Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/296

 

 

 

 

    2025           03            06                                         2025/ДШМ/296

 

А.Г-од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1010 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2309018632012 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

.............. овгийн ...............-ийн Г, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр .............. төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил..., “.........” ........ ажилтай, ам бүл .., ......-ийн хамт .... тоотод оршин суух, /РД:........................./,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 649 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийг нэмж нэгтгэн нийт 1 жил 81 хоногийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар 1 жилийн хорих ялаас үлдсэн 8 сар 28 хоногийг 268 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг ялаас эдлээгүй үлдсэн ялыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 85 дугаар тогтоолоор 24 хоног хорих ялаар сольж ялаа эдэлж дууссан.

Шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёлын төвийн орчимд хохирогч Д.П-гийн “Ай фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саяана” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч А.Г-гийн “Самсунг А 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Бэлх” зах дээр хохирогч Р.Э-ынлангуун дээрээс түүний эзэмшлийн “Самсунг А-54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.295.910 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3.735.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдпэх ялаас хасаж тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-оос 2.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-д, 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-д тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар шүүгдэгч Б.Г-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох ... овгийн Г-ын Т........... /РД:.........../, ...... овгийн Д-ын У........ /РД:............./, ........ овгийн Г-ын О............. /РД:............./ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн шалгагдаад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Тус хэргээр шалгагдаж байх хугацаандаа Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж байгаа хэргээ нийлүүлж нэг шийдүүлэхийг илэрхийлж байсан боловч хэргийг нэгтгэн өгөлгүй шийдсэн. Миний бие өрх толгойлсон 7-12 насны гурван хүүхэдтэй эх бөгөөд өрөөсөн бөөртэй юм. Баруун бөөрөө 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авахуулсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бүх хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй тул анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маргаддаггүй, гэмшиж байна.

Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж байгаа хэргийг үндсэн хэрэгтээ нэгтгэн шийдэж өгнө үү. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цагдан хоригдсон. Хоригдсон цагаас хойш өрөөсөн бөөр өвдөн 2024 оны 10 дугаар сарын 31, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж хэвтсэн. Хорих ангийн чийгтэй нөхцөлд өрөөсөн бөөр өрөвсөн хэцүү байдалд байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний эрх зүйн байдлыг харгалзан хэргийг нэгтгэж шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаан товлогдсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн прокурорын яллах дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгч, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хэргүүдийг нэгтгэх талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан. Миний үйлчлүүлэгч 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Гэрлэлтээ батлуулаагүй боловч 3 хүүхдийнх нь эцэг нас барсан. Шүүгдэгч өөрөө хүүхдүүдээ харж, тэжээн тэтгэх шаардлага үүсээд байна. Хуульд зааснаар ижил зүйл, заалтад заасан хэргүүдийг нэгтгэж, нэг мөр хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан нэгтгүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Г-ын 3 үйлдэлд прокуророос 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 866 дугаар яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Шүүн таслах ажиллагааны явцад шүүгдэгч оргон зайлж, 2024 оны 11 дүгээр сард саатуулагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, шүүгдэгчийг олж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг товлосон. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх явцад хэрэг нэгтгэх асуудал яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хэрэг нэгтгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч оргон зайлах явцдаа гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэснийг шүүхэд шилжүүлсэн хэрэгт нэгтгэх боломжгүй. Тийм хуулийн зохицуулалт байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч А.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Соёлын төвийн орчимд хохирогч Д.П-гийн “Ай фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.П-гийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Соёлын төвд дүү болох Мартын хонхны баяр болоод уг газарт очсон. Тухайн үед би эгч болон 2 хүүхдийн хамт дүүдээ цэцэг болон бамбарууш өгөх гээд байж байтал миний утас алга болсон байсан. Тэгээд би гар утсаа алдсанаа мэдээд бичлэг үзтэл шар канттай хар өмдтэй эрээн цүнхтэй шар гуталтай урт дуу буржгар үстэй 20-25 орчим насны эмэггэй хүн миний хармаанаас авч байгаа бичлэг бичигдсэн байсан. ...” /хх 8/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1274 дүгээр эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 11-13/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18/,

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саяана” кофе шопод үйлчлүүлж байсан хохирогч А.Г-гийн “Самсунг А 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Г-ийн “...Би өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлаас бууж байсан ба 12 цаг 00 минутын үед ажлын газрын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Саяана” нэртэй кофе шопод орж нэг цай аваад ширээн дээр нь суугаад халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан ба тухайн газрын хяналтын камерыг шүүж үзэхэд миний халааснаас нэг эмэгтэй хүн авч байгаа бичлэг байсан. ... миний гар утас Самсунг А52 загварын хөх өнгийн гар утас энэ оны 2022 оны 02 дугаар сард Мобикомын салбараас 1.200.000 төгрөгөөр авч байсан...” /хх 39-40/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1467 дугаар эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 42-44/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 50-51/,

 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Бэлх” зах дээр хохирогч Р.Э-ынлангуун дээрээс түүний эзэмшлийн “Самсунг А-54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.295.910 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3.735.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Р.Э-ын“...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн Бэлх зах дээр 7, 8-р лангуун дээр худалдаа эрхэлдэг ба 06 дугаар сарын 09-ний 11 цагийн үед лангууныхаа доор өөрийн Самсунг А-54 загварын гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан ба гадаа гарч гурилын лангуун дээрээ очоод эргээд ороод иртэл IТҮ гар утас маань хулгайд алдагдсан тул цагдаад өргөдөл гаргаж байна. ... бэлх захын хяналтын камерыг шүүж үзэхэд 40 орчим насны ногоон өнгийн подволк, цэнхэр өнгийн уранхай женсин өмдтэй, цагаан өнгийн кет өмссөн хүн байсан ба миний утсыг лангууны доороос аваад цүнхэндээ хийгээд гарч байсан цаг хугацаа нь 11 цаг 23 минутын үед бичигдсэн байсан юм. ...” /хх 104-105/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 107-108/,

“Самсунг А-54” загварын гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 112-114/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 118-120/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Г-ын хохирогч Д.П-гийн “Ай фоне 12 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн, хохирогч А.Г-гийн “Самсунг А 52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн, хохирогч Р.Э-ын“Самсунг А-54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.295.910 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 3.735.910 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Г-ын хохирогч Д.П-гийн “Ай фоне 12 про макс” загварын гар утсыг, хохирогч А.Г-гийн “Самсунг А 52” загварын гар утсыг, хохирогч Р.Э-ын “Самсунг А-54” загварын гар утсыг тус тус хууль бусаар авсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч А.Г-оос “...Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж байгаа хэргийг үндсэн хэрэгтээ нэгтгэн шийдэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч А.Буянжаргалын гаргаж өгсөн эрүүгийн хэрэг үсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 5 тогтоолууд зэргээс үзэхэд, шүүгдэгч А.Г нь 2309018632012 дугаар бүхий үргэлжилсэн 3 удаагийн үйлдээсээ гадна өөр гэмт хэрэг үйлдсэн байдлаа нуун дарагдуулсан, мөн тус хэрэгт прокуророос 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 866 дугаар яллах дүгнэлт үйлдэж, гардуулан өгч, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/4017 дугаар албан тоотоор хэргийг шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч даргалагч томилж, шүүгдэгч А.Г-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байхад шүүгдэгч А.Г нь шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулж оргон зайлж, оргон зайлсан хугацаандаа дээрх 5 хэрэгт яллагдагчаар татагдсан нөхцөл байдал үүссэн байх ба тус гэмт хэргүүдийг энэ хэрэгт нэгтгэж шалгуулах шаардлагагүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, уг хэргийн яллах дүгнэлт үйлдэгдэхэд дээрх яллагдагчаар татагдсан гэх хулгайн гэмт хэргүүд үйлдэгдээгүй байсан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1010 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Гэрэлт-Одын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 112 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/1010 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 112 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА

 

                                  ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР