Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

       Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,                      

    Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Иовогт Т.Б-д холбогдох 1835001480129 дугаартай  эрүүгийн хэргийг 2018 оны  6 дугаар сарын 28 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1961 оны 9 дүгээр сарын 07-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ник”  ХХК-ий Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарт жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Иовогт Т.Б. РД:ЧО61090716.

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Т.Б нь болгоомжгүйгээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангомоос Өлгий сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын кабель гэмтээсний улмаас “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-д 796.946 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч Т.Б-г болгоомжгүйгээр нитйийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

       Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

    2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 08 минут /орон нутгийн цагаар/-нд Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын шугамын 12 корын шилэн кабель гэмтэж /тасарч/, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 08 минут хүртэл уг шилэн кабелиар дамждаг интернетийн урсгал тасарсан  байна.

     Шүүгдэгч Т.Б нь HOWO загварын 6467 ХОА улсын дугаартай автоцистерэн машинаар Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явахдаа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 08 минутын үед Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын шугамын 12 корын шилэн кабелийг тээшний дээд хэсэгт орооцолдуулж тасалсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 08 минутын үед Улаангомоос Өлгий чиглэлийн агаарын шилэн кабель тасарсан гэж Улаанбаатар хотоос Үндсэн сүлжээ удирдлагын төвөөс мэдээлсэн. Үүний дагуу жолооч О, кабель шугамын инженер Б, ашиглалтын  менежер Х, кабельчин Г, А нар явж шалгахад Улаангомоос 63 км-ийн зайд 2 шонгийн хоорондох шилэн тасарсан байна. 4 шонгийн  хооронд шинэ кабель татах шаардлагатай гэхээр нь би 250 метр 12 корийн кабель авч очиж засварын ажлыг хийж 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 цаг 08 минутанд сүлжээг хэвийн ажиллагаанд оруулсан. Өлгий сумын холбооны ажилтан С “Ховд аймаг руу хүдэр ачиж явсан 9042 ХОА улсын дугаартай улаан өнгийн шаланз машиныг зогсоож жолоочтой нь уулзахад улаан өнгийн кабинтай цистерэн кабель тасалчихаад явчихлаа. Дугаарыг нь харах гээд хөөгөөд гүйцсэнгүй” гэж хэлсэн талаар утсаар ярьж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17, 18-р тал/,  

    гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Өмнөговь сумын Бургастай багийн төвөөс цааш 2 км орчим зайд авто зам хөндлөн гарсан хэсэгт агуурын шилэн кабель тасарсан байсныг тогтоож, 100 метр кабель залгасан боловч сүлжээ сэргэхгүй тэндээ алдаа заагаад байсан болохоор ерөнхий инженер Бтай ярихад 250 метр кабель авч ирж залгаад сүлжээ сэргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

   гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай засварын баг Өмнөговь сумын Бургастай багийн төвөөс цааш 2 км орчим зайд авто зам хөндлөн гарсан хэсэгт агуурын шилэн кабель тасарсан байсныг тогтоож, 100 метр кабель залгасан боловч сүлжээ сэргэхгүй болохоор нь дахин хэмжилт хийхэд тэндээ гэмтэл заагдаад байсан болохоор ерөнхий инженер Бтай ярихад 250 метр кабель авч ирж залгаад сүлжээ сэргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 32-р тал/,

    гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Улаангом сумаас 63 км-ийн зайд агаарын шилэн кабель тарсан гэж мэдээлсний дагуу манай засварын баг гэмтэл гарсан газарт очиход Өмнөговь сумын Бургастай багийн төвөөс цааш 2 км орчим зайд авто зам хөндлөн гарсан хэсэгт агуурын шилэн кабель тасарсан байсныг тогтоож, 100 метр кабель залгасан боловч сүлжээ сэргэхгүй болохоор нь бид нар шугам дагаад Өлгий сумын чиглэлд 40 км яваад буцаж кабель тасарсан газарт ирээд удаагүй байтал ерөнхий инженер Б 250 метр кабель авч ирснийг залгаад сүлжээ сэргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

    гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Улаангомоос манай засварын баг гэмтэл гарсан газарт очиход Өмнөговь сумын Бургастай багийн төвөөс цааш 2 км орчим зайд авто зам хөндлөн гарсан хэсэгт агуурын шилэн кабель тасарсан байсныг тогтоож, 100 метр кабель залгасан боловч сүлжээ сэргэхгүй болохоор нь ерөнхий инженер Бтай ярьж танилцуулахад өөрөө 250 метр кабель авч ирснийг залгаад сүлжээ сэргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

     гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай засварын Өмнөговь сумын Бургастай багийн төвөөс цааш 2 км орчим зайд авто зам хөндлөн гарсан хэсэгт агуурын шилэн кабель тасарсан байсныг тогтоосон....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

     гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 17 минутанд Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын шугамын 12 корын шилэн кабель тасарсаныг  2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг 08 минутанд засварлаж, сүлжээг сэргээсэн. 12 цаг 51 минутын хугацаанд сүлжээ тасарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

    шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны 13 цагийн үед  HOWO загварын 6467 ХОА улсын дугаартай автоцистерэн машинаар Увс аймгийн НИК-ийн агуулахаас Ховд аймгийн мянгад сум руу  гарсан. Замд шороон шуургатай байсан учраас шилэн кабелийг харахгүйгээр машиныхаа дээд хэсэгт байрлах 3 тагны нэгэнд тээглүүлж тасалсан байх. Шороон шуургатай байсан учраас шилэн кабель байгааг хараагүй. Болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэг үйлдэснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн агаарын шугамын 12 корын шилэн кабель тасалсан болох нь тогтоогдож байна.

      Увс аймгийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн агаарын шугамын 12 корын шилэн кабелийн эзэмшигч нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК байна. Иймээс уг агаарын шугамын 12 корын шилэн кабелийн төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг агаарын шугамын шилэн кабелийг нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэж үзнэ.

         Шүүгдэгч Т.Б нь том оворын авто машинаар шон хооронд татсан агаарын шугам доогуур  гарахад тухайн агаарын шугам тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр агаарын шугамыг тасалсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

        Иймд шүүгдэгч Т.Б-г болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Т.Б “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

     Шүүгдэгч Т.Бг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Энэ гэмт хэргийн улмаас тасарсан 12 корийн агаарын шилэн кабелийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулахад хохирогч “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ий Увс аймгийн газраас 797.200 төгрөгийн зардал /хор уршиг/ гарсан болох нь “Гэрэгэ Эстимэйнт” ХХК-ий 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн УВ/01/337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-тйн 42-р тал/-ээр тогтоогджээ.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “шүүгдэгч Т.Бгаас 797.200 төгрөгийн зардлаа бүрэн төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, 797.200 төгрөгийн хохирол төлөгдсөн талаарх “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХХК-ий Увс аймгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай албан бичиг /хх-ийн 65-р тал/ хэрэгт  тус тус авагдсан байх тул шүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”  гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

    Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

    1. Шүүгдэгч И овогт Т.Б-ыг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 500 /таван зуу/ нэгтэй тэнцүү хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

    4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ