| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10256/И |
| Дугаар | 191/ШШ2025/10526 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 4-р хороо, бага тойруу 6, 07 тоотод байрлах, “Хэрэглээний зээл” ХХК-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “Хэрэглээний зээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн Р.Отгонтуяа нь манай компанитай 2023 оны 6-р сарын 5-ны өдөр ДО-СТГ/2023-121189 барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,438,900 төгрөгийг сарын 2,78 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хөлдөөгч, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Р.Отгонтуяа нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Haier HCE143R 143L, Samsung galaxy A14 64GB загварын хөлдөөгч, гар утас Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Р.Отгонтуяа нь ДО-СТГ/2023-121189 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 9-р сарын 10-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,591,650.22 төгрөг төлөх байснаас 157,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 2,434,650.22 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 771 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас хариуцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн *******, Хэрлэн 4-р баг, ******* 2 гудамж 27 тоот хаягаар ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч Р.Отгонтуяа нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч ******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хариуцагч ******* эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгчөөр *******г томилсон итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ДО-СТГ/2023-121189 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ /хх-8-11/, лизингийн эргэн төлөлтийн хуваарь /хх-12/, Р.Отгонтуяа-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-13/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-14/, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-15-18/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Р.Отгонтуяа-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-22 баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “Хэрэглээний зээл” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Равдан-н Отгонтуяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ДО-СТГ/2023-121189 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, Р.Отгонтуяа-н иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаас үзэхэд Р.Отгонтуяа нь тухайн гэрээнд түрээслэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-8-14/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/43224 дугаар захирамжаар Р.Отгонтуяа-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл ******* аймаг, Хэрлэн сум, 4-р баг, ******* 2-р гудамж 27 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-22/.
5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Отгонтуяад холбогдуулан гэрээний үүрэгт 2,171,879.500 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Р.Отгонтуяа нь тухайн хаягт бүртгэлгүй, оршин сууддаггүй болохыг багийн засаг дарга тодорхойлсоны улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Отгонтуяа нь ******* аймаг, Хэрлэн сум, 4-р баг, ******* 2-р гудамж 27 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЖЛ68031802 регистрийн дугаартай, Хуасай овогт Равдан-н Отгонтуяа-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “Хэрэглээний зээл” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-31/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ЖЛ68031802 регистрийн дугаартай, Хуасай овогт Равдан-н Отгонтуяа-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “Хэрэглээний зээл” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /холбоо барих утас-*******/-д мэдэгдэхийг ******* аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Хэрэглээний зээл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ