| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2405000002173 |
| Дугаар | 2025/ДШМ/297 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/297
2025 03 06 2025/ДШМ/297
Л.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Б-д холбогдох 2405000002173 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овгийн Л-ийн Б, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ төрсөн, .. настай, э..эгтэй, ........... боловсролтой, мэргэжил.., Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “..” уушийн газарт зөөгч ажилтай, ам бүл .., ....... нарын хамт ... дүүрэг .. хороо, .. хороолол .... байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/,
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... үйлчилгээний газарт зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Э.Т-тэй тооцоо дутуу хийлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Л-Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л-Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л-Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л-Б-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Т гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн шөнө би ... үйлчилгээний газарт зөөгчөөр ажиллаж байсан нь үнэн боловч тэрхүү Э.Т гэдэг эгчийг огт цохиж зодоогүй. Харин Э.Т гэдэг эгч нь өөр 2 эгчийн хамт нийт 0,7 литрийн 3 шил виног уусан мөртлөө тухайн 3 шил виноныхоо тооцоог хийхгүй, зөөгчөөр ажиллаж байсан надтай болон зөөгч Х, тухайн өдөр пабад зохион байгуулагчаар ажиллаж байсан Т гээд олон хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн. Зөөгч Х, зохион байгуулагч Т бид нар удаа дараа тэр 3 эгчээс “Та 3-ын уусан 3 шил виноны тооцоо 122.000 төгрөг болсон “та бүхэн энэ тооцоогоо хийчихээч” хэмээн зөндөө гуйж байсан боловч тэдгээр эгч нар “бид нар тооцоогоо хийчихсэн” хэмээн худлаа хэлж, улмаар манай пабнаас зугтааж гарахыг оролдож байсан. Уг нь Э.Т гэдэг эгч өөр нэг эгчийн хамт хоёулаа анх 1 ширээн дээр сууж үйлчлүүлж байсан ба өөр ширээн дээр сууж байсан. Өөр 2 эгчтэй манай пабны тамхи татах өрөөнд танилцсан байсан. Тэгээд дөрвүүлээ нэг ширээнд хамт суусан. /нөгөө 2 эгч нь Э.Т гэдэг эгчийн найзтайгаа сууж байсан ширээн дээр ирж суусан/ Хэсэг хугацааны дараа өөр ширээнээс Э.Т гэдэг эгчийн ширээнд ирж суусан 2 эгчийн нэг нь яваад өгсөн ба тэдний ширээнд гурвуулаа үлдсэн. Тэгээд тэр 3 эгч нь 3 шил виноныхоо тооцоог хийхгүй, гурвуулаа босоод, гадна хаалга руу чиглэн явахаар нь би тэдний араас очсон. Тэгээд тэднээс “Эгч нараа, би та нараас гуйж байна. Тооцоогоо хийгээд явчих аа” гэж гуйсан боловч нөгөө Э.Т гэдэг эгч над руу хашгирч “Чи муу пизда, гичий, та нар бүгдээрээ луйварчид, бид 3 тооцоогоо хийчихээд байхад яагаад дахин дахин мөнгө нэхээд байгаа юм” гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Улмаар Э.Т гэдэг эгч 00-ын өрөө рүү орсон ба араас нь нөгөө 2 эгч орсон. Тиймээс би тэдний үйлчлүүлсэн төлбөр мөнгийг авахын тулд 00-ын өрөө рүү нөгөө 3 эгчийн араас орсон ба уг өрөөнд нөгөө 3 эгч гурвуулаа над руу дайрч эхэлсэн. Тэгэхэр нь би тэр 3 эгч намайг нийлээд зодож магадгүй байдалд хүрсэн тул тэднийг аль болох өөрөөсөө холдуулж, түлхэж байсан. Ялангуяа надад зодуулсан гээд байгаа цэнхэр үстэй эгч /сүүлд тэр эгчийн нэрийг Э.Т гэдгийг мэдэж авсан/ намайг өшиглөж, цохиж, маажиж байсан. Тэгээд намайг түлхэхэд тэр Э.Т гэдэг эгч цаашаа унаж ойчсон ч гэсэн босч ирсэн. Эргэж буцаж ирэхдээ зүгээр босож ирээд, дахиад над руу дайраад байсан учраас би тэр эгч нарыг орхиод 00-ын өрөөнөөс гарч явсан. Би яг энэ үйл явдлын тухай энэ хэргийг шалгаж байсан мөрдөгч болон хяналтын прокурор нарт зөндөө хэлж “Би тэр эгчийг зодоогүй шүү дээ” гэж удаа дараа хэлж ярьж байсан ч миний үгийг огг ойшоож үздэггүй байсан. Тэр ч байтугай, хяналтын прокурорын “Яллах дүгнэлт”-ийг уншихад, би тэр Э.Т гэдэг эгчийг гараараа цохиод, түүнээс болоод тэр эгчийн толгой хагарч гэмтэл авсан мэтээр шал худлаа зүйлүүд бичигдсэн байсан.
Яг үнэн хэрэгтээ бол тэр Э.Т гэдэг эгч маш их согтуу байсан учраас 00-ын өрөөнд намайг өшиглөхдөө хүртэл өөрөө тэнцвэрээ алдаж, унаж байсан. Харин тэр Э.Т гэдэг эгч намайг дээрхи байдлаар элдэв муу муухай үгээр харааж зүхэж байснаас гадна намайг алгадаж, өшиглөж, маажиж байсанд би маш их гомдолтой байна. Тиймээс анх Б.Цолмон гэдэг өмгөөлөгчийг манай аав, ээж 2 аваад, тэр өмгөөлөгчтэй аав, ээж бид 3 уулзах үед би өмгөөлөгчдөө болсон бүх үйл явдпыг дэлгэрннгүй ярьсан. Тэгэхэд Б.Цолмон гэдэг өмгөөлөгч нь надад “Чи одоо гомдлоо гаргаад, шүүх эмнэлэгт үзүүлсэн ч болно. Чамд тийм эрх хуулиар олгогдсон” гэх мэтийн зүйлийг зөвлөсөн тул би энэ тухай гомдлоо бичиж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хурал дээр шүүгч А.Алтанхуяг гэдэг хүнд өгч байсан. Гэвч Шүүгч А.Алтанхуяг гэдэг хүн нь иргэн миний гаргаж өгсөн энэхүү хүсэлтийг хангаагүйд маш их гомдолтой байна.
Би 2005 онд төрсөн, 19 настай бөгөөд 10 настайгаасаа эхлэн бөхийн спортоор буюу самбо, жудо бөхийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Ийнхүү хар багаасаа спортоор хичээллэсэн учраас миний хувьд өөрийн эрдэмт багш нарын заасны дагуу хэн нэгэн хүнд хүч хэрэглэж байгаагүй. Багш нар маань бидэнд “Та нар тамирчин хүмүүс учраас хэзээ ч бусдад гар хүрч, бусдыг бяр чадлаараа дээрэлхэж болохгүй” гэсэн сургаалыг өдөр бүр, цаг тутамд хэлж сануулдаг байсан учраас миний хувьд багш нарынхаа энэ сургаалыг цаг ямагт ягшитал биелүүлдэг байсан. Гэтэл энэ хэргийн хохирогч гэх Э.Т гэдэг эгч “Зөөгч охин намайг газар унатал маш хүчтэй цохисон” гэх мэтийн 100 хувь гүтгэлэгийн шинжтэй үгийг хэлж, хэргийг хянаж байсан прокурор нь яллах дүгнэлтэндээ “Л.Б нь хохирогч Э.Т-г толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн худал хуурмаг дүгнэлтийг бичсэнд маш их гомдолтой байна. Дээр хэлсэнчлэн Э.Т гэдэг эгч зөвхөн намайг өшиглөж, цохиж маажсанаас гадна тухайн өдөр манай пабад зохион байгуулагчаар ажиллаж байсан Т гэдэг хүүхдийг мөн цохиж зодож байсан учраас тэр хүүхэд өнөөдөр энэ үйл явдлын талаарх гомдлоо Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан байгаа.
Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хуулийн дагуу, үнэн зөв, шударгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л-Б-ийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Шийтгэх тогтоол”-ын 3 дахь нүүрэнд “...Шүүхийн хэлэлцүүлгийн үед... Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: ... хохирогч Э.Т нь найз О.Д-гийн хамт үйчлүүлжээ ... гэж бичжээ. Гэтэл энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт байх бөгөөд хэргийн бодит байдал нь:
2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо ... үйлчилгээний газарт шүүгдэгч Л.Б нь зөөгчөөр ажиллаж байсан нь үнэн боловч тухайн үед хохирот Э.Т нь найз О.Д-гийн хамт байснаас гадна тэдний ширээнд өөр 2 эмэгтэй ирж, сууж, улмаар 4-үүлээ байсан болох нь шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлгээр тогтоогддог. Харамсалтай нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч М.Аюушжав, мөрдөгч ажилтай, цагдаагийн дэслэгч Д.Мөнхзул, шүүх хуралд улсын яллагчаар орсон Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх болон анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг гэсэн нэр бүхий албан тушаалтанууд нь шүүгдэгч Л-Б-ийн удаа дараагийн мэдүүлэг, тайлбаруудыг огт ойшоож үзэхгүйгээр, шийдвэрүүдээ гаргаж байсан нь эргээд шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой халдсан үйлдэл, үйл ажиллагаа болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Гэтэл тухайн шөнө ... үйлчилгээний газарт зөвхөн хохирогч гэх Э.Т нь найз О.Д-гийн хамт үйчлүүлээгүй болох нь энэ хэргийн гэрч гэх О.Д-гийн мэдүүлэг болон хохирогчийн өөрийн мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч гэх Э.Т нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан ба уг мэдүүлэгтээ тэрээр хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч М.Аюушжавын: “тухайн үед хэн хэнтэй явж байсан бэ?” гэсэн асуултанд: “Найз Даваахүүгийн болон тэнд танилцсан Насаа гэх хүн байсан.” гэж хариулсан байдаг. Харин хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд энэ хэргийн гэрч гэх О.Дгийн мэдүүлэг нь нотлох баримтаар авагдсан ба уг мэдүүлэгтээ тэрээр хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч М.Аюушжавын: “тухайн үед 00-д цуг байсан, өөр хажуунаас нь харсан хүн байна уу?” гэсэн асуултанд, “Тэнд танилцсан охин надтай цуг байсан” гэж хариулсан байдаг. Харин шүүгдэгч Л.Б нь анх гэрчээр мэдүүлэг өгсөн ба хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд уг мэдүүлэг нь нотлох баримтаар авагдсан. Тэрээр мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 22-ны 18 цагийн алдад гаднаас надад зодуулсан гэх эмэгтэй, найз эмэгтэйн хамт орж ирсэн. Тухайн 2 эмэгтэй вино захиалж ууж байсан, хажуугийн ширээнд дахин 2 эмэгтэй мөн адил үйлчлүүлж байсан. Тэр 4 тамхины өрөөнд байхдаа танилцсан байх, 4-үүлээ 1 ширээнд суусан, тооцоогоо хийх гээд манай кассан дээр ирэх үедээ төлбөр тооцоогоо хийх дээрээ хэрүүл маргаан хийж эхэлсэн. 4 эмэгтэй байснаас 1 нь түрүүлээд явсан. Надад зодуулсан гэх эмэгтэй 1 ширхэг шилэн бакал хагалаад, хагалсан бакалны мөнгө болох 6.000 төгрөгөө өгсөн ... тэгээд тухайн 3 эмэгтэй 00 ороод, зогсож байх үед нь би араас нь ороод, эгч нараа талбөр тооцоогоо хийгээрэй гэхэд, юу яриад байгаа нь бид нар тооцоогоо хийсэн гэж хэлээд, над руу дайраад байсан. Дээрх хохирогч болон гэрч гэх этгээдүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд, хэрэг явдал болох үед 2 өөр ширээнд, 2, 2-оороо сууж байсан эмэгтэйчүүд нь хэсэг хугацааны дараа 4-үүлээ 1 ширээнд цуг сууж, үйлчлүүлж эхэлсэн болох нь нотлогдож байгаа юм.
“Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” болохыг харуулах дараагийн баримт бол анхан шатны шүүх нь “...Ингээд хохирогч Э.Тг ... хөлсийг төлөөгүй шалтгаанаар ... шүүгдэгч Л.Б нь Э.Т”г түлхэсний улмаас тэрээр унаад хаалга мөргөж тархи доргилт, зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ...” гэж дүгнэсэн явдал юм. Гэтэл шүүх хуралд улсын яллагчаар орсон Т.Баянмөнх нь өөрийн бичсэн “Яллах дүгнэлт”-ндээ “...Л.Б нь иргэн Э.Т-тэй тооцоо дутуу хийлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж...” гэж бичсэн. Эндээс дүгнэлт хийвэл анхан шатны шүүх болон прокурорын байгууллагуудын аль аль нь шүүгдэгч Л-Б-ийн үйлдсэн гэх гэмт хэргийг таамаг маягаар дүгнэж, шийдвэрүүдээ гаргасан болох нь тогтоогдож байна.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн процесс ажиллагааг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шапгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Уг зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг ... цагаатгах ... хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.
Хуулийн энэ заалтыг, дээрх эрүүгийн хэргийг мөрдсөн гэх мөрдөгч, уг хэрэгт хяналт тавьсан гэх прокурорууд нь огт биелүүлээгүй. Тэгвэл энэ тохиолдолд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл” буюу уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэдэг үндэслэлээр, хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүднээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах ёстой байсан.
Тухайлбал, дээрх хэргийн хохирогч гэх Э.Т, гэрч гэх О.Д нар нь эсвэл эргэлзээтэй, эсвэл худал мэдүүлэг өгсөн хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнд: Хохирогч гэх Э.Т нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө “...би найз Д-гийн хамт ... Цэ баранд үйлчлүүлээд гарах гээд тооцоогоо өгөхдөө андуураад, нэг тэг бичээгүй 6.000 төгрөг шилжүүлээд 00-ын өрөөнд ороод байж байхад зөөгч охин орж ирээд тооцоогоо хийгээч, хагалсан хундаганыхаа мөнгийг л хийсэн байна гэж уурласан. Тэгээд би мөнгөө хийсэн гэж хэлснээ санаж байна, цаашаа яг юу болсныг согтуу байсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан намайг унатал цохисон” гэж мэдүүлсэн.
Эндээс дүгнэлт хийхэд, хохирогч гэх этгээд нь тухайн үед өөрийг нь хэн гэдэг этгээд, ямар учир шалтгааны улмаас, унатал нь цохисон болохыг огт мэдэхгүй байсан нь харагдаж байна. Гэтэл хэсгийн байцаагч Аюушжав гэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогчид “тулгасан” асуулт тавьсан байдаг. Хэсгийн байцаагч Аюушжав гэгч нь хохирогчоос “Таны биед ... баарны зөөгч гэх охин таны биед халдсан уу” гэж асуухад, хохирогч нь “Миний биед халдсан. Миний нүүрний зүүн тал руу цохисон. Бусад зүйлийг нь яг сайн санахгүй байна” гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн.
Харин хохирогч гэгч нь 2 дахь удаагаа буюу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр .. лоунжийн зөөгч болох Л.Б нь миний дух хэсэг рүү баруун гараараа 1 удаа хальт цохисон санагдаж байна. Тэгээд би унахдаа хаалганы булан мөргөөд унасан” гэж өмнөх мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгч байсан. /хавтаст хэргийн 11-12 хуудас/
Гэтэл дээрх хэргийн гэрч гэх О.Д нь мэдүүлэгтээ: мөрдөгч түүнээс “танай найз Т-гийн чинь толгойг зөөгч охин хагалсныг харсан уу?” гэсэн хууль зөрчсөн буюу тулгасан асуулт асуухад, тэрээр “би яг сайн хараагүй, би үүдэнд хүлээж байсан. Гэхдээ 00 дотор тэр охиноос өөр цохиж түлхэх хүн байгаагүй” гэсэн худал мэдүүлгийг өгсөн. Яагаад өмгөөлөгч миний бие нь дээрх хэргийн гэрч гэх О.Д-гийн мэдүүлгийг “худал” хэмээн үзэж байна гэвэл тэрээр “би миний найз Т-г зөөгч охин цохиж зодохыг хараагүй, би үүдэнд зогсож байсан” гэж хэлээд байгаа мөртлөө гэнэт “Гэхдээ 00 дотор тэр охиноос өөр цохиж түлхэх хүн байгаагүй” гэж хэлж байгаа нь үнэхээр худал, гүтгэсэн мэдүүлэг юм.
Учир нь, хэрэв үнэхээр гэрч гэх О.Д нь 00-ын өрөөнд бус, харин гадагш гарах үүдний хажууд зогсож байсан юм бол 00-ын өрөөн дотор зөвхөн Э.Т, Л.Б 2 байсан гэдгийг мэдэх ямар ч арга байхгүй. Үүнийг мэдэхийн тулд гэрч гэх О.Д нь зайлшгүй 00-ын өрөөн дотор байсан байх ёстой билээ. Тиймээс ч мөрдөгч нь түүнээс “тухайн үед 00-ын өрөөнд цуг байсан, өөр хажуунаас нь харсан хүн байсан уу” гэж асуухад, гэрч гэх О.Д нь “яг сайн харсан хүн байхгүй байх” хэмээн хариулж байгаа юм. Харин хохирогч гэх Э.Т нь шүүгдэгч Л-Б-ийг цохиж зодож байсан болох нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. /хх 33-34/
Уг мэдүүлэгт шүүгдэгч нь “...Тэгэхээр нь би 00 руу дагаж ороод, тооцоогоо төлөөчээ гэхэд, 1 эмэгтэй нь хэл амаар доромжлоод намайг түлхсэн. Намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгж байхад нөгөө тооцоогоо хийхгүй байсан эмэгтэй намайг шууд жийгээд, дахиад цохих гээд байхаар нь түлхсэн ... Би тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” хэмээн мэдүүлжээ.
Түүний энэ мэдүүлэгээс дүгнэхэд, 00-ын өрөөн дотор шүүгдэгч Л.Б рүү дээрх хэргийн гэрч гэх О.Д гэгч нь дайрч довтолж, зодохыг завдаж байсан нь тогтоогдож байгаагаас гадна хамгийн гол нь хохирогч Э.Т гэгч нь түүнийг өшиглөж, цохиж зодож байсан нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нь зөвхөн дан ганц хохирогч Э.Т-гийн мэдүүлгийг үндэслэн, шүүгдэгч Л.Б-д ял оноосон. Гэтэл хохирогч Э.Т гэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаар тоггоогддог. Тухайлбал, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд хохирогч Э.Т гэгчийн фото зураг авагдсан байх ба уг зургийг хэрэг явдал гарсан шөнө буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагын ажилтан авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байна. Уг зурган дээр хохирогч Э.Т гэгч нь шал согтуу, улмаар түүнд согтуурлын зэрэг тогтоох багажийг бариулсан байх ба уг багаж буюу драгерт бичигдсэнээр Э.Т нь 1,57%-ын согтолттой байсан болох нь тогтоогдсон.
Мөн хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд “Мөрдөгчийн тэмдэглэл” гэсэн нотлох баримт авагдсан ба 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн уг баримтанд “БГД-ийн ЦГ-ын 1-р хэлсийн МБТ-ийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Мөнхзул би ... иргэн Э.Т нь ... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул мэдүүлэг тайлбар авах боломжгүй ... байсныг тэмдэглэл болгон бичиж байна” гэжээ.
Энэхүү “Мөрдөгчийн тэмдэглэл” гэсэн нотлох баримтаас дүгнэхэд, хохирогч Э.Т гэгч нь хэрэг явдал гарсан шөнө өөрөө өөрийгөө удирдан жолоодох, хянах, болсон явдпын талаар цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөх ямар ч боломжгүй, чадваргүй байсан болох нь тогтоогдож байна. Цагдаагийн болон прокурорын байгууллага нь хууль зөрчсөн ажиллагаанууд явуулж байсны нэг жишээ нь хавтаст хэргийн 45-46 дүгээр хуудсанд авагдсан “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” болон “Таньж олуулах ажиллагаа явуулахад тогтоогдсон нөхцөл байдал” гэгч нотлох баримтууд юм. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд “Таньж олуулах” ажиллагааг хэрхэн яаж явуулах ёстойг маш тодорхой хуульчилсан, мөн хуулийн зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараах тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний ... бичлэг ашиглан таньж олуулж болно” хэмээн хуульчилсан. Тэгвэл дээрхи хуулийн 25.7 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах бүрэн боломж байсаар байхад тухайн мөрдөгч нь шүүгдэгч Л-Б-ийн гэрэл зургийг хохирогч Э.Т гэгчид үзүүлж, таньж олуулах ажиллагаа явуулсан нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон.
Цагдаагийн болон прокурорын байгууллага нь хууль зөрчсөн ажиллагаанууд явуулж байсны нэг жишээ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь албан тоот явуулсаар байхад, эдгээр хуулийн байгууллагууд нь тухайн байгууллагыг буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг дээрх эрүүгийн хэрэгт “Иргэний нэхэмжлэгч”-ээр тогтоогоогүй явдал юм. /хх 61-62/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тоот болон уг албан тоотын хавсралт нь нотлох баримтаар авагдсан байхад, Баянгол дүүргийн цагдаагийн болон прокурорын байгууллага нь энэхүү улсын байгууллагыг хохироосон үйлдэл хийсэн байна.
Эцэст нь болсон хэрэг явдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Л-Б-ийн зүгээс тухайн үед гаргасан үйлдэл буюу хохирогч гэх Э.Т нь түүнийг өшиглөж, цохиж, маажих үед биеэ хамгаалах зорилгоор түлхсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл буюу “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэж болохоор байна. Гэхдээ түүний өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Л-Б-ийн үйлдлийг цагаатгаж өг гэж анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүхэд хандаагүй.
Харин анхан шатны шүүхэд “шүүгдэгч Л.Б нь бусдыг зодож, биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан” гэх гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Гэм буруугүйд тооцох” гэсэн процесс ажиллагааг хуульчилсан ба уг зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” хэмээн хуульчилсан.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож өгнө. ...” гэв.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн үйл баримтыг прокурор яллах дүгнэлтдээ, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо зөрүүтэй бичсэн гэж хэллээ. Хохирогч Э.Т 3 удаагийн мэдүүлэгтээ дандаа цохисон гэж мэдүүлсэн. Тиймээс яллах дүгнэлтдээ “толгой хэсэгт цохисон” гэснийг буруутгах боломжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч түлхсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Л-Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, давж заалдах гомдолдоо хохирогчийг түлхсэн талаараа дурдсан. Шүүгдэгч түлхсэний улмаас хохирогчид тархи доргилт, зулайн хуйхны шарх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Таньж олуулах ажиллагаанд 2 хөндлөнгийн гэрч оролцуулах ёстой байсан гэдэг дээр тайлбар байхгүй. Таньж олуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй. Хэсгийн байцаагч хөнгөн хэргүүдийг авч, хэрэг бүртгэлтийн тасаг нээгдсэнтэй холбоотойгоор зөрчил гарсан байна. Гэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хохирогч тогтож чадахгүй байгааг харж байсан, түлхсэний улмаас унаж гэмтэх боломжтой гэдгийг мэдэж байсан учраас шүүгдэгчийг санаатайгаар түлхсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” үйлчилгээний газарт зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Э.Т-тэй тооцоо дутуу хийлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “...Би хүнд зодуулчихлаа...” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 1/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх 45-46/,
хохирогч Э.Т-гийн “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим би найз болох Даваахүүгийн хамт Баянгол дүүрэг 15 хороонд байрлах ... уушийн газарт үйлчлүүлээд гарах гээд тооцоогоо өгөхдөө андуураад нэг тэг бичээгүй 6.000 төгрөг шилжүүлээд бие засах өрөөнд байж байхад зөөгч охин орж ирэнгүүтээ тооцоогоо хийгээч хагалсан хундаганыхаа мөнгийг л хийсэн байна гэж уурласан. Тэгээд би мөнгөө хийсэн гээд хэлснээ санаж байна, цаашаа яг болсоныг согтуу байсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан намайг унатал цохисон. Дараа нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний биед халдсан. Миний нүүрний зүүн тал руу цохисон бусад зүйлийг нь яг сайн санахгүй байна. Найзтайгаа цуг гурван шил вино уусан байсан. ... Цохиулсандаа гомдолтой байгаа. ...” /хх 8/
“...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ... уушийн газрын зөөгч болох Л.Б нь миний дух хэсэг рүү баруун гараараа 1 удаа хальт цохисон санагдаж байна. Тэгээд би унахдаа хаалганы булан мөргөөд унасан. ...” /хх 11-12/,
гэрч О.Д-гийн “...зөөгч охин хойноос нь бие засах өрөө орсон. Ороод удаагүй байхад Т толгойгоо бариад зөөгч охин миний толгойг хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад бие засах өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд бид хэд гадаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Би яг сайн хараагүй. Би үүдэнд хүлээж байсан. Гэхдээ бие засах өрөөн дотор тэр охиноос өөр цохиж түлхэх хүн байгаагүй. ...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14004 дүгээр “...Э.Т-гийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн чихний сувгийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн чихний сувгийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 23-24/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Л-Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л-Б-ийг хохирогч Э.Т-гийн эрүүл мэндэд “тархи доргилт, зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Л.Б-ээс “...Би тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хуулийн дагуу, үнэн зөв, шударгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Цолмонгоос “...шүүгдэгч Л.Б нь бусдыг зодож, биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан” гэх гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Э.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Л-Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Л.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б-д торгох ял сонгон хэрэглэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Мөн хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч, гэрч, шинжээч нарт эрх үүрэг, тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан /хх 6-7, 17-18, 19-20/ баримт хэрэгт авагдсан ба хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14004 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР