Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,                            

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О овогт Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0381 41225 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О овогт Б.Д, 1978 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн 1-84 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ХД78080618 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 13-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Х.Эрдэнэжаргалыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед гадуур ажил төрлөө хийгээд орж ирэх болгонд манай эхнэр дандаа согтуу байдаг байсан. Сүүлдээ гэрээ шалгахад хүүхдийн хувцас дотроос, хүүхдийн оймсны шургуулган дотроос, өөрийнх нь нөмөрдөг хөнжил дотроос, өөрийнх нь дэрэн доороос архины шил гардаг байсан. Бид хоёр хамт унтдаггүй л дээ. Тэгээд тэсэхгүй байсан учир уурандаа ийм болчимгүй зүйл хийчихлээ, миний буруу. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Эрдэнэжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Д Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 13-184 тоотод байх гэртээ согтуу орж ирээд агсан тавиад унтахгүй болохоор нь цагдаа дуудсан. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөн согтуу агсан тавиад намайг дуугарахгүй болохоор босч ирээд цохьдог. Миний нүүр нуруу цээж рүү архи уух болгондоо байнга цохиж зоддог. Яг хэзээ яаж зодсоныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй ээ.” гэх мэдүүлэг. /хх-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4877 дугаартай дүгнэлт:

  1. Х.Эрдэнэжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, цээж, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээж, хөх, нуруу, баруун зүүн талын шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-43/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 13-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Х.Эрдэнэжаргалыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Д хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Эрдэнэжаргал нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Д-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР