Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01128

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/01128

 

 

Хадгаламж банк ХХК дахь

Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00910 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарт холбогдох

 

Хадгаламж банк ХХК болон А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 399 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7 570 976,33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт А.Батсайханаас 14 177 143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын нэр дээрх зээлийн ангиллыг хэвийн бус ангилалд шилжүүлсэн байгааг залруулах, 399 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г Төрийн банкинд шилжүүлж өгөхийг даалгах, торгуулийн хүү, хохиролд 4 819 241.45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч А.Батсайхан

Хариуцагч Г.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдож, мөн өдрийн А-157 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг албадан татан буулгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. А.Батсайхан, Г.Оюунчимэг нар Хадгаламж банктай 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 399 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлсэн. Мөн 411 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, А.Батсайханы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204033833 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалуулж, барьцаалбар үйлдэгдсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр талууд тохиролцсон боловч Хадгаламж банкийг албадан татан буулгаж, албадан татан буулгах ажиллагааны хугацааг Монголбанкнаас тогтоосон хугацаанд хэрэгжүүлж байгаа тул зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болж байна. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-д заасантай нийцэж байгаа. Албадан татан буулгах үйл ажиллагаа дуусгавар болсноор эрх хүлээн авагч актив хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болно. Гэрээний 8-д заасан гэрээ цуцлах зөрчлийг зээлдэгч гаргаагүй хэдий боловч банк хоорондын гүйлгээнээс шалтгаалан 6 хоног хугацаа хэтэрч зээл төлөгдсөн тохиолдол бий.

Зээлдэгч А.Батсайхан, Г.Оюунчимэг нартай байгуулсан 399 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 8 289 664.34 төгрөг, үндсэн хүү 1 801 228.05 төгрөг, нийт 10 090 892.39 төгрөг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар тооцоолон нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 09 сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэмж хуримтлагдсан хүү болох 306 083.94 төгрөгийг нэмж шаардлагаа ихэсгэсэн. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 413 000 төгрөгийг төлж барагдуулсан тул уг төлөгдсөн дүнг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч, шаардлагаа зээлдэгч А.Батсайхан, Г.Оюунчимэг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 876 664.34 төгрөг, үндсэн хүүд 2 107 311.99 төгрөг, нийт 8 983 976.33 гаргуулах болгосон. Одоо 399 тоот орон сууцны гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5 463 664.37 төгрөг, үндсэн хүү 2 107 311.99 төгрөг, нийт 7 570 976.33 төгрөгийг А.Батсайхан, Г.Оюунчимэг нараас гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна.

Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан Хадгаламж банкны тэнцлээр зээлдэгч А.Батсайханы нэр дээр 14 177 143 төгрөгийн авлага бүртгэлтэй байсан. Тус авлагыг судлан үзэхэд А.Батсайханы банкны зээлээр худалдан авсан орон сууц нь нийт 74 620 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үүний 25 000 000 төгрөгийг Хадгаламж банкны зээлээр, үлдэх төлбөрийг Олон овоот гоулд ХХК төлөхөөр тохиролцсон байсан ба тус компанийн санхүүгийн байдал хүндэрсний улмаас үлдэгдэл төлбөрийг А.Батсайхан өөрөө хариуцан төлөх, ингэхдээ түүний ажилласан хугацаанд оногдох төлбөрийг хасаж 14 177 143 төгрөгийг төлсөн тохиолдолд авлагыг хаахаар тохиролцсон. Үүний дараа Хадгаламж банк ХХК, Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд А.Батсайханы тухайд 14 177 143 төгрөгийн авлагын шаардах эрх Хадгаламж банкинд шилжсэн тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу А.Батсайханаас 14 177 143 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд, хариуцагч Г.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 399 дугаартай гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээний 7-д гэрээ цуцлах, дуусгавар болгох, гэрээг цуцлах үндэслэлийг тусгасан бөгөөд зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаа, гэрээнд заасан үүрэг зөрчөөгүй. Банк хоорондын гүйлгээнээс болоод эргэн төлөлт 6 хоногоор хэтэрсэн нь зээлдэгчийн буруутай үйлдлээс болоогүй бөгөөд гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлээ давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан нөхцөл үүсээгүй. Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхэд харилцагчдын эрх, ашгийг хөндөхгүйгээр шилжүүлнэ гэж Монголбанкнаас мэдэгдэж байсан бөгөөд вэб сайтдаа харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, ашгийг хамгаалан, ... төрийн санхүүгийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй, саадгүй явагдах нөхцөлийг хангана гэж мэдэгдэж байсан. Зээлдэгч нар гэрээ байгуулснаас хойш хуваарийн дагуу нийт 66 удаагийн төлөлтөөр 31 046 972 төгрөг төлснөөс үндсэн зээлд 17 345 368 төгрөг, хүүд 13 701 604 төгрөгийг тус тус төлсөн. Банк 13 701 604 төгрөгийн хүү авсан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс олсон ашгийг буцаан барагдуулсан тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоход татгалзах зүйлгүй. Иймд гэрээ цуцалж, нийт 7 570 976.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А.Батсайхан Олон овоот гоулд ХХК-д ажиллаж байхдаа тус байгууллагын ажилчдын орон сууцнаас захиалах квот авч, гэрээ байгуулсан. Энэ орон сууцыг Олон овоот гоулд ХХК-ийн толгой компани болох Жаст групп ХХК барьж байсан. Тиймээс 2011 оны 3 дугаар сарын 16-нд Жаст групп ХХК-ийг төлөөлөн Эрд тана ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51б байрны 65 тоот хаягт байрлах 57.4 м.кв, 2 өрөө орон сууцыг №ООГ-29 тоот орон сууцны захиалгын гэрээгээр захиалсан. Орон сууцны захиалгын гэрээний 2.3 ба 3.1-т зааснаар Олон овоот гоулд ХХК ба Хадгаламж банк хоорондын орон сууцны зээлээр хамтран ажиллах гэрээний нөхцөлийн дагуу 7 жилийн хугацаатай байсан. Гэрээний үнэ болох 74 620 000 төгрөгөөс ажил олгогч 49 620 000 төгрөгийг гэрээний дагуу төлж, ажилтан 25 000 000 төгрөгийг Хадгаламж банкны зээлээр төлөх гэсэн нөхцөлийн дагуу банкнаас зээлж төлсөн. 2013 оны 4 сард тус компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас ажил олгогч төлбөр барагдуулах үүргээ гүйцэтгэх боломжгүй хэмээн үзэж Жаст группээс санал тавьсны дагуу 2013.5.1-нд Төлбөр хариуцан барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.1-т зааснаар 2013.12.31-ний өдрөөс өмнө 14 177 143 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсний дагуу Жаст групп ХХК-д 2013.12.30-нд 14 177 143 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлснээр Жаст групп ХХК-аас төлбөрийн үлдэгдэлгүй болсон тухай албан бичгийг 2013.12.30-ны өдөр хийж өгсөн. Гэтэл 2014 оны 2 дугаар сард Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч уулз гэсний дагуу уулзахад Шаардах эрх шилжүүлэх гэрээ танилцуулж, 14 177 143 төгрөгийг төл гэсэн. Би Жаст групп ХХК-д төлбөр хариуцан барагдуулах гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлсөн баримт болон төлбөрийн тооцоогүй болохыг нотолсон баримтуудыг үзүүлэхэд Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч хуулбарлан авсан. Миний бие Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн, уг төлбөр төлөгдсөн эсэхийг хоёр байгууллага хоорондоо тооцоод шийдэх боломжтой тул А.Батсайханаас шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 14 177 143 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 47/182 тоот дугаартай Активыг Ангилах, Активын эрсдлийн сан байгуулж зарцуулах журмын 1А дахь хавсралтад зааснаар зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас 91-180 хоног хэтэрсэн тохиолдолд хэвийн бус зээлдэгч гэж үзнэ хэмээн тусгасан байх бөгөөд миний бие зээлийн эргэн төлөлтийг тухай бүрт нь өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед өмнө нь банкуудаас авсан байсан иргэдийн зээлүүдийг тус хөтөлбөрт хамруулан зээлийг 8 хувийн хүүтэй болгох ажиллагаа явагдсан. Тухайн үед миний бие хадгаламж банкинд хүсэлт гаргасан боловч Монголын Ипотекийн Корпораци ХХК-д худалдагдсан зээл учраас 8 хувийн зээл руу шилжих боломжгүй гэж мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл үүргээ цаг тухай бүрт биелүүлсээр ирсэн байтал үндэслэлгүйгээр худалдагдсан зээл гэх шалтгаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн зээлд хамрагдах боломжийг хаасан. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн, 8 хувийн орон сууцны зээлд хамрагдсанаар 2016 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар 3 901 576.45 төгрөгийг хэмнэх боломжтой байсан. Зээлдэгч А.Батсайхан миний бие зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлсөөр ирсэн нь банкны дансны хуулгаар нотлогдож Хадгаламж банк нь үндэслэлгүйгээр торгуулийн хүү гэж 917 665.00 төгрөгийг суутгасан тул дээрх мөнгөн дүнг гаргуулах хүсэлттэй байна.

Хадгаламж банкны цалингийн картнаас сар бүрийн 02-ны өдөр зээлийг автоматаар татдаг байсан бөгөөд таталт хийгээд Хадгаламж банк руу шилжүүлэх үедээ хоногийн хоцрогдолтой шилжүүлсэн нь миний буруу биш бөгөөд үүнээс торгууль суутгасан нь үндэслэлгүй. Тодруулбал Төрийн банкны дансанд 13.04.02-ны өдөр төлөлт хийгдсэн байхад Хадгаламж банкны дансанд тусгахдаа 2013.04.04, 2013.11.02-ны өдрийн төлөлтийг 2013.11.05, 2014.02.02-ны өдрийн төлөлтийг 2014.02.04 гэх мэтээр өдрийг хожимдуулж тусгаснаас 6 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэсэн. Бидний нэр дээрх зээлийн ангиллыг Зээлийн мэдээллийн санд хэвийн бус ангилалд шилжүүлсэн бөгөөд энэ ангилалд шилжүүлснийг А.Батсайханы ажлаас чөлөөлөгдсөнтэй холбож тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Хамтран зээлдэгч учраас зээлийн гэрээг хэвийн бус ангилалд шилжүүлснээр Г.Оюунчимэгийн эрх хөндөгдөж байна гэж үзсэн. Иймд Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 8 хувийн ипотекийн зээлд хамруулаагүйгээс учирсан хохиролд 3 901 756.45 төгрөг, үндэслэлгүйгээр торгуулийн хүүд суутгасан 917 665 төгрөг, нийт 4 819 421.45 төгрөг гаргуулж, 399 тоот орон сууцны зээлийн гэрээг хэвийн бус ангилалд шилжүүлсэн байгааг залруулах, уг гэрээтэй холбоотой харилцааг Төрийн банкинд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ...А.Батсайханд холбогдох активын тухайд чанарын үзүүлэлтээр тэрээр төлбөрийн чадвар нь зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банкинд төлөх авлагыг төлж барагдуулаагүй гэж үзэж хэвийн бус ангилалд бүртгэсэн тул ангиллыг өөрчлөх боломжгүй. Г.Оюунчимэгийг хэвийн бус ангилалд хамааруулаагүй.

Хадгаламж банк болон Монголын Ипотекийн Корпорацийн хооронд 2012 оны 08 сарын 07-ны өдөр Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдаж гэрээгээр гэрээний хавсралтад тусгасан ипотекийн зээлийн хөрөнгийн жагсаалтад заасан ипотекийн зээлүүдийг худалдахаар тохиролцсон. Хавсралтын 20 дугаарт А.Батсайханд олгосон зээлийг 2012 оны 08 сарын 06-ны өдрийн байдлаар үлдэгдлээр тусгасан. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны гүйцэтгэх захирал нарын хооронд 2013 оны 07 сарын 22-ны өдөр Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр Хадгаламж банкны зарим активыг пассивын хамт Төрийн банкинд шилжүүлсэн.

Төрийн банк болон Монголын Ипотекийн Корпорацийн хооронд 2013 оны 08 сарын 12-ны өдөр Ипотекийн зээлийн багцыг буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.2-д 2012 оны 08 сарын 07-ны өдрийн ХАГ-12/01-1 дугаартай Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах нэмэлт гэрээг 2013 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон дуусгавар болгохоор харилцан тохиролцсон бөгөөд А.Батсайханд холбогдох зээл дурьдагдсан.

2013 оны 09 сарын 20-ны өдөр Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны гүйцэтгэх захирал нарын хооронд 45а/2013БЭХА/154/1 дугаартай Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний нэмэлт гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2013 оны 07 сарын 22-ны өдөр байгуулагдсан 002/2013/БЭХА дугаартай Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Төрийн банк нь энэ гэрээний дагуу шилжсэн актив хөрөнгө (зээл авлага)-нд Монголбанкны хяналт шалгалтын газар болон Төрийн банкны дотоод хяналт шалгалтын газрын хамтарсан шалгалтаар чанаргүй болж болзошгүй нь тогтоогдсон актив хөрөнгийг энэ гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн дотор Хадгаламж банкинд буцаан өгнө гэх зохицуулалтыг үндэслэн Хадгаламж банкнаас Төрийн банкинд шилжүүлсэн байсан зарим актив хөрөнгийг Хадгаламж банкинд буцаан шилжүүлсэн. Гэрээний 4 дүгээр хавсралтад А.Батсайханд холбогдох актив тусгагдсан. Үүнээс үзэхэд Банкны эрх хүлээн авагчаас А.Батсайханд холбогдох Хадгаламж банкны активыг Төрийн банкинд шилжүүлсэн боловч Төрийн банк авахаас татгалзаж буцаан шилжүүлсэн байна. Бусдын активыг өөрт шилжүүлэн авах эсэх нь Төрийн банкны субьектив эрхийн асуудал бөгөөд тус банкнаас А.Батсайханд холбогдох Хадгаламж банкны активыг шилжүүлэн авахаас нэгэнт татгалзсан тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хадгаламж банкнаас А.Батсайханы орон сууцны зээлийг 8 хувийн ипотекийн зээлд хамруулахаар Монголын Ипотекийн Корпорацид 2012 оны 08 сарын 07-ны өдрийн ХАГ-12/01-1 дугаартай Ипотекийн зээлийн хөрөнгө худалдах, худалдан авах нэмэлт гэрээгээр худалдсан боловч Монголын Ипотекийн Корпораци нь 8 хувийн ипотекийн зээлд хамруулахгүйгээр Төрийн банкинд буцаан худалдсан. Тухайн зээлийг 8 хувийн ипотекийн зээлд шилжүүлэх эсэх нь Монголын Ипотекийн Корпорацийн эрхийн асуудалд хамаарна. Энэ үйл ажиллагааны явцад Хадгаламж банкны буруутай үйл ажиллагаа байхгүй.

399 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлсөн мөнгийг хохиролд тооцон буцаан гаргуулах шаардлагын тухайд учирсан бодит хохирол байхгүй учраас хохирол 3 901 576.45 төгрөг шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. А.Батсайханы зээл 2015 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл хэвийн ангилалтай байсан бөгөөд энэ өдрөөс хойш өөрчлөгдөн ангилагдсан. Өөрөөр хэлбэл Монголын Ипотекийн Корпорацид 8 хувийн зээлд шилжүүлэхээр худалдах үед хэвийн ангилалтай байсан.

Мөн 399 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 3.1.5-д зээл, хүүг хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Төрийн банктай 2013 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан 002/2013/БЭХА дугаартай Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банкны харилцах, хадгаламжийн дансыг Төрийн банкинд шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхээс өмнө зээлдэгчийн депозит дансанд хийсэн мөнгөнөөс зээлийн төлбөрийг автоматаар татаж төлүүлдэг байсан ба шилжүүлсний дараа ийнхүү автоматаар татаж төлүүлэх боломжгүй болж Төрийн банкнаас ирүүлсэн хуулгыг үндэслэн зээлийн төлбөрийг төлүүлэх гүйлгээг хийдэг болсон. Энэ хооронд программ зээлийн үлдэгдлээс тооцон торгуулийн /нэмэгдүүлсэн/ хүүг автоматаар хуримтлуулж байсан. А.Батсайхан нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчид 2015 оны 06 сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг шалгуулах хүсэлт гаргаснаар өргөдлийг судлан үзэж зээл анх олгосноос хойш 2015 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх байдлаар хуримтлагдсан торгуулийн /нэмэгдүүлсэн/ хүү гэж төлөгдсөн 665 766.22 төгрөгийг хуримтлуулсан хүү болон торгуулийн /нэмэгдүүлсэн/ хүүгээс чөлөөлөхөөр шийдвэрлэж энэ тухай А.Батсайханд 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 569 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Энэ 665 766.22 төгрөгөөс 573 186.30 төгрөгийг хуримтлуулсан хүүгээс 2015 оны 08 сарын 13-ний өдөр, 92 579.92 төгрөгийг хуримтлуулсан торгуулийн хүүгээс хассан гүйлгээг хийсэн. 2015 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш А.Батсайханы зээлийн төлөлтийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж эхэлсэн ба үндсэн зээлийн хүүг балансын гадуур хуримтлуулж эхэлсэн бөгөөд А.Батсайхан нь 2013.07.22-ны өдрөөс өмнө зээлийн харилцах, харилцах гэсэн 2 данстай байсан. Харилцах данс нь Төрийн банкинд шилжээд автоматаар түүний зээлийг суутгах боломжгүй болсон. Ингээд манайд ирсэн хуулгын дагуу зээл төлөлтийг тооцсон. Ийнхүү зээлдэгчтэй зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг тооцоо нийлэн шалгаснаас хойш дахин торгуулийн хүүгийн маргаан үүсээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс торгуулийн хүү төлүүлээгүй нь зээлийн дансны хуулгаар нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 002/2013БЭХА/154 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тус банкны зарим актив, пассив хөрөнгө Төрийн банкинд шилжсэн. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу зарим активыг гэрээгээр буцаан шилжүүлэхээр 2 тал харилцан тохиролцсоны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 45а/2013БЭХА/154/1 дугаартай нэмэлт гэрээ байгуулж хүлээн авахаас татгалзсан активуудыг Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн. А.Батсайханы зээл уг гэрээний 3 дугаар хавсралтын 8-д буцааж шилжүүлсэн нь тусгагдсан. Хоёр талын хооронд болзол тавьж хэлцэл хийгдсэн бөгөөд 60 хоногийн дотор А.Батсайханы зээлийг судлаад уг зээлийг авахаас татгалзаж буцаасан. Ямар гэрээг буцаах нь Төрийн банкны өөрийн дотоод шалгуур үзүүлэлтээр зохицуулагдсан учраас банк өөрийн эрсдэлээ тооцоод түүний зээлийг авахаас татгалзаж буцаасан. Өнөөдрийн байдлаар Төрийн банкны балансад А.Батсайханд холбогдох зээл хаагдсан төлөвөөр бүртгэгдсэн, өөрөөр хэлбэл зээл болон түүний шаардах эрх нь Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчид хэвээр хадгалагдаж байгаа. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ бусдад шилжүүлэх боломжтой хэдий ч үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр бусдад шилжүүлэх үндэслэл байхгүй. Тодруулбал өр шилжинэ гэсэн зүйл байхгүй. Иймд 399 дугаартай Орон сууцны зээлийн гэрээтэй холбоотой харилцааг Төрийн банкинд шилжүүлж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 123 дугаар зүйлийн 123.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус зааснаар Хадгаламж банк ХХК болон А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 399 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 7.570.976.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт хариуцагч А.Батсайханаас 14.177.143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын Хадгаламж банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 399 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид даалгаж,

Хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын 399 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г Төрийн банк ХХК-нд шилжүүлж өгөхийг даалгах, торгуулийн хүү 917.665 төгрөг, хохирол 3.901.576.45 төгрөг, нийт 4.819.241.45 төгрөгийг Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарт олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүх талаас нь эргэлзээгүй үнэлэхгүйгээр хэргийн байдалд буруу дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.

Нэхэмжлэлийн Орон сууцны зээлийн гэрээ"-г цуцлах, зээлийн өр, төлбөрт хариуцагч нараас нийт 7 570 976.33 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-д заасан хуулийн зохицуулалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч тал болох Хадгаламж банкны тухайд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар албадан татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах ажиллагааг хэрэгжүүлэхийг банкны эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн, татан буулгах ажиллагааг банкны эрх хүлээн авагчаас өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй зэрэг нөхцөл байдал нь хуульд заасан гэрээний хугацааг хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх үндэслэлийг үүсгэж байсан. Гэвч шүүхээс талууд гэрээндээ 84 сарын хугацаа тогтоосон нь гэрээний гол нөхцөл бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг гэрээний 8.2-д заасан бөгөөд уг зүйлд зааснаас үзэхэд банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж буруу дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан "Орон сууцны зээлийн гэрээ"-ний 11.1-д "Монгол Улсын хуульд өөрөөр заагаагүй бол талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлан ажиллана" гэж заасан байх ба гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн зохицуулах талаар тусгайлан заасан зохицуулалт хийгдээгүй. Шүүхээс дээр дурьдсан Иргэний хуулийн 221 дугаар зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг шийдвэрлэх байтал хэрэглэсэнгүй. Мөн нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж дүгнэхдээ Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалуудад банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг хязгаартай тогтоож өгснийг огт үнэлсэнгүй.

Нэхэмжлэлийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Хадгаламж банкинд шаардах эрх нь шилжин ирсэн 14 177 143 төгрөгийг А.Батсайханаас гаргуулах шаардлагын тухайд: Хадгаламж банк, "Жаст групп" ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний 2.6-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2013 оны 05 сарын 15-ны өдрөөс төлбөр төлөгч нь Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж Хадгаламж банкны өмнө төлбөр төлөгч болсон гэж үзэхээр тохиролцсон. Хадгаламж банк шаардах эрхийг өөрт шилжүүлэх үед шаардах эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн үүрэг биелээгүй байсан тул хүчин төгөлдөр шаардах эрхийг шилжүүлэн авсан, шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Сөрөг нэхэмжлэлийн орон сууцны зээлийг хэвийн ангилалд шилжүүлэн бүртгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын 2.2-д зааснаар активыг хугацааны болон чанарын үзүүлэлтээр ангилдаг. Ингэхдээ активыг хугацааны үзүүлэлтээр ангилсны дараа чанарын үнэлгээг хийж ангиллыг тодорхойлно. Мөн журмын 2.5-д зааснаар чанарын нэгдсэн үнэлгээг 50 онооноос хэтрүүлэхгүй ба 0-29 оноотой байгаа тохиолдолд ангиллыг 2 шатаар бууруулахыг зохицуулсан. Журмын 2.4-д зааснаар активын чанарын үзүүлэлтийг 1в дүгээр хавсралтад заасан хүчин зүйлс тус бүрийн нийлбэрээр тооцох ба ийнхүү дүгнэлт өгөхдөө үзүүлэлт тус бүрийг хэдэн оноогоор дүгнэхийг журамд зохицуулаагүй бөгөөд зээлдүүлэгчийн өөрийн эрхэд нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэгчээс Хадгаламж банкны зээлдэгч А.Батсайханы тухайд төлбөрийн чадвар зээл олгох үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн өр төлбөрийг банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацаанд барагдуулаагүй. Хадгаламж банкинд төлөх авлагыг төлж барагдуулаагүй зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзан чанарын нэгдсэн үнэлгээ 29 оноонд хүрээгүй гэх үндэслэлээр зээлийн ангиллыг өөрчлөн бүртгэсэн. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаан болон хэрэгт цугларсан нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарт холбогдуулан тэдний Хадгаламж банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 399 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 289 664 төгрөг, хүүд 1 801 228 төгрөг, нийт 10 090 892 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт А.Батсайханаас 14 177 143 төгрөг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, дээрх зээлийн ангиллыг хэвийн бус ангилалд шилжүүлсэн байгааг залруулах, 399 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г Төрийн банкинд шилжүүлж өгөхийг даалгах, торгуулийн хүү, хохиролд 4 819 241.45 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд мэтгэлцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлагаа 399 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 463 664 төгрөг, зээлийн хүүд 2 107 311 төгрөг, нийт 7 570 976 төгрөг болгож өөрчилсөн байна.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан, банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ үргэлжилж байгаа үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. Иймд Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар эрх хүлээн авагч нь бүрэн эрхийнхээ хүрээнд банкны тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлж, банкны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар банкны шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

Хадгаламж банк ХХК болон А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын хооронд 2011 оны 09 дүгээр 13-ны өдөр 399 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Хадгаламж банк ХХК нь 25 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч А.Батсайхан, Г.Оюунчимэг нар нь зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар ашиглаж, зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51-Б байр, 65 тоот, 57.4 м.кв 2 өрөө орон сууцыг эд хогшлын хамт барьцаалсан 399 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт тус тус заасан гэрээг бичгээр байгуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсанаар Хадгаламж банк болон А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 399 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцлах, зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын үндэслэлээ эрх хүлээн авагчийн ажиллах хугацаа сунгагдах боломжгүй, Хадгаламж банк ХХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагаа хэрэгжиж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэл болж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Орон сууцны зээлийн гэрээгээр зээлдэгч А.Батсайхан, Г.Оюунчимэг нар нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд, тогтсон дүнгээр төлж барагдуулах эргэн төлөх хуваарийг зээлдүүлэгчтэй тохиролцсоныг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дах хэсэгт заасан гэрээний гол нөхцөл гэж үзэх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээл олгох, зээлдэгч зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

Зээлдэгч Г.Батсайхан, Г.Оюунчимэг нар зээл төлөх үүргээ зөрчөөгүй тул Орон сууцны зээлийн гэрээний 8.2-т зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бий болоогүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А.Батсайханаас 14 177 143 төгрөг гаргуулах шаардлагаа Хадгаламж банк ХХК болон Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 7/1-440 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ-нд үндэслэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч А.Батсайхан нь 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Жаст групп ХХК-ийг төлөөлөн Эрд тана ХХК-тай №ООГ/29 тоот Орон сууцны захиалгын гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Олон овоот гоулд ХХК-тай ООГ/35 тоот Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгох тухай гэрээ тус тус байгуулжээ. Мөн хариуцагч А.Батсайхан, Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөр хариуцан барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №ООГ/29 тоот Орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 49 620 000 төгрөгийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 72, 73 дугаар талд авагдсан орлогын ордерын тасалбар, Жаст групп ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтаар хариуцагч А.Батсайхан нь орон сууцны төлбөрийн хэсэг болох 14 177 143 төгрөгийг Жаст групп ХХК-д төлж барагдуулсан байна.

Өөрөөр хэлбэл Хадгаламж банк ХХК болон Жаст групп ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/1-440 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралт 34-т заасан үүргийг А.Батсайхан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Жаст групп ХХК-д төлж, үүргээ биелүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нотлох баримтад үндэслэжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн зээлийн ангиллыг хэвийн бус ангилалд шилжүүлснийг залруулах шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ А.Батсайханы төлбөрийн чадвар зээл олгосон үеийнхээс өөрчлөгдөж ажлаас чөлөөлөгдсөн, зээлийг банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээ авах хугацаанд барагдуулаагүй, Хадгаламж банкинд төлөх авлагыг төлөөгүй тул чанарын үзүүлэлтээр зээлийг хэвийн бус ангилалд бүртгэсэн гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Монгол Банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 тоот хамтарсан тушаалын хавсралт болох Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журамд зааснаар Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын зээлийг хэрхэн ангилан дүгнэсэн нь тодорхойгүй, зээлийг хугацааны үзүүлэлтээр ангилсаны дараа чанарын үзүүлэлтээр ангилах ёстой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсанаар зээлдэгч нар зээлийг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байхад 399 тоот орон сууцны зээлийн ангиллыг бууруулж, хэвийн бус ангилалд шилжүүлсэн нь зээлдэгч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын эрхийг зөрчсөн болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын сөрөг нэхэмжлэлийн 399 тоот Орон сууцны зээлийн гэрээг Төрийн банкинд шилжүүлж өгөхийг даалгах шаардлагын тухайд анхан шатны шүүх Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Төрийн банк ХХК нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 002/2013БЭХА/154 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч нь А.Батсайханд холбогдох Хадгаламж банкны активыг Төрийн банк ХХК-д шилжүүлсэн боловч Төрийн банк ХХК авахаас татгалзаж буцаан шилжүүлсэн үйл баримтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Өөрөөр хэлбэл Төрийн банк ХХК нь А.Батсайханд холбогдох Хадгаламж банкны активыг хүлээн авахаас нэгэнт татгалзсан тул 399 тоот Орон сууцны зээлийн гэрээг шилжүүлэхийг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч А.Батсайхан, Г.Оюунчимэг нарын сөрөг нэхэмжлэлийн торгуулийн хүү 917 665 төгрөг, хохирол 3 901 576.45 төгрөг, нийт 4 819 241.45 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг хохирол нь Хадгаламж банк ХХК болон тус банкны эрх хүлээн авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж бичсэнийг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00910 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт 10 090 892,39 төгрөг гэснийг 7 570 976,33 гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1 гэж,

2 дах заалтын 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг 9 дүгээр зүйлийн 9.4.7 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ