| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00516/И |
| Дугаар | 157/ШШ2025/00473 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2025/00473
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Б.Ч*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М.Б*******од холбогдох “тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 4,940,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б******* гэгч нь 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1-р хороо Голомт Банкны урд замд миний жолоодож явсан Toyota Prius маркийн 97-67 УАН улсын дугаартай машиныг 2 удаа мөргөж миний машины хойд гэрлүүд, хойд гупер, зүүн хойд агаарын сетка, зүүн урд гуперийн тогтоогч зам, зүүн хойд дугуйн арк задарсан, зүүн урд гупер цуурч урагдаж хонхойж хугарсан, кузов гажсан, зүүн хойд кирлан тунарч, хонхойж чихэгдсэн, хойд гупер хонхойж чихэгдсэн, баруун хойт лонжром гулзайсан зэрэг гэмтлийг учруулж даатгалын хохирлын үнэлгээгээр 4,585,000 төгрөгийн хохирол учруулсан юм.
Б******* нь тухайн үед согтуу байсан нь баримтаар тогтоогдсон юм.
Шүүх хуралдаан 2025 оны 07-р сарын 31-нд болсон бөгөөд надад мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрийг сая гардаж авсан. Шүүхээс таны иргэний журмаар хохирлоо гаргуулах эрх нээлттэй байгаа тул хариуцагчийн оршин суугаа харьяаллын шүүхэд гаргаж болно гэсний дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд энд байгаа нотлох баримтуудыг үндэслэн шууд бус болон нийт зардлын 4,585,000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 355,000 төгрөг нийт 4,940,000 төгрөгийг холбогдогч М.Б*******оос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М******* овогт М*******ийн Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Ч*******аас нэхэмжилсэн 4,940,000 хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч******* нь хариуцагч М.Б*******од холбогдуулан гэм хорын хохиролд 4,940,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Б******* нь 4,940,000 төгрөгийг Б.Ч*******т төлөх үүрэгтэй болох нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэр”, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,940,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,940,000 (дөрвөн сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,990 төгрөгийн тавин хувь 46,995 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 46,995 төгрөгийг, хариуцагч М.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 46,995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ч*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ч*******ын нэхэмжилсэн 4,940,000 (дөрвөн сая есөн зуун дөчин мянга) төгрөгийг хариуцагч М.Б******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,990 төгрөгийн тавин хувь 46,995 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 46,995 төгрөгийг, хариуцагч М.Б*******оос улсын тэмдэгтийн хураамж 46,995 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ч*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР