Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Гэрэлтуяа,                            

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ч овогт Н.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0375 91218 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч овогт Н.Б, 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөгөвь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төгөлдөр сервис ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 408-92 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Урьд 2012.05.16-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсныг 2 жил тэнсэж хянан харгалзсан,

-2015.05.14-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, КВ80081811 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 408-92 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Г.Уранзаяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Уранзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлынхантайгаа байж байхад хамтран амьдрагч Бат-Эрдэнэ Сансараас ирж авсан. Тэгээд шөнө оройн цагаар явлаа, гичий янхан гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Машин дотор цүнх булааж аваад гар утас карт зэргийг авчихаад өгөхгүй байсан. Тэгээд Б ажил руу очсон. Маргалдаж хоолой боогоод газар унагаасан. Би нүүрээ хамгаалаад уйлаад байсан чинь ам руу чулуу ажлын бээлийг чихээд байсан. Тэгээд Б ажил руугаа ороод би гадаа нь хоносон. Өглөө 7 цаг болгоод Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байх гэр рүүгээ ирээд дэлгүүр онгойхоор түлхүүрээ аваад орсон. 10 цагийн үед араас Бат-эрдэнэ согтуу орж ирээд хэл амаар доромжилж, үсдэж, толгойн дагз хэсэг рүү алгадаж, өшиглөж боож зодсон. Урьд нь зодож байсан. Нэг удаа эрүүлжүүлэхэд өгч байсан. Өөр өргөдлөөр хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх14-15, 54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5258 дугаартай дүгнэлт:

  1. Г.Уранзаяагийн биед  баруун зүүн нүдний доод зовхи, эрүү, дагзны хуйх, зүүн гарын сарвуу, баруун гарын нэгдүгээр хуруу, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-21/, 

Хохирогч Г.Уранзаяагийн мэдүүлэг /хх14-15, 54/, шинжээчийн №5258 дугаартай дүгнэлт /хх-21/, яллагдагч Н.Б мэдүүлэг /хх-32/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 408-92 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Г.Уранзаяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б хүндрүүлэх нөлцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнь хохирогч Г.Уранзаяа нь гэм буруутай этгээдэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч овогт Н.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Н.Б-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР