| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2041000400179 |
| Дугаар | 2025/ДШМ/315 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.4.5., 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/315
2025 03 12 2025/ДШМ/315
А.М-, Б.Ц-, Д.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,
шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.М-, Б.Ц-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн 2041000400179 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М-,
2. Ц-,
3. Э-,
шүүгдэгч Б.Ц- нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “**** ХХК”-ийн ерөнхий захирал Д.Э-гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривэр гарден” хотхон 314 дүгээр байр 202 тоотод байрлах “****" ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг хахуульд авсан, үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Э- нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-гийн нэрээр шилжүүлэг хийж хахууль өгсөн, мөн “****** ХХК”-ийн нягтлан бодогч Б.У-аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц-ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривэр гарден” хотхоны 314 дүгээр байрны 202 тоотод үйл ажиллагаа явуулах “****” ХХК-ийн дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдаж авч өгсөн, мөн Б.Ц-ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хужирт тур” ХХК-ийн “Хан хужирт" амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э-г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-гийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 405.000 төгрөгийн торгох ялыг хасаж, торгох ялыг 35.595.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Э-гийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас 30.000 төгрөгийн торгох ялыг хасаж, торгох ялыг 9.970.000 төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч А.М-д оногдуулсан торгох ялыг 02 /хоёр жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ц-, Д.Э- нарт оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-, Б.Ц-, Д.Э- нарт оногдуулсан "нийтийн албанд томилогдох эрх хасах ял"-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 8 ширхэг компакт диск, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 3 хавтас /1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас, сиди 2 ширхэг/ зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Iphone-13" загварын 358074293600998 имэй кодтой 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.М-д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсарган ирсэн "Iphone-13" загварын 1 ширхэг гар утсыг, гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа валютаас 8572 ам.долларыг тус тус шүүгдэгч А.М-д, шүүгдэгч Д. Э-гийн гэр, ажлын байрнаас хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг, 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д. Э-д тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч А.М-гийн гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 42.550 ам.доллар /29.900 ам. доллар, 12.650 ам доллар/-оос 8572 ам.долларыг шүүгдэгч А.М-д буцаан олгохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-гаас хураан авсан дээрхээс үлдсэн 33.978 ам.доллар /29.900 ам.доллар+4.078 ам.доллар/ болон 5960 евро, 18.300.000 төгрөг, 5000 рубль, 6.000.000 төгрөг, 1.680.000 /20.000 төгрөг 84 ширхэг/ төгрөг /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг улсын орлого болгохыг, шүүгдэгч Д.Э-гийн гэр, ажлын байрнаас хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 төгрөгийн дэвсгэрт 430 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 40 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д.Э-д буцаан олгохыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.М-гийн 290.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц-ийн 8.737.600 төгрөгийг тус тус улсын орлого болгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Цэнд- Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.М-д үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн үйлдлүүдэд шүүгдэгч Б.Э-г ялаас чөлөөлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх apra хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын "тодорхойлох" хэсгийн "эрүүгийн хариуцлагын талаар" гэсэн дүгнэлтийн хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө..." гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-г буруутайд тооцохдоо "төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь "Камдер" ХХК-ийн 45609508 дугаарын дансанд 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-гийн нэрээр шилжүүлэг хийж хахууль өгсөн, мөн "******" ХХК-д нягтлан бодогч ажилтай Б.У-аap дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шангрила Молл" төвийн орчимд цүнхтэй бэлэн 175.000.000 төгрөгийг өгч хахууль өгсөн гэх үйлдлүүд нь хясан боогдсоны улмаас аргагүй байдалд орсон, эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн байх тул энэ үйлдэлд оногдуулах ялаас шүүгдэгч Д.Э-г чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн болно...” гэжээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 204100040 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокуророос 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр "****" ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э-г "... өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн" гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөн өдөр яллагдагч Д. Э-д прокурорын тогтоолыг танилцуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр В. Гантулгаас гэрчээр мэдүүлэг авах явцад "Д.Э- нь А.М-д хахууль өгсөн үйлдлээ сайн дураар илчилж байна..." гэх агуулга бүхий өргөдлийг В.Гантулгад өгч байсан талаар мэдүүлж, хэрэгт тусгуулахаар өргөдлийг өгсөн нь хэрэгт хавсаргагдсан. Гэвч Д.Э-г нийтийн албан тушаалтанд 264.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа гэрч В.Гантулгаас гаргаж өгсөн өргөдлийг үндэслэн Д.Э-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн үйлдлийг бүхэлд нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч Д.Э- нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан гэмт хэргийн талаар яллагдагчаар татагдсаны дараа илчилсэн гэх нөхцөл байдал, мөн өөрийн холбогдон шалгагдаж байгаа үйлдлүүдээ огт хүлээн зөвшөөрөөгүй маргаж байгаа байр суурь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт зааснаар "ялаас чөлөөлөх" нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудын агуулга нь үйл баримтыг үгүйсгэсэн, харилцан зөрүүтэй, эргэлзээтэй, сэдэлт зорилго, гэм буруу зэрэг нотолбол зохих байдлыг нотлогдоогүй байхад энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт заасныг зөрчиж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 оноос хэрэгжсэн, гүйцэтгэгчээр нь Австри улсын Вамед компани ажилласан бөгөөд тус төсөл нь хугацаандаа бүрэн амжилттай гүйцэтгэгдэж, эмнэлэг ашиглалтад бүрэн орж, тусламж үйлчилгээгээ иргэдэд үзүүлж байгаа, бусдад хохирол учраагүй, төлөх аливаа төлбөргүй байна. Хэрэгт холбогдсон А.М- нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан, Б.Ц- нь Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн худалдан авалтын мэргэжилтэн байсан байна. Харин Д.Э- нь Австри улсын Вамед гэх гадаадын компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Монгол компанийн захирал бөгөөд туслан гүйцэтгэгч нь зөвхөн Австри улсын Вамед компанийн өмнө гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн этгээд.Түүнчлэн, Австри улсын Вамед компани нь Азийн хөгжлийн банкнаас 2017-2020 онд санхүүжилтээ авсан, санхүүжилтээ авахад нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон ЭМЯХХ 4,4+ төслийн нэгж, Азийн хөгжлийн банк зэрэг эрх бүхий олон байгууллага, албан тушаалтнууд үүрэг оролцоотой байна. Үүнээс үзвэл, А.М-, Б.Ц- нар нь Австри улсын Вамед компанид санхүүжилт олгоход албаны чиг үүргийн хувьд шууд хамааралгүй, дангаар шийдвэрлэх эрх хэмжээгүй байхаас гадна Д.Э-гийн хувьд Австри улсын Вамед компанид ажилладаггүй, санхүүжилт авах зэрэг аливаа хэрэгцээ шаардлага Д.Э-д огт байхгүй тул түүний эрх, ашиг сонирхлын төлөө, түүнд давуу байдал олгох ямар ч чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээ А.М-, Б.Ц- нарт хуулиар олгогдоогүй, давуу байдал олгосон гэж үзэхүйц нөхцөл байдал бодитоор огт байхгүй, хамааралгүй, тогтоогдохгүй байх ба энэ нь хэрэгт цугласан тухайн төслийн баримт бичиг болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтуудаас тодорхой харагдаж байхад шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй энэхүү бодит нөхцөл байдалд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй, Д.Э- нь ямар давуу байдал олж авсныг огт тогтоосонгүй. Өөрөөр хэлбэл, Д.Э-г тендерт оролцсон этгээд гэж ойлгон, ялах давуу байдал олж авсан мэтээр, санхүүжилт авах эрх бүхий тал мэтээр төсөөтэй ойлгож, төсөлд зөвхөн Вамед компанитай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэснийг өөртөө давуу байдал олж авсан гэж дүгнэж буй нь учир дутагдалтай байна. Харин Д.Э- нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хоригдохгүйн тулд мөрдөгчийн чиглүүлсэн, дарамталсан, тулгасан асуултаар ажлын чиг үүргийн хувьд нөлөөлөлтэй мэтээр зөвшөөрч бусдын ятгалга нөлөөллөөр мэдүүлэг өгсөн талаар шүүх хуралдааны явцад хэлж, шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/136 дугаар магадлалд "Нотлох баримтаар тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Д.Э-гийн шүүгдэгч А.М-д мөнгө өгсөн үйлдэл нь хянан боогдуулсны улмаас аргагүй байдалд өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна, өөрт давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж үзэхгүй бөгөөд тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлэхгүй байна. Иймд Прокуророос шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхээс Д.Э-г "өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ийнхүү дүгнэсэн үндэслэл нь ойлгомжгүй, хамааралгүй, сэдэл зорилгын хувьд үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэхээргүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Д.Э-гийн ээж нь бүх насаараа хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амьдралаа зориулсан эмч хүн бөгөөд Д.Э- нь Монголын эмч, эмнэлгийн ажиллагсдын ажлын багаж хэрэгсэл, орчин нөхцөлийн бодит байдлыг хамгийн ойроос харж мэдэрсэн хүний хувьд ХБНГУ-аас гэр бүлийн хүний хамт Монгол Улсад ирж өнөөг хүртэл 20 гаруй жилийн амьдралаа Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бусад улс орны жишигт хүргэж хөгжүүлэхэд өөрийн чадах чинээгээрээ тус нэмэр болохын төлөө зориулж яваа хүн юм. Хэрэгт холбогдсон А.М- нь сахарын өвчний улмаас гадаад улс руу явж яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсны улмаас хүмүүсээс мөнгөн тусламж асуусны нэг нь Д.Э- байна. Д.Э-гийн ээж нь мөн эмчийн мэргэжлээс шалтгаалан элэгний С вирусаар олон жил өвдсөн, ойр төрөл садны хүмүүсээ элэгний өвчнөөр алдаж байсан болохоор А.М-д хүний амь насыг аврах шахамдуу хүнд нөхцөл байдлын улмаас мөнгө асуухад нь 264.000.000 төгрөг өгсөн, хахууль гэж өгөөгүй, энэ талаараа ч "А.М- гэдэг хүнийг амьд яваасай гэж хүссэн, цаашид ч амьд яваасай гэж хүсэж байна" гэж мэдүүлсэн. Үүнээс үзвэл, Д.Э- нь "хүний амь насны цаг тулсан асуудал яригдаж байхад бусдын амь насыг аврах, хүн ёсны тусламж үзүүлэх" зорилгоор А.М-ыг мөнгө асуухад нь өгсөн байх ба шүүхээс энэхүү хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй "өөртөө давуу байдал бий болгох" зорилгоор гэж дүгнэсэн нь сэдэл зорилгын хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Э-гийн үеэл дүү гэрч Б.У-ын мэдүүлэгт "А.М-д 175.000.000 төгрөгийн дамжуулж өгсөн" гэх тайлбар огт дурдагдаагүй, хэрэгт цугларсан баримтаар мөнгө өгсөн, авсан гэж үзэх үйл баримт нотлогдоогүй байхад тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн Австри улсын Вамед компани нь Азийн хөгжлийн банкнаас 2017-2020 онд санхүүжилтээ авсан болох нь төслийн баримтаас харагдаж байхад төсөл хэрэгжиж дууссанаас хэзээ хойно төслийн санхүүжилт авах эрх бүхий этгээд биш Д.Э-г мөрдөн шалгах ажиллагааны явцад хорино гэж айлгаж сүрдүүлэн, тулгаж асуусныг нь зөвшөөрсөн өөрийнх нь мэдүүлгээр, тухайн мэдүүлэг нь хэрэгт цугласан баримтаар нотлогдохгүй байхад 2022 онд "өөртөө давуу байдал бий болгох зорилгоор" хахууль өгсөн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй, хамааралгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн гэж үзэж байна.
Б.Ц-ид хахууль өгсөн гэх тухайд хэрэгт цугласан "****" ХХК-ийн 2022.06.21 өдрийн 17 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /1-р хх-152-153/, "Хужирт туур" ХХК-ийн албан бичиг, дансны хуулга /1-р хх-175, 6 дугаар хавтас 79-82/, Б.Ц-ийн мэдүүлгүүд зэрэг баримтууд нь агуулгын хувьд харилцан зөрүүтэй, эсрэгээрээ Б.Ц-ийн амралтын төлбөрийг Д.Э- төлөөгүй буюу Б.Ц- нь гэрт ажилладаг хүнээрээ амралтын газарт төлбөрөө төлүүлсэн болох нь төлбөр шилжүүлсэн баримтаар, мөн Б.Ц-ид "****" ХХК-иас эрүүл мэндийн халдаг матрасыг борлуулалтаа сайн хийсэн урамшуулалд өгсөн болохоос Д.Э- түүнд бараа худалдаж авч өгөөгүй, Б.Ц-ийн авсан барааны үнийг Д.Э- төлөөгүй, Д.Э- нь "****" ХХК-иас зөвхөн өөртөө бараа худалдаж авсан, тэр бараагаа өөрөө хэрэглэж байгаа болох нь нотлогдож байхад, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/136 дугаар магадлалд "... Д.Э-гийн Б.Ц-ид хахууль өгсөн, Б.Ц-ийн хахууль авсан гэх үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Эргэлзээтэй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх" нотолгооны шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигдэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Э-гийн шүүгдэгч Б.Ц-ид хахууль өгсөн, шүүгдэгч Б.Ц-ийн шүүгдэгч Д.Э-гаас хахууль авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй..." гэж дүгнэсэн зэрэг уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй эргэлзээгүй баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дарамталж, сүрдүүлэн мэдүүлэг өгүүлснийг хэлсэн, хоригдохгүйн тулд мөрдөгчийн тулгасан асуултаар ажлын чиг үүргийн хувьд нөлөөлөлтэй мэтээр зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн болохоо шүүхийн шатанд мэдүүлсэн, эдгээр мэдүүлгүүд нь дээр дурдсан баримтуудаар нотлогдохгүй, прокурорын дүгнэлтэд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, эсрэгээрээ баримтууд нь үгүйсгэсэн байхад дээрх зөрүүтэй баримт, мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үнэлж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй" заасныг, мөн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй: 8.3. яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг" гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Д.Э- нь эрүүл мэндийн салбарын жаргал, зовлонд ойр хүний хувьд Б.Ц-тай нөхөрсөг харилцсан, гарцаагүй байдалд орж амь нас аюултай байдалд орсон А.М-д тусалсан, мөн хувь хүний бусдад туслах гэсэн тусч, нөхөрсөг зан чанар болоод хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь дээрх үйлдэлд холбогдох нөхцөл болсон байх ба шүүгдэгчийн өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгоогүй, тийм сэдэл санаа зорилгогүй, гэм буруугийн эргэлзээ бүхий нөхцөл байдал болон хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, тогтоогдоогүй, хамааралгүй, мөн хохирол төлбөргүй, бодит нөхцөл байдлуудад анхан шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлан тохирсон дүгнэлтийг хийгээгүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос намайг санхүүжилт авах гэж өөрийнхөө эрх ашгийн төлөө хахууль өгсөн гэж буруутгасан. Санхүүжилтийг манайх Австрийн Вамед компаниас авч байсан ба аливаа ажлаа дүгнүүлэхдээ тухайн компанийн өмнө хариуцлага хүлээдэг байсан. Түүнээс биш аль нэг төрийн байгууллагын өмнө хариуцлага хүлээдэггүй. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн барилга дээр манайх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхад хажууд Хоёрдугаар эмнэлгийн оношилгооны төв, Японы эмнэлэг баригдаж байсан. Хоёулаа 5.000 м.кв хэрнээ 5-6 жил баригдсан. Манайх гадаадын Австри улсын Вамед компанид туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа бараг 24 цаг ажиллаж байгаад хоёр жил хагасын дотор 5.000 м.кв илүү шахуу 18.000 м.кв талбайтай барилгыг хугацаанд нь буюу хоёр жил хагасын дотор дуусгасан. Би А.М-, Б.Ц- гэх хүмүүсээс санхүүжилт хүсэж байгаагүй гэдгийг Авлигатай тэмцэх газар шалгаж байхдаа тогтоосон байх. Тухайн мөчид намайг 2 хоног хорьж, цааш үргэлжлүүлэн хорино гэсэн. Би эмэгтэй хүн бөгөөд ажлаа хийгээд гэртээ 24 цагт орж ирдэг байсан. Өглөө 7 цагт гараад гадаадын компанийн зарц шиг л ажилласан. Ийм байтал өнөөдөр гадаадын компани шүүгдэж байгаа юм байхгүй, санхүүжиж явсан гадаадын байгууллага нь байхгүй. Би монгол хүн ял хүлээгээд сууж байна. Би А.М-ы эрүүл мэндэд тусалсан нь үнэн. А.М- элэг шилжүүлэн суулгахаар Солонгос улсад хагалгаанд орсон, надаас аминчлан гуйсан тул ээжтэй маань бүх насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан хүнд би яах аргагүй тусалснаа хэлсэн. Мөн их, бага хэмжээгээр миний мөнгийг буцааж төлж чадна гэж боддог үүднээс зээлүүлсэн. 175.000.000 төгрөгийг би өгөөгүй. Тухайн үед Авлигатай тэмцэх газар миний хувийн болон компанийн бүх дансыг татаж авсан тул надад 175.000.000 төгрөг байгаагүй гэдгийг нотолсон байх. Б.Ц- гэх хүний хувьд, би “****” ХХК-д очиж матрас авсан нь үнэн. Одоо ч манай гэрт байгаа. Суугаа ажил хийдэг учраас нуруу өвддөг тул эмчилгээний матрас авсан нь үнэн. “****” ХХК болон Б.Ц- нар хоорондоо яаж тохироод, ямар урамшууллаараа, юуг авах нь надад үнэхээр хүртээлгүй. Би авах юмаа авсан, Б.Ц- цаашаа ямар урамшууллаар, яаж авсан нь надад хамааралгүй гэж боддог. Мөн би жил бүр ээж, ах дүүгээ дагуулаад Хан хужирт гэх амралтын газарт очиж амардаг тул аль талын цонх нартай, наргүй, тагттай, тагтгүйг зааж зөвлөгөө өгсөн. Ер нь өрөө байгаа эсэхийг асууж өгснөөр миний буруу болсон. Түүнээс биш би төлбөр төлбөр төлөөгүй, Б.Ц- өөрөө төлбөрөө бүрэн төлсөн талаарх баримтаа Авлигатай тэмцэх газарт хүлээлгэж өгсөн байсан. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт Б.Ц- нь ... туслан гүйцэтгэгч "****" ХХК-ны ерөнхий захирал ажилтай Д.Э-гийн... ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Б.Ц- нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтан байсан ба төслийн туслан гүйцэтгэгчийн захирал Д.Э-д аливаа давуу байдал олгохуйц эрх бүхий албан тушаалтай субъект биш, давуу байдал олгох нөхцөл байдал албаны чиг үүргийн хувьд байхгүй, энэ талаарх сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Тухайлбал Б.Цийн /2хх 14-16,21 xyy. 6xx 52-53-р хуудас/ яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Д.Э-гийн /2хх 122-123 хуу, 2xx 131-133-р хуудас/ яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байгаа. Мөн хавтас хэрэгт авагдсан "****" ХХК-ны захирал Н.Д-ын 2022 оны 6-р сарын 21 ны өдрийн 17 дугаартай албан бичиг /1 хх 151 хуу/, 2022 оны 10-р сарын 28 ны өдрийн 45 дугаартай албан бичиг /6хх 79 хуупас/, "Хужирт тур" ХХК-ны захирал Б.О-ын 2022 оны 06-р сарын 24 ны өдрийн 02/40 дугаартай албан бичиг /1хх 153 хуу/, мөн тус компанийн захирал Б.-ын 2022 оны 10 сарын сарын 10 ны өдрийн 011073 дугаартай албан бичиг /6хх 80-82/ -үүд харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийсэн гэх боловч яллагдагч нарын мэдүүлгүүдийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Э-гийн Б.Ц--д хахууль өгсөн, Б.Ц-ийн хахууль авсан гэх үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ц-ийн шүүгдэгч Д.Э-гаас хахууль авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2022 оны 05 дугаар сар хүртэл Эрүүл мэндийн яамны төсөлд мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2019 онд би “****” ХХК гэх Солонгос улсын сүлжээний компанид элссэн байсан тул найз нөхөд, ах дүү, амраг садандаа худалдан авалт санал болгосноор нэлээд худалдан авалтыг хийсэн байсан. Миний бөөр их өвдөж 30 гаруй жил болж байгаа төдийгүй сахарын өвчтэй тул нуруу, бөөрөө хамгаалах үүднээс надад бонус болгож гудас өгсөн. Манай Эрүүл мэндийн яам төсөл хэрэгжүүлэгч нэгж учир үндсэн гүйцэтгэгч болох Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн барилгын үндсэн гүйцэтгэгч Австри улсын Вамед компанитай харьцдаг журамтай. Хурал дээр туслан гүйцэтгэгч Д.Э-тай тааралддаг байсан тул бөөр, нуруу өвдөөд гэхээр нь гудас санал болгосны дагуу өөрөө авсан байсан. 2021 онд Хан хужирт амралтын газарт амрахдаа би төлбөрөө өөрөө бүгдийг нь төлсөн бөгөөд үүний баримт нь хэрэгт байгаа. Иймд өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч А.М- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч А.М-гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэлд А.М-тай холбоотой асуудал бичигдээгүй ч эсэргүүцэл хууль зүйн үндэслэл журмын дагуу гарах ёстой. Прокурор шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоё гэж ярьж байгаа хэрнээ зөвхөн Д.Э-д холбогдох хэсгийг бичсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу болоогүй гэж үзэхээр байна. 7 дугаар хавтас хэргийн 109-110 дахь талд Монголбанкны зарласан ханш, хохирлын тооцоо авагдсан бөгөөд А.М-ы авсан гэх мөнгөний баримт 4 дүгээр хавтас хэргийн 190-193 дахь талд эх хувиараа, 89-90 дэх талд 29.000 ам доллар, евро, төгрөгүүд тодорхой байгаа. Уг баримтуудад тухайн үеийн Монголбанкны зарласан ханш байгаа учраас үүнийг тооцоолж үзэхэд тооцооллын зөрүү нь маш тодорхой гарна. Хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зарласан ханш авагдсан тул А.М- болон миний зүгээс тухайн өдрийн ханшаар хохирлыг тооцоход татгалзах зүйл байхгүй. Харин өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Бурмаа нарын гаргасан гомдлуудтай холбогдуулан тусгайлан гаргах тайлбар, саналгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.М-, Б.Ц-, Д.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох хохирогч, гэрч нарын мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.
Прокуророос А.М-г Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “****" ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 175.000.000 төгрөгийн тус тус хахууль авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,
Б.Ц-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “**** ХХК”-ийн ерөнхий захирал Д.Э-гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхэг, үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Э-г 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М-д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөгийн, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 175.000.000 төгрөгийн хахууль өгсөн, уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц-ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр “****” ХХК-ийн дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хан хужирт" амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, А.М-, Б.Ц- нарыг хахууль авсан, Д.Э-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Э-гийн А.М-д хахууль өгсөн гэх үйлдэлд нь ял оногдуулахгүйгээр чөлөөлж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан үйл баримтад тулгуурлаагүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасантай нийцэхгүй байна.
Хэргийн баримтаар, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /1хх 1/, Нийслэлийн прокурорын газраас Д.Э-д 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэний /2хх 109-113/ дараа Авлигатай тэмцэх газарт 2022 оны 05 дугаар сарын 31, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна.” гэсэн агуулгатай хүсэлтүүдийг /2хх 119-120, 127-128/ гаргасан байна.
Мөн хэрэгт Д.Э-гийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Санхүүжилтээ авъя гэхээр А.М- надаас хэдийг өгч чадах уу гээд 150.000.000-200.000.000 төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. ...Би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Боломжгүй гэж хэлэх боломжгүй, боломжгүй гэвэл дараагийн санхүүжилтээ боолгох учраас хэлсэн зүйлээс нь татгалзах боломжгүй байдаг. Энэ мөнгөний талаар надтай 2022 оны 4 дүгээр сард ажил дээр нь уулзах үед хэлж байсан. Тэгээд хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү, 5 сарын эхээр Шангрилагийн ард хүнээр өгүүлсэн. ...175.000.000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У- /89038928/-аар өгч явуулсан. Мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя гэж А.М- хэлсэн. ...У- Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан. ...” /2хх 131-133/,
2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...А.М- намайг 264.000.000 төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн. ...Тухайн үедээ В.Гантулгын дансанд байсан компанийн барилгын материалд явах гэж байсан 200.000.000 гаруй сая төгрөгөөс үлдсэн 187.000.000 төгрөгийг гаргуулан авч, үлдсэн мөнгийг нь компанийн данснаас гаргуулан авч, нийт 264.000.000 төгрөг болгон А.М-гийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банк дахь “Камдер” ХХК-ийн дансанд А.М-гийн хэлсний дагуу гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх. ...А.М-д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан. ...” /2хх 122-123/ гэсэн мэдүүлгүүд,
Д.Э-гийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Авлигатай тэмцэх газар гаргаж өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 14- ний өдөр А.М-, Д.Г- нарын хэлснээр “Камдер” ХХК-ийн данс руу 264 сая төгрөгийг “Г- 1002 тоот" гэж хэлсний дагуу гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Надад бол яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд мөнгө хэрэгтэй байна гээд шавдуулаад байхаар нь барилгын материал авах гэж байсан 187 сая төгрөгийг В. Гантулгын данснаас гаргуулж аваад, 87 сая төгрөгийг “Магнус” данснаас авч бүрдүүлээд хэлсний дагуу шилжүүлсэн. ...А.М- нь манай барилгын ажлын хяналтыг хариуцаж байсан ерөнхий зохицуулагч юм...” гэсэн тайлбар /2хх 119-120/, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан: “...хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна. Үүнд “...2022 оны 4 дүгээр сарын 20-25-нд А.М- надаас мөнгө олж өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175.000.000 төгрөгөө Шангрилагийн ард гадаа өгсөн...” /2хх 127-128/ гэх мэдүүлэг авагджээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Д.Э- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг “...өөрөө сайн дураар илчлэн ирсэн...” гэж үзэх үндэслэл, үйл баримт байхгүй талаарх прокурорын эсэргүүцлийг үгүйсгэх боломжгүй байхаас гадна хахууль өгсөн хэд хэдэн удаагийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон атлаа үндэслэл заахгүйгээр зөвхөн ялаас чөлөөлсөн болохыг дурдсан зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд нэгэн зэрэг хамаарч байна.
Шүүгдэгч Д.Э- өөрт холбогдох хахууль өгсөн гэмт хэргээ илчилсэн эсэх болон гэм буруугийн талаар маргаан бүхий байхаас гадна анхан шатны шүүхээс энэ талаар хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийгээгүй байх тул Давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх, урьдчилан шийдвэрлэх боломжгүй, харин анхан шатны шүүхээс хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нөгөө талаас, анхан шатны шүүхээс А.М-, Б.Ц-, Д.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн хийгээд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой, хангалттай дүгнээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, хууль зүйн шалгуур, шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, А.М-, Б.Ц-, Д.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх apra хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Д.Бурмаа нарын Б.Ц-, Д.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. А.М-, Б.Ц-, Д.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх apra хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН