Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

   2025 оны 02 сарын 13                                           2025/ДШМ/12                        

 

 

О.С , Г.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд                                                     

Прокурор Г.Билгүүжин /цахимаар/

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /цахимаар/

Яллагдагч О.С  

Яллагдагч Г.Э  /цахимаар/

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн 2025/ШЗ/76 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр О.С, Г.Э  нарт холбогдох эрүүгийн 2326002090133  дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О.С

Монгол Улсын иргэн, Г.Э

О.С  нь Өвөрхангай аймгийн Н  сумын Б  багийн нутаг дэвсгэрт чулуун нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг Б ” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7. “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж,

“Б ” ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш, үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах, тус үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын 1 дүгээр багцыг 799,500,000 төгрөг, 2 дугаар багцыг 397,280,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлын нэг хэсэг болох 53,961,713 төгрөгийн үнэ бүхий ажил буюу үйлдвэрийн бетон шал цутгах ажлыг өөрийн гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг захиалагч тал болох “Б ” ХК-ийн ажилтнуудад үүрэг өгч хийлгэж, улмаар тухайн ажлын төсөв гэж нийт 40,000,000 төгрөгийг “Б ” ХХК-ийн Голомт банк дахь ... тоот данснаас 20,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр "Б  ХК-ийн маркшейдер ажилтай Г.Э гийн Хаан банк дахь .... тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .... тоот дансанд, мөн 20,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр урьд “Ж ” ХХК-д хамт ажиллаж байсан Ч.Ц-ийн  Хаан банкин дахь ... тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансанд шилжүүлэн авч,

Улмаар гүйцэтгэгч тал болох “Б ” ХХК-аар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан, ажлыг гүйцэтгүүлэх байтал захиалагч тал болох “Б ” ХК-ийн ажилтан М, Л, Ц, Б нарт хууль бус үүрэг өгч үйлдвэрийн шал цутгалын ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэгч тал “Б ” ХХК-д 13,961,713 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Г.Э  нь Нийслэлийн С дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоот өрөөнд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн 230200076 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “... хэмжилт хийж байхад Л.Г нь шахмал түлшний үйлдвэрийн барилга барина гэхээр нь би түүнд “манай найзууд барилгын ажил хийдэг юм, шал цутгах ажлыг чинь үнэ хөлсөө тохироод хийж өгье, цаашдаа засварын ажлууд байвал хийж өгье” гэсэн саналыг тавихад Л.Г зөвшөөрсөн. Ингээд манай хамтрагч Ч, Л.Г нар шал цутгах ажлын гэрээг хийсэн..., Шал цутгалтын ажлын төлбөр мөнгө нь Ч рүү л орсон байсан. Миний данс руу мөнгө ордог учир нь би тэр үед Улаанбаатар хотод явж таарсан, тэгэхэд материал авхуулахаар ч билүү миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн данснаас Хаан банкны нэг салбарт очиж бэлнээр авсан, хотоос цемент, миксер болон бусад шаардагдах материалыг аваад өгч явуулсан..” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуророос: О.С гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Г.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч О.С , Г.Э  нарт холбогдох 2326002090133 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, яллагдагч О.С , яллагдагч Г.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Ариунболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд би хяналтын прокурор Г.Билгүүжин яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2326002090133 дугаартай яллагдагч Г.Э  О.С нарт холбогдох хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЗ/76 дугаартай захирамжаар прокурорт буцаасантай танилцлаа. Захирамжаар хавтаст хэрэгт тухайн үйлдвэрийн шал цутгалтын ажилд ажилласан гэх Б, Ц нараас энэ талаар гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул гэрчээр асуух нь хэрэгт холбогдолтой байна гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна Үүнд:

1. Шүүгчийн хэргийг прокурорт буцаах захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаар, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийн тухайд Өвөрхангай аймгийн З-ын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай "Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай" захирамжаар "Б " ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш, үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах, тус үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын 1 дүгээр багцыг 799,500,000 төгрөг, 2 дугаар багцыг 397,280,000 төгрөгөөр “Б ” ХХК-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулан ажлын явцад хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд хүлээж авахыг орон нутгийн өмчийн оролцоотой “Б ” ХК-ийн захирал О.С д даалгасан.

Худалдан авах ажиллагаанд захиалагчийг төлөөлж “Б ” ХК-ийн захирал О С, нийлүүлэгчийг төлөөлж “Б ” ХХК-ийн захирал Л.Г нар "Био холбогчтой хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах суурилуулах, технологийн зааварчилгаа өгөх, жигд ажлын горимд оруулах ажлын гэрээ” байгуулж Өвөрхангай аймгийн З баталсан.

Гэвч “Б ” ХК-ийн захирал О.С  нь захиалагч тал болохын хувьд гүйцэтгэгч компаниас “Б ” ХК-ийн маркшейдер Г.Э гийн дансаар дамжуулан 20 сая "Ж ” ХХК-д хамт ажиллаж байсан Ч.Ц-ийн  дансаар дамжуулан 20 сая төгрөг буюу нийт 40 сая төгрөгийг үйлдвэрийн шал цутгалт хийхээр өөрийн хувийн данс руу шилжүүлэн авсан.

Нэгэнт гүйцэтгэгч тал болох “Б ” ХХК-аар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байтал захиалагч тал болох “Б ” ХК-ийн ажилтан М, Л, Ц, Б нараар үйлдвэрийн шал цутгалын ажлыг гүйцэтгүүлж “Б ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан гүйцэтгэгч тал болох “Б ” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө захиалагч тал болох "Б " ХК-ийн ажилтнуудаар үйлдвэрийн шал цутгах ажлыг хийлгүүлж, 13,961,713 төгрөгийн давуу байдал бий болгосон гэх орон нутгийн өмчийн оролцоотой "Б " ХК-ийн захирал О.С гийн үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

2. Гэрч Ш.Л-ийн “Би Б  түлш ХК-ийн үйлдвэрийн барилга барих ажилд оролцсон. Барилгын материалыг ирэхэд нь кранаар би буулгаж байсан. Дараа нь барилгын каркас босгоход мөн компанийн кранаар өргөж өгсөн. Үйлдвэрийн шалыг цутгахад оролцсон. 8 дугаар сард Б  түлш ХК-ийг шалыг цутгасан. Анх үйлдвэрийг барихад манайд инженерээр ажиллаж байсан Б ахлаад Ц, М бид дөрвийг томилж компанийн дарга ажиллуулсан. Үйлдвэрийн шал цутгахад бид дөрөв ажилласан мөн манай компанийн ажилчид оролцсон Түлшний үйлдвэрийг барихаар ирсэн хэдэн залуучууд мөн оролцсон. Цемент ирсэн байсан. Ингээд цементийг хайргатай холиод зуураад шал цутгасан. Бид хоёр хоногт шалыг цутгасан. Шал цутгалтын баг гэж ирээгүй. Бид нар өөрсдөө хүнээс зөвлөгөө авч байгаад шал цутгасан. Би компаниас авдаг үндсэн цалингаа л авсан. Өөр илүү цалин хөлс аваагүй. Компанийн ажилчид мөн адилхан...” гэсэн мэдүүлэг /ХХ-2 86-87 дугаар талд/. Гэрч О.М-ын “...2019 оны намар шахмал түлшний үйлдвэрийн барилгын ажилд 1 сарын хугацаанд ажилласан. Компанийн дарга О.С гийн өгсөн үүргийн дагуу ажилласан. Өдрийн 8-н цагаар ажиллаж байсан. Манай компаниас 3-аас 4-н хүн ажиллаж байсан. Цалингаа бол Б-ХК-аас авч байсан. Анх үйлдвэрийн барилга барих ажилд оролцсон гагнуур хийхэд тусалж байсан, дотор шал цутгахад мөн ажилласан. Би үндсэн албан тушаалын цалингаа л авсан. Өөр нэмэгдэл цалин хөлс шал цутгалтын цалин гэж аваагүй гэх мэдүүлэг /XX-2-77-78 дугаар элд/ зэргээр тухайн үед болсон үйл явдал хангалттай нотлогдсон болно.

Шүүгчийн захирамжид заасан шал цутгахад оролцсон Б, Ц нарыг гэрчээр асууснаар өөр ямар үйл баримт тодорхой болох ёстой нь ойлгомжгүй байна.Мөрдөгч болон прокуророос шал цутгах ажилд "Б " ХК-ийн ажилчид оролцсон гэж гэрчүүд мэдүүлсэн тул бүх хүнийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж тухайн үед болсон асуудлыг Ш.Л, О.М нар тодорхой мэдүүлсэн тул нэмж гэрчээр асуугаагүй болно. Өөрөөр хэлбэл "Б " ХК-ийн ажилтнууд шал цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн болох нь хангалттай тогтоогдсон, хэргийн оролцогч нарын хэн аль нь шал цутгалтын ажлыг "Б " ХК-аас хийсэнд маргадаггүй бөгөөд шал цутгахад оролцсон Б, Ц нарыг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой бус бөгөөд хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/76 захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Г.Билгүүжин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэргийн 86-87 дугаар хуудсанд гэрч А-ийн мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлэгт манай ажилчид хийж байгаа шахмал түлшний үйлдвэрийн барилгын шалыг цутгасан гэсэн. Энэ нь Л, М нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. “Б ” ХХК-ийн захирал Г-ийн мэдүүлэгт 40,000,000 төгрөгийг 2 хүний данс руу шилжүүлсэн. “Б ” ХХК-ийн ажилчдын тогтоосон үйл баримтад хэргийн оролцогч нараас хэн аль нь маргаж харин ч манай компанийн ажлыг хийсэн гэдэг нь нотлогддог. Гэмт хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад Ц нарыг гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ хэрэгт О.С гэж хүн яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй. Мөрдөгч мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Мэдүүлэг өгөөгүй эсвэл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн хоёр ялгаатай. Энд заавал асуух шаардлагагүй үйл баримт тогтоогдож Б ийн ажилтнаар хийлгүүлэн гэдгийг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Сая О.С  хэлж байна. Хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ярих нь зүйтэй. Гэрч А, О.М, Ч нарын мэдүүлэг ч гэдэг юм уу баримтаа дагаад явах ёстой. Прокуророос тухайн хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Гомдол гаргах болов уу гэж 2 долоо хоногийн хугацаанд хүлээсэн боловч гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй нь прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Прокуророос О.С г буруутгаад байгаа нь нэгэнт төсвөөс мөнгө гаргаж би чадна гэж энэ ажилд оролцсон. Гэтэл ажил эхлээд 2, 3-н сар болж байхад төсөв мөнгө нь хүрэхээ байсан. Яагаад ганцхан “Б ” ХХК бусдаас давуу эрх эдлэх ёстой гэж эсвэл мөнгө нь нэгэнт гарсан байхад орон нутгийн өмчийн компанийн ажилчид яагаад тухайн ажилд нь оролцож хийх ёстой юм бэ гэж л прокурор буруутгаад байгаа юм.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/76 захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос Б-ийн ажилчдаас гэрчийн мэдүүлэгт авсан учраас хэргийг нотлоход хангалттай гэсэн тайлбар хэлж байгаа. О.С-гийн хувьд тухайн хэргийн нөхцөл байдлыг шалгаж байх явцад яллагдагчаар мэдүүлэг өгч энэ байдлаа тодруулаагүй. Прокурорын шатанд хүсэлт гаргаж байгаагүй болохоор хүлээж авах боломжгүй гэсэн зүйл анхан шатны шүүхэд яригдсан. Яллагдагч эрхээ эдэлж хуульд заасны дагуу мэдүүлэг өгөхгүй байхаар хуулиар эрх нь олгогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрх нь нээлттэй. Бид хэргийн материалыг шалгаж дууссаны дараа хэргийн материалтай танилцдаг. Тэгэхээр ямар ямар нотлох баримт авагдсан гэдгийг мэддэггүй, бид нар хэрэгтэй танилцсаны дараа гомдол гаргах эрх нээгддэг учраас хавтаст хэрэгт дутуу авагдсан зүйл байна гээд хүсэлтээ гаргасан. Бидний гаргасан хүсэлтийг прокурорын шатанд хүлээж аваагүй яллах дүгнэлт үйлдсэн учраас бид нар прокурорын өгсөн хариуд гомдол гаргах эрхгүй. Прокурорын хувьд гэрч нарыг асууснаар уг хэргийг хангалттай нотолсон гэж байгаа боловч хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна. О.С  прокурорын шатанд гаргасан хүсэлтэд тодорхой хүмүүсийн нэр зааж тодорхой асуултуудыг асууж шалгуулах талаар хүсэлт гаргасан. Энэ нь юуг нотлох вэ гэвэл тэр объектыг барьж байгуулахад маш их хүний хүч хөдөлмөр орж 4-н этгээд үүнийг хийгээгүй, олон хүний хүч хөдөлмөр буюу тэдгээр улсуудыг оролцуулахдаа О.С  ямар нөхцөл байдалд оролцуулсан юм бэ? гэдэг асуудлуудыг тодруулж асуух байгаа юм. Энэ 4-н гэрчүүдийн мэдүүлгээр О.С  үүрэг өгсөн мэтээр тайлбарласан байдаг. Харин О.С  гуйсан туслалцаа авсан асуудлууд байдаг. Энэ бүгдийг тодруулах шаардлагатай. Гэрчүүд мөн давхар Г.Э г гэрчилсэн асуудлуудыг ярьдаг. Өөрөөр хэлбэл Г.Э  ямар ч ажиллагаа хийгээгүй, оролцоогүй гэдэг асуудал хэрэгт авагдсан бусад мэдүүлэг үйл баримтаар тогтоогдож байгаа. Г.Э  нь мэргэжилтэн учраас тухайн объектыг шалыг нь талбайн хэмжилт хийж бүх ажиллагаанд нь оролцсон. Г.Э  нь барилгын материалыг худалдан авч явуулж байсан үйл баримтууд байсан. Г.Э  энэ үйл ажиллагаанд оролцож байсан. Гэтэл 4-н гэрчийн мэдүүлгээр оролцоогүй мэтээр худал мэдүүлэг өгсөн болж уг хэрэгт татагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөг, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг цагаатгах, яллах ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Нөгөө талаар бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг нотлох баримтыг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль ёсны зарчим байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдаж энэ асуудлаа шалгуулъя гэдэг хүсэлтийг гаргаж анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн 2025/ШЗ/76 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн материалтай танилцахад хууль зүйн мэдлэггүй учраас аль талаас нь буруутгаад байгааг ойлгоогүй. Маш эргэлзээтэй зүйлс хавтас хэрэгт байсан. Шинжээчийн дүгнэлт гээд тухайн бетонон шалыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн дотор 200 миллиметр шал цутгасан. Гэтэл 20 миллиметр цутгасан юм шиг дүгнэлт гарсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд арифметик алдаа гарсан байна. Үүнийг хууль хяналтын байгууллага хийж болох бол залруулах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Орон нутгийн сонгуулийн өмнө намайг нэр дэвшиж Сант суманд явж байхад мөрдөгч дуудсан. Би сонгуулийн ажилтай явж байгаа болохоор ямар ч боломжгүй сонгуулийн дараа очъё гэдгээ хэлсэн. Ингээд 14 хоногийн дараа аймгийн удирдах зөвлөлийн сонгууль болж хэд хоногоор хойшлуулж байгаад очиход шинжээчийн дараагийн дүгнэлт нь гарсан байсан. Эхний шинжээчийн дүгнэлтээр 36,000,000 төгрөг, дараачийн шинжээчийн дүгнэлтээр 53,000,000 төгрөг гарсан байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн тайлбар өгч чадаагүй. Одоо яах ёстой юм бэ гэхэд прокурорын шатанд тайлбар мэдүүлэг өгч баримт материалаа өгөх ёстой гэсэн. 2019 он бол сонгуулийн урьд жил байсан. Манай компани нэг тэрбум төгрөгийн ногдол ашигтай ажиллаж байсан. Өвөрхангай аймгийг утаагүй болгох арга хэмжээ авъя гэсэн үүрэг Хувьцаа эзэмшигчдийн хурал аймгийн удирдах хурлаас надад чиглэл болгож тус тендер нь аймгийн Засаг даргын тамгын газар дээр нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулж манай компани шалгарсан. Ингээд сангийн яамнаас гэрээ байгуулах эрхийг нь авч ажил явагдсан. Тэгээд Г гуай бид хоёрыг нэр холбогдоод үлдэх вий гэж маш сайн хяналт тавина шүү гэсэн. Тэгээд хоёр сараас эхлүүлж, коксын зуухыг судалж шүүлтүүрийг ТУЗ-ийнхандаа ойлгуулах гэж өөрөө урагшаа явж бүх материалаа судалсан. Зарласан тендерийн төсөв хүрэлцэхээргүй байсан. Тэгээд Г гуайтай урагшаа явж бүх тоног төхөөрөмж бүх юмнуудаа татаж авч байгаад наадмын өмнө над руу нэг залгасан юм. Г гуай утсаар яриад маш том барилгын каркас гоё шилэн дэвшлээр шатдаггүй материалтай  газарт орж байгаа барилга бий болсон. Үүний төсөв нь харьцангуй бид нарын төсөвлөсөн 300,000,000 төгрөгт багтахааргүй төсөвтэй том барилга газарт орж байгаа. Би тэр таван толгойн түлшний үйлдвэрээр орж үзсэн. Ахиад Г гуай их төмрийн чинь гаалийн татвар нь 60,000,000 төгрөг болох юм байна гэсэн. Би тан руу одоо мөнгө шилжүүлж чадахгүй юм байна.  Би колонк ажиллуулдаг хувь хүнээс 100,000,000 төгрөг гаалийн мөнгө гэж шилжүүлсэн. Энэ барилгад үнэхээр их төсөв орсон. Г гуай наадмын үеэр ирж буулгасан. Энэ барилгад 300,000,000 төгрөг төсөвлөсөн байсан. Тэр үед нэг спорт заал тэрбум төгрөг байхад тухайн барилга нь 4-н спорт заалны үнэтэй байсан. Таван толгойн түлш компанийн зөвлөх инженер байсан учраас тэр Таван толгой түлш компанийн шалыг цутгасан хүн байсан. Тухайн үедээ надад хэлээгүй. Ингээд би Г.Э д хэлсэн. Г.Э  чи барилгын олон дүү нартай дүү нараараа энэ шалыг хийгээд өгөөч гэж гэсэн. Тухайн шал нь 20 см-ийн зузаантай учраас тасалдахгүй явдаг бетонон шал байсан. Тэр үйлдвэр дотор том 50 тонны ковш татах ёстой. Доор нь арматуртай маш сайн шал байх ёстой.  Би энэ барилгыг маш чанартай хийлгэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Наадмын дараа ямар ч хүн хүчний бололцоогүй шал тасралтгүй цутгах 10, 20-н хүн олдохгүй байсан. Барилгын шаврын багануудын том цутгалт 4, 5-н хүнтэй л хийдэг юм билээ. Г.Э гийн дүү нар наадмын дараа завгүй байсан. Надад хүн олдохгүй байсан болохоор би инженертээ хэлээд Ө даамал Ч-д хэлээд та хоёр л ахдаа тусал гэсэн. Бүх материал ирээд дөрвөн хүн томилсон. Шахмал түлшний үйлдвэр маш их багаж тоног төхөөрөмжийг гэрт хураахад дүүрээд байсан. Энэ бүгдийг харалцах хяналт тавих үүднээс хоёр хүнийг томилсон. “Ж ” ХХК-ийн 4, 5-н хүн очиж ажилласан. Урьд жил нь манай компани 10-н ортой эмнэлгийн барилгыг барихад оролцсон арав гаран залуучуудыг бүгдийг нь гуйсан. Прокурорт гаргасан тайлбарт би тайлбар гаргаагүй. Миний бүх юм тодорхой дансны хуулга байгаа. “Ж ” ХХК-ын ажилчид тухайн үед надаас цалин нэхээгүй олон жил хамт ажилласан хүмүүс байдаг. Б ийн уурхайд шавар бетон зуурах багаж, мэргэжлийн нэг ч хүн байхгүй. Энэ ажлыг 3, 4-н хүн хийдэг ажил биш гэдгийг би тайлбарлаад байгаа юм. Манай нягтлан тэр шахмал түлшний үйлдвэр ордоггүй. Тэнд орох шаардлага ч байхгүй нягтлан өрөөндөө л сууж байдаг. М гээд хүнээс мэдүүлэг авсан байсан. Энэ хүн дөнгөж ажилд ороод ганцхан хоног ажилласан л хүн байсан. Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авлаа гэхэд шинэ орсон хүмүүс буруу зөрүү ярина, Б ийн хүмүүсийг ч сайн танихгүй. Би эрх зүйн мэдлэг дутуугаас тайлбар өгөөгүй. Би С сумын У колонкоос түлш хийдэг байсан бүх юм нь тодорхой байгаа. Тэр колонк дээр очиж мөрдөн байцаагч шалгах юм бол “Ж ” ХХК гэсэн нэртэй байна. “Баялаг эрдэнэ” ХХК маш их ажлыг хийж өгсөн. Би өөрийнхөө компанид ажиллаж байсан гагнуурчинг хүртэл гурван сар ажиллуулсан. Тэр хүн цалин аваагүй. Одоо өөрөө хохироод л явж байна. Би 300,000,000 төгрөгийн төсөвтэй барилгыг гүйцэтгэлийнх нь төсвийг гаргахад 450,000,000 төгрөг гаргасан. Манай өмгөөлөгч нар үүнийг мэдэж байгаа. Би үүнийг нуун дарагдуулаагүй. Тухайн үед 2019 оныхоо хөрөнгө оруулгын мэдүүлэгт ийм шаардлагаар ингэж орж ирсэн шүү гэдгээ бичсэн. “Ж ” ХХК ойролцоогоор зарим нэг жижиг сажиг юмнуудаа хувийн дансаараа явуулдаг. Би Г.Э тай олон жил хамтарч ажилласан. Бид нар компаниараа ярьж байгаад тусалж нэг өрөө байр авч өгсөн. Одоо энэ байрандаа амьдарч байгаа байх гэж бодож байна. Би нэг удаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан.  Жинхэнэ ажлын хэсгийг ахалж байсан Балжинням, Цэрэнбат гэдэг нь хүмүүс байгаа. Э, Н, М гээд инженерүүд бүгдээрээ гадарлаж мэдэж л байгаа. Иймд би прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Яллагдагч Г.Э  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн Прокуророос яллагдагч О.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс яллагдагч О.С, Г.Э нарт холбогдох 2326002090133 дугаартай хэрэгт хавтаст хэрэгт тухайн үйлдвэрийн шал цутгалтын ажилд ажилласан гэх Б, Ц нараас энэ талаар гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул гэрчээр асуух нь хэрэгт холбогдолтой, энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн. Гэрч Ш.Л, О.М нарын мэдүүлгээр тухайн үед болсон үйл явдал хангалттай нотлогдсон. Шүүгчийн захирамжид заасан шал цутгахад оролцсон Б, Ц нарыг гэрчээр асууснаар өөр ямар үйл баримт тодорхой болох ёстой нь ойлгомжгүй байна. "Б" ХК-ийн ажилтнууд шал цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн болох нь хангалттай тогтоогдсон. Шал цутгахад оролцсон Б, Ц нарыг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан байхад Б, Ц нараас гэрчийн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/76 дугаар захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/76 дугаар захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.НЯМДОРЖ

 

                                        ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА

 

                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ