Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина

       Шүүгдэгч: Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э овогт Ц.Т-д холбогдох 1835001830141 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 01- ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, Өндөрхангай сумын ЕБС-д сургалтын менежер ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн 10-02 тоотод оршин суух Э овогт Ц.Т. РД:ОК64120104.

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт 34-36 УВЗ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин жолоодож яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Он эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Шүүгдэгч Ц.Т-г зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Ц.Т нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт 34-36 УВЗ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин жолоодож яваад  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав бид 2 мотоцикльтой хаан банк чиглээд явж байтал Б гэх айлын хашааны араар зөрөөд гарахад зүүн гар талаас хар ногоон өнгийн том жийп машин ойрхон ирж яваа харагдсан тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд сургуулийн сургалтын менежер Ц.Т багш миний хажууд ирчихсэн бие чинь зүгээр үү? Өвдөж байгаа зүйл байна уу? гээд зогсож байсан. Би ухаан ороод харахад мотоциклоос 4-5 метрт уначихсан байсан. Харин тэр хар ногоон өнгийн жийп машины урд 2 дугуй аавын мотоцикльд тулчихсан урд хэсэг нь аавын мотоцикль дээр гарчихсан байсан. Ц.Т багш над руу ирээд бие нь гайгүй юу? гэхэд миний хөл өвдөж байна гэж хэлсэн. Ц.Т багш өөр нэг танихгүй эмэгтэйн хамт намайг өргөж машинд суулгаад эмнэлэгт авч очиж үзүүлсэн. Одоо би гэр зуур юм тулаад зөөлөн алхаж байгаа болохоор надад ямар нэг гомдол байхгүй. Ц.Т багш миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн мөн аавын мотоциклийн эвдрэлийг бүгдийг засаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р талд/,

      Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын мрдөн байцаалтад өгсөн: “2018 он 5 дугаар сарын 08-ны өдөр би сумын төв орж гэрээ нүүлгэх унаа олж,охиноо авч ирэхээр явсан. Сургуулийн дотуур байр ороод охиноо аваад соёлын төвийн араар явдаг замаар ертөнцийн зүгээр зүүн гар талаас явж айлын хашааны араар гарч ирэхэд зүүн гар талаас хар ногоон өнгийн жийп машин гэнэт гарч ирсэн. Тэгээд би тэр машинаас түрүүлж гарч амжих байх гэж бодоод явж байтал нөгөө машин тулж ирээд хажуу талаас мотоциклийн бөгс рүү мөргөсөн. Тэгээд би мотоциклийн жолооноос барьсан чигтээ баруун гар талаараа хажуу тийшээ унаж хойно сууж явсан миний охин Б.О мотоциклоос нилээд хол зайнд унасан байгаа харагдсан. Би босоод байж байтал Ц.Т эгч манай охин О биеийг асуугаад машиндаа суулгаад эмнэлэг явсан. Ц.Т эгч манай охины эмчилгээний зардлыг бүгдийн төлсөн болохоор надад ямар нэг хохирол учраагүй. Мөн миний мотоциклийн эвдрэлийг засаж өгсөн бөгөөд зарим нэг манай суманд байхгүй мотоциклийн сэлбэг аваарай гэж 150.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад Ц.Т эгчээс нэхэмжлэх зүйл, хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/,

    Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад нөхөр Батмөнхийн хамт хаан банк орох гээд явж байтал Соёлын төвийн наад талд зам  дээр машин мотоцикль 2 мөргөлдсөн бололтой зогсож байсан. Бид 2 хажууд нь очиж зогсоход Ланд-80 маркийн машин, улбар шар өнгийн мотоцикль 2 байсан бөгөөд сургалтын менежер Ц.Т эгч жаахан охин хүүхэд тэвэрчихсэн зогсож байхаар нь юу болсон юм бэ? гэхэд Ц.Т эгч надад энэ мотоцикльтой залуу бид хоёр мөргөлдчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн:“... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад эхнэр Баасанжавын хамт хаан банк орох гээд явж байтал Соёлын төвийн наад талд зам машин мотоцикль 2 мөргөлдсөн бололтой зогсож байсан. Бид 2 хажууд нь очиж зогсоход Ланд-80 маркын машин, улбар шар өнгийн мотоцикль 2 байсан бөгөөд сургалтын менежер Ц.Т эгч машин жолоодож явсан бололтой зогсч байгаад би энэ хүүхдийг эмнэлэг авч явах гэсэн юм надад туслаач гэж хэлэхээр нь манай эхнэр тэр хүүхдийг өргөлцөж машинд оруулаад тэвэрч эмнэлэг явсан. Би бэртсэн охины аав болох Б гэх залууг хойноо суулгаад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд эмнэлэгийн гадна зогсож байтал манай эхнэр гараад ирэхээр нь хамт буцаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

   Гэрч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед байх би сургуулийн жолооч Загдрагчаагийн хамт сургууль дээр ажилтай байтал манай сургуулийн захирал П над руу яриад Т менежер гудамжинд мотцикльтой мөргөлдчихсөн айгаад, чичрээд машинаа барьж чадахгүй байна гэнэ очоод машиныг нь бариад бэртсэн хүүхдийг эмнэлэгт хүргээд өгчих гэж хэлсэн. Сургуулийн жолооч Загдрагчаа бид хоёр төв гудамжаар хайгаад явж байтал эмнэлэгийн гадна машин нь байсан. Бид хоёр яваад очиход Ц.Т эгч их сандарсан шинжтэй би машинаа барьж чадахгүй байна. Гэр лүү харьж яваад мотоцикльтой хүн мөргөөд,  ард нь сууж явсан хүүхдийн хөл гэмтсэн байна. Эмчид үзүүллээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

   Гэрч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед би гудамжинд явж байгаад хамаатны дүү Т машинтайгаа Соёлын төвийн ард мотоцикльтой мөргөлдсөн байна гэж сонсоод ирэхэд тухайн мөргөлдсөн гэх газарт цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан юм. Тэгээд би Ц.Т-гаас юу болсон талаар асуухад Ц.Т надад сургуулиас гараад гэр лүү явж байгаад энэ зам дээр баруун талаас моттоцикль гарч ирээд мөргөлдчихлөө. Хойно  нь сууж явсан хүүхдийн хөл гэмтээд эмнэлэгт хүргэж өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

   Гэрч Ж.П мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад манай сургуулийн сургалтын менежер Ц.Т над руу утсаар ярьж би гудамжинд машинтай явж байгаад мотоцикльтой мөргөлдчихлөө. Мотоцклийн хойно сууж явсан хүүхдийн хөл үзүүлэх гээд эмнэлэг дээр ирчихсэн байна. Хэсэг хугацаанд ажил дээр ирж чадахгүй юм шиг байна. Мөн цайны цаг болоод эмч нар цайндаа гараад явчихсан байна гэж хэлсэн. Би жолооч Б.З, сантехникч Б нартай утсаар ярьж болсон асуудлыг хэлж эмнэлэг дээр уламжлалтын эмч А-ыг хүргээд өгчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

   Гэрч Б.З мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед сантехникч Б-тай хамт мод зүсэж байтал манай захирал П над руу залгаад сургалтын менежер Ц.Т эгч машинтай явж байгаад мотоцикльтой хүн мөргөөд хүүхдийн бие гэмтсэн байна. Чи Анхбаяр эмчийг гэрээс нь аваад эмнэлэг дээр аваад оч гэж хэлсэн. Б бид хоёр А эмчийг аваад очиход хүүхдийг орон дээр хэвтүүлчихсэн байсан. Би гадаа хүлээж байтал Ц.Т эгч гарч ирээд хүүхдийн хөл хугарсан байна. Улаангом авч яв гэнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

   Гэрч Э мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 13 цаг 20 минутын үед ажил дээр ирэхэд осолд орж гэмтсэн гэх жаахан охин ирчихсэн байсан. Би тэр охиныг эмнэлгийн хүлээн авахын өрөөнд оруулж гадна биеийн үзлэг хийхэд тэр охины зүүн хөлийн шилбэ доод гуравны нэг хугаралттай, шилбэний урд хэсэгт 3х5 см хэмжээтэй зулбарсан шархтай байсан. Хугаралттай хөлд чиг тавьж боолт хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

   Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би олон жил хүүхэдтйэ ажилласан багш хүн нэг удаагийн болгоомжгүй байдлаасаа болж хүний жаахан хүүхдийг гэмтээсэндээ маш их харамсаж байна. энэ явдал надад маш хүндээр туслаа. Хүүхдийг эмчлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Одоо хөл дээрээ ойр зуур газарт явж байгаа. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

    Шүүгдэгч Ц.Т нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 34-36 УВЗ улсын дугаартай Ланд крузер загварын автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны зөрчиж  зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.О биед зүүн шилбэ ясны битүү хугарал, гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 342 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Иймд шүүгдэгч Ц.Т-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

    Насанд хүрээгүй хохирогч Б.О “Ц.Т эгч миний эмчилгээний бүх зардлыг төлж аавын мотоциклийн эвдэрлийг засаж өгсөн тул нэхэмжлэх зүйл хохирол төлбөргүй” гэх мэдүүлэг. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “Ц.Т эгч манай охины өөрөө авч явж надаас огт мөнгө гаргахгүй эмчлүүлсэн тул надад хохирол учраагүй. Мөн миний мотоциклийн эвдрэлийг засаж, манай суманд байхгүй сэлбэг ав гэж 150.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад Ц.Т эгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлгүүд хэрэгт аваглсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

   Шүүгдэгч Ц.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

    Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Э овогт Ц.Т-г зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

   4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ