Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

 

 

 

 

 

2025        03         06                                          2025/ДШМ/13

 

 

Г.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Н

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.От холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Г-н О,

 

Г.О нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ         аймгийн      сумын    баг  тоотод хохирогч Г.Д-тай таагүй харилцааны улмаас маргалдаж улмаар нэг удаа цохисноос үүдэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж нуруу хэсэгт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийд нэвтэрч элэг, дэлүү, өрцийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 

Шүүгдэгч Х овогт Г-н Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  аймгийн      сумаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Г.От зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг      аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн доромжпол, хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг ба хохирогчийн хууль бус үйлдлүүд нь гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, түргэн зуур болдог онцлогтой бөгөөд энэ нь санаатай гэмт хэргээс ялгагдана.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд хохирогч Г.Д, Б.Н, Б.Б нартай       аймгийн     сум   багийн      тоот хохирогчийн гэрт Хараа нэртэй 0.5 литрийн нэг шил архи, Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи, 2.4 литрийн Сэнгүр нэртэй хоёр пиво хуваан ууж, ахуйн хүрээнд архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд өөрийн төрсөн эгч Г.О-н нөхөр болох хохирогч Г.Д түүнийг хүндлэлгүй харьцлаа гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар цохиж, ноцолдох үед Б.О нь хутга авч Г.Д-н нуруу хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон ба энэ нь хэрэгт цугларсан

хохирогч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Шөнө 1 цагийн үед Отай маргалдаж эхэлсэн, О намайг ах гэж хүндлэхгүй, ярьж хэлж байгаа нь томорсон шинжтэй байсан учир би Оыг би нэг удаа алгадаад барьцалдаад авсан, нэг мэдэхэд О намайг хутгалчихсан байсан” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д гэрээс гараад буцаж орж ирээд Отай зодолдоод эхэлсэн, О мах идэж байсан хутгыг баруун гараараа аваад гараа саваад Д-г хутгалчихсан” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... О, Д нар ах зах, хүндлэл яриад маргалдаад хоорондоо барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Нэг хартал О гартаа хутга барьчихсан, Д-г хутгалчихсан, цус гараад түргэн дуудаад хадам аав, ээжийг дуудсан ... ” гэсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар

 

хохирогч Г.Д нь шүүгдэгч Г.Оыг эрхшээл дарамтдаа оруулж, түүний болон ойр дотны хүнийг гутаан доромжилж сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч Г.Д шүүгдэгчийг “ ... чи надтай хүндлэлгүй харьцлаа ... ” гэж уурлан цохих үед харилцан ноцолдож байх явцдаа шүүгдэгч Г.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирол хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хутга авч, хохирогчийг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн харгаж байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг хохирогч нь тухайн цаг үед цохиж зодсон үйлдлээс шалтгаалан шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэн шүүгдэгчийн үйлдлийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй” 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Шүүх гэрч Б.Н-н ... Д гэрээс гараад буцаж орж ирээд Отай зодолдоод эхэлсэн, О мах идэж байсан хутгыг баруун гараараа аваад саваад Д-г хутгалчихсан ... ээж нь гэрт ирээд эмнэлэг цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н ... О хутга аваад Д-г хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй Д-н аав, ээж ирж эмнэлэг цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг, гэрч Г.О-н ... нэг хартал О гартаа хутга барьчихсан, Д-г хутгалчихсан ... гэх мэдүүлэг, Г.Оын яллагдагчаар өгсөн ... би Д-тай маргалдаж улмаар түүнийг мах идэж байсан хутгаар нэг удаа хутгалчихсан ... гэх мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал ", гэсэн үндэслэлд хамаарч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан байтал шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэт явцуу байдлаар хохирогч шүүгдэгч нар харилцан зодолдсон үйл баримтыг хохирогч шүүгдэгчийг зодож байсан, энэхүү хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан хэмээн хийсвэр дүгнэлт хийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарч байгаагийн зэрэгцээ хууль хэрэглээний хувьд буруу практик тогтоох, шүүгдэгч нарт ял завшуулах сөрөг үр дагаварт хүргэх нөхцөл байдалд бий болж байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ... хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь мөн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Учир нь эмнэлгийн тусламжийг шүүгдэгч Г.О биш түүний эцэг, эх дуудсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “Х” овогт Г-н Оыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар      аймгийн      сумаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурор Т.Д-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн ... шүүгдэгч Г.Оыг хохирогч нь тухайн цаг үед цохиж зодсон үйлдлээс шалтгаалан шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ... гэсэн дүгнэлт нь

 

хохирогч Г.Д-ын … шөнө 1 цагийн үед Отай маргалдаж эхэлсэн, О намайг ах гэж хүндлэхгүй, ярьж хэлж байгаа нь томорсон шинжтэй байсан учир би Оыг би нэг удаа алгадаад барьцалдаад авсан, нэг мэдэхэд О намайг хутгалчихсан байсан. Би тухайн үед шоконд орсон байсан учир зарим зүйлийг санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р тал/,

 

түүний дахин өгсөн “... тухайн үед бид 2 ноцолдож байгаад газар унасан бөгөөд миний доор О байхдаа тэрээр намайг хутгалчихсан юм. Би тухайн үед түүний дээр дарах маягтай хагас хэвтэж байсан. Яг хаана байсныг нь мэдээгүй, ямар ч байсан үзүүр нь хугарчихсан хүүхдийн баасны саарал өнгийн хутгаар хутгалсан байсан ... хутгалсан хутга нь угаасаа цус  болчихсон байсан юм. Намайг хутгалах үед бид 2 гэрийн зүүн талд тэрээр газарт миний доор байсан юм. Би түүний нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон бөгөөд тэгээд бид 2 ноцолдсон юм. Би түүнийг өшиглөөгүй, мөн мөргөөгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-р тал/,

 

гэрч Г.О-н ... Д, миний төрсөн дүү О нар маргалдаж эхэлсэн. Би хүүхдээ унтуулах гээд орон дээр хэвтэж байх үед юм. О, Д нар ах зах, хүндэл яриад маргалдаад хоорондоо барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Нэг хартал О гартаа хутга барьчихсан Д-г хутгалчихсан, цус гараад түргэн дуудаад хадам аав, ээжийг дуудсан...” гэсэн /хх-н 27-р тал/ мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл “сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хамааруулна.

 

Дээрхи гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Г.Д-н зүй бус үйлдэл нөлөөлсөн байх хэдий ч түүний үйлдлийн улмаас шүүгдэгч Г.Оын сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

4. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                    ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР