Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

  

    А.Б, М.Б нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч А.Б, М.Б нарт холбогдох 2419002610308 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.* Т овогт А.Б,

1.2.* С овогт М.Б,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Б, М.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн *  байрлах Хөх дэл гэх газарт Тоёота Приус 20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Minelab брэндийн GPZ 7000, Gold Monster 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт М.Б, Т овогт А.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн "Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, М.Б нарыг тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, М.Б нар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Minelab брэндийн GPZ 7000 загварын зууван тавагтай, тавгийг тойроод хар өнгийн лентээр ороосон хар өнгийн төмөр голтой их бие хэсэг нь цэнхэр өнгийн лентээр ороосон металл хайгч 1 ширхэг, Gold Monster 1000 загварын нарийн хар төмөр иштэй, доод таваг хэсэг нь жижиг дугуй цагаан өнгийн хүрээ хэсгийг цэнхэр өнгийн лентээр ороосон таваг, их бие хэсгийг хар өнгийн цахилгаан дамжуулах зориулалттай утсаар холбогдсон металл хайгч 1 ширхэг болон тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3,000,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...эрүүгийн эрх зүйн онол гэмт хэрэг санаатай үйлдэх үе шатыг бэлтгэх завдах урьдчилсан шатнаас эхлэн төгссөн гэмт хэрэг гэсэн дарааллаар авч үздэг бөгөөд гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь хуулиар хамгаалагдсан ямар нэг эрх ашиг сонирхолд халдаагүй заналхийлээгүй байдаг бол завдалтын үед бодит аюул заналхийлэл нэгэнт эхэлсэн байдгаараа ялгагддаг. Шүүгдэгч шүүгдэгч А.Б, М.Б  нарын Дорноговь * д алт гарч байна гэх сургаар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож алт олборлоход шаардлагатай багаж болох металл хайгч болон идэх хоол хүнс зэргийг бэлтгэн өөрсдийн оршин суух Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн * ыг зорьж байгаа урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг бэлтгэсэн гэж үзэх ба энэ тохиолдолд хуулиар хамгаалагдсан буюу байгаль орчин байгаль хамгаалах ашигт малтмал хайх ашиглах олборлох журам зөрчигдөж эхлээгүй байсан харин тэдгээрийн тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлоход шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл буюу Өмнөговь аймгаас 300 гаруй километр замыг туулсны эцэст алт гарч байгаа гэх Дорноговь аймгийн *  байрлах Хөх дэл гэх газарт хүрч ирсэн үйлдлийг цагдаагийн байгууллагын албан хаагчид тэдгээрийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон нөхцөл байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт өгсөн үг бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэх ойлголтод хамаарна. Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж болон хэрэгцээтэй эд зүйлсээс бэлтгээд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс өөрсдийн оршин сууж байгаа газраасаа гарч хөдөлж явснаараа энэ бэлтгэх үйл явц дууссан гэж үзэж байгаа, олборлох биш юм гэхэд энэ эрх хайх үйл ажиллагаа нь цагдаагийн албан хаагч нарын үйлдлээс болж таслан зогсоогдсон учраас тухайн А.Б, М.Б  нарын үйлдэл нь ашигт малтмал олборлох 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт завдаж байгаа үйлдэл байна гэж үзэж байгаа.” гэв.

6.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нар тухайн алт гарч байгаа гэдэг газар ирчхээд хүмүүсээс цагдаа ирээд хөөж байгаа юм байна гэдгийг мэдээд тэр газраасаа 5-6 километр газар очиж хоол хийж идээд тэндээ хоночихоод овоон дээр гараад сүлжээн дээр гарч утсаар ярья гэж байхад нь цагдаа нар ирсэн. Тэгэхлээр тэр овоон дээр алт гарах гар ч байсан юм уу яг овоон дээр тэр хүмүүс алтаа хайгаад олборлох гэж байсан уу тогтоогоогүй. Тэр хүмүүсийг яг хаана байж байхад нь барьснаа энэ хэрэгт тогтоосон юм байдаггүй. Мөн цагдаа нараас мэдүүлэг аваагүй. Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл мөн алт хайгчийг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгслийн үнийг 6 сая төгрөг болгож бууруулсан байдаг. Мөн тээврийн хэрэгсэл маань өөр хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тэр хүн буцааж авсан байдаг мөн энийг бодит байдлаар нь үнэлээгүй ийм нөхцөл байдал байдаг. Энийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан бэлтгэгдсэн гэсэн хэрэгт заавал энэ тээврийн хэрэгслийг мөн зарцуулсан эд зүйлийг улсын орлого болгоно гэж заагаагүй байгаа. Тийм учраас энэ заалтыг хүчингүй болгож өгөөч, миний үйлчлүүлэгч нарыг анхан шатны шүүхээс 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргаж 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4-т зааснаар нийцсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Б.Дашнямын гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч А.Б, М.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн *  байрлах Хөх дэл гэх газарт Тоёота Приус 20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Minelab брэндийн GPZ 7000, Gold Monster 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

            2.Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий этгээдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдэхээр завдсан  гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна  гэж дүгнэн шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэрэгт бэлтгэх” буюу  урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын энэ гэмт хэрэгт бэлтгэсэн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл мөрдөгчөөс хэргийн бодит байдлыг хангалттай шалгаж, тогтоосон ба  хэргийг  шалгах явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй,  мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байна.

4.Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийг 2,000,000 төгрөгөөр торгосон нь “гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4-т заасанд нийцсэн, мөн шүүгдэгч нарын “гэмт хэрэгт бэлтгэсэн”  гэм бурууд тохирсон байна гэхдээ  шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэсэн нь үндэслэлгүй ба хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.

 Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн, гэмт хэргийн хор уршиг учраагүй, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогссон шинжээрээ “гэмт хэрэг үйлдэхээр завдах”-аас ялгагдана. 

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний агуулгаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэсэн хуульчилсан байх тул гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник, хэрэгслийг хураах үндэслэлгүй юм.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр “Minelab брэндийн GPZ 7000 загварын, Gold Monster 1000 загварын металл хайгч  тус бүр 1 ширхгийг шүүгдэгч М.Бд , Тоёота Приус 20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг З.Бурмаад тус тус буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ нь хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байгаа болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг “Minelab брэндийн GPZ 7000 загварын зууван тавагтай, тавгийг тойроод хар өнгийн лентээр ороосон хар өнгийн төмөр голтой их бие хэсэг нь цэнхэр өнгийн лентээр ороосон металл хайгч 1 ширхэг, Gold Monster 1000 загварын нарийн хар төмөр иштэй, доод таваг хэсэг нь жижиг дугуй цагаан өнгийн хүрээ хэсгийг цэнхэр өнгийн лентээр ороосон таваг, их бие хэсгийг хар өнгийн цахилгаан дамжуулах зориулалттай утсаар холбогдсон металл хайгч 1 ширхэг болон тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3,000,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэсэн заалтыг хүчингүй болгож,

хураахаар шийдвэрлэсэн “Minelab брэндийн GPZ 7000 загварын, Gold Monster 1000 загварын металл хайгч тус бүр 1 ширхгийг шүүгдэгч М.Б , Тоёота Приус 20 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг З.Бурмаа нарт тус тус буцаан олгосугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА