| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2320001350077 |
| Дугаар | 2025/ДШМ/14 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 21.12.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/14
Ч.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор О.Анужин,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар зайнаас/, Д.Халзан,
Цагаатгагдсан этгээд Ч.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Батбаярын эсэргүүцэлд үндэслэн Ч.Б холбогдох 2320001350077 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:
* Н овогт Ч.Б ,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Ч.Б нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын * ажиллаж байхдаа иргэн Б.Бээс Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан "Монгол улсаас 2023 оны 08 сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан" гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй 240 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 08 сарын 05-ны өдөр Х.Үыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор "тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу" гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангасдаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Б ыг Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Н овогт Ч.Б д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б ыг цагаатгаж,
Цагаатгагдсан этгээд Ч.Б урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Цагаатгагдсан этгээд Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор О.Анужин эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүхээс хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаас олж авсан мэдээллийг давхар гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтын харилцан хамаарал, уялдаа холбоог няцаахдаа, өөр ямар нотлох баримтыг эх сурвалж болгон хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж бичээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод "эрүүдэн шүүх” талаарх ойлголтыг тодорхойлж, эрүүдэн шүүхийг үнэмлэхүй агуулгаар хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харьяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 7 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг Олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдаг.
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц" дахь "эрүүдэн шүүх" гэх ойлголтын агуулгаар тайлбарлаж, ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд нийцэх юм.
"Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гуравдах этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ" гэж тус тус тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан "Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилсан бөгөөд “...Хохирогч Х.Үад хулгайлах гэмт хэрэг хүлээлгэх зорилгоор зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа түлхэж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гаргасан буюу бие махбодод нь зүүн нүдний ухархайнаас цус гарган бие махбодын шаналал үүсгэсэн..." үйл баримт нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэтэл дээрх үйлдлийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөөс гадна Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэх сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээрт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв гарсан. ...прокурор харин эсрэгээрээ Ч.Б д холбогдох хэргийг яллаж шүүх рүү шилжүүлэхдээ алдаатай байдлаар бүх талаас нь бүрэн гүйцэт эргэлзээгүй байдлаар хэргийг нотолж байж хөдөлшгүй хөдөлбөргүй нотлох баримтаар нотолсны эцэст бусдыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэх нь хууль ёсонд нийцсэн ийм шийдвэр байх ёстой байсан боловч харамсалтай нь ийм байдлаар хууль зүйн дүгнэлт гаргаж яваагүй. Шүүгдэгчид холбогдох хэргийг эрүүдэн шүүсэн гэдэг энэ асуудлыг тайлбарлахдаа зөвхөн гомдол гаргагч Үүрцайхын гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв бодитой мэтээр дүгнэж өөрөө шийдвэр гаргаж байгаа юм. Харин эсрэгээрээ энэ хүний бодитой ийм шийдвэр байсан уу хэргээс хулгайн гэмт хэргээс өөрийгөө зайлуулахын тулд холдуулахын тулд ийм үйл ажиллагаа явуулав уу гэдгийг энийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой байсан. ...эсэргүүцлийн өөрийнх нь хууль зүйн үндэслэл нь тухайн гэрч нарын мэдүүлгийг буруугаар төсөөлж ойлгож хийсвэрлэсэн гэдэг ийм агуулгаар тайлбарлаад байна. Ямар нэгэн байдлаар хийсвэрээр буруугаар ойлгосон тийм зүйл байхгүй. Гэрч өөрийн үзсэн харсан сонссон өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв байдлаар л мэдүүлсэн байна. Тэр мэдүүлэг дотор нь үнэлээд үзэхээр Ч.Б ямар зорилгоор гэмтэл учруулсан гэдэг талаар ямар нэгэн байдлаар гэрчүүд тодорхой тийм мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. ...Шүүхээс хянаж үзээд ямар нэгэн байдлаар Ч.Б холбогдох хэргийг хөдөлшгүй нотлох баримтаар буруутгаж байгаа ийм хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...Тэгэхээр яг иймэрхүү нөхцөл байдалд бусдыг гүтгэлгийн шинжтэй ийм гомдол мэдээлэлд үндэслээд бусдыг гэмт хэрэг үйлдсэн байна тухайлбал эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн байна гэж яллаж байгаа нь прокурорын зүгээс буруу ойлголттойгоор ялласан байна гэж үзэж байна. Тийм учраас шүүхээс хянаж үзээд анхан шатны шүүхээс Ч.Б холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болжээ гэж үзэж байна.” гэв.
7.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Халзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Б холбогдох хэргийг Дорноговь аймгийн сум дундын анхан шатны шүүх 2024 оны 11 сарын 25-ны 128 тоот шийтгэх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болж цагаатгасан гэтэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын прокурорын 2024 оны 12 сарын 23-ны 01 тоот эсэргүүцлээр энэ буцаан нь гэмт хэрэг үйлдсэн гэсэн эсэргүүцэл бичсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх нь эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй хуулийн үндэслэлтэй шийтгэх тогтоол гаргасан. Ийм учраас Дорноговь аймгийн сум дахь шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 128 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна.” гэв.
8.Цагаатгагдсан этгээд Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн гэм буруугийн мэтгэлцээний явцад хохирогч Үүрцайх нь Ч.Б гэдэг хүнтэй гар утсан дээрээс болж маргалдсанаа хүлээн зөвшөөрдөг. Мөн мэдүүлэг авах үйл ажиллагаа нь тусдаа өөр өрөөнд буюу би өөрийнхөө хүсэл зоригийн төлөө мэдүүлгээ өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбогдуулаад Үүрцайх гэдэг хүний үүднээс прокурор ярьж байна. Миний зүгээс ямарваа нэгэн байдлаар хэргийг нуун далдлах ямарваа нэгэн байдлаар хэргээс зайлсхийх зорилго агуулаагүй. Миний зүгээс үнэн зөвийг л мэдүүлсэн. Үүрцайх гэдэг хүний нүд шалбарсан ч гэх юм уу тийм нөхцөл байдал нь үүссэн нь үнэн. Энэ нөхцөл байдал нь цагдаагийн алба хаагчийг нууцаар бичлэг хийх эрх чөлөөнд халдах нөхцөл байдлаас ийм нөхцөл байдлын улмаас болоод гар утас булаацалдах явцад өөрөө өөрийнхөө нүдийг шалбалсан нөхцөл байдал байдаг юм гэдгийг би тайлбарласан. Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явц дээр нөхцөл байдал бүрэн тодорхой болсон. Үүнтэй холбоотойгоор шүүгч өөрийн итгэл үнэмшлээрээ нөхцөлд хэргийн нотлох баримт болон 2 талын мэтгэлцээний үндсэн дээрээс шийдвэрээ үнэн зөв бодитой гаргасан болов уу гэж миний зүгээс үзэж байгаа юм. Би Монгол улсынхаа төрийн албан хаагчдыг гэж үзэхгүй байна. Яг тухайлсан Замын-Үүдийн прокурорын газарт би үнэхээр итгэхгүй байна. Надад маш их эргэлзээ төрдөг. Замын-Үүд сумын прокурорын газар ямарваа нэгэн байдлаар надтай өс хонзон ийм бодолтой байна уу гэсэн надад эргэлзээ төрж эхэлсэн. Гагцхүү ганц итгэж найдах газар шүүх л үлдсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөвөөр гарч үзэж байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Г.Батбаярын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ч.Б ыг хохирогч Х.Үыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор зодож эрүүдэн шүүлт тулгах гэмт хэргийг үйлдээгүй байна” гэж үзсэн цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тогтоол хууль зүйн үндэслэлтэй.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Бээс Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-ын Эрээн орохоор автобусаар явж байхдаа бэлэн мөнгөтэй гар тээшээ автобусанд орхиод хилийн шалган нэвтрүүлэхээр гарах үед автобусны жолооч эзэнгүй үлдсэн түүний цүнхийг хил дээрх гаалийн улсын байцаагч нарын өрөөнд үлдээж орхисныг Х.Ү гэх хүн “миний цүнх” гэж хэлээд авч явсан үйлдэл болсон ба иргэн Б.Бээс 2500 юаньтай цүнхээ алдсан гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст гомдол, мэдээлэл өгсний дагуу цагдаагийн мөрдөгч Ч.Б уг хэргийг шалгасан ба Замын-Үүд хилийн боомтын хяналтын камерын бичлэгээр алдагдсан цүнхийг Х.Ү гэгч МУ-ын хилээр авч гарсан тухай бичлэгийг гар утсандаа бэхжүүлэн авч, Х.Үын талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдээлсний дагуу Х.Ү Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст ирсэн ба үүдний жижүүрийн өрөөнд гар утсаа түр хураалгаж орох гэсэн шаардлагын дагуу тэрээр цэнэггүй гар утсаа үүдний жижүүрт үлдээсэн боловч Ч.Б мөрдөгчтэй уулзахдаа тэрээр дахин өөр гар утастай байсныг Ч.Б аас хурааж авах, Х.Үаас өгөхгүй гэсэн маргааны улмаас бие биетэйгээ барилцаж авсан үйлдлийн улмаас Х.Үын нүдний орчимд шалбарсан шарх үүсч цус гарсан үйл баримт болсон байна.
Үйл баримт хохирогч Х.Үын мэдүүлэг, Ч.Б ыг гэрчээр болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Х.Үтай хамт явсан гэрч Болор-эрдэнийн мэдүүлэг, Болох-эрдэнийн гар утсаар авсан гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Сод-эрдэнийн мэдүүлэг, Б.Бийг гомдлоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч түүний “...2500 юань бүхий гар тээшийг Цагдаагийн байгууллагын ажиллагааны үндсэн дээр олж авсан тул гомдолгүй” гэсэн Б.Бээс гаргасан өргөдлийн дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай баримтууд /1хх86-104/ зэргээр тогтоогдсон байна.
3.Шүүгдэгчийн энэ үйлдэлд холбогдуулж Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
4.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Цагдаагийн байгууллагад Х.Ү “ ...БНХАУ-ын Эрээнээс МУ руу хилээр орж ирэхэд чамайг цагдаагаас хайж байна гэсний дагуу цагдаа дээр ирсэн, ... Ч.Б ирсэн, ... гар утсаа өг гэсний дагуу өгсөн, нөгөө утсаа өг гэхээр нь “ ...манай найзын утас” гэхэд пэдийлээ гээд зодсон” гэж гаргасан гомдол /1хх4/ гаргасан.
Х.Үын хохирогчоор өгсөн, Ч.Б ы гэрчээр болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн тус тус мэдүүлгүүдээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд гар утас хураах гэснээс болж маргаан үүссэн болох нь тогтоогдсон, энэ маргалдааны улмаас хохирогч Х.Үын нүүрэнд нүдний орчимд шалбарч цус гарсан нь түүний гар утсаараа авч баталгаажуулсан зургаар тогтоогдсон байна.
Гэвч хохирогчийн зүгээс энэ гэмтлийн талаар Замын-Үүд сумын эмнэлэг болон шүүх эмнэлэгт хандаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 буюу Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг “ төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбодод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэх шинжүүдээр үйлдэгдсэн байхыг заасан.
Шүүгдэгч Ч.Б ы үйлдэлд Б.Б гэх хүн Замын-Үүд боомтоор МУ-ын хил гарахдаа хил хооронд зорчдог автобусанд 2500 юаньтай гар тээшээ орхисныг Х.Үыг хулгайлсан гэж зориуд хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүлт тулгасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай материалд Х.Ү “...Б.Б иргэний орхигдсон гар тээшийг хамт явсан найзуудын цүнх гэж андуурч авсан” болохоо хүлээн мэдүүлж гарын үсэг зурсан /1хх 98-99/ мэдүүлэг, хохирогч Б.Б “...2500 юаньтай гар тээшээ Цагдаагийн байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд бүрэн бүтэн олж авсан, гомдолгүй” гэсэн гараар бичсэн өргөдөл /1хх 100/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Б болон тухайн үед жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан Б.Сын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэс нь тус газарт мэдүүлэг өгөхөөр ирсэн иргэн гар утсаа жижүүрийн цагдаагийн хажууд байх сейфэнд хийгээд, түлхүүрийг нь өөрөө авч орох, гарахдаа өөрөө сейфнээс авдаг дотоод журамтай гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч Х.Ү гар утсаа жижүүр дээр үлдээгээгүй авч орсон, мөрдөгчийн шаардсаны дагуу хураалгахгүй гэсэн асуудлаас маргаан үүссэн байх буюу энэ нөхцөл нь мөрдөгчөөс түүнд хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.
Анхан шатны шүүх эрүүдэн шүүлт тулгах гэмт хэргийн объектив шинж болон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод заасан тодорхойлолт зэрэгт шүүгдэгчийн үйлдлийн шинжийг харьцуулан шинжлэн судлаад “...шүүгдэгч Ч.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж агуулагдахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Ч.Б цагдаагийн мөрдөгчөөр ажиллахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй буюу цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагаа зөрчсөн байна.
5.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Батбаяраас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Батбаяраас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС