Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/298

 

 

 

 

 

 

    2025           03            06                                        2025/ДШМ/298

 

 

                                                   О.О, Л.О нарт холбогдох

                                                      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.О, Л.О нарт холбогдох 2311020230279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......... овгийн ...-ийн О, .... суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........../,

2. ........ овгийн ...-гийн О, ..... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............./,

Шүүгдэгч О.О нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.О-тай маргалдаж түүний зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж тавхай эрхийн хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Л.О нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн О.О-тэй маргалдаж зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: О.О, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.О-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ээс 2.750.000 төгрөг гаргуулж хохирогч Л.О-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.О-д холбогдох хэрэгт эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөд зогсохгүй гаргасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг ... нотолно” гэж заасан.

Тухайн хэрэг гарсан буюу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор О.О нь Л.О-тай муудалцан барилцаж авсан хүмүүс ирж салгасан гэдэг хэрэг учрал болоход хажууд нь байсан хүмүүс нь Ч.Б, О.Б нар нь мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байдаг.

Мөн дээрх байдлаар О.О-т учруулсан гэмтлийг Л.О-аас өөр этгээд учруулах боломжгүй бөгөөд энэхүү учруулсан гэмтэл дээр бүрэлэдхүүнтэй шинжийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд шинжээч нарын зүгээс тухайн цаг үед болсон гэмтэл хэмээн дүгнэсэн байдаг энэ нь гэрч болон фото зургаар хангалттай нотлогддог. Энэ бүх үйлдлүүд нь Л.О-д хамааралтай болох нь баримтаар нотлогдохын зэрэгцээ Л.О-ыг тухайн гэмтлийг учруулаагүй гэх өөр ямар ч баримт, нотлогоо хэргийн материалд авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

Гэвч анхан шатны шүүх Л.О-ын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт Л.О-ыг буруугүй гэж үзсэн байдаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдыг үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсаа аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2 дахь хэсэгт “баримт мэдээлэл нь гэрч, хохирогч, ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... бусад баримтаар тогтоогдоно” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 8 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.О-ын өгсөн мэдүүлэг нь дангаараа О.О-ийг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ шинжээчийн дүгнэлтээс давж нотлох баримт болохгүй. Энэхүү ээдрээ төвөгтэй нөхцөл байдал тогтоогдсоор шүүх илтэд нэг талыг барин хууль бус шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан байхад шүүх хуулийн эдгээр заалтыг зөрчих байдлаар Л.О-ын гэм бурууг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ялласан үйл ажиллагааг зөвтгөхгүйгээр Л.О-ыг гэм буруугүйд тооцсон байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Л.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.О, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх О.О-ийг 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх оногдуулсан. Л.О нь О.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах эсэх асуудал дээр шүүх дүгнэлт хийхдээ хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг харгалзан үзэж, түүний үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцэл бичээгүй. О.О-ийн гар, сарвуунд учирсан гэх шарх нь хэн нэгэн этгээдийн санаатай үйлдлийн улмаас учирсан эсэх нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх О.О, Л.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч О.О-ийг  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.О-тай маргалдаж түүний зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж тавхай эрхийн хуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.О-ын “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн арын ил мах зардаг хэсэг дээр явж байтал манай нөхөр Б-ын араас нэг эмэгтэй хөөгөөд цохиод яваад байхаар нь би очоод О гэх тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “танай нөхөр Б чинь надаас 500.000 төгрөг зээлсэн, түүнийгээ өгөхгүй байна” гэж надад хариулсан. Тэгэхээр нь би О-т хандаад “дансаа өгчих, би мөнгийг нь шилжүүлэе” гээд хэлсэн. Тэгсэн О нь надаа хандаж “энэ гичий нь ч гэсэн 500.000 төгрөг нөхөртөө өгдөггүй юм байна лээ” гээд баахан хүмүүсийн дэргэд намайг элдэвээр хараасан. Тэгэхээр нь миний уур хүрээд “тэгвэл би мөнгийг чинь өгөхгүй ээ, өөрөөс нь ав” гээд хэлэхэд О нь “чи яасан их зантай гичий вэ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад доош дарсан, мөн толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Тэгсэн манай нөхөр Б, зах дээр ажилладаг Б гэх залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл О нь намайг олон хүний дэргэд “хөгшин гичий, хиймэл хүүхэн” гэх зэргээр хэл амаар доромжилсон. ...” /хх 18-19/, 

гэрч Ч.Б-ын “..2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дээр өглөө байж байтал О гэх эмэгтэй ирээд надаас өмнө зээлсэн байсан, мөнгөө нэхсэн. Тэр мөнгөө нэхэх үедээ намайг татаж чангаагаад байхаар нь би эхнэр О-д хандаад “О-т 500.000 төгрөг өгчихөөрэй” гээд хэлсэн. Тэгсэн О нь мөнгө өгөх хооронд эхнэр бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тухайн үед би маш завгүй мах ачаад байж байсан болохоор цаанаа очоод махаа ачиж байгаад нэг харсан чинь О нь манай эхнэр О-ын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан, хөлөөрөө мөн түүний хөл хэсэг рүү нь өшиглөж байхаар нь очоод салгасан. Тэгсэн удалгүй О-гийн ах нь гэх залуу хүрч ирээд намайг заамдаж авсан ба манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. О нь эхнэр бид хоёрыг хэл амаар маш их доромжилсон. ...” /хх 28-29/,

гэрч О.Б-ын “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байх “Хүчит шонхор” худалдааны төв дотор лангуун дээр байж байтал миний төрсөн дүү О над руу залгаад “ахаа та хүрээд ирээч, би хойд махны жингийн хажууд байна” гэхээр нь би дотор лангуунаасаа гараад “Хүчит шонхор” захын махны жингийн хажууд яваад очиход дүү О нь О гэх эмэгтэйтээ үсдэлдчихсэн зогсож байсан ба тэр хавийн хүмүүс тэр хоёрыг салгах гээд байж байсан. Тэгээд би очоод О-ын нөхөр гэх залууд хандаад “чи хүнээс мөнгө авсан юм бол өгчихөд яадаг юм” гэж хэлээд бид хоёр бие биенээ заамдалцаад салцгаасан. Тэгсэн О нь дүү О-тэй хэрэлдээд байж байснаа шууд хөл хэсэг рүү өшиглөөд авахаар нь би боль гээд дүүгийнхээ урдуур ороод дүүгээ хамгаалсан. Тэгсэн удалгүй цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12139 дүгээр “...О-ын биед хүзүү, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 53-54/ гэсэн дүгнэлт,

 Шинжээч эмч Ц.Бадралын “...Л.О-ын биед учирсан хүзүү, зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... гэх мэдүүлэг, мөн эмчийн “Л.О-ын биед учирсан зүүн тавхайн эрхий хурууны ар талд буюу дээд талд нь цус хуралт гэмтэл үүссэн байна. Тус гэмтэл хүнд өшиглүүлэх болон хүн өшиглөх үед үүссэн байх боломжтой. ...” /хх 47/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.О нь хохирогч Л.О-ын зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “эрхийн хуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Мөн шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Прокуророос Л.О-ыг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн О.О-тэй маргалдаж зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, “...Л.О нь О.О-ийн хөл хэсэгт өшиглөж баруун шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэсэн нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул түүний энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Харин О.О-ийн биед учирсан зүүн сарвууны долоовор хурууны хумсны хууларсан шарх гэмтлийг Л.О учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Л.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболдоос “... Л.О-д холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, О.О гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Шүүгдэгч О.О-ийг хохирогч Л.О-ын зүүн хөлийн тавхай хэсэг рүү өшиглөж биед нь “зүүн хөлийн тавхайн эрхийн хуруунд цус хуралт” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч О.О-т торгох ял сонгон хэрэглэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч, гэрч нарт эрх үүрэг, тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлт дүгнэлт өгч, хэргийн бодит байдал, үйл баримтыг тогтоож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчээс авсан мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

                      ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

                      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР