Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01844

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01844

 

 

 

Х.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01365 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЧДЭМТ.Д-д холбогдох

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 2015 оны 3 дугаар сард жолоочоор ажилд орж, 2019 оны 02 дугаар сараас Санхүү нийтлэг, үйлчилгээний албанд цахилгаанчнаар ажиллаж байсан. Намайг тус төвийн дарга Ц.Лхагватай 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 352 тоот Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан гэрээний дагуу өөрийн эрхэлсэн ажил үүргийг ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/131 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай 03 тоот албан даалгаврын 1-ийн 1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.12.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтуудыг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас халсан.

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай төвд ажилладаг Н.Лхагвасүрэн, Д.Номгонбат хоёр архи уугаад ажлын гадна зодолдох гэж байхад нь би очоод салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Манай нягтлан бодогч нэг хүүхний хамт ирж салгахдаа намайг архи уусан гэж хэлсэн. Би архи уугаагүй гэж тайлбарласан боловч шалгаж нягтлалгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/131 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохыг Эрүүл мэндийн төвийн даргад даалгах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч К.Султанбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчид болох нярав Б.Лхагвасүрэн, мужаан Д.Номгонбат нартай ажлын цагаар, ажлын байранд архидан согтуурч, хоорондоо зодолдож танхайрсан. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү нийтлэг үйлчилгээний алба энэ асуудлаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай хурлаар авч хэлэлцэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай 03 тоот албан даалгаварт зааснаар хариуцлагын арга хэмжээ авах нь зөв гэж үзсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчтэй хамт архидан согтуурсан тухайгаа Б.Лхагвасүрэн бичиж өгсөн. Мөн тухайн үед нэхэмжлэгчийг архи уусан байсныг харсан хөндлөнгийн гэрч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ХШҮА-ны дарга Л.Насанбат, СНҮА-ны Нягтлан М.Энхтунгалаг, нярав Д.Цэвэлмаа болон С.Нямсүрэн нар бичгээр гэрчилсэн.

2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Ариунаад тус төвийн гадаа камерийн тухайн үеийн бичлэгийг үзүүлэн түүнтэй зөвшилцөж ЗХНА-наас санал оруулснаар цахилгаанчин Х.Г-ыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах тухай тус төвийн даргын Б/131 тоот тушаал гарсан. Х.Г- нь тус төвийн даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/134 тоот тушаалаар Сахилгын сануулах шийтгэлтэй байгаа бөгөөд тус шүүхэд нотлох баримтаар өгсөн Х.Г-ыг архи уугаагүйг батлах хүмүүсийн нэрс гэсэн баримт бол түүний өөрийнхөө үйлдлийг хаацайлах гэж бусдаас гуйж гарын үсэг зуруулсан хуурамч, ядмаг үйлдэл мөн.

Нэхэмжлэгч Х.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлын байранд ажлын цагаар хамт ажиллагсадтайгаа архидан согтуурч, зодоон хийж, ажлаа тасалсан нь С.Нямсүрэн, Б.Энхтунгалаг, Л.Насанбат нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нярав байсан хамт архи уусан Б.Лхагвасүрэнгийн тодорхойлолтоор зогсохгүй тухайн өдрийн камерийн бичлэгт хийсэн үзлэгээр нотлогдож байна. Х.Г- нь тэр үед архидалтыг зохион байгуулаад зогсохгүй өрөөнөөс гарч гаднаас архи авч орж ирж байгаа нь 9 дүгээр камерийн бичлэгт харагдаж байгаагаар гэрч Д.Номгонбат худал мэдүүлэг өгсөн нь нотлогдоно.

Х.Г-ын архи уугаагүйг гэрчлэх баримтад гарын үсэг зурсан Захиргаа, хүний нөөцийн ажилтан Н.Энхжин, Н.Өнөрмаа нар нь нэхэмжлэгчийн ахдаа тус болоорой гэх гуйлтаар гарын үсэг зурсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Захиргаа хүний нөөцийн Албаны хурлын протоколд авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Х.Г-ыг ажлаас халсан шийдвэр нь хуульд нийцсэн байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х.Г-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү, нийтлэг үйлчилгээний албаны цахилгаанчин албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 300 000 төгрөгийг гаргуулж Х.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Х.Г-ын ажилгүй байсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 35 750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек давж заалдах гомдолдоо:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы Х.Г- нь Д.Номгонбат, Б.Лхагвасүрэн нартай хамт архидан согтуурч танхайрсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй материалыг нотлох баримтаар авхуулах гэсэн хүсэлтийг шүүх хангаагүй. Гэрч Д.Номгонбат Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч Х.Г-тай хамт архи ууснаа хүлээсэн ба тус шүүхэд худал гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 10 хүний гарын үсэг бүхий бичгийг тэрээр хүмүүсээс гуйж бичүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Ийм байхад шүүх нэхэмжлэгч Х.Г-ыг архидан согтуурсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Шүүхэд хариуцагчийн талаас нэхэмжлэгчтэй тухайн өдөр нүүр тулан уулзаж харилцсан ня-бо М.Энхтунгалаг, нярав Д.Цэвэлмаа, хөндлөнгийн гэрч С.Нямсүрэн, Насанбат нарын мэдүүлгүүд, нэхэмжлэгчтэй хамт архи ууснаа хүлээсэн нярав Б.Лхагвасүрэнгийн бичгийн нотлох баримтуудыг шүүгч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай харьцуулж бодитой үнэлсэнгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Г- хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус төвийн даргын Б/131 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заан маргажээ.

Талуудын хооронд 2016 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаангүй байна. ЧДЭМТ.Д- 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/131 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 2.1-д заасныг баримтлан ...бусадтай архисан согтуурсан, ... давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажилтан Х.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 1-2, 9-10,41 /

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх заалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн ... ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ... бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ... тохиолдлыг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгож тохиролцсон байна. /хх-9/

Хариуцагч байгууллагын даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/134 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Х.Г-т сахилгын сануулах шийтгэл ногдуулсан талаар талууд маргаангүй. Нэхэмжлэгч энэ үйл баримтад маргаагүй, /хх-42 дахь тал/ харин дээрх ноцтой зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Санхүү, нийтлэг үйлчилгээний албаны даваа гаригийн шуурхай хурлын тэмдэглэл, Б.Лхагвасүрэн, С.Нямсүрэн нарын бичсэн тодорхойлолт, гэрч М.Энхтунгалаг, С.Нямсүрэн, Л.Насанбат, Д.Номгонбат нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар Х.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус Эрүүл мэндийн төвийн нярав Б.Лхагвасүрэн, мужаан Д.Номгонбат нартай ажлын цагаар амралтын өрөөнд хамт байсан, нярав Б.Лхагвасүрэн, мужаан Д.Номгонбат нар согтууруулах ундаа хэрэглэж улмаар зодоон үүсгэсэн үйл баримт тогтоогдсон боловч Х.Г-ыг нярав Б.Лхагвасүрэн, мужаан Д.Номгонбат нартай хамт ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг хангалттай баримтаар тогтоогоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх 35-39, 43-44, 65-68, 82-85, 92-102/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргаагүй гэсэн үйл баримтыг тогтоохдоо гэрч Д.Номгонбатын мэдүүлгийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар 46.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлстээс Х.Г- нарт холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгасан материалыг баримтаар гаргуулахаар 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5941 дугаартай захирамжаар шийдвэрлэжээ. /хх-62/ Уг захирамжийн дагуу зөрчлийн хэргээс 3 хуудас бичгийн нотлох баримтыг холбогдох газраас ирүүлсэн байх бөгөөд уг баримт дутуу гэх тайлбар, хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргаагүй байна. Иймээс анхан шатны шүүхийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01365 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ч.ЦЭНД