| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0349/Э |
| Дугаар | 985 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.А даргалж,
Улсын яллагч Б.Х,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч П.Б,
Шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Г.О,
Шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Г.Б, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваажавын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилын , Сүрэнгийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “” ХХК-д холбогдох эрүүгийн 1741000090065 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол улсын иргэн, ..
2. Монгол улсын иргэн, ..
3. Монгол улсын иргэн, ..
4. Монгол улсад бүртгэлтэй …хязгаарлагдмал хариуцлагатай компани.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д. нь Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “” ХХК-ийн 50 ширхэг ачааны машинд Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг олгосон, нэмж 50 ширхэг авто машинд олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгуулахаар 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн захирал С.оос нийт 57.500.000 төгрөгийг хахуульд авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,
Шүүгдэгч Н. нь “” ХХК-ийн захирал С.той бүлэглэн “” ХХК-ийн 100 ширхэг автомашинд Олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд С.оос нийт 62.500.000 төгрөг авч, өөртөө 5 000 000 төгрөгийг, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 3 удаагийн үйлдлээр нийт 57 500 000 төгрөгийн хахууль өгсөн буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,
Шүүгдэгч С. нь “” ХХК-ийн 100 ширхэг автомашинд Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хугацаанд 62 500 000 төгрөгийг Н.аар дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т өгсөн буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,
Мөн дээрх гэмт хэргийг “” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхолын төлөө буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ: Мөн адил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. мэдүүлэхдээ: “” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн, тос тосолгооны материал нийлүүлдэг бизнес эрхэлж байгаа. Хятад Улсын “Синобек” компанитай тос тосолгооны материал нийлүүлэх гэрээ хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компаний үйл ажиллагааны чиглэл бол Олон Улсын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би “Синобек” ХХК-ийн төлөөлөгчөөр дамжуулж, тухайн улсын хүнд үйлдвэрийн Синотрак ХХК-ийн удирдлагуудтай уулзаж нүүрс тээвэрлэлтийн “Howo” брендийн хүнд даацын машин худалдаж авах гэрээ байгуулах боломж бүрдсэн. Тэгээд 100 машин оруулж ирэх гэрээ байгуулахын зэрэгцээ “Энержи ресурс” ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ давхар байгуулж энэ бизнес хийх нөхцөл бүрдсэн байсан. Нүүрс тээвэрлэлтийн орлогоор худалдаж авах машины төлбөрийг төлөх зарчимаар “Энержи ресурс” ХХК-иас урдьчилгаа авч Хятад улсын “Сенотрак” ХХК-д машиныхаа урьдчилгааг төлж байсан. Гэрээний дагуу “Синотрак” ХХК-иас эхний ээлжинд 8 дугаар сард 25 машин орж ирсэн. Тухайн үед маш олон ажил давхацсан. Урьд нь би 12 ширхэг машинтай нүүрс тээвэрлэх үйлчилгээ эрхлэж байсан. Тухайн үед “С” зөвшөөрөл гэж авдаггүй, гэрчилгээ авдаг байсан болохоор тэр утгаараа ойлгосон. Тэгээд 8 дугаар сард судалсан чинь гэрээ хийдэг болсон. Тусгай гэрээ хийгдэхгүй зөвшөөрөл олдохгүй байгаа гэсэн мэдээлэл авсан. Мөн Автотээврийн газраас амаар хариу өгөхдөө тодорхой хугацаагаар зөвшөөрөл олгохгүй байгаа гэж хэлсэн. 8 сард “Эрдэнэс” ХХК-ийн захирал аас “С” зөвшөөрөл авах талаар зөвлөгөө авсан. Ямар ямар баримт бичиг бүрдүүлэх талаар надад зөвлөсөн. Тухайн үед хил дээр хүнд даацын машин ирсэн байна машинаа ав гэж хэлсэн. Уул уурхайн компаниуд машинаа оруулж ирж үйл ажиллагаа явуул гэж хэлсэн. Машин оруулах гэхээр нь “С” зөвшөөрөл олдохгүй байсан болохоор аас зөвшөөрөл яаж гарах талаар мэдээлэл өгөөрэй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа надаас утсаар яриад эхний 25 машиныг тус бүрийг 1 сая төгрөгөөр, дараагийн 25 машиныг 500.000 төгрөгөөр гаргаж өгөх талаар боломж байна гэж хэлэхээр нь тухайн үед надад үнэтэй санагдаж байсан. Тухайн үед ажил давхцаж байсан мөн хэд хоногийн дараа та яах гэж байна гэж утсаар асуугаад байхаар нь гарцаагүй байдалд орсон учраас би зөвшөөрсөн. Тэгээд тай гэрээ байгуулах талаар хэлсэн боловч гэрээ байгуулахгүй гэж надад хэлсэн. Би төлбөрөө төлөх гэсэн юм дансаа өгчих гэж хэлсэн боловч төлбөрөө дансаар авахгүй бэлэн мөнгөөр авна гэж хэлсэн. Би дээрх мөнгийг компаний үйл ажиллагааны зардал ажилчдын цалин гэж ойлгож байсан. Миний гол итгэж байсан зүйл нь албан хүсэлтээ өг дараа нь компанийхаа баримт бичгийг өгч гарын үсэг зуруулж аваарай гэж хэлсэн. Тэгээд 50 машин оруулж ирэхэд дээрх зарчмаар явагдсан. 11 дүгээр сарын 13-ны өдөр сүүлийн 50 ширхэг машиныг зэрэг оруулъя үйлчилгээний хураамж бичиг баримтуудаа өнөөдрийн дотор бэлэн болго гэж хэлсэн. Хамгийн гол нь Авто тээврийн Үндэсний төв дээр зарчимын дагуу гэрээ хийгдэж байсан учраас эргэлзээ төрөөгүй. Би өөрөө авилга өгч байсан гэж бодоогүй. Миний өгч байсан мөнгө болон төлбөрүүд компаний зарлагын касснаас гарч байсан. “” ХХК-ийн зарлагын тайланд тусгагдсан байгаа. Тэгтэл 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг Авилгатай тэмцэх газраас дуудаж очиж уулзахад ийм асуудал болсныг мэдсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ц /1-р хх-ийн 13-14/, гэрч Н.Ор /1-р хх-ийн 17-18/, гэрч О.т /1-р хх-ийн 28-29/, гэрч Б.Н/1-р хх-ийн 47-48/, гэрч К. /1-р хх-ийн 49-50/, гэрч Д.Э /1-р хх-ийн 54-55/, гэрч П.Д /1-р хх-ийн 62-63/, яллагдагч Д., Н., С. /1-р хх-ийн 110-150/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.ын албан тасалгаанд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 82-98/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын 467 дугаартай зөвшөөрлийн дагуу нийгдсэн ажиллагаа /1-р хх-ийн 99-102/, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 236-245/, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/131 дугаартай ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай тушаал /1-р хх-ийн 250/, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/131 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 246-249/, “” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд тусгай зөвшөөрөл гаргуулахаар хүлээлгэн өгч байсан баримт материалууд /2-р хх-ийн 40-65/, Авто тээврийн үндэсний төв, “” ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах УХАТГ 2017/219 дугаартай гэрээ /2-р хх-ийн 67-75/, УХАТГ 2017/219 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай гэрээ /2-р хх-ийн 213-217/, “” ХХК-иас Авто тээврийн Үндэсний төвд нэмэлтээр бүртгүүлэх тээврийн хэрэгслүүдийн жагсаалт /3-р хх-ийн 43-44/, “” ХХК-тай холбоотой баримтууд /4-р хх-ийн 121-127/, “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 100 ширхэг автомашины лавлагаа /4-р хх-ийн 159-171/, Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 онд шинэчлэн ХАСХОМ гаргасан албан тушаалтнуудын жагсаалт /4-р хх-ийн 243/, Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн б/535 дугаартай Д.ыг Авто тээврийн Үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон, чөлөөлсөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн б/701 дугаартай тушаал /5-р хх-ийн 16-17/, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай лавлагаа /5-р хх-ийн 19/, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5-р хх-ийн 61/, Д.ын Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа /5-р хх-ийн 92-93/, С.оос гарган өгсөн баримтуудыг хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн баримтууд буюу “” ХХК-ийн кассын зарлагын ордерууд /5-р хх-ийн 175-179/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтууд /5-р хх-ийн 180-195/, шүүгдэгч Д. /5-р хх-ийн 111/, шүүгдэгч Н. /4-р хх-ийн 211/, шүүгдэгч С. /4-р хх-ийн 129/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч С. нь “” ХХК-ийн 100 ширхэг автомашинд Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хугацаанд 57.500 000 төгрөгийг Н.аар дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т өгсөн буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн дээрх гэмт хэргийг “” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхолын төлөө буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч С. нь Н.аар дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т 57.500.000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Харин шүүгдэгч С. нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “” ХХК-ийн нэрийн өмнөөс уг компанийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тэрээр уг компанийн үүсгэн байгуулагч болох нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн 000142955 дугаартай, “” ХХК-ний “Гадаад худалдаа”-ны чиглэлээр 1 гишүүнтэй үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн бүртгэл /2-р хх-ийн 76/, мөн шүүгдэгч С. шүүхийн хэлэлцүүлэгт “...“” ХХК-ийн хүнд даацын 100 ширхэг автомашин оруулж ирэх гэрээ байгуулахын зэрэгцээ “Энержи ресурс” ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээг давхар байгуулсан... Миний өгч байсан мөнгө болон төлбөрүүд компаний зарлагын касснаас гарч байсан...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд компаний нэрийн өмнөөс, тухайн компанийхаа ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг төлөөлсөн С. нь “” ХХК-нийг үр өгөөжтэй, ашиг орлоготой байлгах зорилгоор бусдаар дамжуулан хахууль өгөх үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь гагцхүү тухайн компаний хувьд ашигтай үр дагаварыг бий болгосон байна.
Гэтэл прокуророос түүний үйлдлийг хувь хүнийх нь хувьд болон хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэж хоёр зүйл хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна гэж үзэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж эргэлзээ бүхий байдлаар тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх заалтыг хэрэглэхэд эргэлзээ бүхий байдлыг бий болгосон нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлийг бий болгож байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зохицуулагдах тул шүүгдэгч С.од прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч С.ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, түүнд илүү ашигтай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С. нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “” ХХК-ийн 100 ширхэг автомашинд Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хугацаанд 57.500.000 төгрөгийг Н.аар дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т хахууль болгон өгсөн,
шүүгдэгч Д. нь Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “” ХХК-ийн 50 ширхэг ачааны машинд Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг олгосон, нэмж 50 ширхэг авто машинд олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгуулахаар 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн захирал С.оос нийт 57.500.000 төгрөгийг хахуульд авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,
шүүгдэгч Н. нь “” ХХК-ийн захирал С.той бүлэглэн “” ХХК-ийн 100 ширхэг автомашинд Олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг гаргуулахын тулд С.оос нийт 62.500.000 төгрөг авч, өөртөө 5.000.000 төгрөгийг, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.т 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 3 удаагийн үйлдлээр нийт 57.500.000 төгрөгийн хахууль өгсөн буюу өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Гэрч Э.Цн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХХК-иас эхний 25 ширхэг машин, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин 25 ширхэг машины зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн. Эхний 25 ширхэг машины зөвшөөрөл олгох хурал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж “” ХХК-тай гэрээ байгуулсан. Дараагийн 25 ширхэг машины хурал 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шиг санагдаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин 25 ширхэг машины зөвшөөрөл хүссэн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь хурал болсон. “” ХХК-ийн зүгээс дахин машины зөвшөөрөл орж ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,
Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... даргын хувьд зөвшөөрөл олгох ажлын хэсгийн дарга, ажлын хэсгээс гарсан шийдвэрийн дагуу гэрээ хийгддэг. Гэрээнд дарга хяналт хийж гарын үсэг зурдаг. Зарим тохиолдолд яг адилхан шаардлага хангасан материалд нэгийг нь дэмжээд нэгийг нь дэмжихгүй тохиолдол гардаг. Тэгэхээр нь би хурал дээр та нар яагаад яг ижилхэн хоёр компанийг нэгийг дэмжээд нөгөөг нь дэмжихгүй байгаа юм бэ гэхээр миний өөдөөс “энэ бол миний санал” гэсэн хариуг надад өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д. дарга доод давхарт хүнтэй юм яриад явчих шиг болохоор нь араас нь буутал Д. дарга байгууллагын гадна үүдэн дээр зогсож байхаар нь араас нь гарч очоод “Дарга та яам руу орох гэж байна уу, гарах гэж байна уу” гэж асуусан, “үгүй, орлоо” гэсэн тэгээд буцаад даргатай хамт дотогшоо орсон. Тэгэхэд гаднаас нэг эмэгтэй орж ирээд хаалганы дотор талд Д. даргатай уулзсан. Д. дарга тэр хүнтэй удаан уулзаагүй. Яагаад гэвэл би хүнтэй уулзахаар нь салаад өрөөгөөрөө орчихоод яваад очиход өрөөндөө орчихсон байсан. Тэр эмэгтэй гартаа нэг зүйл барьсан байсан ба тэр гартаа барьж байсан зүйлээ даргад өгсөн. Би тэрийг нь яг юу байсныг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах гэрээ байгуулахдаа аж ахуйн нэгжүүд манай төвийн бичиг хэрэгт холбогдох материалыг албан хүсэлтийн хамт өгнө. Бичиг хэрэг өгсөн хүсэлтийг холбогдох удирдлагуудад өгч танилцуулаад удирдлагууд хариуцсан хэлтсийн хэн нэгэн албан тушаалтанд цохолт хийж өгнө. Удирдлагуудын цохолтоор ирсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг ажлын хэсгийн нарийн бичиг нь материалыг шалгаж үзээд ажлын хэсгийн хуралд материалыг оруулна. Ажлын хэсгийн хурлаар аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг шаардлага хангасан эсэх талаар саналаа хэлээд хурлын тэмдэглэлд тусгуулана. Шаардлага хангаагүй материалыг буцаадаг. Ажлын хэсгийн нарийн бичиг хурлын тэмдэглэлийг гаргаад гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулна. Шаардпага хангасан аж ахуйн нэгжүүдийг дуудаж гэрээ байгуулж гарын үсэг зуруулаад хэлтсийн даргаар явуулж гарын үсэг зуруулаад Автотээврийн үндэсний төвийн захирлаар дахин гарын үсэг зуруулж тамга даруулаад гэрээний нэг хувииг аж ахуйн нэгжүүдэд өгдөг. Гэрээ байгуулсны дараа тухайн аж ахуйн ерөнхий мэдээллийг жолооч, тээврийн хэрэгслийн хамт Авто тээврийн үндэсний төвийн санд шивж оруулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,
Гэрч К. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Холбогдох материалаа бүрдүүлээд ирэхэд шаардлага тийм өндөр биш. Гэрээ байгуулах шаардлагатай баримтууд манай байгууллагын сайт дээр байж байдаг. Хэрэв сайтаас харж чадахгүй байвал манай дээр ирээд зөвлөгөө авч болдог. Ажлын хэсгийн нарийн бичиг хурлаар орох аж ахуйн нэгжүүдийн талаар танилцуулдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би их хэмжээгээр нэмэгдэж байгаа тээврийн хэрэгсэлийг тухайн чиглэлд их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй байх талаас анхаардаг. Тийм болохоор Зөөлөн Од ХХК-ийн гэрээ байгуулах хүсэлт болон нэмж байгуулах хүсэлтийг дэмжээгүй. Тэрнээс бол Зөөлөн Од ХХК-ийн зүгээс шаардлага хангасан байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,
Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сард Сангийн сайд асан Чойжилсүрэнгээр ахлуулсан боомтын зөвлөл Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгой дээр уралдаад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шинээр тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгож гэрээ хийхгүй байх талаар талууд тохирсон. 2017 оны 08 дугаар сарын 15-наас хойш нөхцөл байдлыг харж байгаад шинээр тээврийн хэрэгсэл нэмэх эсэхээ ярилцая гэсэн ба дахин зөвлөл хуралдаагүй. 2017 оны 09 дүгээр cap хүртэл шинээр тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгоогүй байсан. Тэгтэл аж ахуйн нэгж байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болчихлоо одоо зөвшөөрлөө авья гээд хүсэлтүүд өгөөд эхэлсэн. Тэрийг нь хууль журмын дагуу шийдвэрлэ гээд Д. даргатай ажлын хэсэгт цохдог байсан. Д. даргатай ажлын хэсэг хуралдаад олгох шаардлагатай компанитай гэрээ байгуулаад оруулж ирдэг. Шаардлага хангаагүй аж ахуйн нэгж байгууллагын материалыг нь буцаадаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/, зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нараас үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч П.Баасандорж, шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах талаарх прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Д., Н. нар нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хууль бусаар олсон орлогоо улсад оруулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийж байгаа нь тэдэнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах прокурорын саналтай нийцэж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна. Мөн Д., Н. нарт дээрх зүйл хэсгүүдэд заасны дагуу нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хуульд заасан хугацааны дотор хасахаар шийдвэрлэв.
Харин “” ХХК /С./-ийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн торгох ял оногдуулж тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах нь зүйтэй.
“” ХХК /С./-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, харин шүүгдэгч Д., Н. нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Учир нь торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан журмын дагуу зохицуулагдах бөгөөд уг хуульд заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Д., Н. нарт тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн байцаалтын шатанд хууль бус орлого болох шүүгдэгч Д.ын 20.000.000 төгрөг, Н.ын 5.000.000 төгрөг тус тус хураагдсан бөгөөд шүүгдэгч Д. нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хууль бус орлого болох үлдэгдэл 37.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно.
Шүүгдэгч Н., С. нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д. нь 30 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн 450 нэгж буюу 450.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцон, түүний торгох ялын нийт хэмжээг 6.050.000 /зургаан сая тавин/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд /“” ХХК /С./-ийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн Д.ын нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн гудамж 13-159 тоот 700 мкв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 400 м.кв талбай бүхий газар, “” ХХК /С./-ийн нэр дээр бүртгэлтэй 9280 ӨМӨ, 1142 ӨМӨ, 7241 ӨМӨ, 9180 ӨМӨ, 9281 ӨМӨ улсын дугаартай 5 ширхэг тээврийн хэрэгсэлүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Самсунг маркийн 86777741 дугаартай 1 ширхэг гар утсыг хууль ёсны эзэмшигч Д.т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нууц ажиллагааны материал 7 хуудас, 1 ширхэг CD зэргийг прокурорт буцаан хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч С.од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан,
шүүгдэгч ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
“” ХХК /Хөөрөгтөн овогт /-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “” ХХК /С./-г олон улсын ачаа тээвэр, зуучийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ын урьд цагдан хоригдсон 30 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн 450 нэгж буюу 450.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцон, шүүгдэгч Д.ын торгох ялын нийт хэмжээг 6.050.000 /зургаан сая тавин/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “” ХХК /С./-нд оногдуулсан 120.000.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Н., С. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бус орлого болох Д.ын 57.500.000 төгрөг, Н.ын 5.000.000 төгрөг тус тус төлөгдсөн болохыг тэмдэглэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд “” ХХК /С./-ийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн Д.ын нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн гудамж 13-159 тоот 700 мкв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 400 м.кв талбай бүхий газар, “” ХХК /С./-ийн нэр дээр бүртгэлтэй 9280 ӨМӨ, 1142 ӨМӨ, 7241 ӨМӨ, 9180 ӨМӨ, 9281 ӨМӨ улсын дугаартай 5 ширхэг тээврийн хэрэгсэлүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Самсунг маркийн 86777741 дугаартай 1 ширхэг гар утсыг хууль ёсны эзэмшигч Д.т буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нууц ажиллагааны материал 7 хуудас, 1 ширхэг CD зэргийг прокурорт буцаан хүргүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогчид өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д., Н., С. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.А