| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2419002550307 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
Б.З, Н.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.З, Н.Б нарын давж заалдсан гомдол, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.З, Н.Б нарт холбогдох 2419002550307 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
* Т овогт Б.З,
* Ч овогт Н.Б,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Б, Б.З нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * байрлах Хөх дэл гэх газарт Тоёота приус 30 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон GDZ-7000 гэсэн металл хайгч, Yamahau загварын 220в-ын цахилгаан үүсгэврийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.З, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Т овогт Б.З, Ч овогт Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Н.Б нарыг тус бүрийг 4,000/дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000/Дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Н.Б нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч Б.З, Н.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.З, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан GDZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн Yamahao маркийн цахилгаан үүсгэвэр 1 ширхгийг улсын орлогод оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Зн Өмчлөлийн ZVW413204467 арлын дугаартай * ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Б.З, Н.Б нар давж заалдсан гомдолдоо: “...Шүүгдэгч Б.З, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Шүүгдэгч Б.З, Н.Б нар нь үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч нар нь бага насны хүүхдүүдтэй ар гэрийн боломж бололцоо тааруу зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т "торгох ялын хэмжээ нь дөрвөн зуун тавин нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна" гэж заасан байх тул шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг багасгаж 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
6.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1. Шүүхийн шийтгэх тогтоолд "...шүүгдэгч Н.Б, Б.З нар нь алт олборлох Дорноговь аймгийн * байрлах Хөх дэл гэх газартаа ирсэн боловч хууль бусаар алт олборлох үйлдлээ хийгээгүй буюу автомашинаасаа зэвсэг буюу тоног төхөөрөмжөө угсарч, буулгаж амжаагүй гэмт этгээд хэрэг үйлдэх үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлж эхлээгүй байсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэхгүй бөгөөд харин гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэхээр байна..." гэжээ.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг санаатай үйлдэх үе шатыг бэлтгэх, завдах урьдчилсан шатаас эхлэн төгссөн гэмт хэрэг гэсэн дарааллаар авч үздэг бөгөөд гэмт хэрэгт бэлтгэх үе шатанд хуулиар хамгаалагдсан ямар нэг эрх, ашиг, сонирхолд халдаагүй, заналхийлээгүй байдаг бол завдалтын үед бодит аюул заналхийлэл нэгэнт эхэлсэн байдгаараа ялгагддаг.
Шүүгдэгч Н.Б, Б.З нарын Дорноговь аймгийн * анд алт гарч байна гэх сургаар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож, алт олборлоход шаардлагатай багаж болох металл хайгч, цахилгаан үүсгэвэр гаргагч болон идэх хоол хүнс зэргээ бэлтгэн өөрсдийн оршин суух Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн * ыг зорьж байгаа үйлдлийг зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзэх ба энэ тохиолдолд хуулиар хамгаалагдсан буюу байгаль орчин, байгаль хамгаалах ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журам зөрчигдөж эхлээгүй байсан.
Харин тэдгээрийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл буюу Өмнөговь аймгаас 300 гаруй километр замыг туулсны эцэст алт гарч байгаа гэх Дорноговь аймгийн * байрлах "Хөх дэл" гэх газарт хүрсэн үйлдэл, тухайн газарт Цагдаагийн байгууллагын албан хаагчид тэдгээрийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон нөхцөл байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан " гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ" гэх ойлголтод хамаарна.
Өөрөөр хэлбэл хуулиар хамгаалагдсан төр, нийтийн ашиг сонирхолд халдах үйлдлийг шүүгдэгч нар хийж эхэлсэн ба Цагдаагийн байгууллагын алба хаагчдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны улмаас таслан зогсоогдсоноор гэмт хэрэг төгсөөгүй нь шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.
7.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөөч гэж гомдол гаргаж байгаа. Миний үйлчлүүлэгч нар өөрсдөө гомдол гаргасан боловч энэ шүүх хуралдаанд цаг агаарын байдал хүндэрсэн учраас малчин гээд ирэх боломжгүй байна гээд тэгсэн. Тийм учраас шийтгэх тогтоолын 2 дахь заалтад тус бүр нь 4000 нэгжээр буюу 4,000,000 төгрөгөөр торгосон байгаа. Энд өөрчлөлт оруулж 1,000,000 төгрөг болгож өгөөч гэсэн хүсэлтийг оруулсан. 3 дахь заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3.4, 5 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосныг 3 жил гэж өөрчилж өгөөч. Учир нь давж заалдах шатны шүүхэд өөрсдийнхөө амьдралын хүнд хүчир байдлыг нотлох баримтуудаа ирүүлсэн байна. З гийн хувьд сэтгэцийн өвчтэй аав, харааны бэрхшээлтэй авгай хүүхдээ асардаг ийм хүн байж байгаа. Ганц амин зуулга явуулдаг машиныг нь улсын орлого болгосон учраас шийтгэх тогтоолын 6,7-г хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа. З, Б нар нь Нтай хамт энэ хэрэгт Өмнөговиос ирээд хамт баригдсан байдаг. Эрүүгийн хэргийг нэг гэр бүлийн 4 хүнийг тусгаарлаж шийдвэрлэсэн байдаг.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.З, Н.Б нарын гомдол, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * ын 3-р багийн “Хөх дэл” гэх газарт шүүгдэгч Н.Б, Б.З нар нь Тоёота приус 30 загварын * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд GDZ-7000 загварын метал хайгч, Yamahau загварын 220в-ын цахилгаан үүсгэвэр зэргийг бэлтгэн, алт хайж олборлохоор ирснийг Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн үйл баримт болжээ.
3.Шүүгдэгч нарын энэ үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Н.Б, Б.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр бэлтгэсэн гэж гэм буруутайд тооцсон.
4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр бэлтгэсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал нь “...* анд алт гарч байна гэж манай дүү З над руу залгаж ярьсан, ...тэгээд бид 2 Дорноговь аймгийн * ын алт гарч байгаа газар очиход хүмүүс хайгч бариад явж байсан, З бид 2 очоод машин дотроо байж байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд, тэгээд баригдсан” гэсэн /хх 31,80/ Н.Батмөнхийн мэдүүлэг,
“...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр * дээр явж байхад Дорноговь аймгийн * анд алт гарч байгаа гэдгийг сонсоод Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас төрсөн ах болох Батмөнхийг * дээр дуудаад хамт явъя гэж хэлсэн. Тэгээд ахыг 06 сарын 17-ны өдөр * дээр ирсний дараа бид 2 миний эзэмшлийн * улсын дугаартай машинтай алт гарч байгаа * руу явсан, ...өглөө 07 цагийн орчимд олон машины мөр байхаар нь мөрийг хөөж яваад очтол 5,6 машинтай хүмүүс зогсож байсан, тэгсэн чинь цагаан өнгийн акуа маркийн машинтай 2 энгийн хувцастай хүн бууж ирээд цагдаа байна гэж хэлсэн, тэгээд бид 2 баригдсан” гэсэн /хх34,89/ Б.Зн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар нь хууль бусаар алт олборлохоор Дорноговь аймгийн * ын нутаг “Хөх дэл” гэх газарт алт хайгч, цахилгааны үүсгэвэр зэргийг бэлтгэж очсон болох нь тогтоогдсон байна.
Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлд заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэнэ” гэсэнд нийцсэн.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч нарын хувьд алт хайсан, ашигласан, олборлосон гэх үйлдэл хийгээгүй, харин алт хайж олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож, Өмнөговь аймгийн * сумаас Дорноговь аймгийн * ын “Хөх дэл” газарт * улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашинд алт хайгч, цахилгаан үүсгэвэр зэргийг бэлдэж очсон даруйдаа цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан нь тогтоогдсон, харин шүүгдэгч Н.Б, Б.З нарыг алт буюу ашигт малтмал хайсан, олборлосон, ашигласан гэх үйлдлүүдийг хийсэн, хийхийг завдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэгт бэлтгэсэн гэх нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэлийг хангалттай сайн тайлбарлаж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж, энэ тухай гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзсэн.
5.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шүүгдэгч нарын үйлдлийн хэр хэмжээ буюу гэмт хэрэгт бэлтгэсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Учир нь: Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт бэлтгэсэн бол хэрхэн яаж шийдвэрлэх нөхцөлүүдийг анхаарвал “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх, ...бусад гэмт хэрэгт ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болох”-ыг заасан нь хөнгөн гэмт хэрэгт бэлтгэснийг гэмт хэрэгт тооцохгүй, бусад гэмт хэрэгт төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас доогуур, бага ял оногдуулна гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд торгох ялын нэг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг “...нэг мянга буюу 1000,000 төгрөг”-тэй тэнцэх мөнгөн төлбөр байхыг заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхийг заасан.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт бэлтгэснээс өөрөөр үйлдэл хийгээгүй тул анхан шатны шүүх шүүгдэгч нарт торгох ялыг сонгон хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын дээд хэмжээ нь есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9000,000 төгрөг, түүнээс доош буюу Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ял оногдуулж болно гэж хуульд заасан гэж ойлгогдож байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, Б.З нарт тус бүрт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж үзэж, ялыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан торгох шийтгэлийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилгүй гэх нөхцөлийг харгалзан гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр мөн өөрчлөлт орууллаа.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын хэмжээнд хамаарах нөхцөлийг “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт бэлтгэсэн гэж үзсэн атлаа тэдний унаж явсан автомашин, алт хайгч, цахилгаан үүсгүүр зэргийг хураахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасанд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хураасан шүүгдэгч нарын эд хөрөнгүүдийг тэдэнд буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд мөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
7.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч нараас гаргасан “...ялыг багасгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, прокуророос гаргасан “...шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/273 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...шүүгдэгч тус бүрийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дугаарт заалтад “ ... гурван жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр” гэж,
6, 7 дугаар заалтуудад заасан “...эд мөрийн баримтаар хураагдсан GDZ-7000 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн Yamahao маркийн цахилгаан үүсгэвэр 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулах,
….шүүгдэгч Б.Зн Өмчлөлийн ZVW413204467 арлын дугаартай * ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулах” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож, хураахаар шийдвэрлэсэн техник хэрэгсэл, автомашиныг шүүгдэгч нарт буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангаж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС