| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2420001630156 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Ганцэцэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Г.Ганцэцэг /цахимаар зайнаас/,
Хохирогч нарын өмгөөлөгч Н.Баярмаа /цахимаар зайнаас/,
Хохирогч Д.Б /цахимаар зайнаас/, Б.Т , Г.А ,
Иргэний нэхэмжлэгч О.С /цахимаар зайнаас/, Б.Ү /цахимаар зайнаас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат /цахимаар зайнаас/
Шүүгдэгч Б.Э /цахимаар зайнаас/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Б , Г.А , Б.Т , иргэний нэхэмжлэгч О.С нарын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Эд холбогдох 2420001630156 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Э ,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 18-ын худаг гэх газарт * чиглэлийн засмал зам дээр * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-т заасан "энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр явахыг хориглоно", мөн дүрмийн 12.3-т заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогсож байсан 69-80 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хажуугийн шороон хэсэгт явган явж байсан иргэн Б.Т , Г.А , Д.Б нарыг мөргөж, хохирогч Б.Т эрүүл мэндэд хүнд, Г.А , Д.Б нарыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б овогт Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 1 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эоос 11,539,997 /4,939,997+6,600,000/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд, 10,262,110 /1,686,110+8,580,000/ төгрөгийг хохирогч Г.А д, 6,068,911 /1,448,911+4,620,000/ төгрөгийг хохирогч Д.Б д, 1,210,779 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Ст, 1,320,000 төгрөгийн иргэний нэхэмжлэгч Б.Үад, 6,108,630 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгож, хохирогч Б.Т , Г.А , Д.Б, иргэний нэхэмжлэгч О.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон хохирогч Б.Т нь 5,195,697 төгрөгийн, Г.А нь 9,824,460 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы эзэмшлийн битүүмжлэгдсэн * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг хэвээр үлдээж, гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авхуулахаар * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Хохирогч Д.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр миний амьд явах эрхэнд халдчихаад яагаад намайг дорд үзээд байгаа юм бэ. Намайг эрүүл болгож өгмөөр байна. Өнөөдөр миний хавирга гүйцэт эдгээгүй л байна. Зөрөөд хугарсан хавиргыг хагалгаанд ороод эдгүүлэх байсан юмыг тэр чигээр нь эдгэчихсэн одоо болтол эдгээгүй байгаа. Би энэ дээр үнэхээр гомдолтой байна. 6 сарын хугацаанд энэ хүн хохирол төлбөрөө барагдуулаагүй. Тэгснээ дахиад 1 жил гээд сунгаад өгчихсөн. 1 жил гэдэг урт хугацаа. Энэнтэй санал нийлэхгүй байгаа уучлаарай.” гэв.
6.Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг л яаралтай гаргуулаад өгөөч гэсэн үндэслэлтэй байгаа. Яагаад гэвэл бүгд хувийн юм хийдэг хүмүүс. 6 сарын турш ямар нэгэн орлогогүй болчихсон өөрсдийгөө эмчлүүлэх мөнгөгүй болчихсон. Өнөөдрийн хувьд би очмоор байвч очих зардалгүй байна. Хувиасаа гаргаад эмчилгээ домнолгоо хийлгээд явж байгаа. Гол нь энэ хохирлыг маань л яаралтай барагдуулаад өгөөч л гэсэн хүсэлтэй байгаа. Энэ хүн 6 сар болж байхад хохирол барагдуулах гэж нь өөрийн саналаар хүсэлтээр ч юм уу тийм үйлдэл хийгээгүй. Тэгэхэд жилийн тэнсэнгийн хугацаанд барагдуулж дуусга гэхэд одоо жил нь эхлээд 3 дахь сар нь болж байна. Тэгэхэд хүмүүс рүү яриагүй наана цаана гээгүй зүгээр хохирлыг л богино хугацаанд барагдуулах арга хэмжээ авч өгөөч л гэж хүсэж байгаа.” гэв.
7.Хохирогч Б.Т давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол мөнгө гэхгүй энэ хүн гэмшихгүй байна. Хөнгөрүүлэх нөхцөлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүн өөрөө бид нарыг ийм болгочихоод ерөөсөө гэмшихгүй байна энэ хүнийгээ энэ чигээр нь хэвээр үлдээж өгөөч л гэж хүсээд байгаа юм.” гэв.
8.Хохирогч Г.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодит хохирол гарсан өөрөөсөө мөнгө гаргаж эмчилгээ хийлгүүлсэн. Тэр мөнгөнөөс маань 9 сая гаран төгрөгийг хассан. Сэтгэл санааны хохирол гэж маш том юманд оруулсан. Энэ мөнгө нь хүртэл хасагдаад энэнд санал нийцэхгүй давж заалдах шүүхэд өргөдөл гаргаж өгсөн. Маш их сэтгэл санааны болон эрүүл мэнд санхүүгийн байдалд оруулсан. Тэр нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд ерөөсөө нийцэхгүй байна.” гэв.
9.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн гэж бодож байгаа. Энэ хүнийг шийтгэл арай хөнгөдсөн гээд хэрвээ хорьж цагдаад явбал энэ хүн хохирол төлөх бололцоо нь хаагдана. Тийм учраас тэнсэнтэй. Анхан шатны шүүх хурал болсноос хойш миний үйлчлүүлэгч анхан Тд даатгалтай нийлээд 3,123,000 төгрөг, Ад 2,988,000 төгрөг, Бд 1,398,000 төгрөг, Үад 900,000 төгрөг төлсөн. Тэгэхээр анхан шатны шүүх хурал болсноос хойш чадлынхаа хэрээр төлж байгаа. Жилийн тэнсэнгийнхээ хугацаанд өөрийнхөө боломж бололцоогоороо дайчлаад хохирлоо төлнө гэсэн байр суурьтай байж байгаа. Тэгэхлээр анхан шатны шүүхийн шийдвэр зөв хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж ойлгож байгаа. Тийм учраас энийг хэвээр нь үлдээж өгөөч гэж хүсэж байна гэв.
10.Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би боломж бололцоогоороо Т, А 2-т 1,500,000, 1,500,000 төгрөг гээд нийтдээ 3 сая төгрөг шүүх хурлын дараа маш хурдан өгсөн. Ялангуяа Т, А эгч 2 намайг хэлэх хэлэхгүй үгээр фейсбүүкээр мессенжерээр миний 3 хүүхэд рүү дээрээс нь миний хүүхдүүдийн эцэг рүү хэчнээн салсан ч бай тэр хамаагүй. Ер нь маш их дайрч давшилж байна. Би Б хойш нь тавиад энэ 2-т маш их чадлаараа би ажлаа хийгээд үсээ засаад энэ мөнгөө олж өгсөн. Тэгээд машиныхаа даатгалтай холбоо бариад эрүүл мэндийн даатгалын зүгээс 5 сая төгрөг 3 хүнд чинь хувааж хуваарилж өгөх боломжтой юм байна гэдгийг би сонсчихоод хөөцөлдөж гүйж өчнөөн зардал чирэгдэл болоод би Т эгчид 1,623,000 төгрөг би даатгалаасаа гаргуулж өгсөн байгаа. Тэгтэл яагаад ингээд намайг юу ч өгөөгүй юу ч хийгээгүй юм шиг ярьж байгаад нь би маш их гомдолтой байна. Би Ад эгчид 1,488,000 төгрөг даатгалаас гаргасан байна. Энэ мөнгө миний хувьд бол үнэхээр их мөнгө санагдаж байна. Би энэ мөнгөө олох гэж би өчнөөн хөдөлмөрлөж байгаа үр хүүхдүүдээ орхин ар гэрийнхээ хүүхдэдээ орхин байж хөдөлмөрлөж олж ирж байгаа. Бд нэг муу даатгалаас гэж ярьж байна ер нь 883,000 төгрөг миний хувьд их л мөнгө. Надад дарамт шахалт ирж байна. Цаашдаа ажлаа хийж байгаад би боломжоороо 500,000 төгрөгөөр цувуулж өгөөд байгаа. Тэгэхээр би боломжоороо энэ эрчээрээ цувуулж өгнө л гэсэн боломжтой байна. Би өөрөө зээлийн хар түүхтэй болчихсон. Надад 10 хэдэн саяар зээл гарахгүй байгаад байгаа учраас ямар ч банк нь дээр уулзаад боломжгүй байгаад байгаа учраас би 500,000 төгрөгөөр шүүхийн шийдвэрийн дагуу би цувуулж төлнө л гэсэн байр суурьтай байгаа.” гэв.
11.Иргэний нэхэмжлэгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хурал болоод даатгалаас 900,000 төгрөг машины засвар гэж өгсөн. Цагаан сар нь болох гэж байна онгорхой машинтай хэдэн сар явж байгаа билээ. Би өөр лүү нь залгаад ийм учиртай ингэмээр байна тэгмээр байна гэдэг дээрээ өөрөө жоохон гэмшилтэй зүгээр утсаар яриад хүнийг хүндлэх ёстой биш би цаг зав гаргаад О рүү залгаад яах гэж байгаа юм бол ийх гэж байгаа юм бол гэдгийг тодруулж асуух гэж байгаа бол би тэр хүнийг загнаад янз бүр болохгүй гэж бодож байгаа. Т манай эхнэр байнгын эм тарианы мөнгө гээд манай санхүү өөрснөө нялх хүүхэдтэй хүүхдээ ч харж чадахгүй ийм байдалд хүрчихсэн юм чинь мэдээж гэр оронд асуудал үүсэх тэрнээс болоод янз бүрийн санхүүгийн бид нар ямар асуудалтай байгаа билээ. Тэгэхлээр О эс орж ирсэн мөнгөөр л бид нар зээлээ төлөх машин тэргээ янзлахыг бодож байгаа болохоос түүнээс хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Түүнээс утсаа аваад хүн болгонтойгоо ярьдаг баймаар байна. Тэгээд ядаж өөрөө гэмш, гэмшихгүй байна.” гэв.
12.Хохирогч нарын өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ерөнхийдөө давж заалдах гомдол гаргасан үндэслэлээсээ өөрөөр гомдлоо тайлбарлаж байна гэж ойлголоо. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоё гэсэн гомдол гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөрөө яаралтай барагдуулаач гэдэг байдлаар тайлбараа хэлж байна. Тэгэхээр миний зүгээс хохирогч нарын тайлбар гомдлыг дэмжиж оролцож байна. Өөр хэлэх зүйл алга.” гэв.
13.Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эы үйлдсэн гэмт хэрэг бол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэм буруугийн талаар маргаагүй. Гагцхүү хохирогч нарын гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаан хийгдэж байгаа учраас хохирогч нарын гомдолтой холбоотой буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж оролцъё. Шүүгдэгч Эрдэнэ-Отгоны үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж прокуророос дүгнэж байгаа. Харин шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгчид тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар баримталсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд энэ саналыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний талаарх энэ өөрчлөлтийг хийж өгөөч гээд энэ нь бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна. Харин хохирогч нар хохирлыг богино хугацаанд хүлж өгөөч гэдэг хүсэлт нь өөрөө анхан шатны шийтгэх тогтоолоор шийдсэн шийдвэрийн үндэслэлтэй маргахгүй байгаа. Хэдийгээр анхан шатны шүүх хохирогч иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байгаа. Гагцхүү шүүгдэгчийн шүүхээс шийдсэн хохирлыг төлөхгүй байгаа асуудал дээр нь гомдол гаргаж байгаа учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэм буруугийн дүгнэлт нь үндэслэлтэй хохирол шийдсэн шийдвэр нь үндэслэлтэй байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэвээр үлдээнэ үү. Харин энэ шүүх хуралдаанаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг богино хугацаанд төлөх талаар шүүгдэгч хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн тал хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж оролцож байгаа учраас эрүүгийн хариуцлага оногдуулсан болон хохирогч нарын хохирлыг шийдвэрлэсэн талаар тусгайлан гаргах саналгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Б , хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С, Б.Т , Г.А нараас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд хуульд зааснаас доогуур буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан.
Мөн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлалгүйгээр тэнссэн, ингэхдээ мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан.
2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг заасан.
Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь “төлнө” гэж үгээр илэрхийлэхээс илүүтэйгээр бодит байдалд нийцсэн буюу хохирол төлөгдөх нөхцөл бодитой байх гэж ойлгохыг цаашид анхаарах нь зүйтэй юм.
Иймээс энэ тухай гаргасан хохирогч нарын давж заалдсан гомдлууд үндэслэлтэй байна.
3.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөлд хамаарч байх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг дахин хянан хэлэлцүүлж шийдвэрлэх боломжтой байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, хохирогч нарын давж заалдсан гомдлуудыг хангасугай.
2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС