| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00294/И |
| Дугаар | 311/ШШ2025/00576 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 311/ШШ2025/00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт оршин суух, ...... овогт Ж.......ийн А..........ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын ....... багт оршин суух, ........д холбогдох,
31,140,000 төгрөг гаргуулах тухай,
Ш.Б....... сөрөг нэхэмжлэлтэй, Ж.А...... холбогдох 4,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А......, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э........, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б......, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А....... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болсон үйл явдлын талаар яръя гээд, 2023 оны 08 дугаар сард Б........эй надтай зах дээр таарсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад мал авахаар хамтран ажиллахаар болсон. Би мөнгийг нь гаргаж, Б.... малаа авахаар болж, нэг эр ямааг 120,00 төгрөгөөр, эм ямааг 60,000 төгрөгөөр, клограммыг нь 20 доош оруулахгүйгээр, авахаар болж, ашгаа сүүлд нь хуваахаар тохирсон юм. Тэгээд Б.... ямаагаа авч эхэлсэн. Би ямааны мөнгө шилжүүлсэн. 2023 оны 7 сарын 06-нд 9,0 сая төгрөг, 7 сарын 21-нд 9,0 сая төгрөг, 7 сарын 31-нд 6,0 сая төгрөг, 8 сарын 14-нд 6,0 сая төгрөг, 8 сарын 21-нд 8,0 сая төгрөг, 8 сарын 30-ны өдөр 15,0 сая төгрөг, 9 сарын 08-нд 3,0 сая төгрөг, 9 сарын 22-нд 20,0 сая төгрөг, мөн өдрөө дахин 10,0 сая төгрөг, 11 сарын 03-нд 10,0 саяар 2 удаа шилжүүлсэн.
...ингээд байж байтал 9 дүгээр сарын эхээр надад Улаанбаатар хотоос 5 тн хонины махны гэрээ орж ирсэн. Би Б..... рүү ярьж асуусан юм. За чи 22-24 кг дундажтай 5 тн хонины мах авч чадах уу гэхэд тэр амархан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за чи наанаасаа 2 хонины мах аваад ир дундажлаад хиллээд үзье гэсэн. Тэгсэн Б...... 2 хонины мах өгүүлсэн. Жин нь нэг хонь 24 кг болж байсан. Тэр 2 хонины махаа Улаанбаатар хот руу явуулсан чинь цаанаас надтай 5 тн махны гэрээ хийе, 1 кг махыг 8000 төгрөгөөр тооцож худалдаж авна гээд гэрээ хийхээр болж, би мөн л Б.......рүү дундаж клограммыг нь 22-25 дундажтай хонь олдох уу? гэж асуусан чинь тэр асуудалгүй олдоно гээд бас надтай хамтран ажиллахаар болж, би түүнд ямааны мөнгөн дээрээ нэмж хонины мөнө хийж эхэлсэн. Ингээд хоёулаа тухайн үед эм хонь зах зээлийн үнэ нь 100,000 төгрөг байсан. 24 кг байхаар хонио шилж сонгоод 130,000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Би бүх мөнгө болон урсгал зардлаа гаргана. Бүх зүйл дууссаны дараа ашгаа хоёулаа тэнцүү хувааж авъя гэж тохиролцсон юм.
...би Б.......рүү нийт 107,0 сая төгрөг шилжүүлсэн. ...малаа цуглуулж аваад төхөөрөөд хонины махаа жинэлсэн чинь дундаж нь 18,3 кг болоод дундаас нь би 2,760,000 төгрөгөөр хохирсон. ...компанитай гэрээ хийчихсэн байсан учир хонины махыг клограммыг нь 6,000 төгрөгөөр бодож авсан. ...за тэгээд 12 сард ямаагаа авахаар очсон чинь авсан ямаанаас нь 300 ямаа дутсан. ...ямаанаасаа алдагдлаа нөхөх гэсэн чинь ямаа дутсан. Ингээд би Б......ийг намайг залилчихлаа гэж бодоод 12 сард цагдаад өгсөн. Цагдаагаас прокурорт шилжүүлсэн. Прокуророос 4 сард таны энэ эрүүгийн хэрэг биш байна. Та иргэний шүүхэд гомдол гарга гэсэн. Би 2023 оны 6 сард гомдлоо цагдаад гаргасан. Тэрнээс хойш бараг 3 жил болж байна. Би малаа нядлуулсан болон ачуулсан мөнгө, бензиний мөнгө төгрөгийг бол энд оролцуулаагүй байгаа. ...бид хоёр ярилцаж тохиролцоод 500 толгой эм хонь, 250 толгой эр ямаа, 414 толгой эм ямаа буюу нийт 1164 толгой малыг цуглуулах байсан. ...хониноос тоогоор дутаагүй ч дундаж кг-аас 1 толгой хонь бүрээс 3.7 кг дутаж 2,760,000 төгрөгийн алдагдал, харин ямаанаас болохоор 250 толгой эр ямаа авахаар мөнгөө өгсөн байхад надад 148 толгой эр ямаа өгч, 102 толгой эр ямаа дутсан буюу 12,240,000 төгрөгөөр хохирсон, мөн өгсөн ямаанаас 2 эр ямаа нь туранхай туувар даахгүй эцэхээр нь буцааж өгсөн учраас 146 эр ямааг гар дээрээ авсан. Эм ямаанаас болохоор 414 толгой эм ямаа авах ёстойгоос 216 толгой эм ямаа авсан, үүнээс 31 толгой нь ишиг борлон байсан тул буцааж өгсөн. Надад өгөх ёстой эм ямаанаас яг гар дээрээ авсан нь 185 толгой эм ямаа авч 229 толгой эм ямаа дутаж 14,900,000 төгрөгөөр хохирсон. Ингээд нийтдээ 31,140,000 төгрөгийг Ш.Б.....ээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.А..... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа Б.........эй мал хариулгуулна гэж тохироогүй. Хэрэв би мал хөлсөөр хариулгуулсан бол сар сард нь хөлсөө төлөх байсан. Тэр хүн сар сард мөнгөө авах хэрэгтэй. Бензин тос, хоол ундаа авах ёстой. Яагаад энэ хөлсний тухай яригдаагүй юм бэ? гэхээр авсан малаасаа ашгаа хуваая гэсэн учраас яригдаагүй. Хүний малыг маллачихаад цалингүй хөлсгүй харж өгнө гэж юу байхав дээ. Чи хүнийг үнэгүй өмгөөлөөд өгөөч гэхэд өмгөөлж өгөхгүй шүү дээ. Энэ хоёр нэг ойлголт. Яагаад хөлс авахгүй байгаа юм бэ? гэхээр авсан малаасаа ашгаа хуваах талаар амаар тохиролцсон юм. Бид танихгүй хүмүүс биш. Бараг 3 жил хамтарч ажиллаж байна. Буцаад уулзахгүй нүүр биш шүү дээ. Б...... надтай түүнээс хойш 12 сард нэг удаа уулзахдаа би хавар таны хохирлыг барагдуулъя гэж байсан. Одоо харин ийм зүйл яриад байгааг ойлгохгүй юм. Тийм учраас бид хөлсөөр мал хариулна гэж тохиролцоогүй. Хэрэв Б........ мал хариулахар болсон бол би муу мал авч өөрөө хохирохгүй байсан. Аль болох сайн мал авна шүү дээ гэв.
Хариуцагч Ш.Б....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь 2023 оны 7 сард А....... нь хариуцагч болох Б.........тэй уулзаад чи надад эр ямаа, эм ямаа, эм хонь худалдаж авч өгөөч худалдан авсан хонь ямаагаа намар нядлах хүртэл хугацаанд хөлсөөр хариулж өгөөч гэж санал тавьсаны дагуу Б...... саналыг хүлээн авч хонь ямаа худалдан авч эхэлсэн. Тэгэхдээ нэхэмжлэлд дурдагдсан шиг 250 эр ямаа, 414 эм ямаа, 500 хонь авна гэж хэлээгүй, харин эр ямааг 120,000 төгрөгөөр, эм ямааг 60,000 төгрөгөөр, эм хонийг 130,000 төгрөгөөр аваад авсан млаа нядлах хүртэл нэг богийг сард 1500 төгрөгөөр тооцож мал хариулсаны хөлсийг Б.......эд өгөхөөр тохиролцсон байдаг бөгөөд А.......ийн өгсөн мөнгөөр эр ямаа, эм ямаа, эм хонь авна гэж зар тарааж ойр хавийн хүмүүсээс худалдан авч эхэлсэн.
Б....... А......тэй тохиролцсоны дагуу өгсөн мөнгөөр нь 556 эм хонь, 181 эм ямаа, 177 эр ямаа худалдан авч 2023 оны 11 сарыг дуустал хариулж байгаад тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн байдаг. ...үүн дээр А...... өөрийнхөө 121 ямааг нэмж авчирч өгч хариулуулсан байдаг бөгөөд дээрх малын хөлсийг Б.......д огт өгөөгүй байдаг. Үлдсэн 2,620,000 төгрөгийг мал цуглуулж ачих мал туулгах хүний хөлс машины бензин тос худалдан авахад зарцуулсан. Иймд А.........ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ш.Б....... шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...Арцзэд нь мөнгө өгч Б....... мал /эм хонь, эм ямаа, эр ямаа/ худалдан авахуулах, худалдан авсан малыг нядлах хүртэл Ш.Б...... нэг бүрийг сарын 1,500 төгрөгийн хөлсөөр хариулах талаар тохиролцоо хийгдсэн байдаг. Ингээд 2023 оны 07 сард 24,000,000 төгрөгийг хүлээн авч Б...... 317 богийг худалдан авч, 8 сард бүтэн хариулж малын хөлс 317х1,500=475,000 төгрөг, 2023 оны 08 сард 29,000,000 төгрөг Б....... хүлээн авч уг мөнгөөр 302 бог мал худалдан авч дээрээс нь А........ өөрөө 121 ямаа авчирч нийлүүлээд нийт 423 толгой мал 7 сард авсан бог мал дээр нэмэгдэж 740 толгой малыг 9 сард бүтэн хариулж малын хөлс 740х1,500=1,110,000 төгрөг болсон.
9 сард 201 бог мал худалдан авч, өмнөх 740 бог малтай нийлээд 941 бог малыг 10 сард бүтэн хариулж малын хөлс 941х1,500=1,411,000 төгрөг болсон. 10 сард 94 бог мал авч нийт 1035 толгой малыг 11 сард бүтэн хариулж 1035х1,500=1,552,000 төгрөг болсон. Нийтдээ 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх 4 сарын хугацааны малын хөлс 4,548,000 төгрөгийн малын хөлс одоо болтол өгөхгүй Ш.Б........ийг хохироож дээрээс нь цагдаагийн газарт гомдол гаргаж, 2023 оны 12 сараа хойш 6 сар хүртэл цагдаагийн газарт шалгагдаж сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч байгаа тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Ж.А......с ...мал хариулсаны хөлс 4,548,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэдийн хооронд хэлцэл гэрээ явагдсан асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл А........ нь Б....... буюу Б.......тэй хамтарч эхлээд ямаа авч ашиг олох зорилготой байсан. Дараа нь 22-24 кг-тай хонь авч эхэлсэн байна. Б...... Ар.......эс нийт 107,0 сая төгрөг авснаа зөвшөөрдөг. Хамтран ажиллах гэрээний нөхцөл байдал байна. Нэг нь хөрөнгөө гаргаж байна, нөгөө нь шаардлагад нийцсэн малыг нийлүүлэх. Хонийг кг жингээр дунджийг нь гаргадаг. Ямаанаас алдагдал гарах юм бол арьсаар нь нөхчдөг учраас тоо толгой хамаарахгүй байгаа юм. Б.......ын 519 тооны малын асуудал яригддаг. Хэрэгт авагдсан баримтаар Т.......200 гаран тооны мал өгч байгаа юм. Б.......ынх гээд тусдаа 300 хонь өгдөг. Нийт 500 гаран хонь өгдөг. 200 ямаа авдаг. Энэ малыг хэн аваад байгаа юм. Б........ буюу Б....... миний найз хонь, ямаа авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. ...18,0 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө авъя гэхэд эндээс нөхөж өгнө гэсэн байдаг. А....... нийлүүлнэ гэж авсан малаас Б........д өгсөн байдаг. Б.......э нийлэх ёстой 1000 гаран малыг нийлүүлсэн гэж яриад байгаа боловч өгөх гэж байсан малаасаа Б.......д өгчихөөд байгаа юм. Б....... буюу Б........ А......ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж харж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй. Хариуцагчийн өмгөөлөгч ярьж байна. Кг жинтэй мал цуглуул гэж байгаа юм бол жингээ өгөхгүй яасан юм бэ? гэж яриад байна. Хамтран ажиллах гэрээнд ийм зүйл яригдах боломжгүй гэж харж байна. Хэн нь санхүүжилтээ гаргах юм. Тэр үйлчилгээг хэн хариуцах юм бэ? гэдэг нь харагдаж байна. А....... хөрөнгөө гаргая, чи малаа цуглуул гэсэн байдаг. Хөлсөөр ажиллах гэрээнээс яллагдах гол зүйл нь Б...... ямар мал авах талаараа мэдэхгүй. Тэнд байгаа малыг тууж ирээрэй гэсэн бол өөр. Харин мал нийлүүлэхээр 107,0 сая төгрөг авсан. Б........ 300 хонь, 200 ямаа авъя гэж аваад А.......эд хүлээлгэж өгөхөд кг жин хүрэхгүй байна гэдэг. Б....... А.......с авсан мөнгөө Б.........од өгөөгүй байдаг. Б.......т мөнгөө авъя гэхээр нь энэ малаас ав гээд ямааг нь өгдөг. Бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Дутсан малыг Б...... хариуцах ёстой. Б...... нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй юм. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор энэ хоёр хүний хооронд ямар гэрээ байгуулагдсан юм бэ? гэдгээс хамаарч хөлс төлөх төлөхгүй асуудал яригдана. Миний хувьд хамтран ажиллах гэрээг байгуулсан байна гэж үзэж мал хариулсан хөлсийг төлөх боломжгүй юм байна гэж харж байна. Б......мал цуглуулна, хариулна. А...... мөнгө санхүүгээ шийдэхээр болсон. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримт болох махны клограммыг бүртгэсэн бүртгэл, гэрч Э.....ийн мэдүүлэг зэргээс харахад А........, Б..... нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж заасан байдаг. Тиймээс энэ хоёр хүний хооронд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн нөхцөлийг хангаж байна гэж үзэж байна. Б........ос авсан малыг зээлээр авсан. Тэгээд нядалсан. А....... дээр очиж мөнгөө авъя гэхэд маргадаг. Б........ Б.......дээр очиж миний өгсөн малыг гаргасан байна. Би ямаа авъя гэхэд Б...... А...... рүү залгахад наад ямаанаасаа тооцоо хийчих гэж хэлсэн байдаг. А.....зөвшөөрч Б....... би ямааг нь өгсөн гэдэг.
...519 тоо толгой малыг Б......оос зээлээр авчихаад мөнгөн дээрээ тохиролцохгүй болохоор талууд тохиролцож Б.....ийн авч байсан ямаанаас тооцоог бодож өгөлцөж, авалцсан байдаг. Энэ нь 107,0 сая төгрөгт хамаарахгүй юм. Үүнийг хамааруулж ойлгож, нэхэмжлэл гаргаж будилаан үүсгээд байх юм. Нийт 557 хонь, 181 эм ямаа, 177 эр ямааг 104.0 сая төгрөгөөр авсан. Үлдсэн 2,0 сая гаруй төгрөгийг мал цуглуулахад гаргасан зардал учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хонь нядлах үед 30 гаран хонь ялгасан байдаг. Яагаад мал ялгасан юм бэ? гэхэд энэ манай ажилчдын мал энэ тооцоонд орохгүй гэдэг асуудлыг ярьсан байдаг. Маргаан үүсгэсний дараа уг хонийг тооцоонд оруулсан талаар Б..... өмнөх шүүх хуралдаан дээр ярьдаг. Өмнөх шүүх хуралдаан болон энэ шүүх хуралдаанд хоёулаа цуг орж ярьсан бол илүү бодитой байх байлаа. Өмнөх шүүх хуралдаанд Б...... орж ирж ийм зүйл болсон гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд А........ нь ийм зүйл болсон гэж эсрэг зүйлсийн талаар ярьж байгаа нь асуудалтай байна. Б......., А.....ийн ярьж байгаагаар 500 хонь нь тоо толгойдоо хүрсэн гэдэг. 250 эр ямаа, 414 толгой эм ямаа авахаар тохирсон гэж А...... шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Б.......ээс өмнөх хурал дээр ийм тоо толгой, жин хэлсэн юм уу? гэхэд тоо, жин хэлээгүй гэдэг. 22 кг-тай хонины амьдын жин хэд байх юм бэ? 30 кг гэж бодож, чи амьдын жин нь 30 кг байх хонийг аваарай гээд хиллэж жингээ өгсөн байсан бол өөр хэрэг. Хонийг хиллэхэд зарим нь 22 кг-тай мах байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр зүйл ярьдаг. Нэхэмжлэлдээ хонины тооны асуудал ярьчихаад шүүхийн мэтгэлцээний явцад клограммын асуудал ярьдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан. А....... анх 2023 оны 07 дугаар сарын 16-нд анх мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ өдөр 10 хонь авсан гэж бодоход 7 сарын малын хөлсийг тооцохгүйгээр дараа сараас нь эхэлж тооцсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа уншихдаа үндэслэл нэг бүрээр тодорхой дурдсан. 2023 оны 8 сарыг хөлс 475,000 төгрөг, 9 сарын хөлс 1,110,000 төгрөг, 10 сарын хөлс 1,411,000 төгрөг, 11 сарын хөлс 1,525,000 төгрөг нийт 4,548,000 төгрөгийг мал хариулсны хөлсийг нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн дүүрэн нотлогдож байна гэж үзэж байна. нийт 1035 толгой малыг хариулсан талаар нэхэмжлэгч талаас маргаагүй. Гэрч Э..... болон Б......... нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх хуулбар, Завхан аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Завхан аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, мал хүлээлцсэн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчийн зүгээс хэрэгт баримтаар: Нэхэмжлэлийн хариу тайлбар, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А...... нь хариуцагч Ш.Б.......д холбогдуулан 31,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Улмаар хариуцагч Ш.Б...... нь Ж.А......д холбогдуулж 4,548,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Талуудын тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч Ж.А....., хариуцагч Ш.Б........ нарын хооронд хэлцэл хийгдсэн байна.
Уг хэлцлээр талууд хямд мал /мах/ олж, зарж борлуулан ашиг олох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэн дараах байдлаар тохиролцсон байна.
Хариуцагч Ш.Б...... хөдөө орон нутгаар явж малчдаас хямд мал /мах/ худалдан авч ирэх, нэхэмжлэгч Ж.А...... нь уг мал, махыг олж авч ирэхэд гарсан нийт зардлыг урьдчилан гаргаж, авч ирсэн мал, махыг зарж борлуулаад олсон орлогоос гаргасан бүх зардлаа хасаж, үлдэх ашгийг хоёр хувааж авахаар тохирсон байна.
Уг тохиролцоо буюу хэлцлээр талууд хамтарч ашиг олох зорилготой байсан бөгөөд энэ аман хэлцлийн талаар талууд маргаантай.
Гэвч хариуцагч уг хэлцлийн хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хөдөө орон нутгаас малчдаас хямд үнээр мал /мах/ авахаар явсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч түүнд дансаар мөнгө шилжүүлж байсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Дээрх байдлаас дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь хамтран ажиллах гэрээг талууд амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна хоёр буюу түүнээс дээш этгээд, хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгоор талууд хамтран ажиллах үүрэг хүлээсэн байх тодорхой нөхцөлийг шаарддаг. Дээрх хуулийн шаардлагад талуудын хооронд хийгдсэн тохиролцоо нийцэж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч руу 250 толгой эр ямаа, 414 толгой эм ямаа, 500 толгой эм хонины үнэ нийт 107,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч 185 толгой эм ямаа,146 толгой эр ямаа, 500 толгой эм хонь өгсөн. Үлдэгдэл 102 толгой эр ямаа, 229 толгой эм ямаа дутсан, хониноос тоо толгой дутаагүй ч 2,760,000 төгрөгийн ашиг хүртэх байснаас хонины махны килограмм жин буурснаас болж хохирсон гэж, илүү төлсөн ямааны үнэ буюу алдагдлаа буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй.
Харин хариуцагч нь мал авахаар гаргасан зардал 2,620,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж байгааг үгүйсгэх боломжгүй.
Тодруулбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг давхар нотолж байна гэж үзэх үндэслэлтэй.
Харин бусад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, мөнгийг дансаар авсан болохоо зөвшөөрч байгаа боловч уг мөнгийг хэрхэн юунд зарцуулсан, өөрийн хүлээсэн үүргийн дагуу хямд мал /мах/ олж ирж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөгийн ашиг авах ёстой болохоо нотолж чадахгүй байх тул хариуцагчаас /102 толгой эр ямаа х120,000=12,240,000 төгрөг, 229 толгой эм ямаа х 60,000=13,740,000 төгрөг, хониноос олох байсан ашиг 2,760,000 төгрөг/ нийт 28,740,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.
Гэвч хариуцагчийн мал авахаар гаргасан зардалд 2,620,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж байгааг үгүйсгэх боломжгүй учраас дээрх гаргах төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч талаас Хөлсөөр ажилласны төлбөр 4,548,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хариуцагч талын Хөлсөөр ажилласны төлбөр 4,548,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй гэж заасан.
Дээрх хуулийн заалтаас харахад хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор байна.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд: Ж.А...... нь Ш.Б......д мал авхуулахаар нийт 107,000,0000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд талууд мал авхуулахаар шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй ба уг шилжүүлсэн мөнгөөр Ш.Б..... мал худалдан авч байгаа үйл явдал тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам хугацааг гэрээ байгуулагдах үед болон ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хэрхэн тохиролцож байснаа нотлоогүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байна.
Иймд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзлээ.
Нөгөө талаар талуудын хооронд үүссэн маргааны зүйл нь хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэхтэй холбоотой байна.
Иймд нэхэмжлэгч Ж.А......ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.Б......ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт улсын тэмдэгтийн хураамж бодож хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ш.Б.......ийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,720 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ш.Б........ээс 26,120,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А.......эд олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 5,020,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Ш.Б.......йн сөрөг нэхэмжлэлтэй, Ж.А.........д холбогдох мал хариулгын хөлс 4,548,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,267 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 288,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А........д олгож, хариуцагч Ш.Б.......ийн сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87,720 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ