| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00515/И |
| Дугаар | 157/ШШ2025/00471 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2025/00471
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.М*******т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,048,620.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Н******* ******* нь А******* овогтой М*******тэй 1/13/2025-ны өдөр ЗГ2039066 тоот Зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийг жилийн 54.0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн төлбөр | 500,000 | 0.00 | 500,000 |
| Хүү | 210,082.19 | 0.00 | 210,082.19 |
| Нэмэгдүүлсэн хүү | 35,210.96 | 0.00 | 35,210.96 |
| Шимтгэл | 10,000 | 0.00 | 10,000 |
| Нийт | 755,293.15 | 0.00 | 755,293.15 |
Н******* ******* нь А******* овогтой М*******тэй 1/13/2025-ны өдөр ЗГ2039066 тоот Зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн төлбөр | 960,000 | 0.00 | 960,000 |
| Хүү | 323,727.78 | 0.00 | 323,727.78 |
| Нэмэгдүүлсэн хүү | 0.00 | 0.00 | 0.00 |
| Шимтгэл | 9.600 | 0.00 | 9,600 |
| Нийт | 1,293,327.78 | 0.00 | 1,293,327.78 |
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нийт 2,048,620.93 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х******* овогт А******* М******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А******* овогтой М******* нь Н******* ******* ББСБ-аас зээл авсан нь үнэн. Би 2024 оны 11.14-өөс 15-ныг шилжих шөнө зам тэврийн осолд орсон. Одоогоор группэд байгаа, аваарт орох хүртлээ зээлээ ямар ч асуудалгүй төлж байсан. Эмч 2-3 жил группт байна гэсэн. Өнөөдрийн байдлаар ямар ч төлөх боломжгүй байна. 4 хавирга эгэм хугарсан, аарцаг нуруундаа 6 ширхэг шрүптэй байна. Бага багаар ч болов төлж барагдуулна. 2,048,620.93 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч А.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,048,620.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч А.М******* нь 2,048,620.93 төгрөгийг “Н******* ******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗГ-2039066 дугаартай цахим зээлийн эрх нээх тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,048,620.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,048,620.93 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун хорин төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,728 төгрөгийн тавин хувь 23,864 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,864 төгрөгийг, хариуцагч А.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 23,864 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,048,620.93 (хоёр сая дөчин найман мянга зургаан зуун хорин төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг хариуцагч А.М******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 47,728 төгрөгийн тавин хувь 23,864 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,864 төгрөгийг, хариуцагч А.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н******* ******* ББСБ” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР