Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б******* сум, ** дугаар баг, Э*******ийн ** дугаар гудамж *** тоотод оршин суух, Ш.Ж*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* банкны Б**** салбарын захирал Б.Б*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Х******* банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 48,971,191 төгрөг  гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай 304/2025/00163/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Ж*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүсэлтээр ажлаас гараагүй. Ажлын байрны дарамтанд орж ажлаас гарсан. Надад ажлаас гарах шийдвэр ирсэн гээд 2 хуудас баримтыг салбарын захирал Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минут өнгөрч байхад танилцуулсан. Уг баримтуудтай уншиж танилцаад гарын үсэг зураарай гэхэд нь би захирал Б.Б*******ад шийдвэрийг өөрчлөөд надад сахилгын арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт гаргасан. Захирал чиний хүсэлтийг хүний нөөцийн газар руу уламжилна, хариу ирэхээр нь дуудъя гэсэн. Хэсэг хугацааны дараа буюу 17 цаг 45 минутын үед захирал дахин дуудаж хүний нөөцийн газраас нэгэнт шийдвэр гаргасан, шийдвэрээ өөрчлөхгүй гэнэ,  чи наад хоёр хуудас  баримттай танилцаад тайлбараа бичээд гарын үсгээ зурчих гэсэн. Тэгээд би уг шийдвэрийг аваад танилцахад журмын заалтууд, үндэслэлээ сайн ойлгохгүй байсан тул уншиж танилцах шаардлагатай байна гээд өрөөндөө авч ороход 17 цаг 50 минут өнгөрсөн байсан. Гарын үсэг зурж өг гэх тулгасан шаардлагууд нь надад маш их дарамт болсон. Тэгээд би ажил дээрээ 19 цаг 30 минут хүртэл сууж тушаал дээрх хууль, журмын зүйл заалтуудтай танилцсан. Ажлын цаг дууссан тул маргааш болъё гээд ажлаас гараад явсан. 20 цаг болж байхад хүний нөөцийн ажилтан хоёр хуудас баримтан дээр яагаад гарын үсэг зураагүй явчихваа, салбарын захирал чинь хүлээгээд байж байна гэж утсаар хэлэхээр нь  20 цаг 30 минутад буцаж очсон.  Энэ өдрийн  үйл явдал надад маш их дарамт болсон.Хүний амьдралыг шийдсэн тушаал гаргачихаад хоёр хуудас баримт өгөөд гарын үсэг зур, тайлбараа бич гэж дарамталж байгаа юм. Яагаад шууд халах тушаал гаргаад байгаа юм бэ?, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэс дараалсан арга хэмжээ болох эхлээд сахилгын шийтгэл ногдуулах ёстой биз дээ гэж хүний нөөцийн газар руу болон салбарын захиралд зөндөө хэлсэн. Аудитын дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй холбогдуулан намайг ажлаас халах тушаал гаргасан. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажил дээрээ ирээд компьютерээ асаагаад программууд руугаа нэвтрэх гэтэл нэвтэрч болохгүй, миний бүх эрхүүдийг хүчингүй болгосон байсан. Тэгээд би захиралтай уулзахад хүний нөөцийн газраас л ойр ойрхон утасдаад хариугаа шаардаад байна гээд гарын үсэг зур гэж дарамталсан. Тэгээд би энэ үгэнд нь итгэсэн. Гэтэл сүүлд нотлох баримтуудтай танилцахад 1 сарын 16-ны өдөр захирал Ц.Б******* нь хүний нөөцийн газар руу ажлаас халах тухай саналаа явуулчихсан байсан.  Хөдөлмөрийн харилцаа цуцлах тухай тушаалыг 1 дүгээр сарын 23-ны өдөр  17 цаг өнгөрч байхад гардаж авсан. Би Хаан банкны мөнгөн хөрөнгөнд халдаагүй, банкинд ямар нэг хохирол учруулаагүй. Эсхүл үйлчлүүлэгчийн болон банкны мэдээлэлд халдаагүй. Тэгээд би хоёр зээлийн мэргэжилтэнд гар дээр байгаа цаасан материалуудаа хүлээлгэж өгсөн. Мөн компьютер дээр хийсэн ажлуудаа хүлээлгэж өгөх гэтэл миний нэвтрэх бүх эрхийг хүчингүй болгочихсон байсан тул боломжгүй болсон.  Тэр үед би захирлаас  надад сахилгын шийтгэл ногдуулж өгөхийг гуйсан. Намайг банкны хар жагсаалтад оруулах чиглэл өгсөн байсан. Би ямар гэмт хэрэг хийчихсэн юм уу?.  гэтэл зөвхөн аудитын дүгнэлтээс болж л надад ийм шийдвэр гаргасанд үнэхээр их  гомдож байна.  Гараар бичиж өгсөн хүсэлт бол миний хүсэл зориг биш. Яалт ч үгүй ажлын байрны дарамтанд орсон. Ажлаа өг, ажлаас халах тушаал гарсан, гарын үсэг зур гээд байгаа байдал нь өөрөө дарамт болоод байгаа юм. Хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа бол шалтгаанаа хүсэлтэн дээрээ бичдэг. Тэгтэл миний бие огт тэгээгүй. Ажлаас гарснаас хойш би сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэл санаа тогтворгүй болсон байгаа. Миний Хаан банкинд өнгөрөөсөн 20 жилийн хөдөлмөрийг зүгээр ингээд өнгөрөөж байгаад үнэхээр их гомдож байна. Би ганцхан Б******* захирлын өрөөнд орж л уйлж учир байдлаа тайлбарлаж хэлдэг байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээсээ татгалзаж байна гэх хүсэлт бичиж өгсөн ба энэ хүсэлтийн хариуг одоо болтол өгөөгүй байгаа. Надад сахилгын шийтгэл ногдуулаад өнгөрөөе гэж ерөөсөө бодоогүй, үйлдэл хийгээгүй. Иймд Хаан банкны Булган салбарын захирлын 25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацаа буюу 2025.01.23-ны өдрөөс 2025.11.13-ны өдрийг дуустал цалин 44,622,516, 2024 оны сүүлийн хагас жилийн урамшуулал 3,010,000,  гэрээний дагуу үндсэн цалингаас 3%-ийн хуримтлал 1,338,675 төгрөг/байгууллагаас олгох/, нийтдээ 48,971,111 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.  2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцсэн өдрийн цалинг гаргаж өгөөгүй гэв. 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х******* Банкны Төв банкны Салбарын аудитын газраас 2025 оны 01 дүгээр сарын 09- ны өдөр гаргасан Аудитын тайлангаар Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежер Ш.Ж*******тай холбоотой зөрчил илэрсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.”, мөн зүйлийн 123.3 дахь заалтад “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасан байна.

Дээрх заалтын дагуу ажилтны гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Х******* Банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчилд тооцогдож байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Салбарын захирал Б.Б*******аас ажилтан Ш.Ж*******д илэрсэн зөрчлийг мэдэгдэх, тайлбар авах уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар ажилтанд танилцуулсан “Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас” болон “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас”-ууд дээр ажилтан танилцсаныг баталгаажуулах зорилгоор гарын үсэг зуруулсан.

Ажил олгогчийн зүгээс шийдвэрийг урьдчилсан байдлаар ажилтанд танилцуулсны дараа Ш.Ж******* нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай өргөдлийг Х******* Банкны Булган салбарт бичгээр гаргасан. Ажилтны гаргасан өргөдөл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, мөн зүйлийн 79.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажил олгогчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 тоот тушаалаар Ш.Ж*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Иймд ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул Ш.Ж*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн аудитын тайлангаар Ш.Ж*******ын зөрчил илэрсэн. Түүний гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан нэхэмжлэгч Ш.Ж*******д арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.  Ажлаас халах шийдвэрийг миний бие дангаараа гаргаагүй, Х******* банкны хүний нөөцтэй ярилцаад мэдэгдэх хуудас танилцуулж, танилцсан тухай гарын үсэг зурсны дараагаар холбогдох арга хэмжээг авдаг. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Ж******* манай өрөөнд орж ирээд ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдах тушаал гаргуулмааргүй байна. Ийм тушаал гаргачихвал дараа дараагийн ажилд ороход сөргөөр нөлөөлж ажил олдохгүй байж мэднэ, нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг. Би залуу хүн байна, дараа дараагийн ажлаа бодъё гэж хэлээд хүсэлтээ бичиж өгсөн. Үүний дагуу нэгэнт хүсэлтээ гаргачихсан юм чинь ажлаа хүлээлгээд өгчих үү? гэдэг байдлаар ярилцаад ажлаа хүлээлцэж өгсөн байгаа. Мөн надад хүсэлтийг нь дангаараа шийдвэрлэх эрх байхгүй. Би уг хүсэлтийг төв Хаан банкны хүний нөөцийн газар руу хүргүүлсэн. Би Ш.Ж*******ын энэ банкинд зориулсан 20 гаруй жилийн хөдөлмөр, үр бүтээлийг үнэлж хүсэлтийг нь явуулахдаа ажлаас шууд халуулахгүй гэсэндээ нэлээдгүй тайлбар бичиж, ажлаас халахаас өөр сахилгын шийтгэл авахуулах гэж хүний нөөцийн холбогдох хүмүүс рүү ярьсан. Миний хувьд Ш.Ж*******ыг загнаад, дарамтлаад ажлаа өгөөч гээд байсан зүйл байхгүй. Харин ч өөрийнх нь хүсэлтийг дээд байгууллагадаа илэрхийлж түүний хүссэнээр шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Харин ажлаас халах шийдвэр 22-ны өдөр гарсан ба өөрийн хүсэлтээр гэдгийг ярилцаж байж шийдвэрлэсэн. Хаан банкны цахим системд нийтдээ Монгол Улсын хүн амын 80%-ийн хувь хүний мэдээлэл байж байдаг ба харилцагчийн мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх үүргийн хүрээнд ажлаас гарч болзошгүй ажилтны эрхийг хаах үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу миний бие хүний нөөц, цахимын мэргэжилтнүүдтэй зөвшилцөж байж дотоод дүрэм журамд заасны дагуу эрхийг нь хаасан. Х******* банкинд эрх хааснаараа ажил байхгүй болно гэж байхгүй. Өөр олон ажил байгаа. Хаан банкинд ажиллах нөхцөл боломжгүй болгосон гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Ж*******ыг оруулахгүй шүү гээд хаалгаа түгжээгүй. Тухайн өдөр Хаан банкны цахим систем рүү л орохгүй болохоос биш бусад ажил их байсан. Ажлаас халах туйлын хүсэлт зорилготой байсан гээд байна. Миний бие захирал болсноос хойш Ш.Ж*******ыг албан тушаал дээшлүүлээд захирлуудын зөвлөлд оруулж Булганы Х******* банкны үйл ажиллагааг сайжруулахын тулд 6 жилийн туршид хамтран ажилласан. Энэ ч утгаараа ажлын үзүүлэлт нэлээдгүй өсөж олон шагнал урамшууллыг авсан. Надад бол төдийгөөс өдий хүртэл хамт ажилласны хувьд ажлаас халах зорилго байхгүй. Хамт олны дунд намайг хахир хатуу гэж хэлж байхыг нэг ч удаа сонсож байгаагүй. Харин ч олон жил ажилласан хүч хөдөлмөрийг нь бодоод хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэсэн. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээ буцаан авах хүсэлт өгсөн. Х******* банк хувийн хэвшлийн байгууллага, хариу өгөх эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний  асуудал. Ш.Ж******* надтай уулзаж байхдаа надад мэдэгдэлгүйгээр ярианы аудио бичлэг нууцаар  хийсэнд их гомдолтой байна. Тэр үед би Х******* банкны захирал гэдэг утгаар Ш.Ж*******тай уулзаагүй, хувь хүн Ц.Б*******ын хувиар ярилцсан байгаа. Нэгдүгээр сарын 22-ны өдөр тухайн хоёр баримт дээр гарын үсгээ заавал зур гэж хэлсэн нь үнэн. Ямар ч нэг арга хэмжээ авагдсан ажилтныг тухайн хоёр хуудас дээр гарын үсэг зуруулж авдаг юм. Урамшууллын хувьд хаанаас хэрхэн бодож гаргаж ирснийг мэдэхгүй байна. Ажилтан болгонд хагас болон бүтэн жилээр үнэлгээ хийгддэг. Тэр үнэлгээ нь яаж хийгддэг вэ? гэхээр бизнес сорилгын үнэлгээ, ажилтны зан төлөвийн үнэлгээ гэх хоёр үнэлгээ гардаг. Тухайн үед хагас жилээс хойших үнэлгээг жил болгоны цагаан сарын баяраас өмнө ирүүлдэг юм. Ш.Ж*******ын үнэлгээ шийдвэр гарч байхад гараагүй байсан бөгөөд 2024 оны үнэлгээ нь 4 буюу сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн байсан. Ийм үнэлгээтэй ажилтанд урамшуулал олгогддоггүй. Банкны ажилтны 3%-ийн хуримтлалын хувьд  сар болгон 3%-ийг ажилтны цалингаас нь өөрийнх нэр дээр данс нээж хуримтлал үүсгээд, 5 жилийн дараа тухайн ажилтанд эргүүлээд өгдөг. Ингэхдээ тухайн цугласан мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгийг Х******* банк нэмж  өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Х******* банкны захирал үйлдэл, эс үйлдэхүйгээрээ  ажлын байрны дарамтад оруулж, нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт бичихэд хүргэсэн. Энэ хүсэлт бол миний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй,  ажлын дарамтад орж, аргагүй байдалд хүрсэн гэж нэхэмжлэгч Ш.Ж******* тайлбарлаж байгааг шүүх анхаарна уу. Салбарын аудитын газрын тайлан 01 дүгээр сарын 09-ний өдөр ирж, 01 дүгээр сарын 16-ны өдөр салбарын захирал ажлаас халах саналыг Төв Хаан банкны хүний нөөц рүү явуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлд дурдсан асуудалд хариу тайлбар болгосон байна. Аудитын хэсэгчилсэн тайлан гараагүй байсан бол асуудал энэ хэмжээнд огт хүрэхгүй байх байсан. Аудитын дүгнэлттэй гэсэн шалтгаанаар ажлаас халж байгаа тохиолдолд нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоох ёстой. Төв Х******* банкны хүний нөөцийн захирал Чулуунцэцэг нь хүсэлтийг хүлээж ав,  банкны хар жагсаалтад оруул гэсэн чиглэл өгсөн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Сахилгын арга хэмжээ ногдуулах заавар журам гэж байгаа. Энэ журмын 5.8 дугаар заалтад “хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тохиолдолд ажилтан заавал тайлбар авах шаардлагагүй ба ажилтан хүлээн зөвшөөрөхөөс үл хамааран ажилд олгогч шийдвэрээ танилцуулан гардуулна” заасан,  ERP цахим программ дээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахдаа тухайн ажилтнаас тайлбар авах, тайлбар авахгүй байж болно гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна. Журмын 8.1 дээр ажилтан сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргаж болно гэж заасан атлаа ямар нэг тайлбар, гомдол, хүсэлт авалгүйгээр ажлаас нь халж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгээд Ш.Ж*******ын ажлаас чөлөөлөгдье гэх хүсэлтийг нь хүлээн авсан хэдий ч хар жагсаалтад оруул гэж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, цаашлаад ажлаас халах туйлын хүсэл зоригоо хангасан гэж харагдахаар байна. Дээрээс нь гэрчүүд мэдүүлэг өгөхдөө тушаал гараагүй байхад бид ажлыг нь хүлээж авсан гэдэг. Ажил хүлээлцэх комиссыг тушаал гаргаж баталдаг. Гэтэл мөн адил тушаал гаргаагүй байж ажил хүлээлцүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Дотоод аудитын хийсэн шалгалтаар зөрчил илэрч, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь дотоод хяналт, аудитын гаргасан тайлангаар нотлогдсон. Нэхэмжлэгч Ш.Ж******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болох хүсэлтийг дээд шатны албан тушаалтанд гаргасан байдаг. Энэ нь ажилтны хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажлаас чөлөөлөх тушаал бол хууль ёсны эрх зүйн акт юм. Талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний 5.3-т ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажилтан өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчид гаргана. Мөн гэрээний 5.4-т ажил олгогч ажилтны гаргасан хүсэлтийг авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тодорхой заажээ. Харин ажил олгогч ажлаас гарах хүсэлтээ өгөөд 30 хоногийн дараа ажил олгогч тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй байх юм бол ажлаа хаяад явж болох зохицуулалт юм. Түүнээс биш ажил олгогчийн зүгээс 30 хоногийн дараа тушаалаа гарга, эсхүл 30 дахь хоног дээрээ тушаалаа гарга гэсэн зохицуулалт биш юм. Ажил олгогч нэгэнт тодорхой болсон асуудал дээр түргэн шуурхай ажиллаж байгууллагынхаа үйл ажиллагааг тасралтгүй явуулах гэсэн илэрхийлэл байна. Нэхэмжлэгч Ш.Ж*******ыг ажлын байрны дарамтад оруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ярианы бичлэгээр нотлогдохгүй байна. Банкны салбар онцлогтой учир банкинд ажиллаж байгаад гарсан иргэнийг бусад банк, санхүүгийн байгууллага асуудалтай гэж үзээд ажилд авдаггүй юм гэж тайлбарлаад байна. Мөн би захирал, удирдлагуудын дарамтад орж хүсэлт бичсэн гээд байна. Ш.Ж******* нь Х******* банкны Булган салбарт 22 жил орчим ажилласан, удирдлагын түвшинд ажилладаг банкны салбарын дээд албан тушаалтан юм. Энэ ч утгаараа тэрээр Х******* банкны системийн хүрээнд хэрэгжиж байгаа дүрэм, журам, зааврын талаар сайн мэдлэгтэй, туршлагатай гэж харагдаж байна. Тэгэхээр дүрэм, журмаа мэдэхгүй гэж яриад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Түрүүн шинжлэн судлагдсан ярианы бичлэгүүд дээр салбарын захирал Б.Б*******ын зүгээс дарамт, шахалт үзүүлсэн гэх нөхцөл байдал огт тогтоогдсонгүй. Үйлдэл хийгээд тэрнийх нь дагуу шалгалт хийгээд зөрчил илэрч, илэрсэн зөрчилд хуульд заасан арга хэмжээ авч байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Ш.Ж*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-“Х******* банкны ажилтанд сахилга, хариуцлага ногдуулах заавар”-ын хавсралт, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас”,

-“Х******* банкны ажилтанд сахилга, хариуцлага ногдуулах заавар”-ын хавсралт, “Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас”,

-Х******* банкны захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай” 5270/0011/25 дугаартай тушаал,

-Х******* банкны Булган салбарт Ш.Ж*******ын бичгээр гаргасан хүсэлт,

-Х******* банкны захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай” 5270/0019/23 дугаартай тушаал,

-Х******* банкны салбарын аудитын газарт Ш.Ж*******ын гаргасан тайлбар,

-Х******* банк Булган салбарын захирал Б.Б*******, ажилтан Ш.Ж******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”,

-Булган аймгийн Булган сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ш.Ж*******ын гаргасан гомдол,

-Сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр

-2025 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, цалингийн хуримтлалын 3 хувийн тооцоолол,

-2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, цалингийн хуримтлалын 3 хувийн тооцоолол,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тухай тодорхойлолт,

-Хариуцагч Ц.Б*******тай хийсэн уулзалтын үеэр гар утсаар бичсэн аудио бичлэг

7.Хариуцагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн

-Хариуцагчийн хариу тайлбар,

-Нэмэлт тайлбар,

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

-Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

-Х******* банк ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам,

-Х******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01/255 тоот тушаалын хавсралт “Ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам, хавсралтууд”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь,

 

8.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтын дагуу Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Х******* банкны захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай” 5270/0019/23 дугаартай тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Х******* банк Булган салбарын захирал Б.Б*******, ажилтан Ш.Ж******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, Х******* банкны захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” 01/01 дугаартай тушаал, Х******* банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01/01 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, гэрч Б.Батхишиг, О.Мөнхбат, Х.Байгаль, Ч.Ганбаатар нараас асууж авсан мэдүүлэг, Х******* банк аудитын тайлан, Ш.Ж*******ын цалингийн тооцоолол, цаг бүртгэл, ажил хүлээлцсэн акт, фото зураг, Х******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х******* банк ХК-ийн салбарын аудитын газрын хэсэгчилсэн аудитын тайлан, Х******* банкны захирлын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдээлэл Технологийн системд хандах эрхийг зохицуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 01/254 дугаартай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/254 дугаартай тушаалын хавсралт, Х******* банкны ажилтанд сахилга, хариуцлага ногдуулах заавар, ERP системд хадгалагдаж буй REQ/16/01/25/004 дугаар сахилгын шийтгэлийн хүсэлт болон тухайн сахилгын зөрчилд авах арга хэмжээг хянах, санал гаргах эрх бүхий албан тушаалтнуудын саналын түүх, Салбарын захирал Б.Б******* /[email protected]/-аас Хүний нөөцийн зөвлөх Э.Ч******* /[email protected]/-рүү 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн “Булган салбар-халах тушаалыг өөрийн хүсэлт болгох” гарчигтай цахим шуудан, Х******* банк ХК-ийн захирлын 2022 оны 01 сарын 06-ны өдрийн “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай” 06/58 дугаартай тушаал, Х******* банк ХК-ийн захирлын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн “Төлөөлөх эрх олгох тухай” 01/466 дугаартай тушаал, Ш.Ж*******ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бичгээр гаргасан гомдол,  нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Ж*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хангахаас татгалзах нь зүйтэй байна. 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Хаан банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, үндсэн цалин, цалингийн 3 хувийн хуримтлал, 2024 оны 4 дүгээр улирлын урамшуулал гэж нийт 48,971,191 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Хариуцагч нь Х******* Банкны Төв банкны Салбарын дотоод аудитын газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Аудитын тайлангаар Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежер Ш.Ж*******тай холбоотой зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтад “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.”, мөн зүйлийн 123.3 дахь заалтад “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасан байна.

Ажилтны гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Х******* Банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчилд тооцогдож байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Салбарын захирал Б.Б*******аас ажилтан Ш.Ж*******д илэрсэн зөрчлийг мэдэгдэх, тайлбар авах уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар ажилтанд “Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж тайлбар авах хуудас” болон “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас”-аар танилцуулсан.

Ажил олгогчийн зүгээс шийдвэрийг урьдчилсан байдлаар ажилтанд танилцуулсны дараа Ш.Ж******* нь Салбарын захиралд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг тавьж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай өргөдлийг Х******* Банкны Булган салбарт бичгээр гаргасан байна. Ажилтны гаргасан өргөдөл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, мөн зүйлийн 79.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 тоот тушаалаар Ш.Ж*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

     4.1.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар Хаан банкны салбарт ажилд орж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0019/23 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, ажилд авах тухай” тушаалаар Булган салбарын Зээлийн багц хариуцсан менежерийн ажлын байранд сарын 4,300,000/2025 оны 01 дүгээр сарын байдлаар/ төгрөгийн цалинтай ажиллажээ./ХХ-ийн 50-51х, 5х/

            4.2.Х******* Банкны Төв банкны Салбарын аудитын газраас 2024 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид шалгаж байгаа талаар танилцуулж, 2025 оны  01 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан Аудитын тайлангаар нэхэмжлэгч Ш.Ж*******ыг ”...албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн танилын хүрээнд бусдад давуу байдал үүсгэсэн, эрх бүхий субъектийн зөвшөөрөл шийдвэргүйгээр 13,825,236 төгрөгийн төлбөрт тооцон авсан Банкны үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхтэй газрын 3,5 сая төгрөгөөр худалдах хэлцэл хийсэн, сонирхлын зөрчил үүсгэсэн, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Банкны зээлээр санхүүжүүлж худалдан борлуулахдаа үл хөдлөх хөрөнгийн лавлагааны үнийн дүнг засварлаж хуурамч баримт бүрдүүлсэн, банкийг хууран мэхлэх үйлдэл гаргасан” гэх зөрчил гаргасан гэж дүгнэжээ. “ХХ-ийн 117х-119х”

             4.3.Хариуцагч Б.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт нэхэмжлэгчийг өрөөндөө дуудаж “сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас”-ыг танилцуулж, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах тул ажлаас халах, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон талаар мэдэгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээлцсэн үйл баримт талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байна./ХХ-ийн 99-105х/

            4.4.Х******* банкны салбарын аудитын газрын тайлан, түүнд үндэслэн гаргасан ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 22-нд танилцуулж, мөн өдрийн орой ажилруу нь буцааж дуудсан, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа ирэхэд байгууллагын дотоод сүлжээ, ажлын компьютерт ажилтны домайн нэрээр нэвтрэх боломжгүй болгосон зэрэг үйлдэл нь намайг аргагүй байдалд оруулж “өөрийн хүсэлт” бичиж өгөхөд хүргэсэн тул би хүсэлтээ бичиж өгсөн, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас гарах хүсэлтийг буцааж авах талаар бичгээр хүсэлт өгсөн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн хүсэлт, уг хүсэлтийг буцаах тухай 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бичсэн хүсэлт зэргээр нотлогдож байна./ХХ-ийн 109-116х/   

            4.5.Ш.Ж*******д Салбарын аудитын газрын тайлантай холбоотойгоор ногдуулах сахилгын шийтгэлийг Х******* банкны ШУАлбаны захирлуудын зөвлөл хэлэлцэж, шийдэл нь “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж гарсан, үүний дагуу “сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас” ирснийг түүнд танилцуулах ажиллагаа хийгдсэн, нэхэмжлэгч “банкны ажилтан зөрчлөөр ажлаас халагдах нь цаашдын ажил амьдралд сөргөөр нөлөөлөх тул өөрөө хүсэлтээ гаргая” гэсний дагуу түүний хүсэлтийг төв Х******* банкинд хүргүүлсэн, төв банкнаас  зөвшөөрсөн хариу ирүүлснээр 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн үдээс хойш тушаалыг албажуулж өгсөн нь зохигчийн тайлбар, ШУА-ны захирлуудын хариуцлага хүлээлгэх талаарх харилцан яриа, албаны цахим шуудангийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./ХХ-ийн 186-188х/

 

            5.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.8.-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

6.Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь заалтад нийцэж байна.

7.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажлын байрны дарамтын улмаас өгсөн гэж тайлбарлаж,  “сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тайлбарлах хуудас”-т гомдол гаргах боломжит хугацаа олгоогүй, уг зөрчил нь ажлаас халах хэмжээний шийтгэл оногдуулах зөрчил биш тул тохирох шийтгэл оногдуулах талаар хэлсэн боловч хүлээж аваагүйд гомдолтой байна гэж байгаа ч Салбарын аудитын тайланд гомдол гаргаагүй төдийгүй 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус газарт гаргасан тайлбартаа “...тус татвар бага төлөгдсөн үл хөдлөх хөрөнгийн лавлагаан дээрх дүнг зассан асуудлыг ажилтан би хийсэн тул ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй ажиллах болно оо” гэж, Салбарын аудитын тайланд “...миний бие өөрийн Үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа ёс зүйгүй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа билээ...” /ХХ-ийн 18х, 118х/ гэсэн түүний тайлбар авагдсан нь нэхэмжлэгч Х******* банкны ЗБ-ын 2.2.5.3, 2.2.5.8, ЗҮАЖ-ын 4.4.1, 4.23.18, ЁЗД-ийн 5.1 дэх заалтуудыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээ бичгээр гаргаж, ажил олгогчид өгсөн үйл баримт дээр талууд маргаагүй, харин хүсэлтээ  ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр  зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргаагүй гэж  байгаа нь тогтоогдсонгүй.

Учир нь ажил олгогчоос ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэх ажиллагаа хийх үед нэхэмжлэгч  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр гаргасан хүсэлтийг ажил олгогчид өгсөн, дээрх мэдэгдэх үйл ажиллагааг ажил олгогчоос явуулахдаа ажлын байрны дарамт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ажлын байрны дарамт, зүй бус нөлөөллийн талаар гомдол гаргаагүй үйл баримт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Ш.Ж*******ын хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай бичгээр гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд  түүнийг ажил олгогч хүлээн авч шийдвэрийг өөрчилж ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Х******* банкны хэмжээнд ажлын байрны дарамт хүчирхийллийн асуудлыг “Ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам”-аар зохицуулдаг бөгөөд уг журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг Х******* банкны ёс зүйн дэд хороо энэ журмын хүрээнд харьяалан шийдвэрлэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч энэ журмын дагуу гомдол гаргаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс хүч хэрэглэсэн, зүй бус нөлөөлөл үзүүлж хүсэлт бичүүлсэн гэх нотлох баримт гаргаагүй байна.

9.2025 оны 01 дүгээр сарын 25-ний өглөө ажил дээрээ ирээд домайн нэрээр банкны дотоод системд нэвтрэх боломжгүй болсон, цагаа бүртгүүлж чадахгүй болсон нөхцөл байдал нь намайг аргагүйн эрхэнд хөдөлмөрийн харилцаа цуцлах хүсэлт гаргахад хүргэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн “...ажлаас гарч болзошгүй ажилтнуудын нэвтрэх эрхийг банкны мэдээллийн аюулгүй байдлын үүднээс түр түдгэлзүүлдэг” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь Х******* банкны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод  журмын 3.5-д “...Хүний нөөцийн холбогдох нэгж, орон нутагт салбарын захирал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа ажилтны банкны мэдээлэл технологийн системүүдэд хандах эрхийг устгуулах,... үүргийг хүлээнэ.” 3.5.4-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж болзошгүй байгаа ажилтны тухайд ШУА нь Мэдээллийн аюулгүй байдлын газрын Security Operations Center /SOC/ мэргэжилтэнд тухай бүр мэдэгдэж мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй.” гэж заасны дагуу салбарын захирал чиг үүргээ хэрэгжүүлжээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч хөдөлмөрийн сахилгын зөрчилд арга хэмжээ авсан шийдвэр гараагүй байхад ажилтан өөрийн хүсэлтээ өгснийг ажил олгогч хүлээн авч шийдвэрээ өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч тал Х******* банкны ажилтанд сахилга, хариуцлага ногдуулах зааврын 5.8, 8.1 дэх заалтуудыг зөрчсөн, эдгээр заалтууд нь хөдөлмөрийн хууль зөрчсөн байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч түүний өөрт ногдуулсан сахилгын шийтгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн дагуу ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэртэй холбогдуулан маргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн болохын дурдах нь зүйтэй.

Иймд Ш.Ж*******ын гаргасан хүсэлт нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллийн шаардлагыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан хүсэлт байх тул  Хаан банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

10.Хөдөлмөрийн тухай 127 дугаар  зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” Гэж заасан тул нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал нийт 48,971,191 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 11.Х******* банкны Булган салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааг 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдөрт багтаан ажил хүлээлцүүлэхийг салбарын ерөнхий нягтлан бодогч Н.Батжаргал, зээлийн мэргэжилтэн Х.Байгаль, Ч.Ганбаатар нарт үүрэг болгосон бөгөөд тухайн өдөрт багтаж ажил хүлээлцүүлж  дууссан үйл баримттай  талууд маргаагүй. Харин Х******* банкны  цагийн бүртгэлд нэхэмжлэгчийн 23-ны өдөр ажилласан цаг бүртгэгдээгүй,  23-ны өдрийн цалин олгосон гэдгийг хариуцагч шүүх хуралдаанд нотлоогүй байх тул  хэрэгт авагдсан  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн цалин болох 215,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 12.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь 2024 оны сүүлийн хагас жилийн урамшуулал 3,010,000 төгрөг, банкны ажилтны 3 хувийн хуримтлалын байгууллагаас гаргах 1,386,675 төгрөг нэхэмжилсэн ч эдгээр мөнгөн дүнг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил олгогчтой хийсэн уулзалтуудын талаарх бичлэгийг хариуцагчид мэдэгдээгүй хийсэн бичлэгийг өөртөө зориулж хийж авсан гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

            13.Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтын дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтын дагуу хариуцагчаас 7100 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Х******* банкнаас 215,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шаравдоржийн Ж*******д олгож, Х******* банкны салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5270/0011/25 дугаар тушаалыг хүчингүй болгож,  ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 48,756,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, төрийн сангаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж*******д олгож,  хариуцагч Х******* банкны Булган салбараас 7100 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.ХИШИГДАВАА