| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00316/И |
| Дугаар | 141/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2025/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч .......................багт оршин суудаг Х овогт Д Д нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид бичиг баримтаа бүрдүүлж өгөх гэтэл 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Нэгдлийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч Завхан аймгийн архиваас авах гэтэл уг хугацаанд ажилласан гэх нотлох баримт байхгүй байна гэх хариу ирүүлсэн. Иймд намайг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Батнөхөрлөл нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Д.Д шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Би шүүх хуралдаан болох өдөр эмчид үзүүлэх тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнөт бригадад мал маллаж байсан болох нь:
- Х овогт Д Д ............... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлээс Д овогт Дд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээн олгож “...1987 онд 1-12 сар, 2162.38 төгрөг, 1988 онд 1-12 сар, 2072.70 төгрөг, 1989 онд 1-12 сар, 1045.15 төгрөг...” гэсэн ажилласан жил авсан цалинг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,
- Архивын ерөнхий газар үндэсний төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03-04/4907 дугаартай “...ОН, тэргүүлэгч, 1932 оны 08 дугаар сар, 67 настай, эмэгтэй, Д С хүү, 1968 он 11 дүгээр сар, 31 настай, эрэгтэй, Д Д, эмэгтэй, 1960 оны 10 дугаар сар, 39 настай, эмэгтэй, Д Д, эрэгтэй, 1970 оны 11 дүгээр сар, 29 настай, эрэгтэй, Д Б, хүүү, 1986 оны 02 дугаар сар, 13 настай эрэгтэй...” гэсэн лавлагаа
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/1147 дугаартай “...1987-1989 онд Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнт бригадад мал маллаж байсан гэх Д.Д нэрээр тооцсон хөлс, үгүй, суурийн ахлагч И.Д цалингийн тодорхойлолт олгов гээд 1987 онд 789.57 төгрөг 1-09 сар, 1988 онд 3755,07 төгрөг 1-12 сар...” гэсэн лавлагаа
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Д, РД:....., эрэгтэй, ................... төрсөн, Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн үхэрчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Гэрч Л.Д: “...Д.Д бид хоёр Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнт бригадад хамт мал маллаж байсан учраас би Д.Дгийн мал маллаж байсан талаар нь мэднэ. Бид хоёр нэг нэгдэлд буюу Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнт бригадад Д.Д хонь би үхэр малладаг байсан. Намайг тус нэгдэлд малчнаар ажилд ороход Д.Д нь Батнөхөрлөл нэгдлийн Төөнт бригадад малчнаар ажиллаж байсан хэдэн он ажиллаж байсан талаар санахгүй байна. Тухайн үед би Төөнт бригадын Баруун мод гэдэг өвөлжөөнд, Д.Д нь Цагаан өтөг гэдэг газар өвөлжиж тус тусынхаа малыг маллаж бие биеийнхээрээ орж гардаг байсан. Д.Д нь нэгдэл хувьчлагдахаас өмнө буюу 1989 онд нэгдлээс гарч байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.М: “...Д.Д нь манай Завхан аймгийн Баянхайрхан багийн Минж багтай залгаа Төөнт багт мал маллаж байсан учраас би Д.Дгийн мал маллаж байсан талаар нь мэднэ. Д.Д нь 1987 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнт багт үхэр малладаг байсан. Бид хоёр зэргэлдээ багт нэгдэл хувьчлагдах хүртэл буюу Д.Д нь 1989 он хүртэл малчнаар ажиллаж байгаад хувийн малаа маллаж байгаа. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа малчин өрх байгаа юм. Тухайн нэгдлийн дарга Л гэдэг дарга байсан. Төөнтийн багийн дарга Г гэж хүн ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Д.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Д Дг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнөт бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ