Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00306

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00306

 

О.Батчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.Батчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргын Б-II-68 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулан, хөдөлмөрийн гэрээ цуцлан хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын удирдан хийсэн шуурхай хурлаар миний 2015 онд гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж, мөн намайг эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэн, Халзан зам ХХК нь УБТЗ ХНН-т хүсэлт гаргасныг УБТЗ-ын дарга зөвшөөрөл олгон байгуулсан гэрээнд намайг хувийн ашиг сонирхолтой байсан гэсэн зөрчлүүдийг гаргасан гэж үздэг. Өөрийн төрсөн охин Б.Солонгыг лавлан мэдээлэгч Т.Өлзий-Оршихын оронд түр хугацаанд авч ажиллуулсан гэж намайг буруутгасан. Дээрх зөрчлийг Зорчигч тээврийн албанаас 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн Дотоод ревизийн шалгалтаар илрүүлэн шалгаж, актад тусгасан байсан. Албанаас гаргасан ревизийн актаар сахилгын шийтгэл ногдуулах 1 сарын хугацаа дууссан байхад Зорчигч үйлчилгээний даргаар ажиллаж байсан н.Пүрэвсүрэн надад байнга сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан. Улмаар миний 2016 оны 4 дүгээр сарын шагналт цалингаас 10 хувь, 5 дугаар сарын шагналт цалинг 100 хувь хасч удаа дараа арга хэмжээ авсан. Тухайн гаргасан зөрчлөө арилгахын тулд өөрөө санаачлан зорчигч үйлчилгээний төв буудалд бага зардлаар их орлого оруулах санаатай байгууллагаас 100 000 төгрөг гаргуулж, зорчигчдын хэрэгцээт зүйлээр хангах зорилгоор худалдаа үйлчилгээ ажиллуулж эхэлсэн. Намайг ажиллаж байх 1 жилийн хугацаанд 10 000 000 гаруй төгрөгийн орлого орсон. Одоо хүртэл ажиллаж, ашгаа өгсөөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 000 000 төгрөгийн орлого орсон баримт байгаа. Охиноо ажилд авсан 2015 оны 5 дугаар сараас хойш ээлжийн ахлах Я.Уранчимэгийн шагналын мөнгө болох 108 000 төгрөгийг хувьдаа завшиж ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн шагналын мөнгийг Замын даргын дүнгийн хурал дээр олгох байсан бөгөөд Я.Уранчимэг энэ шагналын мөнгийг хурал дээр хүлээж аваагүй, шагналаа голсон. Хурлын дараа Замын-Үүд өртөөн дээр үзлэг хийхээр томилолт аваад явах гэж байсан өдөр нарийн бичгийн дарга тэр шагналын мөнгөтэй бор конвертыг надад өгсөн. Бид вагоноос буугаад шууд ажлаа эхэлж, би ууттай бичиг баримтаа тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлахад хадгалж бай гээд өгсөн. Тэндээс буцахдаа ууттай бичиг баримтаа авчруулаад хөдлөөд явсны дараа үзэхэд нөгөө конверттой мөнгө алга болсон байсан учир ээлжийн ахлахтай утсаар холбогдож алга болсон конверттой мөнгөний талаар лавлахад надад бичиг баримтыг яг хэвээр нь буцааж өгсөн гэж хэлсэн. Би ирээд тэр мөнгө алга болсон талаар ерөнхий нягтланд мэдэгдсэн. Мөн цагдаагийн мэдүүлэг тайлбарт ч хэлсэн. Надад даалгавар биелүүлээгүй, хэрэгжүүлж байгаагүй удаа байхгүй. Зорчигч үйлчилгээний төв буудлын хөдөлмөрийн дотоод журмаар байгууллагын даргын эзгүйд орлогч дарга орлож ажиллана гэсний дагуу орлогч дарга н.Лхагвасүрэнгээр ахлуулж, зорчигч үйлчилгээний буудлын төвийн инженер н.Болдбаатар, төвйин менежер н.Бат-Эрдэнэ, цахилгаанчин н.Ганбаатар, ачигч н.Даваасүрэн нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй уг үйл ажиллагаанд оролцох үүрэг даалгаврыг би өгсөн. Тиймээс 14 тоот албан даалгаврыг биелүүлсэн гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. Гэтэл Б.Солонгыг ажилд авсан тушаал нь 2015 оны 5 дугаар сард гарсан, мөн оныхоо 9 дүгээр сард ажлаас чөлөөлсөн байдаг ба О.Батчимэгт уг зөрчилд сахилгын шийтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар арга хэмжээ авч, 1 жил 11 сарын дараа нөхөж сахилгын шийтгэл ногдуулсан мэт харагдаж байна. Тиймээс замын даргын тушаал үндэслэлгүй. Дотоод аудит хийсний маргааш өглөө буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр шуурхай хурал хийж ажлаас нь халаад, маргааш нь ажлыг нь хүлээж авсан байдаг. Цагдаагийн байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн албан бичиг ирсэн байхад хариуцагч байгууллага анзаарч хараагүй байна. УБТЗ-ын даргын 14 тоот албан даалгавар гүйцэтгээгүй гэх баримт байхгүй. Нэхэмжлэгч өөрөө уг үйл ажиллагаанд байгууллагын даргын эрх хэмжээнийхээ хүрээнд хүмүүс томилж ажиллуулсан байдаг. Мөн уг даалгаварт О.Батчимэгийг өөрийн биеэр байлцах ёстой гэсэн нэг ч үг байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын удирдсан хурлаар Зорчигч үйлчилгээний төв буудал дээр хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албаны шалгалтын №61/04/17 актанд тусгагдсан зөрчлийн талаар хэлэлцсэн. Тус хуралд Зорчигч үйлчилгээний албаны дарга О.Батчимэг оролцсон ба тэрээр ээлжийн ахлах Я.Уранчимэгийн шагналын мөнгө болох 120 000 төгрөгийг хувьдаа завшсан, өөрийн төрсөн охин Б.Солонгыг түр ажилд тушаал гарган авч, ажиллаагүй байхад ажил хийсэн мэтээр цалин олгосон, УБТЗ нийгэмлэгийн даргын 14 тоот албан даалгаврыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчил гаргаж, аудитын акт тавигдсан байдаг. О.Батчимэг нь удирдах албан тушаалтан байтал эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон. Замын даргын тушаалын үндэслэлийг ревизийн шалгалтаар Б.Солонгыг ажиллаж байсан гэж дурдсан боловч тухайн үед зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байсан н.Пүрэвсүрэн эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авч байсан бол архивт энэ тухай баримтууд үлдсэн байх ёстой боловч тийм баримт байдаггүй. Мөн шагналт цалинг энэ нөхцөл байдалд холбогдуулан хассан баримт байхгүй. Я.Уранчимэгийн өөрийнх нь бичиж өгсөн өргөдлөөс харахад өөрийн удирдах албан тушаалыг ашиглан дарамталсан байдал гарсан байдаг. Мөн тухайн талбайг чөлөөлөхөд удирдах албан тушаалтай хүн байх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дах хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээг авсан. Мөн УБТЗ-ын даргын гарын үсэгтэй О.Батчимэгт сахилгын арга хэмжээ ногдуулсан баримт байдаггүй учир давтан сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үед авдаг арга хэмжээ юм. О.Батчимэгийн хувьд өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргаж, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, нийгэмлэгийн эд хөрөнгийг буруугаар ашиглан шамшигдуулсан зэррэг зөрчлүүд илэрсэн байдаг. Ревизийн актаар Б.Солонгыг ажилд авсан тушаал гаргасанд хүний нөөцийн албыг буруутгаж, О.Батчимэгт харин арга хэмжээ аваагүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Батчимэгийг УБТЗ ХНН-ийн Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УБТЗ ХНН-ээс 13,672,428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Батчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Батчимэгийг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч УБТЗ ХНН-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 226,312 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт О.Батчимэг нь ...Улаанбаатар суудлын депод вагоны үйлчлэгчээр ажиллаж, 2002 онд УБТЗ-ын коллежийг тээврийн удирдлага, тээврийн ашиглалтын инженерээр төгсч, 2002-2006 онд Зорчигч үйлчилгээний төв буудалд билетийн кассир, ээлжийн ахлагчаар, орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар тус тус ажиллаж ...авсан гавьяа шагнал зэргээр нь хувиийн байдлыг хэт дөвийлгөн нэг талыг барьж үнэлэлт өгсөн.

О.Батчимэг нь 2015 оны 05 дугаар сард ...өөрийн төрсөн охиныг ажилд авч, ажиллаагүй байхад нь цалин олгосон зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан байдаг бөгөөд уг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар тайлбар өгсөн. Мөн О.Батчимэгийн төрсөн охин Б.Солонго 2015 оны 6-8 дугаар саруудад ажилласан тухай ажилчдын сарын зурмагаас харагдах боловч Б.Солонго ийнхүү зурмагт тусгагдсаны дагуу 7, 8 дугаар саруудад ажиллаагүй ч цалин олгогдож, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зорчигч үйлчилгээний төв буудлын даргын 97 дугаар тушаалаар Т.Өлзий-Оршихын чөлөөний хугацаа дуусч, ажилдаа орох болсон гэх үндэслэлээр Б.Солонгын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар, Төмөр замын цагдаагийн газар өгсөн мэдүүлэг ...зэргээр тогтоогдох бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа ...Б.Солонгод олгосон цалин болох 2 173 538 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх тохиолдолд уг мөнгийг Б.Солонго гэгч хүлээн авч, тухайн олгогдсон нийт цалингийн зарим хугацаанд хөдөлмөрлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд энэ нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлоогүй... энэ талаар сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-Н-68 тоот тушаалын үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй гэж маргааны гол зүйлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт байгаа 6-8 сарын ажлын зурмаг, төмөр замын цагдаад өгсөн О.Батчимэг, Б.Солонго нарын мэдүүлэг зэргээр эдгээр нь нотлогддог боловч байгууллагад учруулсан хохирлоо одоо болтол барагдуулаагүй.

...Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргуулсан 2016 оны 1 сард Зорчигч үйлчилгээний төвөөс хийсэн шалгалтын актанд ...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны чөлөө авсан лавлан мэдээлэгч Т.Өлзий-Оршихын оронд Б.Солонгыг түр ажилд авах тухай №23 тоот тушаал гарсан боловч Б.Солонго нь ажилд орсон тухайн өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 хоногийн чөлөө авсан. Чөлөө олгосон №37 тоот тушаал нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нөхөн гарсан байна гэж хүний нөөцийн ажилтны үйл ажиллагааг буруутгасан байдаг бөгөөд уг зөрчлөөр дарга О.Батчимэгт хамааруулан хариуцлага тооцсон тухай тэмдэглэл, мэдээлэл байдаггүй. Шалгалтын актын дүгнэлт хэсгүүдээс зөвхөн нэг талын барьсан байгууллагын дарга, удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэсэн дүгнэлтээр О.Батчимэгт хариуцлага ногдуулсан байх үндэслэлтэй гэж шүүх хэт өрөөсгөл дүгнэсэн.

Мөн гэрч Б.Энхсайханы ...2015-2016 онуудад би ажиллаж байгаагүй ч энэ байгууллагад шалгалт хийгдсэн байх ёстой... гэж мэдүүлсэн мэдүүлэг дээр үндэслэн Дотоод аудит, хяналтын албаны үйл ажиллагааны дүрмийн дагуу нийгэмлэгийн салбар, нэгжүүдийн үйл ажиллагаанд жил бүр төлөвлөгөөт шалгалт хийдэг бөгөөд О.Батчимэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Дотоод аудит, хяналтын албанаас Зорчигч үйлчилгээний төв буудлын санхүүгийн баримт, цалин хөлсний баримт зэрэгт хийсэн ээлжит бус шалгалтаар илэрсэн зөрчлүүд төлөвлөгөөний дагуу 2015, 2016 онуудад тус байгууллагад хийгдсэн шалгалтуудаар илрээгүй байх боломжгүй юм гэж дүгнэсэн нь нотлох баримтанд тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт юм. Шүүх хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэлж дүгнэлт хийн шийдвэр гаргадаг. Гэтэл ийм байх боломжтой, боломжгүй гэх мэт хэт хийсвэр, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасанд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн зохицуулалт нь зөвхөн 36.1-д заасан нөхцөл бүрдсэн үед хэрэглэгдэх агуулгатай буюу ажилтны өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх урьдач нөхцлийг шаарддаг. Гэтэл шүүх О.Батчимэгийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан мөртлөө адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг даалгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Мөн П.Эрдэнэбатыг адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгасан нь мөн ойлгомжгүй байна. Маргаанд огт хамааралгүй этгээдийн нэрийг оруулан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн маргааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсгийг тухайн тохиолдолд хамааралгүй байхад хэрэглэсэн нь буруу болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч О.Батчимэг нь хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалга тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч О.Батчимэг нь хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт Зорчигч үйлчилгээний төв буудлын даргаар ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-2-68 тоот тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ.

Ажил олгогчийн дээрх тушаалд ...өөрийн төрсөн охины нэр дээр тушаал гаргасан, мөнгө хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан, нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан ноцтой зөрчил гаргасан нь Дотоод аудит, хяналтын албаны актаар нотлогдсон... гэсэн үндэслэл зааж, О.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг тус тус баримталжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Батчимэг нь өөрийн төрсөн охин Б.Солонгыг захиргааны чөлөөтэй байсан ажилтны оронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар авч ажиллуулсан, түүний ажиллаагүй 2 сарын хугацаанд цалин олгосон үйл баримт тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж заасанд нийцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой ба мөн зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

Ажил олгогч нь О.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан ба ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж үзвэл 1 жил, 7 сар, 28 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 131.2 дах хэсэгт нийцээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Түүнчлэн О.Батчимэгийн гаргасан зөрчлийн талаар 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн иж бүрэн байцаалтын тайлан /Ревизийн акт/-д дурдагдсан боловч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Я.Уранчимэгт 2016 оны 11 сард олгогдох шагналын 120 000 төгрөгийг О.Батчимэг өөртөө авсан, Замын даргын 2017 оны 14 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлээгүй зэрэг О.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд заагаагүй үндэслэлийг сахилгын зөрчилд хамааруулан тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулж, энэ хэрэгт хамааралгүй П.Эрдэнэбат гэгчийн талаар дүгнэсэн нь хууль хэрэглээний болон техникийн алдаатай болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ