Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 820

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч  Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Гааль, Татварын Ерөнхий Газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Увс аймгийн Давст сумын “Татварын улсын байцаагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, мөн ажиллаж байхад дутуу орсон цалин 2015 оны 9 сард 65731 төгрөг, 2015 оны 11 сард 96405 төгрөг, 2015 оны 12 сард 132698 төгрөг, 2015 оны амралтын нөхөн олговор 664310, 2016 оны 5 дугаар сарын 17 хүртэлх амралтын мөнгө 157610 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан цалин 103837 төгрөг, нийт 1 220 591 төгрөг гаргуулах тухай ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.******* би 2013 оны 6 дугаар сард Давст сумын татварын байцаагчийн сонгон шалгаруулах төрийн албаны шалгалтанд орж тэнцэн, Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол гарч, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 553 дугаар тушаалаар Давст сумын татвар хураагчаар түр орж, 2014 оны 7 дугаар сард Татварын улсын байцаагчийн шалгалт өгч тэнцэн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №289 дугаар тушаалаар Давст сумын Татварын улсын байцаагч болон ажиллаж байсан. Гэтэл Гааль, татварын ерөнхий газар Увс аймаг дахь Татварын хэлтсээс Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/91 дүгээр тушаалыг үндэслэн Татварын хэлтсийн дэргэдэх Зөвлөлийн хурлын шийдвэрээр орон тооны бүтцээр чөлөөлөх болсныг мэдэгдсэн мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан ба 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Гааль, татварын Ерөнхий газар, Увс аймгийн татварын хэлтсээс миний ажлыг хүлээж авах ажлын хэсэг Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалаар төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Увс аймгийн Татварын газрын Ёс зүйн хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт үндэслэн сахилгын шийтгэлээр төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр намайг ажлаас халсан тушаал авч ирж өгөн миний ажлыг надад хэлж мэдэгдэхгүй 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буюу тушаал гарснаас хойш 7 хоногийн дараа авч ирж ажил хүлээлцсэн. Би удаа дараа олон удаа ажил тасалж байгаагүй, мөн Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаагүй болно. Мөн Увс аймгийн Татварын газрын Ёс зүйн хороо нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хуралдахдаа надад мэдэгдээгүй, дүгнэлтээ надад өгөөгүй. Мөн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хороо нь Увс аймгийн татварын хэлтсийн Ёс зүйн хорооны дүгнэлтийг авч хэлэлцсэн тухайгаа надад мэдэгдээгүй мөн хуралдсан дүгнэлтээ надад танилцуулаагүй тул ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа мэдэхгүй байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ажиллаж байхад 2015 оны 9, 11, 12 дугаар саруудад дутуу орж байсан цалин, 2015 оны амралтын нөхөн олговор, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх амралтын мөнгө, 2016 оны 5 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан цалин, нийт 1220591 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эргэн орох хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актаас ч, хариуцагчийн хариу тайлбараас ч харахад төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн, үндэслэл нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ тайлбар, актаас харахад хоёр өөр зохицуулалтыг давхар бариад яваад байна. Сая хэлсэн тайлбар дээр ч гэсэн сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл төрийн албанаас халах зохицуулалтыг хооронд нь холиод байна. Маргаан бүхий акт хуулийн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болгож өгнө үү. Тэгээд удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа. 7 дугаар сарын сануулах сахилгын шийтгэл ногдуулсан дээр ерөөсөө маргаагүй, түүний дараа гаргасан гэж байгаа сахилгын шийтгэл нь яг сахилгын шийтгэл мөн юм уу, биш юм уу гэдэг талаар тайлбарлаж хэлээгүй. Тийм учраас хоёр сахилгын шийтгэлтэй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Ёс зүйн хорооны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр татварын байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Татварын ерөнхий газрын даргын баталсан Үндэсний татварын ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны ажиллах журам, Засгийн газрын 1995 оны Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл үүнийг зөрчсөн гэж үзээд байгаа. Учир нь сахилгын шийтгэл ногдуулахдаа энэ үндэслэлийг нь заавал шалгаж тогтоогоод энэ тухай баримтуудыг цуглуулаад зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулаад тухайн албан тушаалтнаасаа тайлбар, лавлагаа гаргуулах ёстой. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 18-ны Увс аймгийн татварын хэлтсийн ёс зүйн хорооны дүгнэлт гарахдаа *******ыг тухайн ажиллагаандаа оролцуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй, тайлбар, баримт гаргах боломж олгоогүй учраас энэ журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өнөөдөр ёс зүйн зөрчлийг хэлэлцэж байгаа болохоор Татварын ерөнхий газарт ч мөн Ёс зүйн хороо байгаа. Түүн дээр бас ажиллагаа явагдах ёстой байсан. Энэ ажиллагаа явагдаагүй” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн Давст сумын Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Баттогтохын *******ын Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 

1. Б.*******ыг албан тушаалаас халах тухай ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг тухайн үед танилцуулах гэсэн боловч утас нь хаалттай, холбоо барих боломжгүй байсан. Тухайн үед нь сумын Засаг даргад нь утсаар мэдэгдсэн. Ер нь 2016 оны Үр дүнгийн гэрээг байгуулахгүй, ажлаас чөлөөлөх болсон талаар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Зөвлөлийн хурлаар өөрт нь биечлэн танилцуулсан. Мөн ажлаас чөлөөлөх болсон тухай саналыг ГТЕГ-т хүргүүлж байгаа талаарх мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн,

2. Б.*******ыг ажлаас халах тухай тушаалд ГТЕГ-ын даргын 2016 оны А/112 дугаар батлагдсан “Гааль, татварын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 4.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлүүдийг дурдсан бөгөөд 4.2.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийг чанд сахих, 4.2.3-т ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан чиг үүрэг, үр дүнгийн гэрээг биелүүлж ажиллах, 4.2.5-т удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах гэж зааж өгчээ. Дээр дурдсан заалтуудыг зөрчсөнийг дараах тайлбараар дурдав. Үүнд: Давст сумын Татварын улсын байцаагч Б.******* нь 2015 оны 6 дугаар сарын 15-аас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал тус хэлтсийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот хувийн ажлаар явж ажлаа тасалсан. Тухайн үед эхний хагас жил дуусаж байгаатай холбогдуулан орлогын төлөвлөгөөний биелэлт, өр барагдуулах зэрэг чиглэлээр сумдын ТУБ нарт тасгийн даргын зүгээс чиглэл болон үүрэг даалгавар өгч байсан. Ийм хариуцлагатай үед удирдлагад мэдэгдэлгүйгээр ажил тасалсан нь маш хэнэггүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Мөн мэдээ задаргааг хугацаанд нь ирүүлдэггүй, ирүүлсэн мэдээ задаргааны дүн байнга зөрүүтэй, удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг хангалтгүй биелүүлдэг, утсаа авдаггүй, ажилдаа хайнга ханддаг, татвар төлөгчдийн зүгээс ажлын чадвар дутмаг талаар утсаар удаа дараа гомдол ирсэн тул “Халах” саналыг ТЕГ-т хүргүүлэхээр шийдвэрлэж байсан боловч Б.******* нь өөрөө 1 сарын хугацаатай үүрэг өгч ажиллуулбал алдаагаа засаж, сайн ажиллах болно, боломж олгоно уу гэсэн тул 6 сард хагас жилийн тайлан мэдээ, төсвийн орлого биелүүлэх үеэр ажил тасалсныг нь үндэслэн Төрийн албаны тухай хууль, ТЕГ-ын даргын 2014 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудыг үндэслэн Хэлтсийн даргын 2015 оны А/46 дугаар тушаалаар сахилгын “Сануулах” шийтгэлийг ногдуулсан. Мөн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот албан даалгавраар 7 чиглэл бүхий 1 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. Сарын дараа дарга Н.Түмэннасан, Хураалтын тасгийн дарга, ТУАБ М.*******, ТУБ Ц.*******, ТУБ Б.Б******* зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг албан даалгаврын биелэлтийг шалгахад үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, өгсөн чиглэлийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй байсан. Иймд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ёс зүйн салбар хороогоор дахин асуудлыг авч хэлэлцэн өөрт нь болон гэр бүлийн хүнд нь ажлын үр дүн, гүйцэтгэл, ажилд хандаж байгаа хандлага, зөрчил дутагдал, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн талаар маш дэлгэрэнгүй албан ёсоор танилцуулж, Б.*******ыг ажлаас халах саналыг Хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/259 дүгээр албан бичгээр ТЕГ-т хүргүүлсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулаагүй. Мөн Б.******* нь мэдээ задаргаа хугацаандаа ирүүлдэггүй, үнэт цаасны тооцоог хийдэггүй удаа дараа шаардсан боловч үнэт цаас бичээгүй гэж тайлбар өгч тооцоонд орохгүй явсан. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажил хүлээлцэж үлдэгдэл үнэт цаасыг очиж шалгахад 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 13 үнэт цаас бичсэн ба үүнээс 9 ширхэг үнэт цаас нь зөрчилтэй, нийт 1,678,800 төгрөгийн үнэт цаас бичсэн байгаагаас 1,309,000 төгрөгийг тушаасан. Зөрүү 369,800 төгрөгийг тушаасан баримт байхгүй, үнэт цаас бичихгүйгээр татвар төлөгчийн ёсоор танилцуулж, Б.*******ыг ажлаас халах саналыг Хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/259 дүгээр албан бичгээр ТЕГ-т хүргүүлсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулаагүй. Мөн Б.******* нь мэдээ задаргаа хугацаандаа ирүүлдэггүй, үнэт цаасны тооцоог хийдэггүй удаа дараа шаардсан боловч үнэт цаас бичээгүй гэж тайлбар өгч тооцоонд орохгүй явсан. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажил хүлээлцэж үлдэгдэл үнэт цаасыг очиж шалгахад 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 13 үнэт цаас бичсэн ба үүнээс 9 ширхэг үнэт цаас нь зөрчилтэй, нийт 1,678,800 төгрөгийн үнэт цаас бичсэн байгаагаас 1,309,000 төгрөгийг тушаасан. Зөрүү 369,800 төгрөгийг тушаасан баримт байхгүй, үнэт цаас бичихгүйгээр татвар төлөгчөөс жагсаалтаар орлого хураадаг, бичсэн үнэт цаасных нь эх хувь нь засвартай, татвар төлөгчид өгөх хувь дээр балаар бичсэн, засвартай, үнэт цаас бичсэн он, сар, өдөр засвартай, татвар хураасан мөнгөн дүнг гаргацгүй бичсэн, үнэт цаас бичихдээ он, сар, өдөр бичдэггүй, тамга тэмдэг дардаггүй зэрэг зөрчил илэрсэн. Мөн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өртэй татвар төлөгчид өргүй гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр тухайн татвар төлөгч тендерт ялсан гэх гомдлыг татвар төлөгчөөс утсаар ирүүлсэн, сум орон нутгийн удирдлагаас болон татвар төлөгчдөөс тогтмол утсаар танай байцаагч чадваргүй байна гэсэн гомдол ирсэн зэрэг ёс зүйн зөрчил гаргаж байсан юм.  

3. Хэлтсийн даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар 2015 оны жилийн эцсийн ажил дүгнэхэд Б.******* нь 67,5 D буюу хангалтгүй үнэлгээ авч, ажлын ахиц үр дүн гарахгүй байгаа тул цаашид ажиллуулах боломжгүй гэдгийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өөрт нь хэлж танилцуулан 2016 оны Үр дүнгийн гэрээг байгуулаагүй ба Б.******* нь толгой дохин зөвшөөрөөд гарсан. Иймээс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ёс зүйн хорооны дүгнэлтээр ажлаас чөлөөлүүлэх саналыг гаргаж, ГТЕГ-т 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/110 тоот албан бичгээр саналыг хүргүүлсэн. Мөн дээрх саналыг хүргүүлж байгаа талаар Б.*******д 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 тоот мэдэгдлээр хүргүүлсэн. Мэдэгдэл өгсний дараа өөрөө биечлэн ирж уулзан энэ талаар мэдсэн. Б.*******ын мэргэжлийн ур чадвар хангалтгүй, шаардлага хангахгүй, өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу арга хэмжээ авч ажилладаггүй, төсвийн орлогын мэдээ тайланг хугацаанд нь ирүүлдэггүй, үр дүнгийн гэрээний биелэлтийн хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлийг Ёс зүйн салбар хороо болон Зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцэж өөрт нь удаа дараа танилцуулж байсан. Өөрөө тухайн үед дээрх бүх асуудлыг ойлгож хүлээн зөвшөөрч байсан. Иймд ажлаас халагдсан шалтгааныг мэдээгүй байсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй ба энэ талаар өөрөө хангалттай мэдэж байгаа гэж үзэж байна. 

4. 2015 оны 9, 11, 12 дугаар сард цалинг бүрэн олгосон ба нотлох баримтыг хавсаргав. 2015 онд ээлжийн амралтаа эдлэх хүсэлтийг ирүүлээгүй ба ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны Б/366 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх болсныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ногдох ээлжийн амралтыг тооцон 432,868 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дуустал ажилласан хугацааны цалин 298,778 төгрөгийг тооцож, гарт 608,360 төгрөгийг олгохоор байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл Б.******* нь үнэт цаасны тооцоо нийлэхгүй, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй, зөрчлийг арилгахгүй байгаа тул цалин болон ээлжийн амралтын олговрыг түр хойшлуулсан байгаа болно. Үнэт цаасны зөрчлийг арилгаж, тооцоо нийлсэн тохиолдолд энэхүү мөнгийг олгох боломжтой. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.******* нь албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж байсан, удаа дараа зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул түүнийг ажлаас халсан захиргааны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Өмнөх хурал дээр дэлгэрэнгүй хариу тайлбараа гаргаж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаал хүчин төгөлдөр байгаа.  Энэ нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбогдуулаад нэмж тайлбарлавал тухайн хүн ажил байдалдаа хэрхэн ханддаг байсан, ажлынх нь үр дүн нь үр дүнгийн гэрээний биелэлт, үнэлгээгээр тодорхой харагдаж байгаа. Улсын байцаагчийн эрхийг авахаасаа өмнө хөдөлмөрийн гэрээ хийж хураагчаар ажиллаж байсан. 2014 оны дундуур хүүхэд асрах чөлөө авсан учраас 2014 оны гэрээний биелэлт нь байхгүй юм билээ. 2015 оны гэрээний биелэлт хэргийн материалд авагдсан байгаа. Энэ байдлыг шүүх харгалзан үзнэ үү. 

Удаа дараа тасалсан гэдэг дээр тайлбар өгч чадахгүй байна. Яагаад гэвэл энэ хэрэгт авагдсан баримтын хүрээнд цагийн бүртгэлтэй холбоотой авсан баримт бол байхгүй. Боломжгүй байсан учраас ирээгүй гэж ойлгож байгаа. Тасалсан гэдэг нь ямар утгаар явж байгаа вэ гэвэл тухайн Б.******* гэх байцаагч нь 2015 онд дараалсан таван өдөр ажил таслаад арга хэмжээ авагдаж байсан гэдгийг урд талын шүүх хурал дээр дэлгэрэнгүй ярьсан. Ер нь бол албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа гэдгийг яаж үзэж байгаа вэ гэвэл өмнөх тайлбараа сэргээгээд давтахад товчхондоо нэгдүгээрт сахилгын арга хэмжээ авагдсанд тооцох хугацаа дуусаагүй байсан, хоёрдугаарт 7 дугаар сард сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш 8, 9 дүгээр саруудад албан даалгавраар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангагдаагүй. Тухайн зөрчил дээр нь арга хэмжээ аваагүй ч гэсэн удаа дараа албан үүрэг хангалтгүй биелүүлсэн. Ерөнхий газар руу санал явуулах үед үр дүнгийн биелэлт хангалтгүй гэж үнэлэгдсэн. Улмаар ажлаа хүлээлгэж өгөх явцад зөрчлүүд гаргасан байгаа. Тэгэхээр энэ хүнийг эргээд ажилд авлаа гэхэд ажлын байрны шаардлага хангахааргүй төвшний хүн байна. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандан “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ажиллаж байхад дутуу орсон цалин 2015 оны 9 сард 65731 төгрөг, 2015 оны 11 сард 96405 төгрөг, 2015 оны 12 сард 132698 төгрөг, 2015 оны амралтын нөхөн олговор 664310, 2016 оны 5 дугаар сарын 17 хүртэлх амралтын мөнгө 157610 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 17 хүртэл ажилласан цалин 103837 төгрөг, нийт 1 220 591 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн болно. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасанчлан хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын даргад харьяа нэгжийн дарга, албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогдсон боловч төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай. 

Хариуцагч маргаан бүхий Б/366 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг ялгамжтай, хамааралтай байдлаар хэрэглээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэсэн заалтад нийцээгүй байна.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлээр төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцааг, 25 дугаар зүйлээр төрийн албанаас халах, 26 дугаар зүйлээр сахилгын шийтгэл ногдуулах харилцааг тус тус зохицуулсан бөгөөд тухай бүрийн үндэслэл, шаардлага, үр дагавар өөр өөр юм. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг гол үндэслэлээ болгож Б.*******ыг төрийн албанаас халсан” гэж тайлбарлажээ. 

Гэтэл Б.*******ын албан үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч энэ үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй болно. 

Мөн хариуцагч “Б.*******ын Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээ авсан” гэж тайлбарлаж байх боловч Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар эрх бүхий байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж, дүгнэх ба дээрх үнэлгээг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх учиртай юм. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.*******ын /жирэмсний амралттай байсны улмаас 2014 оны үр дүнгийн гэрээ дүгнэгдээгүй/ 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг “D” /67,14 оноо/ буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-д зааснаар байгууллагын менежер нь төрийн жинхэнэ албан хаагчийг “D” буюу “дутагдалтай” гэж үнэлсэн бол түүнийг албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах эсхүл тухайн ажилтанд дутагдаж буй мэдлэг чадварыг олгох сургалтад хамруулах үүрэгтэй болохоос төрийн албанаас халах үндэслэл болгох боломжгүй юм. 

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2 дугаар зүйлийн 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг  уг  баримт  материалтай танилцаж тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан журмыг хариуцагч хангаж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/366 дугаар тушаалын үндэслэл болсон Увс аймгийн татварын хэлтсийн Ёс зүйн хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаан нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 болон Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны ёс зүйн хорооны ажиллах журмын 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхэд дотоод хяналт хариуцсан ажилтан ...ёс зүйн зөрчил гаргагчаар тайлбар, лавлагаа гаргуулан авах, асууж тодруулах” зэрэг “заавал” хийгдэх ёстой шалган тогтоох ажиллагааг явуулаагүй, хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, илэрсэн зөрчилтэй холбоотойгоор тайлбар гаргах боломжийг хангаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн татварын хэлтсийн дарга Н.Түмэннасангийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Увс аймгийн татварын хэлтсийн Ёс зүйн хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна.

Мөн шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл бүхий байдлыг шалган тогтоох зорилгоор Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/366 дугаар тушаалд дурдагдсан зөрчлүүдийг /”хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн”, “үүрэг даалгавар биелүүлээгүй”, “удаа дараа ажил тасалсан”/ шалган тогтоосон, нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөхийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс удаа дараа шаардсан ч зөрчлийг шалган тогтоосон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг дээр дурдсан зөрчлийг тогтоосон журмын дагуу шалган тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* нь мэдээ, тайлангаа хугацаандаа ирүүлээгүй, үнэт цаас бичихгүйгээр татвар төлөгчдөөс мөнгө хурааж түүнийгээ далдлах зорилгоор бичсэн үнэт цаасны эх хувийг засварласан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн татварын өртэй иргэн, аж ахуй нэгжид татварын өргүй гэсэн тодорхойлолт хийж өгөх зэргээр татварын хууль тогтоомж болон “Гааль, татварын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2 ”өргөсөн тангарагтаа үнэнч байж, улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийг чанд сахих”, 4.2.3 “ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан чиг үүрэг, үр дүнгийн гэрээг биелүүлж ажиллах”, 4.2.5 “удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх боловч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа энэхүү үйл баримтыг шалган тогтоосон бус, харин захиргааны акт нэгэнт гаргасны дараа тус зөрчлийг илрүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

2. Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарталх хугацаа хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Б.*******ыг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан болохыг нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 25 -ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 5 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 050 677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

3. Ажиллаж байхад дутуу орсон цалин нийт 1 220 591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч 2015 онд ээлжийн амралтаа эдлэх хүсэлтийг ирүүлээгүй ба ГТЕГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны Б/366 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх болсныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ногдох ээлжийн амралтыг тооцон 432,868 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дуустал ажилласан хугацааны цалин 298,778 төгрөгийг тооцож, гарт 608,360 төгрөгийг олгохоор байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл Б.******* нь үнэт цаасны тооцоо нийлэхгүй, тооцоо нийлсэн акт үйлдэхгүй, зөрчлийг арилгахгүй байгаа тул цалин болон ээлжийн амралтын олговрыг түр хойшлуулсан байгаа болно. Үнэт цаасны зөрчлийг арилгаж, тооцоо нийлсэн тохиолдолд энэхүү мөнгийг олгох боломжтой” гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэхүү төлбөр тооцоотой холбоотой асуудлаар тайлбар хийх боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. 

Тухайн дутуу олгосон цалин, хөдөлмөрийн хөлсийг олгохоос хариуцагч татгалзаагүй ба захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т тус тус заасныг үндэслэн Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Б.*******ын нэхэмжлэлийн “ажиллаж байхад дутуу орсон цалин нийт 1 220 591 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг ханган, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/366 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ыг Увс аймгийн Давст сумын татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.*******ын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 5 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 050 677 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА