Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

  

    Б.Б, Ш.Т нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Ч.Батзориг /цахимаар зайнаас/,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч Ш.Тийн өмгөөлөгч: Э.Тулгаа,

шүүгдэгч Б.Б

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Ч.Батзоригийн эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Ш.Т нарт холбогдох 2120000440063 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.* Ц овогт Б.Б,

1.2.* Б овогт Ш.Т,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь "С" ХХК-ийн төлөөлөгч Г.О 2021 оны 04 дүгээр сард "С" ХХК-ийн нэр дээр * улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т" ХХК-ийн жагсаалтад оруулахаар нөлөөлөн эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласны улмаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн захиргаанаас "С" ХХК-д хамааралгүй улсын *  улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлж, Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн *  байрлах * авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2021 оны 04 сарын 09-ний өдөр * улсын дугаартай, 2021 оны 04 сарын 10-ны өдөр улсын *  дугаартай, 2021 оны 04 сарын 12-ны өдөр улсын * дугаартай, 2021 оны 04 сарын 17-ны өдөр улсын * дугаартай, 2021 оны 04 сарын 18-ны өдөр улсын * дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг тус тус нэвтрүүлэх чиглэлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өгч нэвтрүүлэн давуу байдал бий болгосон, 

Дорноговь аймгийн * сум болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хот хооронд ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг найз болох хахууль өгөгч Ш.Тийн Коронавирус халдвар /Ковид-19/ цар тахлын үеэр Волво загварын улсын * , * улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай байнга нэвтрүүлэн ашиг олох..." гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 12 сарын 22-ны өдөр тус тус 4 удаагийн үйлдлээр, Волво загварын улсын * дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 10 сарын 04-ний өдөр, 12 сарын 20-ны өдөр, 2021 оны 02 сарын 03 болон 25-ны өдрүүдэд тус тус 7 удаагийн үйлдлээр, Волво загварын улсын *  дугаартай ачааны тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн *  байрлах * авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 07 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг буюу нийт 9,200,000 төгрөгийг Голомт банкны *  тоот дансаар хахуульд авсан, 

шүүгдэгч Ш.Т нь Дорноговь аймгийн * боомтоор 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын * дугаартай тээврийн хэрэгслийг 4 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж, 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2021 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд *  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 7 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус Голомт банкны *  тоот данс руу шилжүүлж Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Б.Бийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 9,200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

3.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Ш.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Б /РД: */, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.Т /РД: */ нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Т нарыг цагаатгаж,

цагаатгагдсан этгээд Б.Бт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Ш.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Б.Б 2 хоног баривчлагдсан, Б.Б, Ш.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэгжлэгийн үед хийсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 20,000 төгрөгний дэвсгэрт 50 ширхэг, 10,000 төгрөгний дэвсгэрт 20 ширхэг нийт 1,200,000 төгрөг, "Xiaom Mi" загварын гар утас 1 ширхгийг Б.Бт, "Асег" загварын зөөврийн компьютер 1 ширхэг, "Хуавэй" загварын гар утас 1 ширхгийг М.Эт, М.Б  "Самсунг галакси эс- 6" загварын гар утас 1 ширхгийг М.Баттулгад, "Самсунг галакси А30 эс" загварын 1 ширхэг гар утсыг Б.А нарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, 

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ч.Батзориг эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ “...шүүхээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан шаардлагыг хангаагүй байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан бөгөөд өөрийн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга гэх албан тушаалын байдлаа ашиглан "С" ХХК-ийн төлөөлөгч Г.О санал тавьж "Т" ХХК-ийн барьцалдуулагч тээвэрлэх гэрээгүй, "С" ХХК-д бүртгэлгүй *  дугаартай тээврийн хэрэгслүүдийг "Т" ХХК-ийн барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр албан бичиг тусгуулж уг тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр саадгүй, оочиргүй гарах боломжийг бий болгож давуу байдал бий болгосон үйлдэл байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тогтоогоогүй гэж цагаатгах тогтоолд тусгасан нь учир дутагдалтай, *  дугаартай тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилээр саадгүй, оочир дараалалгүй нэвтэрсэн үйлдэлд дүгнэлт хийж чадаагүй байна. 

Хэрэгт гэрч Л.М “...Б.Б өөрөө яриад Т" ХХК-ийн ачаанд орох уу гэхээр нь би зөвшөөрч хилээр * дугаартай тээврийн хэрэгслээр хилээр гарсан, .... гэрч Н.Оын "...Б ах Т нүүрсний түлшинд Г ах бид хоёрыг оруулж өгсний хариуд шинэ жил болох гээд хэцүү байна шүү гээд байсан болохоор бид хоёр шинэ жилийн үеэр тус бүр 725,000 төгрөг нийтдээ шилжүүлж, түүний дараа хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан..." гэх мэдүүлэг хэрэг авагдсан ба хэрэгт хийгдсэн ажиллагааг огт хийгдээгүй мэтээр бичсэн нь хэрэгтэй бүрэн дүүрэн танилцаагүйгээс үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй байна. 

Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхээс: "...Шүүгдэгч Б.Бийг хахууль авсан, шүүдэгч Ш.Тийг хахууль өгсөн гэх үйлдлүүдийг хангалттай эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн үйлдлийг шүүгдэгч нарын арилжааны банкнуудын дансны гүйлгээгээр нотлох боломжгүй, дансны гүйлгээнүүд нь шүүгдэгч нарыг хоорондоо мөнгө төгрөг шилжүүлж байсан болохыг нотолж байгаа болохоос авлига авч өгөлцсөнийг нотлоогүй байна..." гэжээ. 

Шүүх шүүгдэгч нарыг "тухайн цаг хугацаанд оочир дараалал үүсээгүй байсан тул хахууль өгөх шаардлага байхгүй..." гэх мэдүүлгийг үндэслэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан гэрч Д.Б , гэрч Д.Ц , гэрч Ж.Гын нарын мэдүүлэг зэрэгт няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцож байгаа талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бийн дансанд орсон орлогыг найз нөхдийн хооронд хийсэн зээлийн гүйлгээ гэдгийг шүүгдэгч нарын мэдүүлгээс өөр ямар нотлох баримтаар нотлогдсон, Б.Бийн дансанд мөнгө орсон өдөр, маргааш нь Ш.Тийн тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр гарч байгаа шалтгаан холбоо нотлогдон тогтоогдсон ба НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд "...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно" гэж заасны дагуу хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд цагаатгах хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

6.Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бийн хувьд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол нийтийн албан тушаалтан биш. Хасхом бөглөдөггүй авлигатай тэмцэх газарт ийм мэдүүлэг бөглөдөг эрх бүхий нийтийн албан тушаалтны шаардлагыг хангахгүй байдаг. Тухайн 5 тээврийн хэрэгсэл үнэхээр улсын хилээр нэвтэрсэн юм уу нэвтрээгүй юм уу гэдэг эргэлзээтэй. Тухайн өдөр гарч байсан лавлагаа баримт материал дээр үндэслээд мөн гар бичмэл болоод холбогдох төрийн байгууллагуудаас бүхий л лавлагаануудыг авсан. Гэтэл прокурорын яллаад байгаа энэ 5 тээврийн хэрэгсэл дотор дугаар мөн серийн зөрчилтэй нэлээдгүй тээврийн хэрэгслүүд гарч ирдэг. Дээрээс нь энэ гар бичмэлүүд болоод энэ яллаад байгаа 5 тээврийн хэрэгсэл дээр дахин лавлагаануудыг эцсийн байдлаар хил хамгаалах болоод гаалийн байгууллагуудаасаа авахаар 5 машин нь 2 ч болж байх шиг 1 ч болж байх шиг нөгөө 2 машин нь яг тухайн дугаараараа гарсан юм уу гараагүй юм уу гэдэг асуудал эргэлзээтэй, анхан шатнаас дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ гэмт хэргийн шинж буюу өөртөө болоод бусдад ямар давуу байдал бий болгочихсон юм хэнтэй ямар ашиг сонирхолтой байсан юм хэнд хамааралтай байсан юм гэдэг нь шалгагдаж тогтоогдоогүй, Бийн хувьд улсын хил нэвтрэх шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг л тухайн өдөр зөвхөн шалгаж, нэвтрүүлсэн, эрх бүхий тушаалтан, дарга нарын хүсэлт,  албан тоотоор машинуудыг гарга гэсэн тохиолдолд л гаргадаг. Мөн энэ 5 машин тухайн өдрүүдэд тухайн он цаг өдрүүдэд гарч байхад Б энэ өдрүүдэд гараагүй энэ гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог.

Тийн машин тухайн цаг хугацаанд оочер дараалалгүй өөрийн хүсэлт гаргасныхаа үндсэн дээрээс хил нэвтэрдэг байсан байна гэдэг нь бусад баримтуудаар хангалттай тогтоогддог энэ цаг хугацааны хувьд ч засгийн газраас баталсан тэр тогтоолуудаар ч тэр он цагийн хувьд дарааллын хувьд энэ үүсээгүй байдаг. Тэгээд энэ цаг хугацаанд улсын яллагчаас яриад байгаа машин гараад мөнгө ордог гэдэг асуудал яригддаг. Гэтэл энэ цаг хугацаанд ийм давхацсан ийм тохиолдол огт байдаггүй. Мөн хүн тээвэр зорчигч тээвэр ачаа тээвэр гэдгийг ялгаж салгахгүй яваад байгаа асуудал байгаа. Ачаа тээврийн асуудал дээр огт хилээр гарахыг хориглосон хязгаарласан ийм асуудлууд огт байгаагүй юм шүү, тухайн шалгаж байгаа байгууллагаасаа энэ хэрэг хэрэг биш юм байна гэдгийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргадаг. Яагаад вэ гэхээр энэ нөхцөл байдлууд үнэндээ тогтоогдоогүй маш олон тээврийн хэрэгслүүдийг шалгасан боловчиг Нямбатыг хэрэг үйлдээгүй юм байна. Бас 19 аж ахуйн нэгжийн 23 тээврийн хэрэгсэл гээд явдаг боловчиг энэ бүгд хэрэг биш юм байна гэж явж явж байгаад Б дээр 5-аар нь явуулъя гэдэг, энийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7.Шүүгдэгч Ш.Тийн өмгөөлөгч Э.Тулгаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийг прокурорын буруутгах техникийн үндэслэл нь юу юм бэ гэхээр Б болон Тийн утсанд үзлэг хийгээд энэ 2 хил дээр ингээд хорио цээрийн дэглэм тогтож байгаа энэ цаг хугацаанд машин гаргая гэдэг яриа явагдаж байсан.  Тэгэхэд энэ хоёрын машин тэрэг гаргасан оруулсан гээд байгаа тэр цаг хугацаа нь энэ хоёрын мессеж бичсэнээс бүр даруй бараг 2,3 сарын өмнө болсон асуудлуудыг ярьдаг. Тэгэхэд тэр цаг хугацаанд нь ямар ч хилээр автомашин гарахад дэглэм үйлчлэхгүй байсан байна гэдэг нь тодорхой харагдана. Дээрээс нь энэ хоёр хүн маань өмгөөлөгчийн хэлдгээр одоо ч хүртэл бие биедээ мөнгө төгрөг шилжүүлээд бие биетэйгээ явдаг найзууд. Одоо хүртэл найзууд хэвээрээ байгаа мөн тэр цаг хугацаанаас ч өмнө бие биетэйгээ мөнгө төгрөг шилжүүлээд явдаг байсан найзууд. Энэ хоёр бие биедээ 1,2 зуун мянган төгрөг биш хэдэн арван саяар нь мөнгө төгрөг хүртэл зээлж байсан. Миний үйлчлүүлэгчийн дүү нь бие нь муутай маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай байхад найз нь ээж ааваасаа мөнгө төгрөг зээлж л байсан. Яллах дүгнэлт дээр биччихсэн огноо нь зарим машин гараагүй байгаа гээд хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагаан дээр байгаа. Зарим огноо дээр нь гараагүй байгаа тэр машинууд. Зарим огноо дээр нь гарсан нь байгаа. Гэхдээ өнөөдөр болохоороо 100,000 төгрөгөө гаргачихдаг маргааш нь 400,000 төгрөгөө гаргаад гаргачихдаг. Тийм юм байж байхгүй гэсэн тэгээд тэр бүх мөнгөнүүд нь зарцуулалтууд нь байгаа. Тэр зарцуулалтуудыг бүгд тайлбарлаж өгдөг ингэсэн тэгсэн эндээс орж ингээд явж байгаа мөнгөнүүд. Энэ бүгдийг ингээд харгалзаж үзээд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэгэнт л нотлогдохгүй байгаа мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийсэн боловч нотлогдож өгөх боломжгүй байгаа нотлохгүй байгаа энэ хэргийг бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны энэ шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8.Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед оочир дараалал үүсээгүй байсан гэдэг нь Б гэдэг хүний мэдүүлгээр ойлгомжгүй болоод байх шиг байна. Ачаа аччихсан экспортод ачаа гарч байсан машинууд дээр жоохон оочир үүсчихсэн байсан Тийн машины хувьд ачаа тээвэрлэдэггүй хятадын талаасаа зөөдөг байсан дээр оочир дараалал ерөөсөө үүсээгүй байсан тэр нь тогтоогдож байгаа. Коронавирус цар тахал үүссэн үед хууль гарсан хуульд зөвхөн зорчигч тээврийн хөдөлгөөн хаасан болохоос ачааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ерөөсөө хаагдаагүй. Тэгээд Хятад Монгол хоёр талаас ярилцаад эрээн боомтын цаад талд гаалийн хашаан дотор Монголын талаас жолооч нарыг аваачиж тусгаарлаад тэндээсээ жолооч руу нь 0 цэг дээр ирж Монголоос орж ирж байгаа машинуудыг зөөдөг байсан. Монголын талаас хил хаалттай жижиг сажиг ачаа бараа авах зөөх гээд урд байгаа хүнтэйгээ л холбогдож надаар дамжуулж жижиг сажиг ачаа бараа урдаас захиж авдаг байсан. Зарим үед ачаа бараагаа авч чадахгүй буцаагаад мөнгийг нь шилжүүлдэг байсан тийм л үйлдлүүд хүний амьдралд байдаг нэгнээсээ урдаас юм мөнгийг нь өгөөд л захиж байгаа. Тэгснээс авлига албан тушаалтай ямар ч холбоогүй асуудлууд. Сүмбэр билигт гэдэг компанийн талаар би тэр компанийн ямар ч хүнийг танихгүй утсаар л нэг хүнтэй даргын өгсөн үүргийн дагуу холбогдож ярьж дугаарыг нь авдаг байсан. Тэр хилээр гарсан ганц нэг машинуудын 5 машин зарим нь гараагүй он сарууд нь зөрөөтэй. Тэр машинуудын хувьд гэхэд л жишээ авахад оочир дараалалтай сар гаран оочирлочихсон яг оочир нь гараад хилээр гарах гэсэн чинь машин нь эвдэрчихдэг сар гаран зогсож байгаад эвдэрчихдэг. Тэр хүнд хохиролтой болчхож байгаа. Тэр хүн манай дарга нар дээр ч гэсэн гомдол гаргаад машинаа янзалчихлаа буцаагаад оочертоо оръё гэхэд ард иргэд чинь ойлгохгүй уурладаг бухимддаг. Тэр Сүмбэр билигт гэдэг компани Тний барьцалдуулагч ачих ачааны машинуудаа өөрсдийн гэсэн машин байхгүй. Гарах болгонд нь * эд байгаа машинуудтай холбогдож гэрээ хийж түрээсэлж явдаг байсан. Би тэрэнд нь л холбож өгсөн энэ нэг машин байгаа юм гээд оочир дараалаад үүссэн танай ачаанд орж болох уу гээд л тийм л юм. Би бол алийг нь ч танихгүй би тэр хүмүүст давуу байдал үүсэх ямар ч шаардлага байхгүй. Тэр машины тэр хүмүүстэй холбогдоод урагшаа Хятадын хилээр гарсан орж ирэхдээ ямар ачаа бараа ачиж орж ирснийг манай байгууллага шалгах үндэслэл байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Ч.Батзоригийн гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн ба хэрэгт цугларсан, нотлох баримтын эх сурвалжийг магадлан, харьцуулан үзвэл:

1.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөг, Ч.Батзориг нараас:

Шүүгдэгч Б.Бийг нийтийн албан тушаалтан буюу Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 04 дүгээр сард "С" ХХК-ийн нэр дээр * улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т" ХХК-ийн жагсаалтад оруулахаар нөлөөлөн эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн захиргаанаас "С" ХХК-д хамааралгүй ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлж,  Дорноговь аймгийн *  байрлах * авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2021 оны 04 сарын 09-ний өдөр * улсын дугаартай, 2021 оны 04 сарын 10-ны өдөр улсын *  дугаартай, 2021 оны 04 сарын 12-ны өдөр улсын * дугаартай, 2021 оны 04 сарын 17-ны өдөр улсын * дугаартай, 2021 оны 04 сарын 18-ны өдөр улсын * дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэвтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,

мөн Дорноговь аймгийн * сум болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хот хооронд ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг найз болох хахууль өгөгч Ш.Тийн Волво загварын улсын         * , * улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг, Ковид-19 цар тахлын үеэр хилээр түргэн шуурхай байнга нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 12 сарын 22-ны өдөр тус тус 4 удаагийн үйлдлээр, Волво загварын улсын * дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 10 сарын 04-ний өдөр, 12 сарын 20-ны өдөр, 2021 оны 02 сарын 03 болон 25-ны өдрүүдэд тус тус 7 удаагийн үйлдлээр, Волво загварын улсын *  дугаартай ачааны тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн *  байрлах * авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 07 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг,

2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг,

2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг буюу нийт 9,200,000 төгрөгийг Голомт банкны *  тоот дансаар хахуульд авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ш.Тийг Дорноговь аймгийн * боомтоор 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын * дугаартай тээврийн хэрэгслийг 4 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж, 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2021 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд *  улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Бийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Голомт банкны *  тоот данс руу 9,200,000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй бөгөөд эдгээр үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

2.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх талуудыг шүүх хуралдаанд оролцуулан тэдгээрийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Т нарыг цагаатгаж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн,  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

3.Энэ цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөг, Ч.Батзориг нараас “... *  дугаартай тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилээр саадгүй, оочир дараалалгүй нэвтэрсэн үйлдэлд дүгнэлт хийж чадаагүй, Гэрч Д.Б , Ж.Г, Д.Ц  нар мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцож байгаа талаар дурдаагүй, авлига өгсөн авсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг хангах үндэслэлгүй. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчилгүйн зэрэгцээ шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох заалтуудад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн шинжид субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд  прокурор, шүүгдэгч Б.Бийг нийтийн албан тушаалтан болохыг нотлох баримтад үндэслэн шалгаагүй буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд  заасан, энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн алинд шүүгдэгч Б.Бийн эрхэлж байсан албан тушаал хамаарч  байгааг  нотолж, тогтоогоогүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д нийцээгүйг анхаараагүй.

 Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно, ”албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно гэжээ.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг гэж тус тус тодорхойлсон.

Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн а хэсгийн 1, 2 болон дээр дурдсан хуульд заасан нэр томьёоны агуулгаас үзвэл оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон, тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн албаны чиг үүргийг гүйцэтгэдэг эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг  “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсны зэрэгцээ нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл эс үйлдлийг хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар  хууль бус давуу байдал олгох эсхүл ийм давуу байдлыг хүлээж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.  

Тиймээс Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга нийтийн албан тушаалтанд хамаарахгүй буюу дээр дурдсан эрх бүхий албан тушаалтан биш байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг, мөн хуулийн  22.1, 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албан эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл их хэмжээний хахууль авсан бол  тус тус гэмт хэрэгт тооцох бөгөөд эдгээр дурдсан нөхцөл байдал нь энэ хэргийн тухайд нотлогдож, тогтоогдсонгүй.  

 

4.Дэлхий нийтээр тархсан Ковид 19 цар тахлын дэгдэлтийн цаг үетэй холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Гадаад харилцааны хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр * , Эрээн боомтоор хийгдэж байгаа ачаа тээвэрлэлтэд өөрчлөлт оруулахаар саналыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ. Үүнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 30-ны  өдрөөс хилийн бүх боомтоор Улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох,  зайлшгүй шаардлагаар Улсын хил нэвтрэх иргэд болон бараа материалыг Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга нарт зөвшөөрөл олгож, тогтоол гаргасан.

Энэ тогтоолд үндэслэн Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор “...зөвшөөрөгдсөн хилийн боомтуудаар экспорт, импортын бараа, бүтээгдэхүүн тасалдалгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн боомт бүхий аймгийн Засаг дарга нарт даалгасан /2хх 31-139, 4хх-216,236, 20 хх93,103,107/байна.

 Эдгээр тогтоогдсон үйл баримт болон Дорноговь аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комисс, * сумын онцгой комиссоос стратегийн ач холбогдолтой, орон нутгийн бүтээн байгуулалт, хүнсний хангамжтай холбоотой экспорт, импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтоор нэвтрэх хүсэлт ирүүлсэн нэн шаардлагатай зарим албан бичгийг харгалзан дараалал харгалзахгүй, түргэн шуурхай шалган нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлыг Хилийн * боомтын зөвлөлийн даргад даалгасан байх ба эрх бүхий Засаг дарга нар, эрх бүхий бусад этгээд болон АТҮТ-ийн * салбар, Тээвэрчдийн холбоо, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, ангийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, хилийн боомтын аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, чөлөөт бүс хариуцсан ахлах зэрэг албан тушаалтны хүсэлт, албан бичигт үндэслэн хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгслүүдийг тус тус нэвтрүүлсэн ба тухайлбал энэ хугацаанд хилийн шалган нэвтрэх боомтоор нийт 1756 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс  төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн баримт бичиг, хүсэлтэд үндэслэн 98 тээврийн хэрэгслийг Улсын хилээр дараалал харгалзахгүй нэвтрүүлжээ.

Мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ноос 27-ны өдрүүдэд Улс, Аймаг, Сумын Онцгой комисс, Яам, тамгын газар, боомтын зөвлөл, эрх бүхий албан тушаалтнууд, бусад ААН, иргэдээс гаргасан шийдвэр, хүсэлтэд үндэслэн тээврийн хэрэгслүүдийг, Улсын хилээр дараалал харгалзахгүй нэвтрүүлж байсантай холбоотой нотлох баримтаар шүүгдэгч Б.Б өөрт болон бусдад ямар нэгэн давуу байдал олгосон, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэ нөхцөл байдал нотлогдож, тогтоогдохгүй байх тул  *  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хилээр дараалал харгалзахгүй нэвтрэх зөвшөөрөл олгох боломжийг зөвхөн Хил хамгаалах 0108 дугаар анги болон заставын захирагч Б.Б  бүрдүүлсэн улмаар эрх мэдлээ хэтрүүлж өөртөө эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ нь мөн дараах байдлаар үгүйсгэгдэнэ, тухайлбал гэрч Ч.Э “...миний бие * , * улсын дугаартай автомашинуудыг хариуцаж тээвэр хийдэг байсан, эдгээр машин өөр хүний нэр дээр боловч би хариуцдаг, 2021 оны 04 дүгээр сарын 10-ын үеэс Сайншанд суманд Засгийн газрын хөтөлбөрөөр хэрэгжиж буй 320 айлын түрээсийн орон сууцны барилгын ажил эхэлсэн уг ажлын гүйцэтгэгч Гантулга трейд ХХК-ийн худалдан авсан ачааг хилээр оочиргүй нэвтрүүлэхийн тулд Аймгийн Засаг даргын тамгын газраас Сумын Засаг даргын тамгын газарт албан бичиг өгч, үүний дараа Засаг дарга Хилийн цэргийн ангид албан бичиг өгдөг юм шиг байна лээ, бид нарын утасны дугаарыг Аймгийн тамгын газраас асуудаг бөгөөд Хилийн цэргийн ангийн албан хаагчид бид нар луу залгаж хэдэн цагт хаана бэлэн байхыг хэлж өгдөг, манай автомашиныг яагаад Т ХХК-ийн албан тоотоор хил нэвтрүүлэх болсныг мэдэхгүй/16хх27-28/ гэж,

гэрч Б.Ц “...*  улсын дугаартай Норт Бенз маркийн ачааны автомашин нь Т ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа, би 2020-2023 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд Эрээн-Замын Үүд чиглэлд ачаа тээврийн жолоочоор ажилласан, би Т ХХК болон С ХХК-нд ажиллаж байгаагүй, ачаа тээврийг хийж байгаагүй, тухай үед автотээврийн холбоонууд байдаг байсан тэд л мэдэх байх/18 хх-135/ гэж,

гэрч М.Батболд “...би 77-56 УНР улсын дугаартай Дап маркийн ачааны автомашиныг 201-2021 оны 7 дугаар сар хүртэл ашиглаж байгаад Батаа гэх залууд худалдсан, би Т ХХК болон С ХХК-нд ажиллаж байгаагүй, энэ машин  хөргөгчтэй хүнс тээврийн автомашин байгаа юм, барьцалдуулагч бодис тээвэрлэх боломжгүй, 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хилээр нэвтэрсэн эсэхийг мэдэхгүй, тэр үедээ мэдэгддэг байсан шүү дээ /18 хх138/ гэж,

гэрч Ж.Г нь шүүгдэгч Б.Бийн зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн гэх тээврийн хэрэгслүүдтэй холбоотой мэдүүлэг өгөөгүй байх ба Фав маркийн * улсын дугаартай автомашин 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 4 дүгээр сарын 18-ны өдөр орсон бүртгэлтэй талаар “...найз Д.Г гарахаа больсон гээд над руу хэлэхээр нь би надтай цуг ажиллаж байсан М.Эт хэлэхэд 10 хоногийн дараа над руу холбогдоод би уурхайн тоног төхөөрөмж оруулж ирсэн санагдаж байна/18хх 153/ гэж,

 гэрч Ч.Б “...* тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаагүй, харин * улсын дугаартай Волво маркийн автомашиныг эзэмшдэг, чиргүүл нь * улсын дугаартай”/18хх 158/ гэж,

гэрч У.Цэнд “...Норт бенз маркийн * улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 2019 оноос хойш эзэмшиж, ашиглаж байна, 2021 оны 04 дүгээр сард Т ХХК, С ХХК-нд ажиллаж байгаагүй, тээврийг хийж байгаагүй гэхдээ шахмал түлшний тээвэрт мэдээллээ өгч байсан”18 хх- гэж,

гэрч Б.Ганзориг “...би 2015 онд С ХХК-ийг шилжүүлэн авч, захирлаар нь ажиллаж байна, 2018-2022 оны хооронд ачаа тээврийн үйл ажиллагаа буюу БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу ачаа бараа тээвэрлэдэг, Хилийн цэргийн 108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх  боомтын даргаар ажиллаж байсан Б.Б гэх хүнийг танихгүй, манай ах Ц өөрөө жолоочоо хийнгээ тээврийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, мөн 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Т ХХК-ийн барьцалдуулагч бодисыг зөөж байсан, энэ компанийн зөвлөх Д.Жтыг танина, тээвэрлэлттэй холбоотой * суманд байрлаж компанитай холбоотой хил, гаалийн асуудлыг шийдвэрлэдэг байсан,  Г.Одгэрэл манай тээврийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан тухайн үед хилээр нэвтрэхээс өмнөх өдөр нь мэдэгдэж манай компаниас Т компанид тээврийн хэрэгслийн мэдээллийг өгч, Т цааш нь хилээр нэвтрэх албан бичгийг хүргүүлдэг байсан/хх18/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд *  тээврийн хэрэгсэлд давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй байх ба тэдгээрийг зөвхөн шүүгдэгч Б.Бийн зүгээс Улсын хилээр дараалал  харгалзахгүй нэвтрүүлсэн, тэдэнд давуу  байдал бий болгосон нь нотлогдож, тогтоогдохгүй байна.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Хуульд зааснаар “их хэмжээ”-ний гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох бөгөөд гэмт хэргийн энэ шинж хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Мөн шүүгдэгч Б.Бийн “Голомт” банк дахь харилцах данс руу шүүгдэгч Ш.Төөс 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг буюу нийт 9,200,000 төгрөгийг шилжүүлсэн  мөнгөн дүнд Эрээнээс хөргөгч авах утгатай шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг оруулж тооцсон нь үндэслэлгүй.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, Ш.Т нараас “...бид эртнээс гэр бүлийн найзууд, бие биеэсээ мөнгө зээлж, буцааж өгдөг байсан бусад хугацааны асуудлыг шалгаж тогтоогоогүй, нагац ах хөргөгчийн үнэ 5,000,000 төгрөг шилжүүлсэн, хөргөгч байгаагүй учир мөнгийг буцаагаад өгсөн/19хх17/”гэж, гэрч ...Баасан “.....” гэж, гэрч Э.Ганбаатар шилжүүлсэн мөнгөний талаар “...би оргинал пүүз сонирхдог болохоор 2020-2021 онд пүүз захиж, мөнгө шилжүүлж байсан, АНУ-аас авчирсан нэлээдгүй олон пүүзийг Б.Бээс худалдаж авсан, хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр жордан 3 пүүзийг захиалахаар мөнгийг нь шилжүүлж байсан, 2021 оны 6 сард *  улсын дугаартай Норд Бенз ви 3 ачаа тээврийн хэрэгслийг худалдан аваад нэг удаа хилээр зорчсон, хил хаагаад дахиж зорчоогүй, хааяа * ложистокоос чингэлэг УБ хот руу тээвэрлэдэг” гэж, гэрч Д.О “...Ш.Ттэй хамт тээвэр хийдэг байсан,  * -ийг нийлж авсан, энэ машины нэрийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.О аас Ш.Т рүү шилжүүлсэн,  * тээврийн хэрэгслийг 2020 оны 3 дугаар сард 50 сая төгрөгөөр худалдаж авсан 2021 оны12 дугаар сарын 24-ний өдөр Ш.Төөс Д.О  надад нэрийг шилжүүлсэн, бид 2021 оны 12 дугаар сараас тус тусдаа ажиллах болсон, Ш.Т, Б.Б нар найзууд,  Ш.Т бид нар хамтран ажиллаж байсан учраас данс нэг, нэг нэг рүүгээ мөнгө шилжүүлэх шаардлага байнга шахуу байдаг байсан” гэж тус тус мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг 9,200,000 төгрөгийн хахууль авсан, өгсөн талаарх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.     

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА