2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10668

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 27 191/ШШ2025/10668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******а /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

50,963,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг оролцов.

 

/нэхэмжлэгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус иргэний хэргийг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******а шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* овогтой *******а миний бие "******* Хот" ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр № LC-MH-37 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах "******* Хот" *******хоноос Нордик Мультихаус орон сууц Хайр загварын 1 өрөө, талбайн хэмжээ 25.61 кв.м талбайтай орон сууцыг нэгж талбайн үнэ 1.990.000 төгрөгөөр бодож нийт 50,963,900 төгрөгөөр авахаар болсон. Улмаар миний бие гэрээний дагуу орон сууцны төлбөрт 2022 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 49.963.900 төгрөг, нийт 50,963,900 төгрөг төлж захиалсан байрны үнийг 100% төлсөн болно. Орон сууц захиалгын гэрээний 6.1.2-т зааснаар орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаж хүлээлгэж өгнө гэсэн боловч одоог хүртэл барилга нь эхлээгүй, хэзээ эхэлж дуусах нь ч тодорхойгүй байна. Энэ хугацаанд "******* Хот" ХХК-тай хэдэн удаа очиж уулзсан боловч ямар ч шийдэлд хүрээгүй, одоог хүртэл барилгын ажил эхлэх эсэх нь тодорхойгүй байдалтай байна. Иргэн би 3 гаруй жил хөрөнгөөрөө хохирч, уг компанид хууртаж хохирсоор байгаа бөгөөд гэрээ байгуулснаас хойш барилга баригдаагүй 3 жил өнгөрч, ******* Хот" ХХК нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болох нь нэгэнт тодорхой болсон. Иймд Орон сууц захиалгын гэрээг цуцалж, орон сууцны төлбөрт урьдчилан төлсөн 50,963,900 төгрөгийг ******* *******" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч төлөөлөгч С.Батзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Д.*******аас тус тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.*******а нь "******* *******" ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр LC-MH-37 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ********** дүгээр хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн Love city *******хоноос 25.61 м.кв 1 өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөрт 50,963,900 төгрөг төлсөн байна. ******* ******* ХХК нь 2022 оны 4 дүгээр улиралд захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол, хэт их үнийн хөөрөгдөл, хил гаалийн хязгаарлалт зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсноос төслийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Иймд, захиалагчийн хүсэлтээр захиалгын гэрээг цуцалж, төлбөрийг тодорхой хуваарийн дагуу олгохоор болсон. Гэрээний төлбөр 50,963,900 төгрөгийг "******* *******" ХХК нь төлөхөд татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх боломжтой болно гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн LC-MH-37 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Д.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

1. Д.*******а нь ******* ******* ХХК-д холбогдуулан 50,963,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4.Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж зохицуулсан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын бичгээр гаргасан нэхэмжлэл, тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Д.*******а, ******* ******* ХХК нар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, LC-MH-37 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөсөн Love city *******хоноос 25.61 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-г 1,990,000 төгрөгөөр тохиролцож, нийт 50,963,900 төгрөгийг 2022 оны 05 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 05-ны өдөр 49,963,900 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4-6/

 

5. Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

5.1. Нэхэмжлэгч Д.*******а нь хариуцагчийн гэх ******* тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 49,963,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /х.х-ийн 10/

 

5.2. Хариуцагч тал гэрээний төлбөр шилжүүлсэн дээр маргаагүй бөгөөд Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөсөн Love city *******хоноос 25.61 м.кв талбай 1 өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөрт 50,963,900 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. /х.х-ийн 26/

 

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК-иас 50,963,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгох нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тул эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагч ******* ******* ХХК-д шүүх хуралдааны товыг ************ давхарт хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ажилтан Туул гардан авсан боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 50,963,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР