Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 38

 

“У с” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын Өрсөлдөөний бодлого

зохицуулалтын газрын улсын байцаагч

Н.Б-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005551 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 617 дугаар магадлалтай,

 

            Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Ц, Г.Х, хариуцагч Н.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Х нарыг оролцуулж,

            Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 1, 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг баримтлан  гомдол гаргагч “У с” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0005551 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 617 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “У с” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0005551 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож  шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “У с” ХХК нь уг гэрээний дагуу АНУ-аас гарсан илгээмжийг Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд тараадаг нь ажлын байр /обьект/-ын үзлэгээр тогтоогдсон.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2019 оны 01 дүгээр сарын 18, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус “АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Shuurkhai cargo” LLC 99885335, 86863599” гэх мэдээллийг “Shuurkhai cargo” LLC фэйсбүүк хуудсандаа байршуулсан нь тухайн хуулийн этгээдийн үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бараа ажил үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгыг агуулсан гэж үзэхээргүй, харин түүнээс үйлчилгээ авсан иргэдэд чиглэсэн, тэдгээрт ирсэн илгээмжийн тараагдах байршил, компанийн нэр холбогдох дугаарыг заасан мэдээлэл байх тул үүнийг “зар сурталчилгаа” гэж үзэхгүй гэжээ.

5. “У с” ХХК нь АНУ-аас Монголд ирсэн агаарын илгээмжийг үйлчилгээ авсан иргэдэд тараахдаа үйлчлүүлэгч бүрийн утас руу заавал мэдэгдэж биеэр ирсэн тохиолдолд ачааны төлбөрийг килограмм бүрт тухайн өдрийн долларын ханшаар тооцож ачааг иргэдэд нь олгогддог.

6. “Shuurkhai cargo” LLC фэйсбүүк хуудсанд АНУ-аас бараа захиалах сонирхолтой хүмүүс ханддаг тул тус фэйсбуүк хуудсанд дээрх мэдээллийг байрлуулсан нь тухайн хуулийн этгээдийн үзүүлж буй үйлчилгээ, борлуулж буй бараа ажил үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн.

7. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлэх материалын иж бүрдлийн 7 дугаарт гадаад дотоодод хамтран ажиллах байгууллагатай байгуулсан баталгаажсан гэрээг тусгасан.

8. Нэхэмжлэгч “У с” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр АНУ-д бүртгэлтэй “Shuurkhai cargo” LLC-тай хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол улс-Америкийн нэгдсэн улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх 43200112 дугаартай тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд мөн.

9. Иймд “У с” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйл Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлага 6.2-т “Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0714 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 617 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Батжаргалын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0005551 дүгээр шийтгэлийн хуудсаар, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “У с” ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч уг актын үндэслэлээ “...”У с” ХХК нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэсэн заалтыг зөрчиж, “Америкийн Нэгдсэн Улсаас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд Shuurhai cargo LLC” гэх зарыг shuurhai cargo LLC FВ хуудсандаа байршуулсан ... зөрчил гаргасан” гэжээ.

11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “У с” ХХК нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд Сүлд центр төв буюу Ган зүү эмнэлгийн 1 давхарт байрлаж, Америкийн Нэгдсэн Улсаас “Shuurhai cargo LLC” гэх аж ахуйн нэгжийн илгээсэн ачааг хүлээн авагч нарт түгээдэг, “Shuurhai cargo LLC” нь өөрийн фэйсбүүк хуудсандаа “АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Shuurkhai cargo LLC” 99885335, 86863599” гэх мэдээллийг тавьж, нийтэд түгээсэн, “У с” ХХК нь уг Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох “Shuurkhai cargo LLC”-тэй хамтран ажиллах гэрээтэй, Харилцаа холбооны зохицуулах газраас олгосон Монгол Улс-Америкийн Нэгдсэн Улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

12. Түүнчлэн, гуравдагч этгээд “Шуурхай карго” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд  Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй “Shuurkhai cargo LLC” гэх хуулийн этгээдтэй ямар нэг хамааралгүй, “Шуурхай карго” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж,  “... “У с” ХХК нь үйл ажиллагаагаа явуулахдаа манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, Шуурхай карго гэсэн манай нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна” гэх үндэслэлээр гомдол гаргасан, ун гомдлоор хяналт шалгалт явуулсан, талууд эдгээр үйл баримтуудтай мөн маргаагүй байна.

13. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д “... /Зар сурталчилгааны тухай хуульд заасан/ зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн /бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/”-оор заасан, тухайн тохиолдолд, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “У с” ХХК-ийг  Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв гэж үзлээ.

14. Тодруулбал, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2-т “тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэж заасан, уг хуулийн заалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулан авч үзвэл, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа буюу улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “У с” ХХК нь өөрийн үйлчилгээний талаар бичмэл зар сурталчилгаа түгээхдээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах газрын нэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарын хамт тухайн бичмэл зар сурталчилгаандаа заавал мэдээлэх үүрэгтэй, энэ тохиолдолд, Харилцаа холбооны зохицуулах газрын нэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг зар сурталчилгаандаа бичсэн, бичээгүй гэх талаар талууд маргаагүй, ийм зөрчил тогтоогдоогүй, шийтгэлийг энэ үндэслэлээр ногдуулаагүй байна.   

15. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь заалтыг тайлбарлан хэрэглээгүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан үндэслэлд холбогдуулж “... АНУ-д бүртгэлтэй Shuurkhai cargo LLC биш учраас тухайн хаягт үйл ажиллагаа явуулж ачааг тарааж байгаа “У с” ХХК-ийн нэр зар дээр бичигдэх ёстой” гэх зэргээр буруу дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

16. Түүнчлэн маргааны үйл баримтад дурдагдсан “... “АНУ-аас гарсан агаарын илгээмж тараагдаж байна, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Shuurkhai cargo LLC” 99885335, 86863599” гэх мэдээллийг Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй “Shuurhai cargo LLC” нь өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулсан байхад ямар учраас “У с” ХХК-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

17. Эдгээр үндэслэлээр, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...  “У с” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйл Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих нийтлэг шаардлага 6.2-т “тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 617 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Н.Б- ын гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА