Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2019/00019

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00216 дугаар шийдвэртэй,  

 

 Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Р,

 

 Хариуцагч: Ү овогт Ч-ийн Г нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38353000 төгрөг, хохирол 24000000 төгрөг, зардал 649500 төгрөг, нийт 63002500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Р-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, Б.Б, хариуцагч Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2000 оноос хойш өнөөг хүртэл 20 жил Дундговь аймгийн Хулд суманд шатахуун түгээх станцын үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Р болон Ч.Г нар нь тус суманд бичил уурхай хамтран ажиллуулж байсан бөгөөд өөрийн уурхайн хэрэглээний шатах тослох материалыг 2014 оны 02-р сарын 05-ны өдрөөс 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн хооронд манай шатахуун түгээх станцаас худалдан авч, зарим үед аман хэлцэл байгуулан зээлээр авдаг байсан. Нийт 94856000 төгрөгийн шатахуун аман хэлцэл байгуулж зээлээр худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 05-р сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. Р, Ч.Г нар нь 2-3 удаагийн тооцоог захирал Б.Б-ны дансаар шилжүүлж хийсэн. Дараагийн тооцоонуудыг огт хийгээгүй. 2015 оны 05-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл үндсэн төлбөр 49853000 төгрөг болсон байна. Манай компани нь хариуцагч Р, Ч.Г нарт зээлээр нийлүүлсэн дээрх түлш, бензиныг “Гүн зэгэстэй” ХХК-иас 2015 оны 01-р сарын 01-ний өдөр байгуулсан 15-1 тоот зээлийн гэрээний дагуу зээлээр худалдаж авсан байсан. Р, Ч.Г нар нь биднээс авсан дизель түлш, бензины төлбөрийг төлөхгүй байсны улмаас манай компани “Гүн зэгэстэй” ХХК-д дээрх гэрээний 2.3-т заасны дагуу алданги төлөх ёстой болсон. “Гүн зэгэстэй” ХХК-иас удаа дараа үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилсэн тул бид нийт 24000000 төгрөгийн алдангийг тус компанид төлж барагдуулсан. Манай компани алданги төлөөд алдагдалд ороод хэцүүдлээ яах вэ гэж Р-д хэлэхэд тэрээр “алдангиа чи цаад газраа төлж бай, би мэдэж байгаа, үндсэн мөнгөтэй чинь хамт төлнө, айлтгүй” гээд өнөөг хүртэл уг мөнгийг төлөөгүй. Удаа дараа шаардаж Ч.Г-тай уулзахад тэрээр 2015 оны 08-р сарын 20-ны өдөр нотариат дээр гэрчлүүлэн гаргаж өгсөн албан бичигтээ “Ртэй хамтран ажилладаг байсан уурхайдаа шатах, тослох материалыг “М” ХХК-иас авдаг байсан нь үнэн. Авсан шатахууны үнэ 49853000 төгрөг төлөх үлдэгдэлтэй” гэж тодорхойлсон. Үүний дараа Ч.Г 2016 оны 05 сард 11500000 төгрөг төлсөн. Иймд Р, Ч.Г нарын аман хэлцлээр хамтран авсан шатахууны үнэ 38353000 төгрөг, хариуцагч хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох шатахуун нийлүүлэгч “Гүн зэгэстэй” ХХК-ийн өмнө хүлээсэн алданги 24000000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардал 649500 төгрөг, нийт 63002500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Р, Ч.Г нар нь 2015 онд Дундговь аймгийн Хулд сумын нутагт жоншны бичил уурхай хамтран эрхэлдэг байсан ба хоёр тал хамтран хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байсан. Уурхайн гүйцэтгэлийн ажлыг Ч.Г эрхэлдэг байсан ба Р нь тухайн ажлын хөрөнгө оруулалтад зарцуул гэж Ч.Г руу нийт 587128000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг мөнгөний зарцуулалтад Дундговь аймгийн Цагдаагийн газраас томилогдсон шинжээч 2017 оны 02 тоот дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр Ч.Г нийт 66303030 төгрөгийг баримтгүйгээр хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдсон. Энэ тооцоонд “М” ХХК-ийн нэхэмжилж байгаа шатахууны зардал багтсан байдаг. Уг компанийн нэхэмжлээд байгаа 2015 оны 05-р сарын 06-ны өдрөөс 2015 оны 06-р сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны зардлын төлбөрт Р 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 7 удаагийн шилжүүлгээр 100 000 000 төгрөгийг Ч.Г руу шилжүүлсэн нь Хаан банкны харилцахын хуулгаар нотлогддог. Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтэд Ч.Г нийт 152128000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэсэн баримтыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн ба үүнийг задлаад үзэхээр “Г” ХХК-ийн шатахуун түгээх станц, “М” ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авч байсан ба “Г” ХХК-д 23619000 төгрөгийг шилжүүлж байсан, харин “М” ХХК-ийн шатахуун түгээх станцын төлбөрийг Б гэдэг хүний данс руу 35332000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл үлдэгдэл зөрүү 93177000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Энэ үлдэгдэл дотор “М” ХХК-д төлбөл зохих шатахууны төлбөр багтаж байгаа юм. Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Р нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шатахууны төлбөрийг Ч.Г руу шилжүүлсэн. Харин Ч.Г нь уг төлбөрийг худалдагчид өгөхгүй дундаас нь завшсан нь нотлогдсон юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ч.Г учраас уг төлбөрийг Ч.Г-аас гаргуулах нь зүйтэй. Р-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Хулд суманд байрлах “Түймэрт цагаан” нэртэй уг уурхайн хэсэг газар дээр Р өөрийн уурхайг ажиллуулж үр шимийг нь өөрөө хүртсэн хүн. Ч.Г би өөрийн нийт 7 техникийг Р-д түрээсээр ажиллуулж байсан ба гарах нийт зардлыг Р хариуцаж байсан. Р-тэй би хамтран ажиллаагүй. Р уурхайгаас гарсан нийт 2258 тонн жоншийг бүхэлд нь өөрийн Бор-Өндөр дэх “Р” ХХК-ийн хашаа руу татаж, экспортолж ашгийг нь хүртсэн. Энэ ашгаас надад хүртсэн зүйл байхгүй. 2011 оноос Р худалдаж авсан жоншоо “Д” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр экспортонд гаргадаг байсан. Хөлс нь 2011-2016 онд надаар дамждаг байсан. Өөрөөр хэлбэл Р жоншоо экспортонд гаргахдаа ачилтын тооцоог миний данс руу хийдэг байсан гэсэн үг. 2014, 2015 онд буюу уурхай ажиллаж байх үед ч экспорт хийж байсан. Тиймээс уурхайн зориулалтаас гадна вагон ачилтын хөлс бас миний данс руу ордог байсан. 2016 онд Р Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Ч.Г намайг 587 сая төгрөг завшсан гэж шалгуулсан. Ингэхдээ “Уваа-Уул” аудитаар 02 дугаартай дүгнэлт маягийн зүйл гаргуулсан. Энэ дүгнэлтийг би хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Р-ий хариу тайлбарт намайг 66000000 төгрөгийг завшсан нь тогтоогдсон гэжээ. Хэрэв энэ нь тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсэх байх. Энэхүү нэхэмжлэлд 02 дугаартай аудитын дүгнэлт хамаагүй. Түлш шатахууныг өөр компаниудаас сар бүр харилцан адилгүй авч байсан.

Тухайн бичил уурхайн нөхөрлөлийн дарга Ж.Р-тэй Р нь олон жилийн турш түншүүд байсан. Энэ шугамаар Ж.Р-ийн төрсөн эгч Ж.О нь /“М” ХХК-ийн захирал Б.Б-ы эхнэр/ Р-тэй танилууд байсан. Яг энэ шугамаараа Р, Ж.О нар зээлээр түлш өгч авах асуудлаа тохирцгоосон. Миний хувьд “М” ХХК-ийн шатахуун түгээх станцаас нэг ч удаа түлш шатахуун авч байгаагүй, хамаатан төрлийн холбоо байхгүй. 2015 оны дундаас Р-ий өмнөөс “МХХК-ийн захирал Б.Б, түүний эхнэр Ж.О нарын байнга утасдах,   загинаж зандрахаас залхсан би 2016 онд Р-ий жоншийг “Д” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөлсийг нь авч, экспортонд гаргаж, уурхайн хүмүүсийн дутуу мөнгийг би төлье гэдэг буулт хүртэл хийж байсан. Гэсэн ч Р дутуу төлсөн 69000000 төгрөгийг одоог хүртэл надад өгөхгүй байгаа. Нэхэмжлэгч талыг би Р-ээс болоод хохирч байгааг мэдэж байсан учраас Р-тэй 10 гаруй удаа Бор-Өндөр сум руу очиж уулзаж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 38353000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар 24000000 төгрөг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар 649500 төгрөг, нийт 63002500 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн Р-ээс гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 38 төгрөг, хариуцагч Р-ээс 472962 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мандах говь" ХХК-д олгож,

 

           Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б, А.З нараас итгэмжлэлд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Ч.Г-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,
 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн Иргэний хуулийн196 дугаар зүйлийн 196.1.1-т Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”  гэж тус тус зааснаар эд хөрөнгө хүлээн авснаар нэхэмжлэгч “М” ХХК, БНХАУ-ын иргэн Р нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан...” гэж дүгнэжээ.  Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайг БНХАУ-ын иргэн Р, Ч.Г нар хамтран ажиллуулахдаа “М” ХХК-ийн шатахуун түгээх станцаас Ч.Г шатахууныг хүлээн авч улмаар шатахууны төлбөрийг Б.Б-ны данс руу шилжүүлж тооцоо хийдэг байсан нь хангалттай нотлогддог. Мөн хэрэгт шатахууны тооцооны талаар Ч.Г, Ж.О нар тооцоо нийлж Ч.Г зөвшөөрч одоо 49853000 төгрөг үлдсэн байна гэсэн агуулга бүхий бичиг үйлдэж тооцоо нийлсэн баримт байдаг. Гэтэл дээрх хуулийн агуулгаас харвал эд хөрөнгийг хүлээн авч, түүний төлбөрийг төлдөг байсан, мөн гэрээний нөгөө талтай харилцан тооцоо нийлж өр авлагаа баталгаажуулсан үйлдэл хийсэн Ч.Г-ыг гэрээний оролцогч биш гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ч.Г нь эд хөрөнгийг хүлээн авдаг болон Р-ээс ирсэн шатахууны төлбөрийг Б.Б-д төлдөг байснаараа энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Үүгээрээ Р-ээс шилжүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй шатахууны төлбөрийг төлөхгүй дундаас нь зарцуулсан, энэ талаар ч хэрэгт байгаа аудитын дүгнэлтээр хангалттай нотлогддог. Иймд худалдах, худалдан авах гэрээ дан ганц “М” ХХК болон Р нарын хооронд байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ч.Г-ын эд хөрөнгө хүлээн авдаг, төлбөр төлдөг, нөгөө талтай харилцан  тооцоо нийлдэг үйлдлүүдэд огт дүн шинжилгээ хийгээгүй.

Цагдаагийн газраас томилогдсон шинжээчийн 2017 оны 02 тоот аудитын дүгнэлтийг уг иргэний хэрэгт шууд нотлох баримтаар үнэлэхэд хангалтгүй талаар дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус зааснаар эрүүгийн хэргийг шалгах явцад хуульд заасан арга хэрэгслээр цугларсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэж үнэлэхгүй байх талаар хуульд хориглосон заалт байхгүй байна. Гагцхүү хуульд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн аргаар олсон, хуульд заасан хэлбэртэй, нотлогооны хэрэгсэл агуулагдаж байгаа нотлох баримт л хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болно. Эрүүгийн хэргийн явцад цугларсан шинжээчийн дүгнэлт нь энэхүү хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангаж байгаа учраас шууд нотлох баримт биш гэж үзэх хууль зүйн боломжгүй гэсэн шүүхийн үндэслэл буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй тул уг шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээ хэн хэний хооронд байгуулагдсан бэ гэдэг нь өнгөрсөн хурлаар нэгэнт тогтоогдчихсон. Энэ нөхцөл байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2014 оны 02 дугаар сараас эхлээд Р болон “М” ХХК нар хоорондоо бензин худалдах, худалдан авах гэрээг амаар тохиролцон хийсэн. Энэ тохиролцооны үндсэн дээр Ч.Г гэдэг хүнд “М” ХХК нь бензинээ олгож, хүчин төгөлдөр гэрээний дагуу Ред бензинээ олгож байгаа гэж үзсэн байдаг. Түүнээс биш бид нар Ч.Г-тай тусгайлан хийсэн гэрээтэй холбоотой ямар нэгэн тохиролцоо байхгүй. Зөвхөн Р гэдэг хүнтэй тохиролцсоны үндсэн дээр бид нар шатахууныг олгож байсан. Энэ нөхцөл байдлууд нь мөн тухайн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргүүдээс харагддаг. Тухайн үед Р гэдэг хүн нь өөрөө О гэдэг хүнээс би шатахуун авсан, Б.Б гэдэг хүнтэй тохиролцоо хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлгүүд нь байдаг. Мөн Ч.Г-ын Р гэдэг хүн анх “М” ХХК-тай тохиролцоо хийсний үндсэн дээр бид нар “М” ХХК-ийн шатахуун түгээх станцаас бензин, шатахууныг авч байсан гэдэг мэдүүлгүүд  байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М” ХХК болон Р нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь 2 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байгаа. Тийм учраас бид хэрэг хэлэлцэх явцад Ч.Г-ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаад гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой зөвхөн Р гэдэг хүнээс хохирол болон үлдсэн гэрээнийхээ төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ч.Г гэдэг хүнийг Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхтэй этгээд гэж үздэг байсан. Учир нь энэ 2 хүн хоорондоо хамтран ажиллах гэрээтэй. Бид нар Р-тэй тохирсон тохиролцооны үндсэн дээр Ч.Г гэдэг хүнд бензин олгоод байгаа болохоос биш Ч.Г гэдэг хүн тусдаа бид нараас бензин аваад байгаа тийм харилцаа байхгүй. Тооцоо нийлсэн акт гэж яриад байгаа асуудал нь Р болон Ог нарын хоорондын тохиролцооны үндсэн дээр 49 853 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Энэ үлдэгдлийг ерөнхийдөө Р гэдэг хүн төлөх ёстой юм. Миний хувьд төлбөр тооцооны асуудалд Р-ээс шилжүүлсэн мөнгийг шилжүүлж явсан. 2019 оны 05 дугаар сараас хойш ямар нэгэн түлшний тооцоог надад шилжүүлж өгөөгүй. Ийм учраас Р-ээс гаргуулж өгнө үү гэдэг байдлаар тооцоо нийлсэн байдаг. Тооцоо нийлнэ гэдэг нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан ажил хэргийн хооронд өгсөн, авснаа тохиролцож байгаа тохиролцоо болохоос биш тухайн тооцоо нийлж байгаа хүнд ямар нэгэн үүрэг үүсгэдэг асуудал биш юм. Бид нар худалдах, худалдан авах гэрээг Р гэдэг хүнтэй байгуулсан учраас төлбөрөө Р гэх хүнээс л нэхэмжлэх эрхтэй. Ийм учраас хариуцагчийн гаргасан гомдол мөн үндэслэлгүй байна. Мөн аудитын дүгнэлттэй холбоотой зүйл яриад байдаг. Энэ мөнгө шилжүүлсэнтэй холбоотой баримтны гүйлгээний утга дээр “М” ХХК-ийн төлбөр тооцоо шилжүүллээ гэсэн тийм утга байдаггүй. Тийм учраас бид нартай холбоотой шилжүүлээд байгаа юм уу, эсхүл бусад зардалтай холбоотой шилжүүлээд байгаа юм уу энэ зүйлээ анхан шатны шүүхэд ч гэсэн нотолж чадаагүй байдаг. Тиймээс “М” ХХК-тай гэрээ байгуулсан этгээд болох Р-ээс төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй учраас хариуцагчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зөвхөн Р гэдэг хүнд итгэж шатахуун нийлүүлж байсан. Ч.Г гэдэг хүн бол тэр шатахууныг хүлээж авдаг байсан. Тэгээд өр нь 20000000 төгрөг хүрэнгүүт нь би шууд зогсоосон. Тэгэхэд Р манай шатахууныг саадгүй нийлүүлээд өгөөч, төлбөр тооцооны асуудал дээр санаа зоволтгүй гэсэн. Тэгээд 6 сард жонш хаагдахад тооцоогоо хийж нийлээд өрийн чинь тооцоо ийм болсон байна гээд Р-д учир байдлаа хэлсэн. Тэгэхэд санаа зоволтгүй, төлбөр тооцоог би хариуцна гэсэн. Р гэдэг хүнд итгэж шатахуун өгсөн болохоос биш Ч.Г гэдэг хүнд итгэж өгөөгүй. Манай компани 20 жил хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Одоо бүх үйл ажиллагаа зогссон. Р гэдэг хүн төлбөр тооцоогоо хугацаанд нь хийж байсан бол би “Г” ХХК-д алданги төлж хохиролд орохгүй байсан. Үүргээ биелүүлээгүй учраас “Г” ХХК-д гэрээний дагуу хохирол төлбөр төлсөн. Энэ асуудлаас болж гарсан зардал, чирэгдэл хохирол их байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Р, Ч.Г нарт холбогдуулан худалдан авсан шатахууны үнэ 38353000 төгрөг, хариуцагч нар хугацаанд нь үүргээ биелүүлээгүйгээс шатахуун нийлүүлэгч “Г” ХХК-д төлсөн алданги буюу хохирол 24000000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал 649500 төгрөг, нийт 63002500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Г-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Р-д холбогдуулан гаргасан байна.

            Хариуцагч Р нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шатахууны төлбөрийг Ч.Г-аар дамжуулан нэхэмжлэгч нарт шилжүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Ч.Ггэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Р-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г эс зөвшөөрч “...анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг ... үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг зөв тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргаанд холбогдох зарим хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч нь А.З, М.О нарт итгэмжлэл олгосноор тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж оролцсон байх бөгөөд итгэмжлэлийг үйлдсэн огноогүй, мөн хариуцагч Р нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцуулахаар З.Г-т итгэмжлэл олгосон байх боловч итгэмжлэлд огноог 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж тэмдэглэсэн ба нэхэмжлэлийг шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан буюу нэхэмжлэл гаргахаас өмнө олгосон гэж үзэхээр, мөн итгэмжлэлд иргэний хэрэгт төлөөлөх гэснээс өөрөөр хэний нэхэмжлэлтэй хэрэгт оролцох талаар тодорхой дурдаагүй зэрэг алдаа байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно” гэснийг зөрчөөгүйн гадна мөн хэргийн оролцогчид энэ талаар гомдол санал гаргаагүй, энэ нь тэдний эрхийг зөрчсөн хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэнгүй.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч Р нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ буюу шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

            Тодруулбал хариуцагч Р нь Дундговь аймгийн Хулд суманд уурхай ажиллуулахдаа хэрэглэх шатах тослох материалаа нэхэмжлэгч “М” ХХК-иас худалдан авахаар тохиролцож 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 94856000 төгрөгийн худалдан авалт хийсэн ба үүнээс 56583000 төгрөгийг төлж, үлдэгдэл 38353000 төгрөгийг төлөөгүй ба дээрх тохиролцоог амаар хийсэн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

            Харин хариуцагч Р нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ дээрх гэрээний үүргийг буюу худалдан авсан эд хөрөнгийн үнийг Ч.Г-д шилжүүлсэн тул түүнийг нэхэмжлэгч буюу худалдагчийн өмнө үүрэг хүлээнэ гэжээ.

            Зохигчдын тайлбар буюу хариуцагч Ч.Г-ын шүүхэд гаргасан “...Тухайн бичил уурхайн нөхөрлөлийн дарга Ж.Р-тэй Р нь олон жилийн турш түншүүд байсан. Энэ шугамаар Ж.Р-ийн төрсөн эгч Ж.О нь Р-тэй танилууд байсан. Яг энэ шугамаараа Р Ж.О нар нь зээлээр түлш өгөлцөж авалцах асуудлаа тохирцгоосон...” гэсэн тайлбар /1-р хх-ийн 92/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...Р нь Дундговь аймгийн Хулд сумын Төмөр цагаан буюу Р гэх хүний газарт жонш олборлолт хийсэн. Р гэх хүн нь манай эхнэрийн дүү юм. ...Тухайн үед шатахууныг хугацаатайгаар авч мөнгийг нь хугацаанд нь өгч байя гэсэн. Р-ийн түнш учир тухайн хүнийг итгэлтэй хүн гэж дүгнэдэг байсан. ...Р нь манай эхнэр О-тэй утсаар холбогдож манай үйл ажиллагааг саадгүй явуулж өгөөч, төлбөр тооцоог би хариуцна гэж хэлсэн...” гэсэн тайлбар /2-р хх-ийн 31/, хариуцагч Р-ий итгэмжлэгчдсэн төлөөлөгч З.Г-ийн “...Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б шатахууны төлбөрийг шууд надад өгч болдоггүй юмуу гэж хэлэхэд...” гэсэн тайлбар /1-р хх-ийн 68/ зэргээс үзэхэд худалдах, худалдах авах гэрээ хариуцагч Р болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан болох нь тогтоогджээ.

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК нь худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагч Р-нээс шаардах эрхтэй, хариуцагч Р нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй болно.

            Хариуцагч Р-ний эд хөрөнгийн үнийг хариуцагч Ч.Г-аар дамжуулан шилжүүлсэн, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хариуцагч Ч.Г-д  хүлээлгэн өгч байсан  нь тэднийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар худалдах худалдах авах гэрээ хариуцагч Р болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан тул хариуцагч Ч.Г нь Р-ээс шатахууны үнэд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч талд буюу “М” ХХК-д бүрэн өгсөн эсэх, Р Ч.Г-д хэдий хэмжээний мөнгө өгсөн зэрэг үйл баримт нь хариуцагч Р-ийг “М” ХХК буюу нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Зохигчид гэрээний үндсэн үүрэг, түүний үлдэгдэл болох 38353000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу “Г” ХХК-д төлсөн алданги 24000000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарсан зардал 649500 төгрөг, нийт 63002500 төгрөгийн үнийн дүнгийн талаар болон гэрээний үндсэн үүргийн тооцооллын талаар тайлбартаа дурдаагүйгээс тэднийг энэ талаар маргаагүй гэж үзэхээр байна.

Гэхдээ нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу “Г” ХХК-д төлсөн алданги 24000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д буюу хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол гэж үндэслэж, анхан шатны шүүх мөн ийнхүү дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх гэдгийг үүргээ хугацаанд биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй байхыг ойлгох ба энэ нь үүрэг гүйцэтгэх талаар тодорхой хугацаа заасан, энэ талаар талууд тохиролцсон байх нөхцлийг агуулсан гэж үзэхээр байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзэхэд хариуцагч тал шатахууны үнийг хэсэг хэсгээр төлж байсан байх ба хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тооцоо хийсэн баримтанд /хх-7/ гэрээний үүргийг биелүүлэх хугацааг заагаагүй бөгөөд талууд үүргийг гүйцэтгэх талаар тодорхой хугацаа тохирсон гэж үзэх үндэслэл нөхцөл тогтоогдсонгүй.

Хэдий ийм боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй тул талуудыг гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй нь нэхэмжлэгчийг хохирол шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү  гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж учирсан хохирлоо шаардах эрх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар тодорхойлогдох ба анхан шатны шүүх энэ талаарх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Р худалдан авсан эд хөрөнгийн үнэ болох шатахууны үнийг бүрэн төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцалсан байх ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар худалдан авагч хариуцагч Р нь үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдалыг хохиролд тооцохоор зохицуулсан тул нэхэмжлэгч нь “Г” ХХК-д 24000000 төгрөгийн алданги төлсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 649500 /1-р хх-ийн 170, 171/ төгрөгийн зардал гаргасан зэрэг нь тогтоогдсон тул эдгээр хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Р нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид нийт 49853000 төгрөгийн /1-р хх-ийн 7/ үүргийг биелүүлээгүй байсан, мөн “Г” ХХК нь нэхэмжлэгчид шатахуун нийлүүлдэг байсан нь тэдний хооронд байгуулсан гэрээ болон тооцооны баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийт 24000000 төгрөгийн алдангийг /1-р хх-ийн 129-138/ буюу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8000000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4000000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8000000 төгрөгийг тус тус төлсөн зэргээс үзэхэд дээрх 24000000 төгрөгийг хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдал буюу хохирол гэж үзэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т нийцнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлэх бөгөөд зөвхөн нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг тул нэхэмжлэгч “М”  ХХК нь хариуцагч Ч.Г-д холбогдох  нэхэмжлэлээсээ татгалзаж хариуцагчаар Рэн Дэвэнийг заасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Гагцхүү нэхэмжлэлд хариуцагч гэж дурдагдсан этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст шийдвэрлэгддэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч Р нар нь байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагч Р нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмнө гэрээнд заасан үүргийг хүлээнэ.

Харин хариуцагч Р нь хариуцагч Ч.Г-ыг өөрт хохирол учруулсан гэж үзвэл тэрээр энэ талаар нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр түүний энэ талаарх эрхийг хязгаарлахгүй болно.

Иймд хариуцагч Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр буюу анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2019/00216 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Р-ээс гэрээний үндсэн үүрэгт 38353000 /гучин найман сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг, хохиролд 24649500 /хорин дөрвөн сая зургаан зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг, нийт 63002500 /жаран гурван сая хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                       ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ