Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 633

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Б овогт М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 00059 0137 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт М.Э, Монгол Улсын иргэн, .........., 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ........ жолооч ажилтай, ....... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ............., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол дахь миний зах орчим үл таних хүнээс ховор амьтан алтайн хойлог шувууг худалдан авсан, мөн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 2-14б тоотод ховор амьтан алтайн хойлог шувууг хадгалсан, мөн 2018 оны 01 дүгээр саын 24-ний өдөр дүү М.Э-гийн “ Tugsuu Monkhor” нэртэй хаягаар “Тэнгэрлэг тавилан анчдын групп” нэртэй цахим хуудсанд “Бүтэн хойлог зарна” гэж өөрийн утасны дугаараа үлдээн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол миний зах орчим ховор амьтан алтайн хойлог шувууг худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт М.Э нь 2017 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол дахь “Миний зах” дэлгүүрийн ойролцоо үл таних хүнээс ховор амьтан болох алтайн хойлог шувууны мах (толгойгүй бие)-ыг хувийн хэрэгцээнд худалдан авч, энэхүү шувууны махаа 2017 оны 10 дугаар сараас 2018 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 2-14б тоот гэртээ хадгалж, улмаар 2018 оны 01 дүгээр саын 24-ний өдөр дүү М.Э-гийн “Tugsuu Monkhor” нэртэй хаягаар “Тэнгэрлэг тавилан анчдын групп” нэртэй “Нүүр ном” нийтийн сүлжээний бүлгэмд “Бүтэн хойлог зарна” гэсэн зар байршуулж, өөрийн утасны дугаараа үлдээж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол дахь “Миний зах” дэлгүүрийн ойролцоо нөгөөх хадгалж байсан шувууны махыг бусдад худалдах гэж байгаад цагдаад баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.Э нь шүүх хуралдаанд: “...2017 оны 10 дугаар сард үл таних хүнээс хойлог шувууны махыг ардын эмчилгээнд хэрэглэх зорилгоор 180,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл тэр нь төрөх гэж байгаа хүнд болохгүй гэхээр нь хэрэглэхээ болиод гэрийнхээ хөлдөөгчинд 3 сар гаруй хугацаанд хадгалж байгаад “Нүүр ном” нийтийн сүлжээний “Тэнгэрлэг тавилан анчдын групп” нэртэй бүлгэмд зар байршуулсан. Тэгээд нөгөөх шувууны махаа зарах гэж байгаад баригдсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэв.

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нийслэлийн байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэнгээр 1,6 жил ажиллаж байна. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ховор амьтныг зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр агнаж, эсхүл барьж болохоор заасан байдаг”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоох журмыг баталсан. “Аптайн хойлог” шувууны үнэлгээг эр эм харгалзахгүйгээр 130,000 төгрөгөр тогтоож өгсөн бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан гэмт этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас),

3. Гэрч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Э над руу утсаар залгаж “жирэмсэн охиндоо хийсвэр хагалгаанд ороход нь өгье гээд 1 ширхэг хойлог шувуу 180,000 төгрөгөөр худалдаж авлаа..., гэтэл жирэмсэн хүнд хойлгийн мах хэрэглүүлж болдоггүй ... яс бэхжээд дахин төрж чадахгүй болчихдог гэж байна. Тиймээс хэрэглэхээ болилоо” гэж байсан. ...Би ах руу залгаад ““Нүүр ном” нийтийн сүлжээнд ангийн эд зүйл худалдаалдаг зарууд байдаг юм байна” гэж хэлсэн. Тэгэхэд ах маань “энэ хойлгийг зарна гээд зар тавиад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Нүүр ном” нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаар “Тэнгэрлэг тавилан анчдын групп” гэсэн бүлгэмд “Бүтэн хойлог зарна” гэж бичээд ахынхаа “99763064” гэсэн утасны дугаарыг хамт байрлуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас),

4. Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр нөхөр маань “үл таних хүнээс хойлгийн мах худалдаж авлаа” гээд боодолтой жижиг зүйл барьж ирсэн. Тэгээд охиноо хийсвэр хагалгаанд орсны дараа эмчилгээний зориулалтаар өгнө гээд гэрийнхээ хөлдөөгчинд хадгалж байсан юм. Тэгээд тэр махыг хэрэглээгүй бөгөөд нэлээд хугацааны дараа нөгөөх мах хөлдөөгчинд байж байхаар нь нөхөртөө “энэ нэг зүйл одоо хэрэггүй юм чинь хэрэгтэй хүнд нь тав, арван цаасаар өгчихөөч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас)

5. Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шувууг лабораторийн цуглуулгын дээж материал болон бусад хэрэглэхүүнтэй харьцуулан Монгол оронд тархсан Тахиатан (Galliformes) багийн гургуулыхан (РНаsianidае) овог, хойлогийн (Теtrаоgallus) төрөл Алтайн хойлог (Теtгаоgllus аltaiucus) гэх зүйл мөн болохыг тогтоов. Алтайн хойлог нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Ховор амьтны” жагсаалт батлах тухай 7 дугаар тогтоолоор “ховор” шувууны жагсаалтад, Монгол Улсын Улаан номд (1997,2013) ховох ангилалд бүртгэгдсэн байна. Үхсэн шалтгаан болон агнагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Аптайн хойлгийн экологи-эдийн засгийн үнэлгээг эр, эм харгалзахгүйгээр 130,000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцно. Шинжилгээнд ирүүлсэн шувууны дээжийг тус лабораторийн цуглуулгын сангийн эх хэрэглэхүүн бусад материалтай харьцуулан шинжилж тухайн бодгаль 10 дугаар сараас хойших өнгө зүстэй болохыг тогтоов...” гэсэн дүгнэлт (хх-ийн 45-46 дугаар хуудас),

6. Шүүгдэгч М.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас),

8. Шүүгдэгч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэнгэрлэг тавилан анчдын групп дээр зарна гэж зар тавиад зарах гэж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Миний захын дэргэдээс цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн дүгнэлтүүдээр “...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар алтайн хойлгийн үнэлгээг 130,000 төгрөгөөр үнэлэн тогтоосон байх бөгөөд Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад зааснаар ... амьтны аймагт учирсан хохиролыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байх тул гэмт хэргийн улмаас  130,000х2=260,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасныг удирдлага болгон уг ховор амьтныг агнасан эсэхээс үл хамааран шүүгдэгч М.Э-аар хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох алтайн хойлог шувуу нь амьд биш буюу толгойгүй их бие байсан болох нь хэрэгт хууль ёсоор цугларсан шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон байх тул үүнийг ховор амьтан болох алтайн хойлгийн гаралтай түүхий эдийн зүйл гэж үзнэ.

Шүүгдэгчийн хувьд ховор амьтны гаралтай уг түүхий эдийн зүйлийг худалдан авч, гэртээ хадгалж, улмаар худалдан борлуулах гэж байсан үйлдлүүд нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэрэгт хамаарч байгаа болно. Түүнчлэн, хууль зүйн хувьд эдгээр үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж болох хэдий ч, нэг халдлагын зүйл болох алтайн хойлгийн нэгэн түүхий эдийн зүйл өртөгдсөн байхын зэрэгцээ эдгээр үйлдлийн улмаас бидний хүрээлэн байгаа орчинд учирсан хор уршгийн шинж чанар өөрчлөгдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн хэд хэдэн үйлдэлтэй нэгдмэл нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч М.Э-ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг үргэлжилсэн үйлдлээр худалдан авч, хадгалж, худалдах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар Шүүгдэгч М.Э нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүрээлэн буй орчинд өөрөө шууд хохирол учруулаагүй, ашиг хонжоо олох зорилгоор бус ахуйн хэрэгцээний улмаас гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүнчлэн түүний хөрөнгө, орлого, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргаж байгаа учир мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлах шаардлагагүйг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч М.Э нь ховор амьтан болох алтайн хойлог шувууг агнаагүй буюу хүрээлэн буй орчинд өөрөө шууд хохирол учруулаагүй хэдий ч  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоосон хохирлыг төлөхөөр байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг сонгож хэрэглэх нь зохистой гэж үзэв.

Энэхүү албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн үүргийг тэнсэнгийн хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавартай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар төлбөр гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй байна. Хэрэв шүүгдэгч М.Э гэмт хэгийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүх түүнд ял оногдуулах бол Иргэний хуульд зааснаар хохирол төлбөр гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууны гаралтай түүхий эдийн зүйлийг Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний хэрэгцээнд шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт М.Э-ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалж, худалдах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Э-т мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Алтайн хойлог шувууны гаралтай түүхий эдийн зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр 260,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА