| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0108/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: О.М,
Шүүгдэгч: С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт С.Ж-д холбогдох 1835000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 16- ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Галдан бошигтын 25 айлын 1-2 тоотод оршин суух Т овогт С.Ж. РД:ОО87081670.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ж нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогч О.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигтын 25 айлын орцонд хохирогч О.М-ийг зодсон болох нь хохирогч О.М-ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би найз Ц.О-ын хамт О, М, М нарын хамт Гашууны голд очиж 2 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” гэдэг пиво уугаад бид нар Билэг төв дээр нэг шил 0.75 литрийн Хар экс гэдэг архи уусан тэнд хүн тус бүр нэг 0.5 литрийн лаазтай пиво уугаад бид нар гараад Огийн хүргэн ах С.Ж-гийн гэрт очсон. Тэгээд нар уг айлд 19 цагийн үед очсон. М бид хоёр согтсон тул бид хоёрыг тэр айлд үлдээгээд гараад явсан. Би унтах гээд хэвтэж байтал гаднаас танихгүй хүн орж ирээд намайг заамдаж аваад үсдээд хулгайч гээд гэж хэлээд гэрээсээ гаргаад орцонд намайг зодсон. Миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Хамт явсан залуу нь С.Ж-г боль гээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4-р талд/,
гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Бид нар Огийн гэрээс гарч байхад Огийн хүргэн ах хажуудаа нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт гэр лүүгээ орж байсан. Бид нар шууд яваад О, М нарын ажлын үүдэнд очиж байтал манай найз О.М над руу утсаар залгаад “О-гийн хүргэн ах намайг зодлоо. Би Элит-45 айлын орон сууцны тийшээ явж байна. Чи тэндээс ирээд намайг авчих” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12-р тал/,
насанд хүрээгүй гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би С.Ж ахтай хамт тэднийд гэрт ороход буйдан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Мөн 0.5 литрийн пивоны савнууд болон буйдан дээр хүн бөөлжсөн ул мөр байсан. С.Ж ах тэр 2 хүнийг дуудахад босч ирэхгүй байсан. Гэтэл С.Ж ах эрэгтэй хүнийг нь хөлөөс үүд рүү чирээд С.Ж ах “Та нар манай гэрт юу хийж байгаа юм бэ? Энэ чинь юу болж байна. Чи хэн юм бэ?” гэхэд тжр залуу босоод ирэхээр нь цээж рүү нь гараараа 1 удаа цохиод орц руу аваад гарсан. Би араас нь гарахад С.Ж ах нөгөө хүний цээжний хэсэг рүү 1-2 удаа, нүүрний хэсэг рүү 1 удаа цохиход тэр хүний хамраас цус гарсан. Би С.Ж ахыг барьж аваад та боль гэж хэлээд салгаж аваад бариад зогсож байтал тэр залуу хажуугаар гэр лүү ороод гутлаа аваад явсан. Бид хоёр гэрт орж ирээд Ж ах буйдан дээр унтаж байсан эмэгтэйг дуудахад сэрэхгүй байсан. Ж ах нөгөө эмэгтэйг сугадаж өргөөд гэрээсээ гаргахад сэрээд орцонд хана түшээд үлдсэн. Би хоёр хаалгаа хаагаад тэдний гэрийг цэвэрлэсэн.Удалгүй цагдаа болон аав нь ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
гэрч Х.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нар О гэдэг охины хүргэн ахын гэрт очсон. Бид нар тэднийд М, М хоёр согтчихоор нь үлдээгээд явсан. Удалгүй О.М би хүнд зодуулчихлаа гэж манай найз Ц.О руу ярихаар нь би Ц.О-ын хамт такси бариад Элит-45 айлын орон сууцны хажууд О.М-ийг очиж авахад нүүр нь цус болчихсон байсан. Намайг О-гийн хүргэн ах зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
гэрч Т.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би архи пиво хольж уугаад согтсон байсан. Б.Отгонтуяагийн хүргэн ахын руу Ц.О намайг үүрч явсан гэсэн. Би Ц.Оын куртка руу бөөлжсөн. Б.Отгонтуяагийн хүргэн ахын бөөлжсөнөө санахгүй байна. Нэг мэдэхэд манай аав, ах, манай ажлын газрын эгч нар ирж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.О, М бид нар ажил руу явсан. Манай хүргэн ахын Ж-гийн гэрт М, М нарыг их согтсон учраас үлдээгээд явсан. Удалгүй ажил дээрээ очиж байтал О.М утсаар ярьж намайг Огийн хүргэн ах зодчихлоо гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Шүүгдэгч С.Ж-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг өнгөрч байхад дүү Баянмөнхийн хамт гэртээ очиход гэрийн гол хэсэгт байдаг буйдан дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн согтуу унтаж байсан. Буйдангийн бүтээлэг бөөлжис болсон, пивоны савнууд гэрт хэвтэж байхаар нь уурлаад “Босож зайлцагаа” гэж чанга орилоход сэрэхгүй болохоор нь эрэгтэй хүнийхэн хөлөөс чирээд орноос унагаж хаалга руу чирэад хаалгаар гаргаж байтал сэрээд гэр лүү орохоор дайрахаар нь цээж хэсэг рүү нь нэг удаа цохиод гаргасан. Орцонд хамар орчимд нь нэг удаа цохиод буцаж орж ирээд эмэгтэй нь гэрээс гаргачихаад гэрээ цэвэрлээд гараад ирэхэд нөгөө эмэгтэй орцонд хана түшээд сууж байхаар нь цагдаа дуудсан. Би гэнэт гэр орон ийм байдалтай байгааг хараад цочрол орж их ууралсан болохоор зарим зүйлийг санахгүй байж магадгүй. Би уурандаа хүнийг зодосноо хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Ж нь хохирогч Т.М-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны хугарал, муруйлт, толгойны орой хэсгийн хуйх, хамрын нуруу, баруун нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд өаруун 1-р шүдэнд сэтрэл гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч С.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.М нь “Би эмчид үзүүлэх болон хамраа засуулахад гарсан 61000 төгрөгийн зардлыг С.Ж бүрэн төлж өгсөн. Одоо надад 200.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөхгүй байна. Би Ж-гаас 200.000 төгрөг нэхэмжлэж байна” гэсэн боловч хохирогч энэ гэмт хэрэгт өртөгдсөний улмаас 200.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах” гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулна гэж заасан байна. Хохирогч Т.М-ий бие махбодид 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүнээс хойш 26 хоног өнгөрсөн тул уг гэмтлийг хэвийн байдалд /эдгэрсэн/ орсон гэж үзэх тул цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн шүүгдэгчээс 200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Хохирогч Т.М нь шүүгдэгч С.Ж болон түүний гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүйгээр түүний байнга амьдардаг орон байранд нь нэвтрэн орж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, унтаж байгаа үйлдэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл бөгөөд шүүгдэгч С.Ж энэ байдалд нь дургүйцэж хохирогчийг зодсон байна. Иймд гэм хэргийг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-д “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан үйлдсэн” гэж тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч Т.М-ий шүүгдэгч С.Ж-гаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ