| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0171/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ц.Сүхбат,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Доржготовын ид холбогдох эрүүгийн 1809004500065 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 6-101 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УЮ97082432, Боржигон овогт Доржготовын .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Венди бейкири” дотор үйлчлүүлж байсан иргэн Ц.Оюунгэрэлийн эд хөрөнгө болох Самсунг галакси жэй-7 маркийн гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Оюунгэрэл /хх-ийн 15/, гэрч Б.Цогбаяр /хх-ийн 17, 18/, гэрч М.Должин /хх-ийн 19-20/, яллагдагч /хх-ийн 30/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 25/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, шүүгдэгч Д.ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Д.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венди бейкири” дотор үйлчлүүлж байсан иргэн Ц.Оюунгэрэлийн эд хөрөнгө болох Самсунг галакси жэй-7 маркийн гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагаас ажлаа тарчихаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Венди бейкирид орж үйлчлүүлсэн. 19 цагийн үед байх би Венди бейкирид нарийн боов авах гээд зогсож байхад үл таних хар куртиктэй эрэгтэй хүүхэд “гар утсаараа яриулаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хэлээд тэр эрэгтэй гарсан. Тэгж байснаа хэсэг хугацааны дараа тэр эрэгтэй гаднаас дахиж орж ирээд миний зүүн гартаа барьсан байсан гар утсыг шууд булаагаад гараад зугтаачихсан. Венди бейкиригийн зөөгч болон би тэр залуугийн араас гарсан боловч тэр залуу шууд Улсын их дэлгүүрийн зүгт зам хөндлөн гараад зугтаачихсан. Бид хоёр гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Б.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Рүби нэртэй ломбарданд байж байхад гаднаас нэг залуу орж ирээд гар утас ломбарданд тавина, бичиг баримт байхгүй гэж хэлэхээр нь өөрийн барьж байсан Нокиа гар утсаа 30.000 төгрөгөөр бодоод дээрээс нь 110.000 төгрөг нэмээд Самсунг жэй-7 маркийн гар утсыг нь аваад үлдсэн... Тэр залуу надад “зүгээр найзынхаа утсыг зарах гээд явж байна” л гэж хэлсэн. Тэгэхээр нь би авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 18/,
Гэрч М.Должингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ буюу Венди бейкиригийн кассан дээр сууж байхад нэг цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хүн орж ирээд манайхаар үйлчлүүлж байсан. Тэгтэл гаднаас нэг хар өнгийн куртиктэй, куртикнийхээ юүдэнг өмссөн нэг 18-20 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд уг үйлчлүүлж байсан эмэгтэй рүү очоод хажууд нь зогсож байгаад тэр эмэгтэйн гарт нь байсан гар утсыг нь булаагаад шууд манай хаалгаар гараад зугтаачихсан. Тэр залуу манайхаас гараад ертөнцийн зүгээр хойд зүгт зам гараад зугтаачихсан. Би араас нь хөөгөөд барьж авах гээд чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Яллагдагч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Венди бейкири дэлгүүрт ороод нэг эгч юм үзээд явж байхад нь ...”гар утсаараа яриулаач” гэж хэлэхэд үгүй гэж хэлсэн ба тэр эмэгтэйгийн гараас нь Самсунг жэй-7 маркийн гар утсыг нь шүүрч аваад тэндээсээ гараад Улсын их дэлгүүрийн зүг рүү зугтаагаад явж байгаад... ломбард руу орж тавих гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан учраас шууд зарахаар болоод нэг Нокиа гар утас, 110.000 төгрөг аваад гарч яваад зочид буудалд очиж хоносон. ...Би хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...Би уг хэргийг ганцаараа явж байгаад ганцаараа үйлдсэн юм аа. Би мөнгө олох гэж л хүний гар утас булааж зугтаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 25/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал буюу амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн санаа зорилго нөлөөлжээ.
Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д.ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.ид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ц.Оюунгэрэл нь “...Гар утасаа бүрэн бүтэн хүлээж авсан. Шүүх хуралд оролцохгүй. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 34/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Доржготовын ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.ид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР