж дурдсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” дэвтрээс үзвэл М.М нь маргаан бүхий тушаал гарсны дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр жирэмсэн гэдгээ мэдэж, эмчийн хяналтанд орсон байх тул уг үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан М.М-гийн Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ  

ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА