2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10585

 

 

 

   

 

    2025             12              10                                                   192/ШШ2025/10585

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****/-ийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Боловсролын яамны харъяа Монгол бичиг сургалтын төвд бичээчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас гарсан тушаал байхгүй шалтгаанаар ажиллаж жил хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, мөн би ламын зөвлөснөөр нэрээ 1996 онд нэрээ өөрчилсөн. Өмнөх нэр маань Л.Баттуяа байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Боловсролын яам/нэрээ өөрчилсөн Монгол улсын Шинжлэх ухаан Боловсролын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам/-ны харьяа Монгол бичиг сургалтын төв/нэрээ өөрчилсөн Монгол бичиг сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтын төв, Боловсролын хүрээлэн/-д бичээчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн Засаг даргын тодорхойлолт/ХХ 6 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Боловсролын яам/нэрээ өөрчилсөн Монгол улсын Шинжлэх ухаан Боловсролын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам/-ны харьяа Монгол бичиг сургалтын төв/нэрээ өөрчилсөн Монгол бичиг сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтын төв, Боловсролын хүрээлэн/-д бичээчээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, түүний 056213 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 4-5 тал/, үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 7 тал/, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт/ХХ 8 тал/, *******гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэврийн хуулбар/ХХ 9-11/, Иргэний баримт бичгийн улсын төв архивын тодорхойлолт/ХХ 12 тал/, *******, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 17-21 тал/,  *******гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэврийн хуулбар/ХХ 25-28 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн архивын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/936 дугаар албан бичиг/ХХ 39-40 тал/, Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/1166 дугаартай албан бичиг/ХХ 41-42 тал/, Монгол улсын Боловсролын яамны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/5749 дугаартай албан бичиг/ХХ 38 тал/, Ардын боловсролын яамны харъяа Боловсрол пүүсийн Туул салбараас 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр олгосон *******ийн мэргэжлийн бичээчийн 19 дугаартай мэргэжлийн үнэмлэх, Шинжлэх ухаан боловсролын яамны дэргэдэх төрийн захиргааны байгууллагаас 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон 100 дугаартай монгол бичгийн “эх зохиогч” мэргэжлийн үнэмлэхүүд, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон 004718 дугаартай батлах эх хувь зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******ийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ***/-ийг 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Боловсролын яам/нэрээ өөрчилсөн Монгол улсын Шинжлэх ухаан Боловсролын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам/-ны харьяа Монгол бичиг сургалтын төв/нэрээ өөрчилсөн Монгол бичиг сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтын төв, Боловсролын хүрээлэн/-д бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***