2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 14-р гудамж 268 тоотод оршин суух, Наваан овогт ******* *******-н нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Гэрч *******,*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь ******* оны 7-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* харьяа Гутал захиалга засварын үйлдвэрийн механик цехэд засварчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ би энэ жил тэтгэвэрт гарах болоод материалаа бүрдүүлээд нийгмийн даатгалын газарт өгсөн боловч ажилласан жил хүрэлцэхгүй, ажиллаж байсан байгууллагын архивын баримтууд хайгаад олдохгүй, төрийн архивт байхгүй гэсэн тул нийгмийн даатгалын байгууллагын зөвлөснөөр шүүхэд хандсан.

Би 1984 онд цэргийн албанд татагдаж 3 жилийн хугацаанд цэргийн алба хаагаад ******* оны 6-р сард цэргээс халагдаж 8 сард нь *******-н харьяа Гутал захиалга, засварын үйлдвэрт засварчинаар ажиллаж байгаад 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан. Ажлаас халагдсан шалтгаан нь гэвэл ардчилал гарч хувьчлал явагдснаар үйлдвэр татан буугдаж хоршоо болсон. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилж чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч тухайн тушаалууд нь архивт байхгүй гэснээр миний ажилласан хугацааг тооцохгүй гэсэн тул Гутал захиалга засварын үйлдвэрийн механик цехэд засварчинаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлттэй гэж тайлбарласан.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...би 1985 онд урт цагааны гутал засварын үйлдвэрт ажилд орсон, намайг ажиллаж байхад ******* ******* онд манайд ажилд орж байсан, тэр цагаас хойш 1990 он хүртэл хамт ажилласан. 1990 онд зах зээл гарснаар би үйлдвэрээс гарч тусдаа өөр хоршоонд ажиллах болсон. ******* нь оёдлын машины техник тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан, нэг байгууллагад хамт ажиллаж байсан, ахуй үйлчилгээний баримтууд олдохгүй, архивт байдаггүй. Би бас тэтгэвэрт гарах болж хөөцөлдөөд олдоогүй, миний хөдөлмөрийн дэвтэр, ниймийн даатгал дэвтэр байсан тул 21 жилээр тооцож тэтгэвэрээ тогтоолгосон. Би 1990 оны дундаас ажлаасаа гарсан, ******* 1990 оноос хойш ямар хугацаанд ажилласан талаар мэдэхгүй байна гэж,

гэрч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...би *******ыг танина, хамт ажилладаг байсан, би Орост сургууль суралцаж 1985 онд төгсөж ирээд Гутал захиалга, засварын үйлдвэрт ажиллаж байхад ******* цэргээс халагдаж ирсэн гээд ******* онд ажилд орж, оёдлын машин эвдэрсэн тохиолдолд захилга засварт захиалга өгснөөр ******* ирж засварладаг байсан. 1990 онд зах зээл гарч хувьчлал явагдснаар хоршоод байгуулагдсан, би 1992 оноос өөр хоршоонд орж ажилласан ч оёдлын техник машин эвдэрсэн үед *******ыг дуудаж засуулдаг байсан, үйлдвэр маань хоршоо болж салснаар ******* аль хоршоонд орж ажилласныг бол мэдэхгүй. Манай байгууллагын баримтууд олдохгүй, миний ажилласан жил гүйцэхгүй байсан тул би хувь тэнцүүлснээр тэтгэвэрт гарсан гэж тус тус мэдүүлсэн.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Улаанбаатар хотын нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа гутал захиалга засварын үйлдвэрын баримт шилжиж ирээгүй тухай 1005 дугаартай тодорхойлолт /хх-3/, Нийслэлийн архивын газрын Гутал захиалга засварын үйлдвэр, Сүхбаатарын районы ахуй үйлчилгээний баримт хадгалагддаггүй тухай 478 дугаартай тодорхойлолт /хх-5/, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны засаг даргын Г.******* оршин суудаг тухай тодорхойлолт /хх-4/, Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, Г.*******ын 053986 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-8/, *******ын гараар бичсэн тайлбар, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-10/,*******ийн гараар бичсэн тайлбар, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11-12/, фото зураг /хх-13/, Г.******* нэрээр 1984 оны 3-р сарын 7-ны өдөр Улаанбаатар зүтгүүрийн депо гэж нээсэн 053986 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-7-8, эх хувь/, Г.*******ын 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гутлын машины засварчины 4-р зэрэг, 1990 оны 6-р сарын 13-ны өдрийн гутлын машин тоног төхөөрөмжийн засварчин 5-р зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэх эх хувь зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

3б. Шүүх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ...сан хөмрөгт Аж үйлдвэрийн удирдах газар, Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газар, Гутал захиалга засварын үйлдвэрийн баримт шилжиж ирээгүй, Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны 1986-1989 оны баримт шүүж үзэхэд Г.*******ад холбогдох баримт байхгүй тухай 2025-10-23-ны өдрийн 02/1074 дугаартай албан бичиг /хх-24-25/,

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас тус архивт хилийн ба дотоодын цэргийн 0229 дүгээр ангийн 1984-******* оны цэргийн анкетыг шилжүүлж ирүүлээгүй тухай 2025-10-22-ны өдрийн 08/430 дугаартай албан бичиг /хх-26/,

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/2998 дугаартай лавлагаанд ...029-р ангиас Улаанбаатар хотын Сүхбаатар районд халагдсан цэргийн бүртгэлд ******* *******, харуулчин байлдагч гэж бүртгэгдсэн талаар дурдсан /хх-27/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Г.*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт-200 дугаартай 1988-4-23-ны огноотой баримт /хх-30/, 1982-01-19-ний өдрийн иргэний хаягийн хуудас-7 баримт /хх-31/, Г.*******, Ц.Нарангэрэл нарын гэрлэлтийг бүртгэх 358 дугаартай анкет /хх-32/, Г.*******ын иргэний үнэмлэх тухай 2000, 2010 оны өргөдөл /хх-33, 34/, *******ын Жаргалмаа-н төрснийг бүртгэх анкет /хх-35/,

Нийслэлийн архивын газрын 2025-10-22-ны өдрийн ...Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1986-1992 оны тушаалд ******* *******ад холбогдох байхгүй, тус архивт аж үйлдвэрийн удирдах газар, аж үйлдвэрийн комбинат, гутал захиалга засварын үйлдвэрийн баримт хадгалагддаггүй тухай 01/872 дугаартай албан бичиг /хх-36-37/, 

Батлан хамгаалахын төв архиваас Хилийн ба дотоодын цэрэгт холбогдох баримт хадгалагддаггүй тухай 2025-10-27-ны өдрийн 521 дугаартай албан бичиг /хх-38-39/,

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас Г.******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан тухай лавлагаа, албан бичиг /хх-41-49/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь ******* оны 7-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* харьяа Гутал захиалга засварын үйлдвэрийн механик цехэд засварчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь дээрх хүсэлт шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилж, чөлөөлсөн бичилт хийгдсэн боловч ажиллаж байсан байгууллагын баримтууд архивт хадгалагдаагүй, тэтгэвэрээ тогтоолгох шаардлагатай байгаа тул ажиллаж байсан байдлаа баталгаажуулах хүсэлттэй гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1982 оны 01-р сарын 19-ний өдөр бүртгүүлсэн “Иргэний хаягийн хуудас-7” баримтад ******* ******* нь УБ хот 52-р сургуульд 9-р ангид гэж, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт200 дугаартай баримтад Г.******* нь ******* оноос Гутал засвар захиалга үйлдвэр, механик цехэд засварчин гэж,

Гэрлэснийг бүртгэх 1997 оны 8-р сарын 13-ны өдрийн 358 дугаартай анкетад нөхөр Г.******* ажилгүй гэж, эхнэр Ц.Нарангэрэл ажилгүй гэж /хх-32/, төрснийг бүртгэх *******ын Жаргалмаа-н 1998 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай анкетад эцгийн бүртгэлд Г.******* ажилгүй гэж /хх-35/ тус тус бүртгүүлсэн байна.

 

3б. 1984 оны 03 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар зүтгүүрийн депогийн боловсон хүчний нээсэн 053986 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт, дэвтэр эзэмшигч ******* *******, мэргэжил туслах машинч гэж бичигдэж Улаанбаатар төмөр зам татах хэсэг гэсэн тамга дарсан,

дэвтрийн 4-5-р нүүрэнд 1984-3-3-ны өдөр туслах машинчийн курс төгсөж ирсэн тул туслах машинчаар томилсон, 1984-06-20-нд цэргийн албанд тэнцсэн учраас туслах машинчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичвэр бичигдсэн, Улаанбаатар төмөр замын татах хэсэг гэсэн тамга дарсан,

дэвтрийн 6-7-р нүүрэнд 1984-06-23-нд цэргийн жинхэнэ албанд татсан, *******-06-27-нд цэргийн жинхэнэ албаны хугацаа дууссан тул бэлтгэл үүрэгтнээр халсэн бичвэр, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХ-ын гүйцэтгэх захиргаа цэргийн хэлтэс гэсэн тамга дарсан,

дэвтрийн 8-9-р нүүрэнд *******-07-28-нд узелын слесараар авч ажиллуулав, 1989-01-05-нд АҮУГ-ын даргын 184 тоот тушаалыг үндэслэн зохион байгуулалтын өөрчлөлт орсон учир ******* АҮК-н мэдэлд шилжүүлэв бичвэр, Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа гутал захиалга засварын үйлдвэр гэсэн тамга дарсан,

дэвтрийн 10-11-р нүүрэнд 1989-01-01 Сүхбаатарын районы ******* машин засварчинаар томилон ажиллуулав, 1990-06-01-нд АҮУГ-ын 1990 оны 58 тоот тушаалыг үндэслэн зохион байгууллалтын өөрчлөлтөөр машин засварчны ажлаас чөлөөлж ГЗЗҮ-ийн мэдэлд шилжүүлэв бичвэр, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ахуй үйлчилгээний комбинат гэсэн тамга дарсан,

дэвтрийн 12-13-р нүүрэнд 1990-06-01-нд зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжиж ирсэн учир машины засварчинаар ажиллуулав, 1992-01-01-нд аж ахуйн нэгжийн хуулийн дагуу тасгаараа бие даан ажиллах болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлж Ундрах хоршооны мэдэлд шилжүүлэв бичвэр, Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга засварын үйлдвэр гэсэн тамга дарсан,

дэвтрийн 14-15-р нүүрэнд 1992-01-01-нд Ундрах ББХХоршоонд үндсэн засварчинаар авч ажиллуулав, 1992-12-30-нд Ундрах ББХХоршоонд засварчинаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв бичвэр, Улаанбаатар хотын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний Ундрах ББХХ 26-301957 тамга дарсан,

дэвтрийн 16-17-р нүүрэнд 1993-01-01-нд машин засварчин цахилгаанчинаар авч ажиллуулав, 1994-12-30-нд өөрийн нь хүсэлтээр Ундрах ББХХ-д шилжүүлэв бичвэр, Улаанбаатар хот, үйлдвэрлэл үйлчилгээний Бүтэмж хоршоо ББХХ 25—309028 гэсэн тамга дарсан, 1995-01-01-нд хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож БГДүүргийн ******* 537249 тоот НДДэвтэр олгов, Нийслэлийн Баянгол дүүргийн нийгэм хангамжийн хэлтэс гэсэн тамга дарсан байна.

 

Дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичвэрт ямар нэгэн засваргүй, ажилд томилж чөлөөлж байгаа байгууллагын тамга дарагдсан байх боловч улсын байцаагчийн үзлэг баталгаажуулалт хийгдээгүй байх бөгөөд хөдөлмөрийн дэвтрийг шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан болно.

 

3в. Аж үйлдвэрийн удирдах газрын Гутал захиалга засварын үйлдвэрээс Г.*******ад 1989 оны 3-р сарын 17-ны өдөр мэргэжлийн 5 дугаартай үнэмлэх олгосон байх бөгөөд 1989-3-17-ны өдрийн 71-р тушаалаар гутлын машины засварчин 4-р зэрэг олгож, Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа гутал захиалга засварын үйлдвэр гэсэн тамга дарсан, 1990-6-13-ны өдрийн 146-р тушаалаар гутлын машин тоног төхөөрөмжийн засварчин 5-р зэрэг олгосон байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхийг шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан болно.

 

3г. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025-11-03-ны өдрийн 01/512 дугаартай албан бичгээр Г.******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлд 1995 оны 01-р сараас 2000 оны 12-р сарыг дуусталх хугацааг нөхөн тооцсон болохыг тодорхойлсон байна /хх-41-49/.

 

3д. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив нь 2025-9-30-ны өдрийн 1005 дугаар тодорхойлолтоор Улаанбаатар хотын нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа гутал захиалга засварын үйлдвэрын баримт шилжиж ирээгүй болохыг /хх-3/, 2025-10-23-ны өдрийн 02/1074 дугаар тодорхойлолтоор Аж үйлдвэрийн удирдах газар, Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газар, Гутал захиалга засварын үйлдвэрийн баримт шилжиж ирээгүй, Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны 1986-1989 оны баримт шүүж үзэхэд Г.*******ад холбогдох баримт байхгүй болохыг /хх-24-25/,

Нийслэлийн архивын газар 2025-9-30-ны 478 дугаарт тодорхойлолтоор Гутал захиалга засварын үйлдвэр, Сүхбаатарын районы ахуй үйлчилгээний комбинатын баримт хадгалагддаггүй болохыг /хх-5/, 2025-10-22-ны өдрийн 01/872 дугаартай албан бичгээр Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1986-1992 оны тушаалд ******* *******ад холбогдох байхгүй, тус архивт аж үйлдвэрийн удирдах газар, аж үйлдвэрийн комбинат, гутал захиалга засварын үйлдвэрийн баримт хадгалагддаггүй болохыг /хх-36-37/, 

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025-10-22-ны 08/430 дугаартай албан бичгээр хилийн ба дотоодын цэргийн 0229 д08/430 үгээр ангийн 1984-******* оны цэргийн анкетыг шилжүүлж ирүүлээгүй болохыг /хх-26/,

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/2998 дугаартай лавлагаанд ...029-р ангиас Улаанбаатар хотын Сүхбаатар районд халагдсан цэргийн бүртгэлд ******* *******, харуулчин байлдагч гэж бүртгэгдсэн талаар дурдсан /хх-27/,

Батлан хамгаалахын төв архив 2025-10-27-ны өдрийн 521 дугаартай албан бичгээр Хилийн ба дотоодын цэрэгт холбогдох баримт хадгалагддаггүй болохыг /хх-38-39/ тус тус тодорхойлсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна” гэж, мөн зүйлийн 135.2.6 дахь хэсэгт “хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, мөн 135.3 дахь хэсэгт “эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан.

 

5. Хүсэлт гаргагч Г.******* нь Улаанбаатар төмөр замын татах хэсэгт 1984-3-3-ны өдөр туслах машинчаар ажилд орж, 1984-06-20-ны өдрөөс *******-06-27-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хааж халагдаж ирээд *******-07-28-ны өдрөөс Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга засварын үйлдвэрт слесар, засварчинаар ажилд томилж чөлөөлсөн талаарх бичвэр түүний 053986 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, тухайн хөдөлмөрийн дэвтэрт тушаал гаргасан байгууллагын тамга дарсан байх боловч, Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газар болон тухайн газрын харьяа Гутал захиалга засварын үйлдвэрийн баримт архивт хадгалагдаагүй болохыг төрийн архивын байгууллагууд тодорхойлсон байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотлох дээрх баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

6. Иймд хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт200 дугаартай баримт, Улаанбаатар зүтгүүрийн депогийн боловсон хүчнээс 1984 оны 03 дугаар сарын 7-ны өдөр нээсэн Г.*******ын 053986 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Аж үйлдвэрийн удирдах газрын Гутал захиалга үйлдвэрээс 1989 оны 3-р сарын 17-ны өдөр Г.*******ад олгосон мэргэжлийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтууд болон гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******ыг ******* оны 7-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга засварын үйлдвэрт слесарь, засварчинаар ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

7. Г.******* нь ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд 1995 оны 01 дүгээр сараас 2000 оны 12-р сарыг дуусталх хугацаанд хамрагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зохицуулсан.

 

9. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Наваан овогт ******* ******* /РД-ХИ65101978/-г ******* оны 7-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Гутал захиалга засварын үйлдвэрт слесарь, засварчинаар ажилласан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                               Д.ЯНЖИНДУЛАМ