Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

 

Н.Н, Б.Ц нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Ц.Цэрэндулам,

шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Чимэг,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Н.Н, Б.Ц нарт холбогдох 2419002690305 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд:

1.1. Н.Н,

1.2.Б.Ц,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Н, Б.Ц нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт Тоёота приус 10 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Н, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

шүүгдэгч Н.Н,ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Gold Monster 1000 загварын нарийн хар төмөр иштэй, доод таваг хэсэг нь жижиг дугуй цагаан өнгийн таваг, их бие хэсгийг холбосон хар өнгийн цахилгаан дамжуулах зориулалтай утсаар холбогдсон металл хайгч 1 ширхэг болон Ц.Цн өмчлөлийн * улсын дугаартай Тоёото приүс 10 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз, зээтүү, малтуур тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...энэ хүмүүсийн үйлдлийг цаашид бэлтгэх гэж үзэх үү завдалт гэж үзэх үү гэдэг ойлголтод хүрэхийн тулд эсэргүүцэл бичсэн гэдгээ тайлбарлаж хэлье. Нт холбогдох хэргийн зүйлчлэлийг бэлтгэхээр өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, алба хаагч нартай таараад тэд нарын үйлдэл таслан зогсоогдсон байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан завдалтын шинжтэй байна, Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэрэг үйлдэгдэх шатыг бэлтгэх завдах төгссөн гэмт хэрэг гэдэг энэ нөхцөл байдлуудыг авч үздэг. Гэхдээ заавал энэ дарааллаар явна гэсэн шаардлагыг тавихгүй гэсэн боловч завдалт бэлтгэх хоёрын гол ялгаа юу вэ гэхээр бэлтгэх гэмт хэрэг хүн оюун санаандаа энэ хэргийг үйлдье гээд хүнтэй үзэл бодлоо илэрхийлээд энийгээ хэрэгжүүлье гэдэг энэ төлөвлөгөөгөө гаргаад энэ үе шатыг бэлтгэх гэж харж байгаа. Гэмт хэрэгт бэлтгэх нь Өмнөговь аймагт зэвсэг зэвсгийн чанартай зүйлээр бэлтгээд идэж уух юм бэлдээд тэнд дуусчихсан байж байгаад Дорноговь аймгийн нутагт ирээд алтаа хайгаад явж байгаа энэ үйлдэл  завдалт байна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн агуулга өөрөө тухайн үйлдлээрээ нэгдсэн төдийгүй үзэл бодол зорилго сэдэл дээрээ нэгдээд байгаа зорилго нь алт хайх гэж ирээд байгаа тэрнээс биш зөвхөн нөхрийнхөө хоолыг хийх гэж ирээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн. Яагаад гэхээр энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг хас үнэлгээ компаниас 4,500,000төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд тусгай мэдлэг эзэмшсэн энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгохгүйгээр тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн он бусдаас дамжуулж худалдаж авсан байдал гээд хуульд заагдаагүй үндэслэлээр өөрөөр хэлбэл 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөг болгож бууруулж улсын орлого болгож шийдвэрлэж байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн уншиж танилцуулсан шийтгэх тогтоол, гардаж авсан шийтгэх тогтоол зөрүүтэй. Эд мөрийн баримтаар хураагдаж авсан металл хаагч, хүрз, зээтүү, малтуур зэрэг эд зүйлүүдийг устгахаар уншиж танилцуулсан. Гэтэл гардаж авсан шийтгэх тогтоолдоо улсын орлого болгохоор бичигдсэн байна” гэв.

6.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хүмүүс Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн * алт гарч байна гэдэг сургаар Н  өөрийн төрсөн дүү Б, З  нартай ярилцаад алтанд явъя гэж ярьсан. Гэртээ ирээд Цд хэлэхэд Ц би бас газар үзэх зорилгоор хамт явъя гэж гарсан байдаг. Ц анхнаасаа нөхөр Н тай үг сольж тохирч бүлэглэж алт хайхаар гараагүй. Зүйлчлэл дээр  тухайн газартаа ирээд алт хайхыг завдсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ хүмүүс бүүр ч харин эсрэгээрээ завдсан байна гэж үзэх юм бол энэ хүмүүс буцаад нутаг явъя цагдаагийн хөөлөг ирчихсэн байгаа юм байна гэдэг байдлаар буцаж явж байхад нь цагдаагийн албан хаагч нартай таарсан, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг бүрэн тогтоогоогүй байдаг. Н  нь Ц  гэдэг хүнээс 1,500,000 төгрөгөөр уг приус машиныг худалдаж авсан гэдэг. Энэ машин маань болохлоороо 2000 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд монголд орж ирсэн машин байгаа. Приус маркийн машины бараг анхны загвар, Үнэлгээний байгууллага зөвхөн ирсэн он үйлдвэрлэгдсэн он зургаар нь үнэлдэг. Тэгэхлээр манай монголчууд малдаа унаж байгаа хөдөөгийн малчид энэ машиныг яадаг вэ гэхлээр эвдэрлээ гэхлээр монголчилно гээд өөрсдөө ярьдаг. Ямар ч эвдрэлийг монголчлоод өөрсдөө засаад сэлбээд унаад явдаг ард түмэн. Тэгтэл энийг бодит байдлаар нь үнэлүүлье гэхлээр үнэлж өгдөггүй.  4,500,000 төгрөг  зах зээлийн ханш нь байна гэдэг үндэслэл нь буруу. Мөн энийг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн сонсгосон болон гардаж авсан шийтгэх тогтоол зөрөөтэй байна гэж байна. Энэ дээр маргахгүй, тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт завдсан бол хохирол төлбөрийг төлөхөөр хурааж улсын орлого болгоно гээд заачихсан, тэгтэл бэлтгэсэн дээр улсын орлого болгохоор заагаагүй. Тийм учраас энэ дээр 6 дугаар заалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг оруулж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Н.Н, Б.Ц нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт Тоёота приус 10 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. 

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгаж,

шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутай”-д тооцож, 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.  

 Тодруулбал гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн, гэмт хэргийн хор уршиг учраагүй, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогссон зэрэг шинж нь гэмт хэрэг үйлдэхээр завдахаас ялгагдана.   

Мөн хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Н.Н  гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн байх буюу алт хайж, олборлоход шаардлагатай тээврийн хэрэгсэл, бусад эд зүйлсийг бэлтгэн эхнэр Б.Цг “хамт явж газар үзье” гэсний дагуу авч явсан үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.Нг “Гэмт хэрэгт бэлтгэсэн” энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар шийтгэх тогтоолд дүгнэсэн нь үндэслэлтэй. 

Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний агуулгаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж тодорхойлсон байх тул гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник, хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй юм.

Прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.

            Хэрэгт шүүгдэгч Н.Н, Б.Ц нараас гэрч, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг сануулж, мэдүүлгийг аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна.

Харин шүүгдэгч Н.Нг  нэг удаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахдаа мөн хуулийг сануулж, мэдүүлгийг авсан/хх-60/ байх бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, байх хэдий ч шүүгдэгч нараас мэдүүлсэн “...эхнэр Б.Ц газар үзэхээр хамт явсан” гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн болон тэдгээрийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт Тоёота приус 10 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Нг 2,000,000 төгрөгөөр торгосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэрэг үйлдэхээр бэллэсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзах хуулийн шаардлагад нийцсэн байх боловч торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон 2 жил 6 сарын хугацааг шүүгдэгчийн цалин орлогогүй, ажил эрхэлдэггүй, ар гэрт нь зайлшгүй асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан 3 жил гэж өөрчлөх нь зүйтэй байна.

4.Мөн шийтгэх тогтоолд Тоёота приус 10 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчид олгохоор шийдвэрлээгүй байх тул гэрчилгээнд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Ц.Ц од олгох,

устгахаар тогтоосон Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур зэргийг шүүгдэгч Н.Нт буцаан олгохоор шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/271 дугаартай шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг “...3 жил...” гэж,

              6, 7 дугаар заалтуудад заасан “...эд мөрийн баримтаар хураагдсан  Gold Monster 1000 загварын нарийн хар төмөр иштэй, доод таваг хэсэг нь жижиг дугуй цагаан өнгийн таваг, их бие хэсгийг холбосон хар өнгийн цахилгаан дамжуулах зориулалттай утсаар холбогдсон металл хайгч 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулах,

….шүүгдэгч Ц.Цн өмчлөлийн * улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож, хураахаар шийдвэрлэсэн Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур зэргийг өмчлөгч Н.Н т, * улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг Ц.Ц  нарт буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, 7,8,9 дүгээр дугааруудыг 6,7,8 гэж дугаарлан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, прокурор Ц.Цэрэндуламаас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА