| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1002/Э |
| Дугаар | 1025 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 1025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Р.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т овогт Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0505 91275 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Р.Б, 1968 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, хувиараа барилгын компанид ажилладаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 17-398 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр охины хамт гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,
-Урьд 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ЗЮ68021338 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 17-398 тоот монгол гэрт хүргэн дүү Н.Баяраатай маргалдан, улмаар түүний хэвлийн зүүн хэсэгт хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед өөрийн эхнэр болох С.Энх-Амгалангийн хамт түүний төрсөн ах болох Р.Б-н гэрт очсон юм. “...Яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Р.Б ах гэрийнхээ зүүн урд талд байдаг гал тогооны шүүгээнээс хутга авахаар нь би ардаас нь очоод тэврээд авсан юм. Тэгсэн чинь эргэж хараад миний хэвлийн зүүн тал руу нэг удаа хутгаараа дүрсэн юм. Тэгээд би гараад зугтсан юм…” гэх мэдүүлэг. /хх5-6/,
Гэрч Б.Өнөрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхрийн дүү Энх-Амгалан надаас өрөө нэхэж жоохон маргалдаж байгаад би гараад хашааны буланд сууж байхад гэрт бөөн шуугиан болоод байхаар нь орсон чинь гэрт шалан дээр нил цус болсон байсан, юу болсныг асуухад манай нөхөр Баярмагнай хүргэн дүү Баярааг гэрт газар байсан маслын хутгаар хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7629 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 17-398 тоот монгол гэрт хүргэн дүү Н.Баяраатай маргалдан,улмаар түүний хэвлийн зүүн хэсэгт хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Р.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Р.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР