| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419002570304 |
| Дугаар | 2025/ДШМ/12 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/12
Ч.Н, М.Т, Ч.М,
Н.А, М.Снарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Б.Дашням,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Чимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэгийн гомдолд үндэслэн шүүгдэгч Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.Снарт холбогдох 2419002570304 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1.* Ч овогт М.Т,
1.2.* Б овогт М.С,
1.3.* Ө овогт Н.А,
1.4.* Х овогт Ч.Н,
1.5.* Н овогт Ч.М,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт УАЗ загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Mamilab GDZ 1000 загварын металл хайгч 2, Mamilab GDZ 7000 загварын металл хайгч 1, Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.Снарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч Ч овогт М.Т, шүүгдэгч Б овогт М.С, шүүгдэгч Ө овогт Н.А, шүүгдэгч Х овогт Ч.Н, шүүгдэгч Н овогт Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарыг тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус бүр нь 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GDZ 1000 загварын металл хайгч 2 ширхэг, 13.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GD2 7000 загварын металл хайгч 1 ширхэг, 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг тус тус улсын орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай УАЗ 220692-033 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Ц буцаан олгож, түүний үнэ болох 7.000.000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нараас тэнцүү хуваан /7.000.000:5=1.400.000/ гаргуулж улсын орлогод оруулж,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэхгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг санаатай үйлдэх үе шатыг бэлтгэх завдах урьдчилсан шатнаас эхлэн төгссөн гэмт хэрэг гэсэн дарааллаар авч үздэг бөгөөд гэмт хэрэг бэлтгэх үед шатанд хуулиар хамгаалагдсан ямар нэгэн эрх ашиг сонирхолд халдаагүй заналхийлээгүй байдаг бол завдалтын үед бодит байдалд заналхийлэл нэгэнт эхэлсэн байдгаараа ялгагддаг. Шүүгдэгч нар нь Дорноговь аймгийн *анд алт гарч байгаа гэдэг сургаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлохоор урьдчилан өгсөн тохиролцож алт олборлоход шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг зэхэж бэлдэн Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн *ыг зорьж ирж байгаа үйлдлийг зэвсэг хэрэглэж урьдчилан өгсөн тохиролцон бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг бэлтгэсэн гэж үзэх ба энэ тохиолдолд хуулиар хамгаалагдсан байгаль орчин байгаль хамгаалах ашигт малтмал хайх ашиглах олборлох журам зөрчиж эхлээгүй байсан харин тэдгээрийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл буюу Өмнөговь аймгаас 300 гаруй километрийг туулж эцэст нь алт гарч байгаа гэдэг Дорноговь аймгийн * Хөх дэл гэх газар хүрч ирсэн үйлдлийг цагдаагийн албан хаагч нар таслан зогсоосон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас гэмт хэрэг төгсөөгүй гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэсэн ойлголтод хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
6.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар нь Өмнөговь аймгаас *анд нутаг дэвсгэрт ирсэн. Яг чухам алт гарч байгаа гэдэг газраа ирсэн нь тогтоогдоогүй байдаг. 3 машинтай хүн байдаг тэнд уулзсан чинь цагдаа нар ирсэн хөөлөг ирчихсэн байна гэсэн тэр газраасаа буцаад 20 гаруй километрт очиж хоол хийж идээд идэж дуусангуутаа Өмнөговь аймгийнхаа замыг олох гээд явж байх замдаа цагдаа нартай таарсан ийм нөхцөл байдал байдаг. Энэ дээр анхан шатны шүүх бэлтгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дүгээр заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж багажийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Төрбат нар нь газрын хэвлийн халдаагүй байгаль орчинд хор уршиг учруулаагүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хор уршиг хохирлыг нөхөн төлөхөөр хураах албадлагын арга хэмжээ авахаар ингэж хуульчилсан байж байгаа. Бэлтгэсэн дээр энэ зүйлийг хэрэглэнэ гэсэн хуулийн заалт байхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хууль тухайн гэмт хэрэгт оногдуулахаар ял заасан ялын дээд хэмжээний 3/1-ээс хэтрүүлэхгүй ял оногдуулна гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялын доод хэмжээ нь 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан гэтэл шүүх төгссөн гэмт хэргийн доод хэмжээгээр миний үйлчлүүлэгч нарыг 5400 нэгжээр торгосон нь ял хүндэдсэн, 450 нэгжээр торгож, шийтгэх тогтоолын 5, 3 дугаар заалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт УАЗ загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Mamilab GDZ 1000 загварын металл хайгч 2, Mamilab GDZ 7000 загварын металл хайгч 1, Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий этгээдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэрэгт бэлтгэх” буюу урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын энэ гэмт хэрэгт бэлтгэсэн нөхцөл байдал болон хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл мөрдөгчөөс хэргийн бодит байдлыг хангалттай шалгаж, тогтоосон байх ба хэргийг шалгах явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байна.
4.Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийг 5,400,000 төгрөгөөр торгосон нь “гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болох ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4-т заасанд нийцээгүй бөгөөд шүүгдэгч нарын “гэмт хэрэгт бэлтгэсэн” гэм бурууд тохироогүй мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэсэн нь үндэслэлгүй байх ба хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.
Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн, гэмт хэргийн хор уршиг учраагүй, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогссон зэрэг шинжээрээ “гэмт хэрэг үйлдэхээр завдах”-аас ялгагдана.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялын хэмжээг үзвэл Анхан шатны шүүх төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээний торгууль оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн ба гэмт хэрэгт бэлтгэсэн буюу гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг анхаараагүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний агуулгаас үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэсэн хуульчилсан байх тул гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник, хэрэгслийг хураах үндэслэлгүй юм.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр мөн шүүгдэгч нар тогтмол цалин орлогогүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан тус бүр 5,400,000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тус бүрийг 2,000,000 төгрөг гэж өөрчилж, 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GPZ 1000 загварын металл хайгч 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GD2 7000 загварын металл хайгч 1 ширхэг, 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор, * улсын дугаартай УАЗ загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нараас тэнцүү хуваан гаргуулах заалтыг хүчингүй болгож, * улсын дугаартай УАЗ загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Ц буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ нь хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байгаа болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “...2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/...” гэж,
5 дугаар заалтыг бүхэлд нь, 6 дугаар заалтаас “...УАЗ загварын * улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэснийг хүчингүй болгож,
хураахаар шийдвэрлэсэн “1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GPZ 1000 загварын металл хайгч 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GD2 7000 загварын металл хайгч 1 ширхэг, 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай ” гэж өөрчлөлт оруулан 5,6,7,8 дугаар дугаарыг 5,6,7 гэж дугаарлан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангаж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА