Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Б.Г-,

Хохирогчийн өмгөөлөгч  П.Эрдэнэтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шинжээч Цолмон

Гэрч Т.Б-

Шүүгдэгч Ж.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-ад холбогдох эрүүгийн 1838002620182 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Н-,

Шүүгдэгч Ж.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Б.Г-ийг хамтран амьдрагч Т.Б-тай хардаж, хэрүүл маргаан хийлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн өгзөг, гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Б.Г-ийг хэрүүл маргаан хийлээ гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн өгзөг, гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Ж.Н- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Миний бие шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Т.Б-тай 11 жил хамт амьдарч байсан. Хохирогч гэх Ганчмэг сүүлийн үед миний нөхрийн толгойг эргүүлж, бидний дундуур орж гэр бүл үймүүлсэн. Т.Б- бид хоёр хүүхдүүдтэйгээ амарч байхад Б.Г- гэрт орж ирээд чи муу энд эхнэртэйгээ унтаж байдаг юу юм гэх мэтээр дайрч амгалан тайван байдал алдагдуулж, хэрүүл маргаан гаргаж байгаад гараад явсан. Б.Г- намайг гараад ир, хүрээд ир гэж шамдуулаад байхаар нь араас нь гарсан. Гэтэл хойшоо савж унаад янз бүр болоод амиа хорлоно. Миний гурван хүүхдэд цогцсыг гаргаж өгөөрэй гээд муухай хашгирч орилоод байсан. Миний зүгээс Б.Г-ийг зодож цохисон зүйлгүй. Энэ хүн намайг гүжирдэж буруутгаад байна. Би гомдолтой байна гэв.

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Т.Б- намайг хоолоо хийж байгаарай завиа уяад ирье гэж хэлээд Т.Б- яваад ирээгүй. Би Т.Б- ирэхгүй байхаар нь Т.Б- Ж.Н-тай хамтран амьдрахдаа ажиллуулж байсан. Далайнсувд нэртэй амралтын газар очсон. Ж.Н-ын гэрт ганцаараа очсон.  …Т.Б-, Ж.Н- хоёр хоймрын орон дээрээ унтаж байсан. Би Т.Б-д хандаад чи яаж солиорч байгаа юм гэсэн үгийг хоёр удаа давтаж хэлээд гараад явсан. … Б.Г- янхан хаана байна гээд Ж.Н- хашгираад байхаар нь би амралтын газрын хүмүүсээс санаа зовоод өөдөөс нь очсон. Намайг очиход Ж.Н- таягаараа миний дал руу цохиж авахаар нь би газар унасан. …Ж.Н- миний зүүн гарын тохой руу таягаараа цохиод зүүн талын гуя руу өшиглөсөн....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би Хатгал тосгоны төв дээр байдаг Далайн сувд нэртэй амралтын газарт Ж.Н-ын гэрт хонож байхад шөнө эхнэр Б.Г- маань ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн утгатай зүйл хэлээд явсан. Би хувцасаа өмсчихөөд Б.Г-ийг хайгаад модны хаяанд явж байхад далайгаас 50 орчим метрийн цаад талд Б.Г-ийг газарт унагаачихсан Ж.Н- зодож байсан. Тэгэхээр нь би явж очоод Ж.Н-ыг салгаад Б.Г-ийг дагуулаад явсан. …Ж.Н- Б.Г-ийг газар унагаачихсан цохиж байгаа харагдсан. Маргааш өглөө нь Б.Г-ийн биеийг харахад гуя,  гар нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Батлай овогтой Б.Г- гэх хүнийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үзсэн. Миний үзсэн үзлэгээр зүүн тохой, зүүн гуя, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна. Тухайн үед би түүнд шавшлага хийх, өвчин намдаах эм болон витаминууд бичиж өгөөд явуусан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 169 тоот:

1. Б.Г-ийн биед зүүн өгзөг, гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал дагз хэсгийн үсгүйдэл халцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгднэ

3. Дээрх зүүн өгзөг, гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал нь 2017 оны 07 дугаар сарын 21-нд үүссэн байх боломжтой, дагз хэсгийн үсгүйдэл нь халцрал нь 2017 оны 12 дугаар сарын 01-нд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/,

Шинжээчээс : …дагз хэсгийн халцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн өгзөг, гуя,  өвдөгний зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна …гэх мэдүүлэг авсан тэмдэглэл/ ХХ-ийн 56 дугаар хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Ж.Н-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838002620182 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь: Гэрч хохирогчийн мэдүүлгийг үндэслэж Ж.Н-ыг гэм буруутай гэж үзэх нь буруу юм. Б.Г- нь шөнийн цагаар амарч байсан айл гэрийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа энэ үйлдэл нь зөрчлийн хэв шинжийг агуулж байна. …амиа хорлоно гэх зэргээр унаж бэртсэн байж болзошгүй…хангалттай тогтоож чадаагүй байна гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч шүүгдэгч Ж.Н- нь хардалт, эр, эмийн харилцаа, хохирогчийн зүй бус үйлдэл зэргээс шалтгаалан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны төвд хохирогч Б.Г-ийг таягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн өгзөг, гуя,  өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээллээр хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн болно.

Харин шүүгдэгч Ж.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч: Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд үүнээс хойш 1 жил өнгөрсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон,  ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн, яллагдагчаар татаж болохгүй гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Н- нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 1838002620182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогчийн эмчилгээний зардал болох 145.194 төгрөгийн зарлагын баримтыг үнэлэн шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Н-ыг хүний эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Н-ад холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлэдж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-аас 145.194 /нэг зуун дөчин таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийн гаргуулж хохирогч Б.Г-т олгосугай.

4. Эрүүгийн 1838002620182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    М.ЭРДЭНЭ-ОЧИР