| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0625/Э |
| Дугаар | 632 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 632
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Д овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00365 0235 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Б.Н, Монгол Улсын иргэн, ........аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бул гурав, хоёр дүүгийн хамт .........тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ............
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр оройн 21 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Партизаны замд “Тоёота ландкруйзер” загварын 29-65 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Г.Н-ийн жолоодон явсан “Тоёота марк-2” загварын 97-69 УБИ улсын дугаартай автомашиныг мөргөж, уг автомашинд зорчин явсан З.Тунгалагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Д овогт Б.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн оройн 21 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Партизаны замд “Toyota Land Cruiser-80” загварын 29-65 УНЧ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Г.Н-ийн жолоодож явсан “Toyota Mark-2” загварын 97-69 УБИ улсын дугаартай автомашиныг мөргөж, уг автомашины зорчигч З.Тунгалагийн бие махбодод “зүүн 5, 6-р хавирганы зөрөөтэй, 7-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн шуу, сарвуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, бусдын эд хөрөнгөд нийт 1,139,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйлгүй. Надад хэргийн үйл баримт, прокурорын зүйлчлэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой маргаан байхгүй бөгөөд би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон...” гэв.
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би Б-ийн Хужирт гэдэг газарт байдаг ээжийнх рүүгээ О, П, Н нарын хамт очиж хоёр хоносон. Бид Н-ийн эзэмшлийн “Тоёота Марк-2” загварын 97-69 УБИ улсын дугаартай автомашинтай явсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний оройн 10 цаг 10 минутын үед ээжийнхээс гараад явж байтал өөдөөс хурц гэрэлтэй автомашин ирж байхаар нь Н эгч гэрлээ шилжүүлсэн чинь өөдөөс ирсэн автомашин гэрлээ шилжүүлэхгүй байсан бөгөөд Н эгч “гэрлээ шилжүүлэхгүй байна” гэж хэлэх үед тас няс гээд нүд ирмэхийн зуур л мөргөлдчихсөн. Тэгээд манай машин эсрэг урсгал руу ороод далан руу тонгойгоод зогссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),
3. Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Партизаны сангийн аж ахуйн замаар Улаанбаатар хот руу зүүнээсээ баруун зүгт явж байсан. Н эгч “Марк-2” загварын 97-69 УБИ дугаартай автомашинаа ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай жолоодоод, би жолоочийн арын суудалд суугаад, миний хажууд манай дүү Ч.П суугаад, жолоочийн хажуу талд Т суугаад явж байсан. Тухай үед би унтаж явсан бөгөөд түс тас гээд л шил хагараад ороод ирсэн. Тэгээд сэрээд харахад машин доошоо тонгойсон байдалтай би хөл дээрээ суучихсан байсан. Тэгээд Тунгалаг “ёо ёо ёо, цээж, цээж” гээд орилоод байсан. Тэгсэн хоёр залуу гүйгээд ирсэн. Тэгээд хэсэг цочролын байдалтай байж байтал Партизаны түргэн ирээд Т бид хоёрыг суулгаад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. ...Ослын улмаас хоёр хөл хөхөрч хавдсан, баруун хацар хавдсан, дотор муухай оргисон. Өөр гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар хуудас),
4. Гэрч С.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр 24-ний орой 17 цаг өнгөрч байхад манай захирал М утсаар яриад “дугуй хагарчихсан хий гараад байна, чиний автомашины ард дугуй хийлэгч байгаа биздээ” гэхээр нь би “миний ард байхгүй, А-ийн автомашины ард байгаа” гэж хэлсэн. Тэгээд би А-тай уулзаад А-ийн “Тоёота Приус-20” загварын автомашинтай Хүй 7 худаг руу захирал дээр очиход захирал М 29-65 УНЧ улсын дугаартай автомашинтай, тэгээд худалдаж авсан 24-49 УБВ гэсэн дугаартай автомашины эзэн залуу, мөн Н нар байсан. Тэр үед захирал, машин худалдаж авсан залуу хоёр согтуу байсан тул “намайг Н-т чирэгдээд яв” гээд өөрөө А-гийн автомашинд нөгөө ахтай цуг суугаад урд гараад явсан. Тэгээд 361-ийн гарамаар гараад хойш партизаны сангийн аж ахуйн замаар ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал тас гээд л явчихсан. Н огцом тоормос гишгэсэн. Тэр үед би мөн тоормос гишгэсэн боловч араас нь мөргөсөн бөгөөд би жолооны хүрдээ баруун гар тал руугаа дараад зогссон. Тэгээд хартал нөгөө мөргөлдсөн автомашин харагдахгүй байхаар нь буугаад орчин тойрноо харахад манай урсгалын замын хажуу талруу урд хэсгээрээ тонгойгоод зогчихсон байсан. Тэгээд яваад очиход цагаан өнгийн суудлын автомашин байсан бөгөөд жолооч нь нэг ахтай цуг машинаасаа гарчихсан машин дотор 2 эмэгтэй хүн байсан. Тэр үед жолоочийн хажуугийн суудал дээрх нэг эгч гарч чадахгүй ёолж байсан. Тэгэхээр нь Н жолооч талын хаалгаар ороод, би арын хаалгаар ороод сандлынх нь түшлэгийг арагш хэвтүүлж байгаад жолоочийн хаалгаар тэр эгчийг гаргасан.Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгсэн партизаны эмнэлэгээс эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62 дугаар хуудас),
5. Гэрч Ч.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр 24-ны орой 21 цаг өнгөрөөд 22 цаг дөхөж байхад Партизаны замаас Улаанбаатар хот руу чиглэлтэй “Тоёота Марк-2” загварын цагаан өнгийн автомашинтай явж байсан. Н эгч автомашин жолоодож, Тунгалаг эгч хажуу талд нь сууж, О эгч бид хоёр арын суудал дээр сууж явсан. Бид ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байхад өөдөөс автомашины гэрэл харагдсан. Тэгээд л түс тас гээд явчихсан. ...Нэг мэдэхэд замын эсрэг тал руу далан руу тонгойгоод зогсчихсон байсан. Би нэг хэсэг манарчихсан байсан бөгөөд “юу болов” гээд хаалгаа онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан. Тэр үед Т эгч урд ёолоод орилж байсан. Тэгтэл нөгөө мөргөлдсөн автомашины жолооч нар ирж хаалгыг татаж онгойлгож өгсөн. Тэгээд би автомашинаас буугаад нөгөө жолооч нартай нийлж Т эгчийг машинаас өргөж буулгаад газар хэвтүүлэсэн. Дараа нь түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд Тунгалаг эгчийг аваад явсан. О эгч гэмтэл рүү хамт явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122-123 дугаар хуудас),
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5477 дугаартай “...З.Т-ийн биед зүүн 5,6 дугаар хавирганы зөрөөтэй, 7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарааал, зүүн шуу, сарвуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 72 дугаар хуудас),
7. Шүүгдэгч Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 96 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас),
9. 2018 оны 4 дүгээр 24-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-03-12 дугаар хуудас),
10. 2018 оны 4 дүгээр 24-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх 6-12 дугаар хуудас),
11. ”Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан Г.Н-ийн эзэмшлийн “Тоёота марк-2” загварын 97-69 улсын дугаартай автомашинд нийт 1,139,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон автомашины техникийн эвдрэл, хохирлыг үнэлгээ (хх-ийн 82 дугаар хуудас),
12. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Осол болсны дараа би машинаас буугаад хартал нөгөө машин харагдахгүй байсан. Тэгээд би “явчихсан юм байх” гэж бодож байтал замын хажуу талд нэг юм хөдлөх шиг болохоор нь очоод хартал нөгөө машин замын хажуу руу орчихсон байсан. Тэгээд би өөрийн 99981885 дугаарын утсаар цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн утсанд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 134-135 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэдэг нь эрүүл мэндийн шинжлэх ухааны хүндэвтэр зэргийн гэмтэл гэх ойлголтыг агуулах бөгөөд гэмтлээс үүдэх эд мөнгөний зардлыг өөртөө багтаасан өргөн ойлголт юм. Иймд хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх хууль зүйн ойлголтоос агуулгын зөрөөгүй гэж үзнэ.
Хохирогч З.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангах бөгөөд бусдын эд хөрөнгөд 1,139,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжид үл хамаарна.
Хохирогч З.Т, иргэний нэхэмжлэгч Г.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Б.Н-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас 97-69 УБИ улсын дугаартай автомашиныг мөргөж, уг автомашины зорчигч З.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, гэм хорын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгч Б.Н-ыг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтныг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно” хэмээн шүүхийн эрх хэмжээний хүрээнд сонгох боломжтойгоор хуульчилсан бөгөөд шүүх Б.Н-ын хувийн байдал болон хохирол, гэм хороо бүрэн төлж барагдуулсан байгааг харгалзан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Н-ын 722750 дугаартай В ангиллын жолооны түр үнэмлэхийг өөрт нь, 01682823 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь тус тус буцаан олгох нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч холбогдох ажиллагаа явуулж болох авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хороос үүдэлтэй иргэний нэхэмжлэлийг хангуулах зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжлээгүй, мөн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхэд ирүүлэх нь илүүц болохыг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино. Харин шүүгдэгчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хадгалагдах тул шүүгдэгчийн жолоодох эрхийн үнэмлэх, түүнтэй адилтгах бусад бичиг баримтыг шүүхэд ирүүлэх нь зүйн хэрэг.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овогт Б.Н-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт болох 722750 дугаартай В ангиллын жолооны түр үнэмлэхийг шүүгдэгч Б.Н-т, 01682823 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Д.Э-т тус тус буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА