| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2219003410081 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
Ц.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Базардорж,
Иргэний хариуцагч Х.Ч
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар /цахимаар зайнаас/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахимаар зайнаас/
Шүүгдэгч Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, иргэний хариуцагч Х.Ч нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Тт холбогдох 2219003410081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт Ц.Т ,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Т нь нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн * дэвсгэр, Агруут гэх нэршилтэй газарт байрлах сайжруулсан шороон замд * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрсөн үйлдлийн улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж Ц.Ггийн амь насыг хохироосон,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас А.О ын биед баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирга, зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөг, зүүн тохой, зүүн сарвууны 5 дугаар хурууны шарх, зүүн шууны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас Л.Зын биед зүүн талын 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зулайн хуйх, баруун, зүүн хөмсгөнд зулгаралтын нөсөө бүхий хүндэвтэр хохирол,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас Б.Сын биед зүүн шуу, богтос яс, баруун дунд чөмгөний далд хугарал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн зовхи, шуунд сорви бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О овогт Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/Дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3/Гурав/ жил, 4/Дөрөв/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 3/Гурав/ жил, 4/Дөрөв/ сарын хугацаагаар хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/Дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Л.Зын хууль ёсны төлөөлөгч Р.Дгийн хохиролд нэхэмжилсэн 1,252,940 төгрөгөөс 633,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 619,940 төгрөгийг, хохирогч Б.Сын хохиролд нэхэмжилсэн 2,394,508 төгрөгөөс 538,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 1,856,365 төгрөгийг, амь хохирогч Б.Ггийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын оршуулгын зардалд нэхэмжилсэн 13,566,124 төгрөгөөс 1,143,177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 12,422,947 төгрөгийн 50% болох 6,211,473.5 төгрөг, сургалтын төлбөр 6,580,448 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 3,808,779 төгрөг, нийт 16,600,700.5 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Таас гаргуулан олгож, иргэний хариуцагч Х.Ч аас амь хохирогч Б.Ггийн оршуулгын зардлын 50% болох 6,211,473.5 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд, 13,419,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Тд тус тус олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч А.О , иргэний нэхэмжлэгч "Ж” ХХК нараас хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй зэргийг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөөс Ц.Тыг гэмт хэрэгт холбогдсон гэм буруутай үйлдэлд маргадаггүй ч түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тухайн ялаа эдлэх хугацаандаа ажил хийн хохирол төлбөрийг нөхөн төлөх боломжтой талаар санал гаргасан.
Эрүүгийн хуулийн зорилго нь хохирогчид учирсан хохирлыг арилгахад чиглэгдэх ба тухайн этгээдийн хувийн байдалд нь тохирсон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чиглэгдсэн байдаг.
Ц.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэр ахуй байдлын хувьд хүнд өөрөө л ажил хийж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжтой тул түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй.
Иймд Ц.Тт оногдуулсан гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
6.Иргэний хариуцагч Х.Ч давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Ттай Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй ба түүнээс автомашиныг ашиглаж төлбөрийг төлсөн нөхцөлд автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр амаар хэлцэл хийсэн байсан. Гэтэл шүүхээс намайг иргэний хариуцагч болгон хохирол хариуцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Миний хувьд үйлдэгдсэн хэрэгтэй ямар ч холбоогүй ба Монгол Улсын иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1-т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч бус тухайн тээврийн хэрэгслийг бодитой эзэмшигч бусдад учруулсан гэм хорыг арилгахаар хуульчилсан байна.
Тухайн эрүүгийн хэрэгт Х.Ч намайг иргэний хариуцагчаар тогтоосон буруу болсон. Учир нь тээврийн хэрэгслийг 2021 онд 80,000,000 төгрөгөөр авахаар ББСБ-д хандаж, зээлээр авахаар болсон. ББСБ-ын зээлийг төлж ирсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүйн улмаас тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй тухайн тээврийн хэрэгсэл хуулийн дагуу ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Гэтэл намайг өмчлөгч гэж үзэн шүүгдэгчийн хохирол төлбөрөөс оршуулгын зардлын тал хувь, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 100 хариуцуулан шийдвэрлэсэн нь хууль бус болсон ба үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Х.Ч миний бие Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/250 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Ч надад хариуцуулсан хохирол төлбөр болох нийт 19,630,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, иргэний хариуцагч Х.Ч нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй боловч шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохироогүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн * дэвсгэр, Агаруут гэх газарт сайжруулсан шороон замд * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, дүрмийн 1.10 буюу “1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгон явна” гэснийг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас * улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Ггийн амь насыг хохироосон, А.О , Л.З, Б.С нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт болсон ба прокуророос шүүгдэгчийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.Тыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
4.Харин шүүхээс оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялыг 1 жилийн хорих ял болгож багасгахаар шийдвэрлэлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Тын зүгээс гэм буруу болон хохирогч нараас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд дээр маргадаггүй болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс харагдаж байх тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно.
Иймд эдгээр үндэслэлээр ялд хөнгөрүүлж өөрчлөлт орууллаа.
5.Анхан шатны шүүх хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499, 508 дугаар зүйлүүдийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага мөн бий болсон.
Учир нь: Хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Х.Ч нь шүүгдэгч Ц.Тын жолоодож явсан Beiben North benz HD4254 маркийн * улсын дугаартай автомашины өмчлөгч тул Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй этгээд тул шүүгдэгч Ц.Тын хамт бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч иргэний нэхэмжлэгч Б.Тгийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохирол болох 13,419,000 төгрөгийг иргэний хариуцагч Х.Ч аар дангаар нь хариуцуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон, энэ тухай үндэслэлээ шийдвэртээ заагаагүй байна.
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Тд төлөгдөх 13,419,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Т, иргэний хариуцагч Х.Ч нараас хувь тэнцүүлэн хувааж тус бүрээс 6,709,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д заасанд нийцнэ.
Хохирогч Ц.Г 21 настай Г.Сохин, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан, 12 настай Г.Я охин нарын хамт амьдардаг байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бадам болон хохирогч Г.Снарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул анхан шатны шүүх хохирогч нас барсны улмаас учирсан оршуулгын зардал болон Г.Сохины оюутны 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 6,580,448 төгрөг зэргийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ нь үндэслэлтэй болсон.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай хүнийг хасч, хөдөлмөрийн чадваргүй хүн болон насанд хүрээгүй хүүхдэд 18 нас хүртэл нь шүүгдэгчээс гаргуулахаар тооцож, сар бүр олгуулахаар шийдвэрлэх, ингэхдээ нас барагчийн авч байсан дундаж цалингийн ам бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тогтоож, түүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч зөрүүг олгохыг заасан.
Хохирогчийн цалингийн дундаж орлогыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн 924,879 төгрөг гэж тогтоосон ба хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг хохирогч Ц.Ггийн ам бүлийн 3 гишүүнд хувааж гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлбол 308,293 төгрөг болох ба Г.С21 насанд хүрсэн тул түүнийг хасч, Г.Я охины авч байгаа тэжээгчээ алдсын тэтгэмж /2хх208/ 400,00 төгрөгийг нэг гишүүнд ногдох 308,293 төгрөгөөс хасахад зөрүү нь тэжээгчээ алдсын тэтгэмжээс илүү гарахгүй байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Я охиныг 18 нас хүртэл нь гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь анхан шатны шүүх нас барагч Ц.Ггийн ам бүлд охин Г.Сыг оруулаагүй нь буруу болсон, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хэрвээ хохирогч нас барснаас гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол сар бүр олгуулахаар гэж заах байтал нийт дүнгээр нь нэгмөсөн гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
6.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэргийг зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/250 шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад “...3 жил 4 сарын хугацаагаар хорих ял” гэснийг “...1 жилийн хорих ял” гэж,
3 дугаар заалтад “1 жилийн хорих ялыг” гэж,
7 дугаар заалтын “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 3,808,779 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож” гэж,
мөн заалтад “...иргэний нэхэмжлэгч Б.Тд төлөгдөх 13,419,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Ц.Т, иргэний хариуцагч Х.Ч нараас хувь тэнцүүлэн хувааж тус бүрээс 6,709,500 төгрөгийг гаргуулж Б.Тд олгох” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, иргэний хариуцагч Х.Ч нарын давж заалдсан гомдлуудыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 95 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС