Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01715

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01969 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А хариуцагч Н т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 02794 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 254 дугаар тогтоолоор Г.Алтанхуягаас 217 718 296 төгрөг гаргуулж АБТС ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Г.А үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Номин шарга ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009937 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхрын 541.95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 058 065 200 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 4/1532 дугаар мэдэгдлийг 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч мэдлээ.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дээрх хотын төвийн А зэрэглэлийн 541.95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна. Иймд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Номин шарга ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009937 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхрын 541.95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 1 058 065 200 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Алтанхуяг, Номин шарга ХХК нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөөгүй байх тул төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Номин шарга ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009937 дугаарт бүтгэлтэй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхрын 541.95 мкв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 18260817/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 18260817/06 дугаар тогтоолоор хураан авсан. Төлбөр авагч АБТС ББСБ ХХК-ийн зүгээс хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбаатар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 058 065 200 төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 4/1533, 4/1532, 4/1531 дугаар албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт биечлэн танилцуулан талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд эрх үүрийг тайлбарлан танилцуулсан. Дээрх үнэлгээг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу үнэлгээг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Төлбөр төлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Н т хандсан. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 18260817 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгөөр үүрийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус хөрөнгийг битүүмжилж хурааж, шинжээч томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам болон талуудын эрхийг зөрчөөгүй тул улсын бүртгэлийн Ү-2202009937 дугаар бүтгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 давхрын 541.95 м.кв талбайтай Номин шарга ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н т холбогдох нэхэмжлэгч Г.А Хөрөнгө эстимэйт ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 119/01 дугаартай Хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Алтанхуяг төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтанхуягт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар зөрүүтэй гаргасан эсхүл огт санал гаргаагүй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болно гэж дүгнэсэн атлаа төлбөр төлөгчид удаа дараа үнийн санал гаргаж өгөх мэдэгдэл өгөөд байхад санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, огт үнийн саналаа өгөөгүй байхад нэхэмжлэгчийг 2 500 000 төгрөгөөр үнийн санал өгсөн мэтээр илтэд нэг талыг барьсан баримтгүй дүгнэлт гаргасан.

Төлбөр төлөгч нь мэдэгдэл өгсөөр байхад санаатайгаар үнийн санал гаргаж өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй тул албадан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд шинжээч томилж үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй юм.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр unegui.mn сайтад үзлэг хийж тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 3 500 000-8 000 000 төгрөгийн ханштай байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэт өндөр, нэг талыг барьсан ганцхан сайтаас иш татаж харьцуулалт хийсэн байна. Мэргэжлийн үнэлгээчин нь үнэлгээний зах зээлийн хандлагын арга, зардлын хандлагын арга, орлогын хандлагын аргаар тухайн үеийн зах зээлийн ханш хэд хэдэн сайт заруудтай харьцуулалт хийж үнэлсэн тайланг харгалзаж үзээгүй, нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Алтанхуяг нь хариуцагч Н т холбогдуулан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 41, 146/

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 02794 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 00254 дугаар тогтоолоор /хх 6-22/, Г.Алтанхуягаас зээлийн гэрээний үүрэгт нийт 217 718 296 төгрөг гаргуулж, АБТС ББСБ ХХК-д олгох, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Алтанхуяг болон Номин шарга ХХК-ийн өмчлөлийн дээр нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр төлөгч нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 06067 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 567 дугаар гүйцэтгэх хуудас /хх 44-45/-т үндэслэн 2018 оны 04 сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх зэрэг ажиллагаа явуулжээ. /хх 61-99/

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.Алтанхуяг нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг тогтоолгохоор 2020 оны 01 сарын 10-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээчин нь 1 058 065 200 төгрөг гэж үнийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Тодруулбал, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтоохоор зохицуулсан. Гэтэл хариуцагч байгууллага нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр, 2020 оны 01 сарын 07-ны өдөр тус тус төлбөр төлөгч Г.Алтанхуяг, өмчлөгч Номин шарга ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Галсанбат нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоохыг мэдэгдэж, төлбөр авагч талд мэдэгдээгүй байна. /хх 77, 80/

 

Хөрөнгө үнэлэх ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэгчийн хийх ажиллагаа байтал төлбөр төлөгчид үүрэг болгож, төлбөр авагчид холбогдуулан ажиллагаа хийгээгүй атлаа шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцээгүй. байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчыг оролцуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг авах эсэх талаар мэдэгдэл хүргүүлсэн ажиллагаа явуулаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөр төлөгчийн зүгээс санаатайгаар үнийн санал өгөөгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр unegui.mn цахим сайтад үзлэг хийж, зах зээлийн нийтэд зарласан үнийг /санал болгосон, харилцан тохиролцож буурах боломжтой/ мэргэжлийн тусгай мэдлэг бүхий этгээдийн тодорхойлсон үнэлгээтэй харьцуулсан байдлаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь буруу. Мөн уг үзлэг хийх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нар үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй /хх 163-164/ байх боловч энэхүү ажиллагаа болон дүгнэлт нь шийдвэрийг хүчингүй болгох буюу дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/01969 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР