| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 312/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
2025 03 12 2025/ДШМ/16
Т.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч Т.Х
Хохирогч М.Б
Хохирогчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч М.Бын давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Хд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овогт Т-н Х, Монгол Улсын иргэн,
Т.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймаг сум багийн нутаг дэвсгэрт шугам, сүлжээ шинэчлэх ажил гүйцэтгэж байхдаа “надад туслаач гэж хэлэхэд үл тоосон” гэх шалтгааны улмаас хохирогч М.Бд уурлан нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Э овогт Т-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Хаас 315.400 төгрөг гаргуулж хохирогч М.Бд олгож, нэхэмжлэлээс 275.900 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй болгосныг, хохирогч М.Бын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Б давж заалдах гомдолдоо:
... Тухайн байгууллага огт өгөөгүй баримтад намайг бүрдүүлээгүй байна гэж буруутган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлье гэж огт боддоггүй, Улаанбаатарт хагалгаанд орж байхад тусламж үзүүлээгүй атал учирсан хохирлоо боломжоор нь авчирч өгөхөд бүрдүүлээгүй төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Т.Х нь надад ямар гэмтэл учруулсан нь тодорхой бөгөөд тухайн гэмтлээс өөр эмчилгээ хийлгэсэн байна гэх баримт байхгүй байхад баримтаар нотлоогүй гэж намайг буруутган шүүгдэгчид ашигтай шийдвэр гаргаж байгаа нь буруу байна гэж үзэж байна.
Одоо ч хамар битүү, эмчилгээтэй байгаа бөгөөд эмчилгээ сувилгаатай холбоотойгоор 2 сарын цалин хөлсөөр мөн хохироосон. Одоо ч нүдний ухархайн гэмтэл бүрэн эдгээгүй, өвдөлтийн улмаас ажпаа хийгээгүй байгаа болно Бүх хохирлын баримтаа та прокурор дуудахаар өгөөрэй гэж мөрдөгч хэлсэн. Прокурор биднийг нэг ч дуудаагүй. Гэтэл шүүхээс гэнэт дуудаад яасан юм бол гэтэл, хурал болно гэсэн. Болсон үйл явдлыг шалгаад баримт бүрдүүлээд өгдөг юм байх гэж бодсон. Прокурор хэзээ баримтаа авчир гэх юм бол гэж хүлээж байсан. Дуудаагүй. Маш их гомдолтой байна. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа ойлгомжгүй байх нь иргэн намайг хохирооход хүрлээ гэж бодож байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/32 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Х тайлбартаа: Хохирол нэхэмжлэхдээ нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн гэж бодож байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Б тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Надад учруулсан хохирлыг дутуу гаргуулсан тул хохирол гаргуулж өгнө үү игэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Анхан шатны шүүх хохирогч М.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг дутуу гаргасан тул нүдэнд имплант суулгуулсан зардал болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зардлуудыг гаргуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Давж заалдах шатны шүүх хохирогч М.Бын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Хд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт шугам, сүлжээ шинэчлэх ажил гүйцэтгэж байхдаа “надад туслаач гэж хэлэхэд үл тоосон” гэх шалтгааны улмаас хохирогч М.Бд уурлан нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
хохирогч М.Бын 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхдаа гагнуурчин Т.Хд зодуулсан талаарх мэдүүлэг,
гэрч М.У-н ... дүү Б нь намайг хоёр хүүхдээ авах гээд ээжийнд очиход ажлын газрынхаа хүнд зодуулсан гээд толгойгоо барьчихсан сууж байсан ... гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 101 дугаартай хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон талаарх дүгнэлт,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хохирогч М.Б нь “Эрдэнэт медикал” эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн талаарх тус эмнэлгийн тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцжээ.
Хохирогч М.Б нь ... Гэмтлийн тасагт хагалгаанд орж нүдэндээ эмчилгээ хийлгэж имплант авсан үнийг гаргуулаагүй, мөн намайг нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй гэж дүгнэж шүүгдэгчид ашигтай шийдвэр гаргасан ... гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй юм.
Хэрэгт хохирогч нь Улсын нэгдсэн төв эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, имплантыг 1.800.000 төгрөгөөр худалдан авсан бэлэн мөнгөний орлогын тасалбар байдаг боловч хагалгаанд орсон талаарх өвчний түүх хэрэгт авагдаагүйгээс уг худалдан авсан гэх имплантыг нүдэнд нь суулгасан эсэх нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн Амбулаториор эмчлүүлэгчийн картанд бичигдсэн эмчийн тэмдэглэлд өвчний оношийг монгол хэл дээр хөрвүүлсэн баримт дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хохирлын баримтуудыг нэг бүрчлэн тооцож үнэлэлт дүгнэлт өгч тодорхойгүй, ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй 275.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх 1.800.000 төгрөгөөр имплант гэсэн гүйлгээний баримтыг хаана, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй гэж дүгнээд хэлэлцэхгүй орхиж, өвчтэй байсан хугацааны цалин хөлс, бусад хохиролтой холбогдуулан гарсан зардлуудаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь хохирогчид учруулсан гэм хорыг арилгахдаа бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хохирогч М.Б нь өвчтэй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ
Иймд хохирогч М.Б нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, хохирогч М.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Х нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 315.400 төгрөгийг хохирогч М.Бд төлсөн, хохирогч нь дээрх мөнгийг хүлээн авсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд тус тус гаргасан тул шүүгдэгч нь 315.400 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурьдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч М.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Т.Х нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 315.400 төгрөгийг хохирогч М.Бд төлсөн болохыг дурьдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
С.ЦЭЦЭГМАА