Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01857

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/01857

 

 

Кловер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Кловер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Мөнхтэмүүлэн, Ч.Гүнжидмаа, Л.Алгирмаа нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 35 084 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Үлэмж

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхтэмүүлэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Амгаланбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кловер ББСБ ХХК нь Л.Мөнхтэмүүлэнтэй 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГО100120013 дугаартай зээлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан ба 27 500 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлүүлсэн.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Мөнхтэмүүлэн нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг огт төлөөгүй. Л.Мөнхтэмүүлэн өөрийн гаргасан баталгаа, хүсэлтээ сайн дураар биелүүлэхгүй байгаа тул нэгдүүлсэн хүү 847 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 6 737 500 төгрег, үндсэн зээл 27 500 000 төгрөг, нийт 35 084 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү.

Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 04 сарын 02-ны өдрийн ЗГО100120013 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Мөнхтэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Кловер ББСБ ХХК-тай 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг бэлнээр авсан бөгөөд зээлийн хүү болон үндсэн мөнгийг хангалттай төлж байсан.

Би 2012 оны 04 дүгээр сарын 02-ны гэрээний дагуу 58 550 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны гэрээний дагуу 35 000 000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны гэрээний дагуу 27 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны гэрээний дагуу 27 500 000 төгрөгийг тус тус хүлээн аваагүй. Би 40 000 000 төгрөгийн зээл, түүний хүү 4 293 334 төгрөг төлөх байсан, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусгаагүй нь үнэн, түүнээс хойших хүүг төлсөн.

2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан салгаж үл болох эрх юм. Өөрөөр хэлбэл үндсэн үүргийн харилцаа үүсээгүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцаа дангаараа шаардах эрхийг үүсгэхгүй тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Мөнхтэмүүлэн, Ч.Гүнжидмаа, Л.Алгирмаа нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 084 500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайнэхэмжлэгч Кловер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэж нотлоогүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүх талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодитоор 58 550 000 төгрөгийг аваагүй, хариуцагч нь өөрийн хүсэл зоргийн дагуу бишээр бэлэн мөнгөний зарлагын баримтад гарын үсэг зурсан нь тогтоогдож буй мэтээр дүгнэлт хийсэн учир дутагдалтай байна. Хариуцагчийн зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй гэсэн тайлбарыг үндэслэн тухайн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг байгуулаагүй гэх боловч тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй тухайн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах, байгуулагдаагүй болхыг тогтоолгох тухай бодит хүсэлт тавиагүй байхад тухайн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өмгөөлөгч миний зүгээс тухайн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бүртгүүлсэн эсэх талаарх лавлагааг гаргуулах тухай хүсэлт тавьсан боловч хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцдаа 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж тайлбарлаж шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талыг барьсан.

Шүүх зээл төлөх дарааллыг буруу тогтоосон буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж зээл төлөлтийн дарааллыг тогтоосон байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээл төлөх дарааллыг нарийн тогтоож өгсөн бөгөөд хариуцагч тал нь дээрх зэлээийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Талууд харилцан тохиролцож гэрээг байгуулахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээний нөхцөлийг чөлөөтэй сонгохоор зохицуулсан зохицуулалтыг шүүх буруу гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед эсвэл талууд гэрээгээр төлбөр төлөх нөхцөлийг тодорхойлоогүй тохиолдолд хэрэглэх заалт бөгөөд нэгэнт талууд гэрээгээр тохиролцсон байхад дээрх заалтын дагуу төлбөр төлөх хуваарь болон төлбөрийн нөхцөлийг өөрчилж болохгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Кловер ББСБ ХХК, хариуцагч Л.Мөнхтэмүүлэн, Ч.Гүнжидмаа, Л.Алгирмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 084 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Л.Мөнхтэмүүлэн нь Кловер ББСБ ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Харин тэдгээрийн хооронд 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 58 550 000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 35 000 000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 27 500 000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 27 500 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулсан боловч зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй тул анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Зохигчид 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Л,Мөнхтэмүүлэнгийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Г,Лувсан, Ч,Гүнжидмаа, Л.Алгирмаа нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн 2204028063 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллол, Энхтайваны өргөн чөлөө 29 дүгээр байрны 26 тоот 50,92 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар хүчин төглдөр байна.

 

Нэхэмжлэгчийн тодорхойлсноор хариуцагч зээлийн хүүд 72 092 971 төгрөг төлсөн талаар маргаагүй ч уг төлбөрийн 5 850 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тул хасч тооцож хариуцагчийн төлбөрийн дүнг 66 242 971 төгрөгөөр тооцож анхан шатны шүүх тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болоход Л.Мөнхтэмүүлэн үндсэн зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 4 293 334 төгрөг, нийт 44 293 334 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн /хх 63-64, 153 дах тал/ зээлийн хүүд 1 773 333 төгрөгийг төлснийг хасч, хариуцагчийн төлбөр зохих үүргийг 42 520 000 төгрөгөөр анхан шатны шүүх тодорхойлсон нь хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хариуцагчийн төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх дүгнэж хариуцагчаас 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 43 027 030 төгрөгийг үндсэн үүрэг 42 520 000 төгрөгөөс хасч хариуцагчийг зээлийн гэрээний үндсэн үүргийг төлж дуусгавар болгосон гэж дүгнэж, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтэрсэн хүүг 11 811 350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 362 267 төгрөгөөр тус тус тодорхойлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нийт зээлийн үүрэгт хариуцагч нь 56 693 617 /42 520 000+11 811 350+2 362 267/ төгрөг төлөхөөс 66 242 971 төгрөг төлж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцааны эрх мөн дуусгавар болох юм.

 

Иймд хариуцагч Л.Мөнхтэмүүлэн, Ч.Гүнжидмаа, Л.Алгирмаа нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 084 500 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Кловер ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 874 төгрөгийн 333 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 333 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА